Шатахууны зах зээл дээр хойд эцгийн гар харах нь

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Шатахууны зах зээл дээр хойд эцгийн гар харах нь

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев одоогоос яг арав хоногийн өмнө “Роснефть”-ийн ерөнхийлөгчөөр Эдуард Худайнатовыг томилох захирамж гаргасан билээ. Уг шийдвэрийг тус улсын нефть олборлогч томоохон компаниудын захирлын зөвлөл хуралдаж баталсан байна.  “Роснефть”-ийн 50  настай шинэ захирал салбартаа бол хуучны хүн аж. Хийн салбарт арвин туршлагатай, “Газпром”-ын салбаруудыг удирдаж байсан тэрбээр  “Роснефть”-ийн тэргүүн дэд захирлын суудлыг ийнхүү ерөнхийлөгчийнхөөр сольж ахиуллаа. Мэдээж түүний ард буй улстөрчөөр Төрийн тэргүүнийг хардаж байна. “Роснефть”-ийн экс ерөнхийлөгч Сергей Богданчиков ажлаа хүлээлгэн өгөхдөө “Би түүнтэй хоёр жил хамт ажилласан. Тэр нефтийн бизнесийг, түүний эдийн засгийн онцлогийг сайн мэднэ” хэмээн танилцуулжээ. Харин манай улсын шатахууны зах зээлийг эзэгнэгч компанийн удирдлага солигдсоноор улс төр, эдийн засгийн эерэг болон сөрөг ямар нөлөө харагдах бол.

ОХУ-ын Засгийн газар онцгой албан татвараа хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сард тонн тутамд 10 ам.доллараар нэмчихээд байгаа.  “Роснефть”-ийн захирал халаагаа өгөхдөө “Монголчууд Засгийн газартайгаа бидний халаасанд бий шүү” гэж шивнэсэн нь лавтай. Ийм өвийн дараа хойд эцгийн царай харах болсон монголчууд юу хүлээх билээ.

“Хугацаа нь дууссан” хуучин анд  Сергей Богданчиковын хувьд нефтийн салбарын хөгжлийг шинэ шатанд ахиулж чадсан гэсэн үнэлгээтэйгээр ажлаа өгч байгаа юм. Нефть олборлолтын хурдаар урьд нь байгаагүй амжилт үзүүлсэн төдийгүй “ЮКОС”-ын үндсэн активыг худалдаж авч чадсан тэрбээр 12 жил тус компанийг удирдахдаа монголчуудын уурыг хүргэдэг байсан ч удаан хугацаагаар түншилж чадсан. Монголчууд өглөө сэрэхэд талхны үнэ нэмэгдсэн байвал шатахуун түгээх станц руу, улмаар “Роснефть” гэгч мангасын оршин буй умар зүг рүү ууртай ширтэх болсон нь ерээд оноос хойших үе билээ.

Шатахууны импорт жирийн монгол айлын өргөн хэрэглээний барааны үнэ өртөгт хамгийн түрүүнд нөлөөлж буй нь үнэн учраас Монголын төр, засаг ч “Роснефть”-ийн өмнө яах ч аргагүй “Доогуур харж, дорой дуугарсаар” ирсэн. Улс төрийн томоохон хүчний удирдлагууд С.М.Богданчиковтой шадар нөхөрлөж  үнийн тарифийг нааштай эргүүлэх, улмаар улс төрийн харилцан ашигтай бодлогоор дотносохыг хүсч байсан тухай баримт хангалттай олддог. Гэвч хилийн чинад дахь улстай улс төр, бизнесээр холилдон нөхөрлөнө гэдэг амаргүйг амсаад шантрах нь олонтаа.

Хамгийн сүүлийн жишээ л гэхэд УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнөхөн тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан Х.Наранхүү, “Роснефть”-ийн ерөнхийлөгч С.М.Богданчиков нарын байгуулсан нэгэн хэлэлцээр дуулиан тарьж байв. Уг хэлэлцээрт Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний жижиглэн худалдааны зах зээл дээрх үйлчилгээний чанарын тогтвортой байдлыг хангах талаар хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх зорилгоор ОХУ-ын “НК Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн охин компани “PH Монголиа” ХХК-д 100 ширхэг ШТС-ын сүлжээ болон нефть бааз байгуулахад зориулан газар олгох үүргийг Монголын Засгийн газар хүлээсэн байлаа. Ингэхдээ “PH Монголиа”  ХХК-ийн бөөний болон жижиглэнгийн борлуулалтад эзлэх хувь Монголын дотоодын зах зээлийн 10 хувиас хэтрэхгүй байна хэмээн заажээ. Мөн нисэх буудлууд дээр агаарын хөлгүүдийг түлшээр цэнэглэх Орос-Монголын хамтарсан компани байгуулж, үүнд “НК Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн оролцоо 50+1 хувь байхаар санал оруулсан байдаг. Эцэст нь “НК Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэг нь үнийн өсөлт тогтворжуулсан түвшнээс 20 хувиас илүүгүй өссөн тохиолдолд нефтийн бүтээгдэхүүнийг зургаан сарын турш тогтворжуулсан үнээр Монголд нийлүүлэхээр тусгасан байсан. Тогтвортой байх заалт нь  2008 оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэлх цаг хугацааг хамаарч байсан учир яах аргагүй сонгуультай, улс төртэй, МАХН-тай холбоотой болж хардлага сэрдлэгийн бай болсон юм. Сонгууль дуустал нефтийн үнийг түр тогтворжуулсан ядмагхан аргад Монголдоо л монополь эрхтэй, үндэсний шатахуун импортлогчид бухимдсандаа галзуурах шахаж байв.

 Харин “хэргийн эзэн”, хэлэлцээрт гарын үсэг зурах үүрэг хүлээсэн Х.Наранхүү дуулианы дараа сонгуульд өрсөлдөж эдүгээ УИХ-ын гишүүн болоод байна. Тэрбээр хожим нь “Хэрэв тэр үед ОХУ-ын 100 ШТС Монголд ороод ирсэн бол байдал ямар байх бол” гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Намайг сайд байхад болсон хэрэг л дээ. Тухайн үед улстөржүүлээд өнгөрсөн. Үнэндээ тэгж ар өврөөр ярьж шийдэх асуудал биш. Тэдний зүгээс надад тийм санал тавьж болно. Гэхдээ урт хугацаандаа шийдэх талаасаа бол байж болох асуудал гэж боддог. Улсын хэмжээнд ач холбогдолтой байж болзошгүй давуу талууд харагдаж байсан. Яагаад гэвэл газрын тосоо авах өөрийн эх үүсвэртэй хувийн компани орж ирээд шатахуунаа зарах нь өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ. Тэртээ тэргүй манай бүх нефть импортлогчид “Роснефть”-иэс л авдаг шүү дээ. Энэ бол цэвэр эдийн засгийн л асуудал. Манай зах зээл, хэрэглэгчдэд  хэрэгтэй. Хэвлэл мэдээлэл улстөржүүлсэн болохоос миний хувьд буруу зүйл хийсэн гэж боддоггүй. Хүмүүсийн сэтгэлд тийм байдлаар үлдсэн бол улстөржүүлсний л сөрөг нөлөө. Түүнээс болоод лав л хоёр орны харилцаа сайжирчихаагүй дэг” хэмээсэн билээ. Ингээд ОХУ-аас ШТС орж ирж, Монголын нефть имптортлогчид боож үхэх бор шидэмс хайж байсан нэгэн явдал улс төрийн халуун салхинд замхран одсон.

Харин одоо болохоор Монголын цөөн монополь компаниуд даварч байна гээд жолооч нар жагсахдаа тулах болсон. Монгол оронтой бизнесийн холбоотой байдаг оросуудаас энэ талаар лавлахад “Бид заавал оросууд энэ салбарт ноёрхох ёстой гэж боддоггүй. Хятад, Орос, өөр ямар ч оронтой өрсөлдөж болно шүү дээ. Монголын хувьд одоогоор нефть импортлогчдын өрсөлдөөн нь ямар ч идэвхгүй, шал худлаа харагддаг” хэмээн шулуухан хэлж байна.

Цаашид байдал хэрхэн өрнөх бол. “Роснефть”-ийн шинэ захирал лав орос үндэстэн биш. Түүний тархинд юу эргэлдэж байгааг хөрш орны бид байтугай “самовар”-аас цайгаа хувааж уудаг гэр бүлийнхэн нь виски тулгадаг түншүүд нь ч гадарлахгүй шүү дээ. Эх сурвалжийн мэдээлснээр Монголын байтугай Оросын нөхөдтэйгээ ч тэгтлээ дотносдоггүй, “хаалттай, хатуу хүн” гэнэ.

Бас нэг болгоомжлол байна. ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Норильск хотод айлчилсан. Энэ бол оросуудын хувьд бяцхан халуун цэг болоод байв. Учир нь тус хотын 300 орчим оршин суугч “BasEl Cement Pikalyovo”, “Metakhim cement plant”, “Pikalyovo Cement” зэрэг компанийн үйл ажиллагааг зогсоосны төлөө үймээн дэгдээсэн тул Засгийн газрын тэргүүн зорьж очжээ.  Норильск бол дэлхийн никель үйлдвэрлэгчдийн хаан  “Норилск Никель”-ийн гол хувьцаа эзэмшигч Владимир Потанин, Олег Дерипаска нарын зөрчлийн өлгий нутаг ч гэж хэлж болно. Дээрх олигархиудын давуу эрхийн төлөөх тэмцэл энэхүү жижиг хотыг залгиж мэдэхээр болоод буй. Өнгөрсөн зургадугаар сард хэлэлцээр хийгээд үр дүнд хүрээгүй тэдний ашиг сонирхлын зөрчилдөөн гадаадад ч нөлөөлж мэдэхээр байгаа юм. Юу гэвэл Хятадын Эрчим хүчний сайд Зян Гу Бао Оросын “Роснефть”-ийнхэнтэй албан ёсны уулзалт хийхээс аргагүйд хүрчээ. Орос-Хятадын хамтарсан уг нийгэмлэгийн 49 хувийг “Роснефть”, 51 хувийг Хятадын “CNPC” эзэмшдэг бөгөөд асуудал ойрын үед шийдэгдэх төлөвтэй байгаа ажээ.

Энэ тохиолдолд хөөрхий Монгол Улс хоёр их гүрний нефтийн дамжин өнгөрүүлэх цэг хэвээр байх нь тодорхой. Оросын зарим хэвлэлд “Оросууд Монголоор дамжуулан Хятад руу зөөдөг нефтийн хэмжээгээ  сая сая тонноор нэмсээр байгаа. Гэвч Монголын тал дамжин өнгөрүүлэх болон төмөр замын ачаа тээврийн үнээ нэмэх зэргээр саад учруулсаар байна” хэмээн манайхыг гоочилдог юм билээ. Дамжин өнгөрүүлэгч орны ёсоор давуу эрх эдлэх боломж бидэнд байх ёстой. Улс төр, эдийн засаг хоёрыг салгаж ойлгож болохгүй нь нэгэнт тодорхой болсон тул бид “Зах зээл өөрийн шалгаруулалтаар бүхнийг зохицуулна” гэж тэнэгтэхээ болих хэрэгтэй. Орос, Хятадын хэн нь ч Монголд илүү хайртай гэж байвч эцсийн үр дүнд тус улсын эрх ашиг хамгийн гол шалгуур үзүүлэлт. Үүнийг яаж ч нуугаад нэмэргүй. Үлдсэн асуудлыг зөвхөн Засгийн газрын ухаалаг шийдвэр л мэдэх хэрэг. Магадгүй, дуулиан тарьж байсан ШТС-уудыг оруулаад ирсэн бол өдийд шатахууны үнэ нэмэгдэх вий гэж яс хавталзаж суухгүй ч байсан юм билүү. Улс төр, эдийн засагт ч гэсэн туйлын зөв шийдвэр гэж байдаггүй шүү дээ.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж