Косовог зөвшөөрөх цаг болжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Косовог зөвшөөрөх цаг болжээ

Сербийн нэг хэсэг байсан Косово тусгаар тогтнолоо дахин зарласнаас хойш хоёр жил хагас өнгөрчээ. Энэ  үйл явдлыг тухайн үед Сербийн Засгийн Газар ихээхэн эмзэглэн хүлээн авч, Косовог хүлээн зөвшөөрсөн бүх улсаас дипломат харилцаагаа таслана хэмээн “сүрдүүлж” байсан ч өнөөдөр сүрдүүлгийг үл тоон 70 улс дипломат харилцаа тогтоон, тусгаар тогтнолыг нь зөвшөөрөөд байна. Тун удахгүй Катар зөвшөөрөх бөгөөд ингэснээр НҮБ-ын гишүүн 192 орноос 71-ийх нь дэмжлэгтэй болно гэсэн үг.   

Түүхээс үзвэл  Косово хэмээх нутагт үнэн алдартны шашинтнуудаас түрүүлж  мусульманууд амьдарч байсан гэдэг талаар баталгаа нотолгоо байхгүй ч дундад зууны үеэс  мусульман шашинтнууд оршин сууж эхэлсэн нь харин ном сударт олноор тэмдэглэгдэн үлдсэн байх юм. 1389 онд Косовогийн тал нутагт болсон тулалдаанд Туркийн Султан Мурад Сербийн ван Лазарийг ялснаар Косово нь Туркийн нэг хэсэг болж, тэр цагаас эхлэн мусульман шашинтан албаниуд болон туркууд энэ бүсэд олноор ирж суурьших болжээ.  Эндээс л энэ бүс нутагтай холбоотой маргаан эхэлдэг. Бараг л Иерусалим хэнийх вэ гэдэгтэй адил асуудалтай сэдэв. 1912 онд Албаниуд өөрсдийн тусгаар улсыг зарлахад Косово нь хилийн гадна үлдсэн ч Косовариуд өөрсдийгөө Сербийн хэсэг гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй юм.  Сүүлд 1930 –аад оны үед Италийн фашистуудын дэмжлэгтэйгээр Косовогийн албаничууд нутгаа серб үндэстнээс нилээн сайн “цэврэлжээ”. Өөрөөр хэлбэл  Дэлхийн II дайны өмнөхнөөс эхлэн энэ бүс нутаг де факто албаничуудын эх нутаг болсон юм. Дэлхийн II дайны дараах дахин хувиарлалтаар Косово нь социалист Югославын бүрэлдэхүүнд автономит бүсийн статустай орсон бөгөөд  1980-аад оны эхээр удирдагч Титогийн үхлийн маргаашнаас л тусгаар тогнолын төлөө тэмцлээ эхлүүлж байжээ.  Өөрөөр хэлбэл Югославийн холбооноос гаран тусгаар тогтонсон Монтенегро, Хорват, Словень, Босния-Херцоговин,  Маседоноос /Оросууд л Македони/  түрүүлж Косово нь тусгаар тогтнох эрмэлзэлээ илэрхийлж байсан тэмцэгч, халуун цустай ард түмэн юм.

1990 –ээд оны эхээр Балканы  хойгт эхэлсэн салан тусгаарлах дайнд Косовогийн чөлөөлөх арми идэвхитэй оролцон 1991 оны есдүгээр сард өөрсдийн тусгаар тогтнолыг зарлан Косовогийн БНУ хэмээн нэрийдэж, анхны Ерөнхийлөгчөөрөө Ибрагим Руговаг сонгож байлаа.   Энэ үед Косовогийн Чөлөөлөх Арми нь террорист бүлэглэлийн статустай байсан ба дээрээс нь дэлхийн нийтийн анхаарал Боснийн сербүүдийн С.Милошевичийн дэмжлэгтэйгээр эхлүүлсэн дайн руу хандсан байсан  зэрэг нь тусгаар тогтнолын асуудлыг төдийлөн нухацтай яригдах хэмжээнд хүргээгүй юм.  Харин 2008 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр заралсан тусгаар тогтнол нь АНУ болон Европын Холбоотой зөвшөлцөсний үндсэн дээр хийсэн үйлдэл байсан  бөгөөд энэ ч үүднээсээ дэлхийн тэргүүлэх улсууд  дипломат харилцаа тогтоон тусгаар тогтнолыг зөвшөөрөхөөс эхлэн бүхий л талын дэмжлэгийг үзүүлсээр байна. Косово нь тусгаар улс болохоо зарлаад нэг цагийн дараа эхний улс дипломат харилцаа тогтоосон нь Коста-Рика байсан бол АНУ, Франц, Их Британи, Бельги, Австрали, Герман, Итали, Швейцари, Канад гэх мэт улсууд зөвшөөрсөөр дээр дурьдсанчлан дэлхийн 70 улс үүн дотроо Европын Холбооны 27 улсаас 22 нь Косовогийн ард түмний олон зуун жилийн тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг өнөөдөр хүлээн зөвшөөрчээ.

Харин манай хойд хөрш, Косовогийн тусгаар тогтнох асуудал дээр эхнээсээ сөрөг байр суурьтай байсан бөгөөд  тэр нь ч мөн өөрийн гэсэн учир шалтгаантай юм. Зүүн европ тэр дундаа хуучин коммунист лагерьт байсан Польш, Чех, Унгар, гэх мэт улсуудад Оросын зуун зуунаар дамжин ирсэн дээрэнгүй бодлогыг үл тэвчих үзэл санаа жирийн иргэдэд нэвт шингэсэн байдгаас энэ бүс нутагт ОХУ нь Сербээс өөр холбоотонгүй.  Тэр ч үүднээсээ Өмнөд Осети, Абхази гэх мэт улсуудын тусгаар тогтнолыг зарлуулан Косовогийн тусгаар тогтнолоор барьцаа хийж байгаа нь нэг талаас холбоотноо дэмжсэн нөгөө талаас 2006 онд В.Путиний Мюнхэнд, 2009 онд Д.Медведевийн Нью-Йорк мэдэгдсэнчлэн “нэг туйлтай дэлхий”-н эсрэг хийж буй үйлдэл нь гэж ойлгож болох юм. 1999 онд тухайн үеийн Югославын нийслэл Белградыг НАТО –ийн цэргийн хүчин бөмбөгдөхөд ах дүү словени үндэстнээ аварья уриан доор Москвад сайн дурын цэрэг татлага зохион байгуулж, Москва дахь АНУ-ын элчин сайдын яамны гадаа жагсаал зохион байгуулсан зэрэг үзэгдэл нь Серби болон ОХУ-ыг нилээн ойртуулсан болов уу .  Гэсэн ч өнөөдрийн байдлаар Серби нь “дайсан” АНУ-ын иргэдийг визгүй зорчуулдаг хирнээ өөрсдийн “сайн найз” оросуудыг нутагтаа нэвтрүүлэхийн тулд визийн анкет бөглүүлж байгаа нь бас л нэг “бодлого” юм даа. Сербид хамгийн сүүлийн буюу 2004 онд болсон сонгуулиар сербийн ард түмэн Европын Холбоо болон барууны талыг баримтлагч Борис Тадичийг Ерөнхийлөгчөөр сонгосон нь сербийн ард түмэн зожгирч, ганцаардаж, нэг ахтай байхыг үл хүсэн олон улсын интеграцичлалд ойрхон дэлхийн нэг гишүүн байх  хүсэлтэй байгаагаа баталсан хэрэг болсон юм.

Дэлхийн ихэнхи улсууд өнөөдөр Косовогийн асуудал дээр өөрсдийн байр суурийг илэрхийлжээ. Мэдээж Хятад, Энэтхэг, Пакистан, Испани зэрэг өөрсдөө салан тусгаарлах үзэлтнүүдтэй улсууд асуудлыг ажигласан байр суурьтай байгаа бол идэвхитэй гадаад бодлого баримталдаг ихэнхи улсуудын байр суурь нэгэнт тодорхой болжээ.  Косовогийн асуудал нь дан ганц Косовогийн гэхэсээ илүү олон улсын асуудал байтал манай улсын Засгийн Газар ямар нэгэн байр суурь илэрхийлэлгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Хятадын Шинжаан Уйгар, Оросын Чечень Ингуш гэх мэт хөрш орнуудын эмзэг сэдвүүдээр дуугуй байх нь яах аргагүй зөв ч Косовогийн асуудал дээр өөрсдийн байр суурийг илэрхийлж, бага ч атугай идэвхи гаргах нь манай улсын нэр хүнд, гадаад харилцааг өргөжүүлэхэд уг нь нэн чухал баймаар. Үргэлж Кремлийн амыг хардаг, аливаа асуудалд Оросын дараа байр сууриа илэрхийлдэг хуучин арга барил өнөөдөр арилаагүй байгаа нь энэ болов уу.      
    
Саддамын цэрэг Кувейтрүү дайрсан үйлдэлд Монголчууд анхлан эсэргүүцлийн мэдэгдэл гаргасан нь манай Гадаад Яамны сүүлийн 20 жилд  цаг үеэ олж хийсэн магадгүй цорын ганц идэвхитэй  үйлдэл байсан гэж дүгнэдэг.  Харин сүүлд америк нөхдөөс,  1990 оны наймдугаар сард манайд айлчилж байсан АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга Жеймс Бейкер яаралтай мэдэгдэл гаргахад нь манайхан дууриагаад гаргачихсан гэсэн ойлголтыг авч билээ. Энэхүү “дууриаж” гаргасан мэдэгдэл нь өнөөдөр Кувейтийн сангаас олон сая долларын зээл тусламж хүртэх боломжийг нээж, Кувейтийн ЭСЯ-ыг Улаанбаатарт нээлгэж, Кувейтийн Шейхын нэгэн өргөөг Улаанбаатарын ойролцоо бариулж, булангийн орнууд цаашлаад арабын ертөнцтэй биднийг ойртоход чухал суурь болсон болов уу.    Уг нь Косовогийн асуудал дээр ч бид иймэрхүү идэвхитэй байр суурь баримталсан бол гурав дахь хөршүүдтэйгээ нилээн ойртохоос гадна нэр хүндээ өсгөөд дээрээс нь Монголын талаар жижигхэн ч гэсэн сурталчилгаа болох байлаа. Евопын холбоо бараг  бүхэлдээ дээрээс нь АНУ, Япон, Өмнөд Сонгос гээд манай гурав дахь хөршөөр нэрлэгддэг ихэнх улсууд Косовог хүлээн зөвшөөрчээ. Сүүлийн 10 жилд манай төр Ирак руу цэрэг илгээснийг эс тооцвол гурав дахь хөршийн чиглэлийг дэмжсэн гадаад үйлдэл бараг үзүүлсэнгүй. Харин ч Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах гэх мэтээр  илт  “нөгөө” зүг рүү чигэлсэн үйлдэл манайхнаас зонхилоод байгаа энэ үед Косовог хүлээн зөвшөөрөх нь гадаад бодлогыг тэнцвэржүүлэх үүднээсээ бидний хувьд нэмэх оноо дагуулах болно.  

Саяхан долдугаар сарын 22-нд Гаагын Олон Улсын Шүүхийн зөвлөлдөх хуралдаанаас Косовог эрх зүйн хувьд тусгаар тогтнох бүрэн боломжтой гэсэн шийдвэр гаргасан юм. Энэ шүүх хуралд Косовогийн эрх ашгийг өмгөөлж оролцсон Францын ГХ-ийн сайд Бернард Кушнер “ОУ-ын шүүхийн гаргасан шийдвэр өөрийн үүргийг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Шүүх эрх зүйн талаасаа Косовог тусгаар тогтноход ямар нэгэн маргаан байхгүй гэдэгийг нотоллоо. Одоо Косовогийн тусгаар тогтнох эсэх асуудал дээр эргэлзээ үгүй боллоо. Югославын бутралыг номтой зүйрэлвэл сүүлийн боть нь дууслаа” хэмээн мэдэгдэж үүний дараахан нь Британийн болон Германы Гадаад Хэргийн сайд нар дараалан Сербид очиж Косовог зөвшөөрүүлэх асуудлаар шахалт үзүүллээ. Сербийн тал ч нэг үеэ бодвол барууны дипломатуудын идэвхитэй үйл ажиллагаанд буулт хийн “НҮБ-ын Ерөнхий чуулганаар асуудлыг шийдүүлэхээр зөвшилцлөө” хэмээн Ерөнхийлөгч Б.Тадич ярилцлага өгсөн зэргээс үзвэл  Косово тусгаар тогтнох нь цаг хугацааны л асуудал болж байх шиг байна. Магадгүй Сербийг Европын Холбоонд элсүүлэх , Шенгений хэлэлцээрт нэгтгэх гэх мэт асуудлаар л энэ бүхэн шийдэгдэх нь өнөөдөр нэгэнт тодорхой болоод байна. Нөхцөл байдал нэгэнт энэ зүгт явж байхад Монгол Улсын байр суурийг тодорхой болгож, ойрын үед байр сууриа илэрхийлэхийг цаг хугацаа биднээс шаардаж байна. Цаг үеэ олсон зөв  байр суурь урт хугацаандаа манай улсад эерэг үр нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм. Манай хойд хөршийн зүтгүүлээд байгаа Абхази, Өмнөд Осетийг одоогийн байдлаар Венесуель, Никрагуа, Науру,  ОХУ өөрөө гээд нийт дөрвөн улс л хүлээн зөвшөөрөөд байна. Магадгүй энэ жагсаалт ч гэсэн 50 –иас дээш гараад ирэхийн үед бид асуудлыг ярилцах цаг ирэх бизээ. Олон талт идэвхитэй гадаад харилцаа л жижиг улсын үндэсний  аюулгүй байдлын баталгаа болдог цаг ирсэн гэдэг дээр харин маргах хүн гарахгүй гэдэгт итэлтэй байна.

О.Магнай

/Ардчиллыг бэхжүүлэх ОУ-ын сангийн
Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал,
АН-ын ҮЗХ-ны гишүүн/

2010 оны 9 дүгээр сарын  9-ний өдөр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж