”Нарантуул”-ын насанд хүрээгүй ажилчдын тоо цөөрчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

”Нарантуул”-ын насанд хүрээгүй ажилчдын тоо цөөрчээ

Хүүхдийн хөдөлмөрийн том тал­бар болсон “Нарантуул” худал­дааны төвийг зорин очлоо. Уг худалдааны тө­вийн ажиллах нөхцөл, орчин той­рон нь тийм ч сайн биш гэдгийг хүн бүхэн мэднэ. Хэдий тийм ч гэлээ олон мянган хүний халуунд халж хүй­тэнд хөрч амьдралаа залгуулдаг энэ­хүү газрыг муу хэлэхийн учир юусан билээ. Ар гэрээ, үр хүүхдээ, аав ээжийгээ тэжээх гэсэн олон хүн эндээс оройдоо хэдэн төгрөг ха­лааслаад гэрийн зүг алхсаар. Манай улсад хүүхдийн хүнд хөдөлмөрийг таслан зогсоох хүүхдийг эрүүл аюулгүй орчинд өсгөх  асуудлыг холбогдох хүмүүс нь амаа чилтэл ярьж байгаа. Тэдний хэлж буйгаар хийж хэрэгжүүлсэн ажил тун их гэнэ. Гэсэн хэдий ч хүүхдүүд биедээ ахадсан ажлыг өвлийн хүйтэн, зуны халуунд хийсээр байна. “Нарантуул” худалдааны төвийг зорин очсон шалтгаан маань ч энэ байв. Худалдааны төвд ороод хамгийн эхэнд уулзсан хүүхэд маань Ж.Баатарцогт байв. Тэрбээр сойз зардаг аж.

-Сойз зараад өдөртөө хэдэн төгрөгийн ашиг олж байна. Олсон мөнгөө юунд зарцуулдаг вэ?

– Анх ээжээсээ мөнгө авч энэ ажлаа эхлүүлж байсан. Өдөртөө ойролцоогоор 10 орчим мянган төгрөгийн ашигтай ажилладаг. Мөнгөө цуглуулж байгаад хувцас авдаг. Ах эгч хоёр маань тусдаа гарчихсан. Ээж маань ажил хийдэг болохоор мөнгөө ихэнхийг нь өөртөө зарцуулдаг юм. Гэхдээ ээждээ талыг нь өгдөг.

-Сургуульд сурдаг уу?

– Би одоо 15 настай. Уг нь есдүгээр ангид сурч байх ёстой. Сургуульд явах дуртай. Удахгүй хичээлдээ явж эхлэх байх. Сургуулиа төгсөөд их сургуульд орж эрдэмтэй хүн болоод ээжийнхээ ачийг хариулахыг хүсдэг.

-Гэрийнхэн чинь сургуулиасаа гарлаа гэхэд чинь юм хэлээгүй юү?

-Хөдөө явах гээд л гарчихсан юм. Тийм болохоор гэрийнхэн маань нэг их юм хэлээгүй. Ирэх аравдугаар сараас сургуульдаа буцаад орчих байх гэж бодож байна.
Хичээлийн шинэ жил эхэлчихсэн байгаа болохоор “Нарантуул” худалдааны төвд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн тоо цөөрсөн байх хэмээн тус захынхан хэлж байв. Үнэхээр ч ажил хийж буй хүүхэд урьдынхаасаа цөөн таарч байлаа. Зуны амралтаар хүүхдүүд ажил хийх нь ихэсдэг байна. Жижигхэн биетэй нэгэн хүү “Нарантуул” захын машины зогсоолын хажууд хашлага төмөр дээр ийш тийш харан суух аж. Хир болсон цагаан фудволк, хар өмд, толгойдоо томдсон хар малгай өмсч, маск зүүсэн тэр хүү “Би захын хашааны гадаа машин угаадаг. Намайг Н.Чинсүх гэдэг” хэмээн өөрийгөө танилцуулав. Тэрбээр энэ жил 12 нас хүрч байгаа ажээ. Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Уг нь түүний насны хүүхдийн хувьд хичээлээсээ тарж ирээд ээжийнхээ бэлдсэн хоолыг идчихээд гэрийн даалгавраа хийж, хааяа үеийнхэнтэйгээ дуртай тоглоомоо тоглочихоод байж байвал жаргал. Уг нь тэр айлын бага хүүхэд аж. Гэхдээ түүнийг энэ насан дээр нь халамжилж, тэжээх ёстой аав, ээж, ах, эгч нар нь ажил хий, мөнгө олох хэрэгтэй хэмээснээр хүү “Нарантуул” захын машин угаагч болчихоод байгаа нь энэ. Тэдний гэрийнхнээс гурван хүн ажил хийдгийн нэг нь Чинсүх. Ах, эгч хоёр нь уг худалдааны төвийн ойр орчимд чанасан толгой зардаг ажээ. “Би ажил хийгээд өдөртөө 10 гаруй мянган төгрөг олдог. Түүнийгээ гэрийнхэндээ аваачиж өгдөг” хэмээн ярих түүнээс “Аав ээж чинь ажил хийдэггүй юм уу. Эсвэл настай хүмүүс үү” хэмээн асуув. Харин Н.Чинсүх “Ажил хийдэггүй ээ. Яагаад ажил хийдэггүйг нь мэдэхгүй юм даа. Манай аав, ээж хоёр 40 орчим настай” хэмээн бодлогошронгуй хариулсан юм. Өдрийн ихэнх цагийг ажил хийж өнгөрөөдөг түүнд хичээлээ хийх цаг бараг гардаггүй байх даа хэмээн бодов. Дээрээс нь найман ам бүлийг зах дээр толгой зардаг ах, эгч хоёртойгоо цуг тэжээж буй болохоор олсон хэдэн төгрөг нь хаанаа ч хүрдэггүй байх гэсэн бодол ч төрсөн юм. Гэвч тэрбээр “Би хичээлээ сайн хийдэг. Сайн сурдаг. Манай гэрийнхэнд олсон мөнгө маань хангалттай байдаг” хэмээх аж. Тэр ийн хариулсан ч түүний ихэнх цагийг “Гэрийнхэндээ хоолны мөнгө аваачиж өгөх ёстой” хэмээх үүрэг нь хумсалчихсан л байж таарна.

Н.Чинсүх:

 -Миний мөрөөдөл бол алдартай хөлбөмбөгчин болох. Шүтдэг тамирчин маань Рональдино. Гэхдээ би бас давхар барилгачин болно. Барилгачин болбол их мөнгө олох байх. Манайх ам бүл наймуулаа. Ажил хийгээд гэрийнхэндээ хоолны мөнгө аваачиж өгдөг юм. Саяхан аниа маань хүүхэдтэй болсон. Мөнгө илүү их хэрэгтэй болдог юм билээ. Энэ хавьд надтай адилхан машин угаадаг хүүхдүүд олон байдаг байсан. Гэхдээ ихэнх нь хичээл эхэлчихсэн болохоор ирэхгүй байгаа. Би өглөө 08.00 цагаас хичээлдээ явдаг. Тараад энд ирж ажлаа хийдэг юм. Бусад хүүхдүүдийн аав архи уудаг. Манай аав харин архинд дургүй.

Б.Ганаа:

-Манайх ам бүл тавуулаа. Хөгшин настай аав, ээж хоёр маань гэртээ байдаг. Ах маань өвчтэй болохоор ажил хийж чаддаггүй юм. Ээж, аав хоёрын маань тэтгэврийнх. Тэтгэврийн мөнгө нь манай гэр бүлийн хэрэгцээнд хүрдэггүй. Тэгээд зах дээр хуушуур хийж зарах болсон. Гэртээ хийж авчраад зардаг юм. Дунджаар өдөрт 15 мянга орчим төгрөгийн орлоготой байдаг. Би есдүгээр ангиа МСҮТ-д орсон. Хичээлийнхээ хажуугаар ажлаа хийдэг.

Тэдэнд одоо хүүхэд байх хэдхэн жилийн хугацаа байгаа. “Ямар ч үнээр хамаагүй бага насандаа очихыг хүсдэг” хэмээн ярьдаг эрхмүүд энэ тал дээр ямар нэгэн арга хэмжээ авах цаг нь хэдийн болжээ. Харин хүүхдүүд хурдхан том болоод мөнгө олно хэмээн мөрөөдөх нь харамсалтай бөгөөд эмгэнэлтэй сонсогдож байсан юм.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж