Дундаж орлоготнууд ачааллыг нуруундаа үүрэх нь

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Дундаж орлоготнууд ачааллыг нуруундаа үүрэх нь

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дундаж ор­логотнууддаа татварын хөн­­гөлөлт эдлүүлэхээс татгалзаж байна. Түүнчлэн компаниудад ноогдуулах шинэ татварын бодлогын хэ­лэл­­цүүлгийг өрнүүлж эхлээд бай­гаа аж. Сүүлийн үед АНУ-ын эдийн засгийн хурд огцом саарч, тааруухан үзүүлэлтүүд ар араа­саа цуврах болсон.   

 Гэтэл ирэх арваннэгдүгээр сард тус улсад парламентийн сонгууль болно. Энэ үеэр Ардчилсан намынхан нэлээд олон санал алдаж магадгүй юм. Зөвхөн дээр дурьдсан тааруухан үзүүлэлтүүдээс болж шүү. Тиймээс эдийн засагтаа түлхэц үзүүлэхүйц ямар нэг арга хэмжээ авах шаардлагатай болж байгаа нь ийм алхам хийхэд хүргэсэн хэмээн ажиглагчид тайлбарлаж байна.

Б.Обама өнгөрсөн даваа гарагт 50 тэрбум ам.долларыг дэд бүтцээ сайжруулах, шинэ бүтээн байгуулалт бос­гоход зарцуулахаар болс­ноо мэдэгдсэн. Харин энэ удаагийн шинэ татварын бодлогын ачаар хоёр жи­лийн дотор 200 тэрбум ам.долларын ашиг олж чадна хэмээн тооцож байгаа юм. Энэ нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж. Энэ талаар Холбооны нөөцийн сангийн тэргүүн Бен Бернанк саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа онцолжээ.

Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Ажиллах хүч­ний яамнаас тус улсад ажил­гүйдлийн түвшин 0.1 хувиар нэмэгдэж, 9.6 хувьд хүрсэн тухай мэдэгдэв. Үүнээс тус улсын эдийн засаг сэргэх яагаа ч үгүй гэдэг нь харагдаж байна хэмээн эдийн засагчид мэдээлэх болсон. Түүнчлэн АНУ-ын төсвийн алдагдал улам ихсэх болсон. Гэтэл тус улсын Сангийн яам бага хүүтэй зээл санал болгосоор байгаа. Засгийн газраас нь гаргасан 10 жилийн хугацаатай бондын өгөөж ойролцоогоор дөнгөж 2.6 хувьтай гарах болсон. Нэг үгээр бол, Ардчилсан намынхан сонгуулийн үр дүнд санаа зовох эсэхээс үл хамаараад тэртэй тэргүй ямар нэг арга хэмжээ авахгүй бол болохгүй болжээ.

“Bloomberg”-ийн мэдээлс­нээр бол Б.Обама өнгөрсөн баасан гарагт “Cleveland”-д тавьсан илтгэлийнхээ үеэр татварын шинэ орчны талаар онцолсон байна. АНУ-ын Ерөн­хийлөгч асан Жорж Бушийн засаг захиргааны үед хүчин төгөлдөр болсон татварын хөнгөлөлтийн бодлогын хэ­рэг­жилтийн хугацаа ирэх онд дуусгавар болно. Б.Обама­гийн хувьд 250 мян­ган ам.доллараас дээш орло­готой иргэдэд татварын эл­дэв хөнгөлөлт үзүүлэх со­нир­холгүй байгаа аж. АНУ-д 200 мянган ам.долларын орлоготой 3.8 сая иргэн байдаг бөгөөд хэрэв тэд татварын хөнгөлөлт эдлэхгүй бол нэг хүн жилд дор хаяж 532 ам.долларын татвар тө­лөх юм. Түүнчлэн 500 мян­гаас нэг сая ам.долларын орлоготой хүмүүс дээрхээс 10 мянган ам.доллараар ахиу татвар төлнө. Мөн жилд нэг сая ам.доллараас илүү орлоготой бол нэмэлт 100 мянган ам.доллар татварт хураалгах юм. Б.Обама өмнөх Засгийн газрын тат­варын хөнгөлөлтийн бод­логыг нэлээд шүүмжилж, энэ шийдвэрээс болж улс орны эдийн засаг, төсвийн байдал муудсан хэмээн тодотгожээ. Өнгөрсөн жил АНУ-ын төс­вийн алдагдал 1.4 их наяд долларт хүрч, дээд амжилт тогтоосон бол гадаад өр нь 13 их наяд доллараас давсан.

Ардчилсан намынхан ч Ж.Бушийн санаачилсан энэ татварын хөнгөлөлтийн бод­логыг хэрэгжүүлсэн нь маш хариуцлагагүй ал­хам байсныг тэмдэглэх бол­сон. Энэхүү татварын хөн­гө­лөл­тийн бодлогын ачаар АНУ-ын төсөв 1.7 их наяд ам.дол­ларын алдагдал хүлээсэн хэмээн Конгрессын төсвийн албанаас мэдээлжээ. Нэг үгээр бол Ж.Бушийн засаг захиргаа эрүүл саруул бай­сан төсөв алдагдалд орох эх үүсвэрийг нь тавьсан гэж үзэж байгаа юм. Одоо бол эдийн засаг сэргэж ядаж байгаа үе. Бүхэл тогтолцооны тухай яригдаж байна. Үүнд зөвхөн дундаж орлоготой америкчуудын тат­варыг нэмэх тухай онцолж болохгүй. Ихэнх эдийн засагч америкчууд хэрэглээгээ нэ­мэх замаар эдийн засагтаа дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгааг нотолж байгаа. Гэтэл өнөөх дундаж орлоготой иргэд нь мөнгөө хадгалвал ямар ч татварын хөнгөлөлт эдлэхгүй. Харин өндөр ор­логотнууд хадгалах тусам хөрөнгөө хуримтлуулж чадна. Гэхдээ Б.Обама тэргүүтэй Ардчилсан намынхныг эсэр­гүүцэгчид ч байгаа. Мор­гейжоор байр орон сууц худалдан авсан айл өрхүү­дийн 39.6 хувь нь 2011 он гэхэд зээлээ эргүүлэн төлж амжина. Үнэндээ энэ нь Билл Клинтон АНУ-ын Ерөн­хийлөгчийн суудалд заларч байх үеийнхтэй ойролцоо дүн юм. Арай ядан сэргэж бай­гаа эдийн засагтаа тат­варын шинэ бодлого хэрэг­жүүлж болох эсэх нь бас л эргэлзээтэй.

Хэн ч татвар төлөхдөө дуртай байдаггүй. Гэхдээ тө­рөөс халамж, тусламж, дэмж­лэг хүртэхийн тулд энэ аварга институтыг санхүүжүүлэх л хэрэгтэй. Ийм болохоор л иргэн бүрийн идэвх орол­цооноос эдийн засгийн хурд хамаарч байдаг. Өмнө нь 1980-2005 оны хооронд аме­рикчуудын 80 хувь нь нэг хүрэхгүй хувийн татвар төлдөг байв. АНУ-ын эдийн засгийн хурдацтай өсч байна гэж цуурах болсон тэр үеэс бодит байдал дээрээ баячуудын халаас зузаарснаас биш дун­даж болон дундаас доош орлоготнууд хамаарахгүй асуу­дал болсон юм. Яг үнэндээ л гэхэд оюутан болох цагаасаа л асар их өрийн да­рамтан дор амьдардаг дийлэнх америк хүний тухай энд ярьж байна. Үүнийг л Б.Обама онцолж байна.

Гэхдээ Б.Обамагийн са­наа­чилгыг эсэргүүцэгчид цөөн­гүй байгаа тухай дээр дурьдсан. Өмнө нь 2001 онд Ж.Бушийн засаг захир­гаа иргэдийн орлогоос ха­маарсан татварын бодлого хэрэгжүүлэхээр болсныг Ард­чилсан намынхан хүчтэй эсэргүүцэж байсан. Гэтэл одоо байдал эсрэгээрээ эргэж байна. Тэд Ж.Бушийн засаг захиргааныхны санаачилсан татварын орчинг улам чан­гатгах саналтай байна. Түүнчлэн Б.Обамагийн хэрэг­жүүлэх гэж буй бодлого нь жижиг бизнес эрхлэгчдэд хамгийн хүнд тусах болно гэж зарим эдийн засагч үзэж байгаа юм. Жижиг бизнес эрхлэгчдийн дөнгөж гурав орчим хувь нь 250 мянгаас дээш орлоготой байгаа. Үүнд эмч, хуульчид багтаж байна. Харин бусдынх нь хувьд байдал эсрэгээрээ. Тэд хөнгөлөлт хүртэхгүй. Учир нь ядаж 250 мянган ам.долларын орлого олж чадахгүй байгаа учраас. Бүгд найрамдахчууд ийн эсэргүүцэж байна. Гэх­дээ “Gallup”-аас явуулсан судалгаагаар америкчуудын дийлэнх нь Б.Обамагийн саналыг дэмжиж байгаа аж.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж