8977 км шилэн кабель нэмж татна

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

8977 км шилэн кабель нэмж татна

Манай улс өнөөдрийн байдлаар нийслэл хот болон 21 аймаг, 331 сум, сууринд хүрсэн 11200 км урт шилэн кабелиар мэдээлэл,харилцааны дотоодын хэрэгцээгээ хангадаг. ОХУ, БНХАУ болон сансрын хиймэл дагуулаар гэсэн гурван замаар мэдээллийн

урсгал дамжуулдаг. Энэ жил болон ирэх онд багтаан 8977 км шилэн кабель нэмж татан, аймгийн төвүүдийг баруун, төвийн,зүүн гэсэн гурван цагариган холболтод оруулахаар төлөвлөөд байгаа ажээ. Орчин үеийн төгсгөлийн төхөөрөмжүүдээр тоноглож, 144 суманд сүлжээнд нэмж хамруулснаар нийт сумдын 80 хувь нь шилэн кабелийн сүлжээнд холбогдоно гэж мэргэжилтнүүд тооцоолжээ. Өмнөд, хойд хилийг холбосон мэдээллийн урсгалын зургаан зам, 12 гарцтай болчихвол дэлхийтэй өнөөдрийнхөөс хамаагүй илүү хурдаар холбогдох юм байна. Саяхан Мэдээлэл, шуудан ,харилцаа холбоо, технологийн газраас “Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны үндсэн сүлжээ, бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцооны цаашдын хандлага” сэдэвт танилцуулга уулзалтыг зохион байгуулж зорилт зорилгоо биелүүлэхэд юу саад болж байгаа талаар хэлэлцжээ. Албан бичиг тамгалж, гарын үсэг зурж, дугтуйтай баримт солилцдог төрийн байгууллагуудын хоцрогдсон ажиллагааг цахим болгох систем, иргэнийг нэг утгатайгаар илэрхийлж чадах, өндөр нууцлалтай, олон хэрэглээ бүхий “ухаалаг карт”-ын технологид тулгуурласан иргэний үнэмлэхний систем, түүний уншилт, танилт, хяналтын системүүд, монгол хүмүүсийн бүхий л бүртгэл, мэдээллийг агуулсан цахим архивын систем, Орон зайн мэдээллийн системийн дэд  бүтцэд суурилсан хаягжилтын систем бүрдүүлэх ажлуудад төрийн байгууллагууд хамтын болон нэгдмэл ажиллагаа нэн чухал болохыг уулзалтын үеэр  онцолсон.

Өнөөдөр манай төрийн байгууллагуудад мэдээллийн технологи эрхэлсэн нэгж, алба, мэргэжилтнүүд ажиллаж байгаа боловч иргэдэд үйлчлэх үйлчилгээ тааруу, шийдвэр гаргах үйл явцад оролцох оролцоо бага байгаа нь төрийн үйлчилгээг цахим, нээлттэй, иргэдэд хүртээмжтэй, авилга, хүнд сурталгүй болгох Монгол төрийн үндсэн бодлогод саад болж байна гэж уулзалтад оролцогчид дүгнэсэн юм.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж