Оролцоо нь юу юунаас чухал санагдсан

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Оролцоо нь юу юунаас чухал санагдсан

-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо хуралдаад өнгөрлөө. Хурлаас гарсан шийдвэрүүдийн гол ач холбогдол юунд байв аа? 

-Хурлын эхний өдөр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны  (АЭХ) цаашдын үйл ажиллагааны талаар стратегийн хэлэлцүүлэг явагдсан. Хэлэлцүүлгийг бэлтгэх ажлын хэсгийнхэн олон хоног урьдчилж сайн ажилласны дүнд бүх асуудлыг маш сайн боловсруулсан байсан. Иймээс төлөөлөгчид ороогүй саналуудыг нэмж тусган стратегиа тодорхойлж гаргасан. Хамгийн гол асуудал бол одоо намрын чуулганаар хэлэлцэх жендерийн тэгш байдлын хуулийг батлуулахад АЭХ зүгээр нэг оролцох биш энэ асуудлыг нийгэмд манлайлж санаачлагатай оролцох ёстой гэдгийг би хэлсэн. Энэ хуулиа батлуулаад авбал зөвхөн эмэгтэйчүүдэд биш монголын улс төр, эдийн засаг эрүүлжинэ. Би АЭХ-г нэг асуудал дээр шүүмжилсэн. Өнөөдөр Баасан, Занаа, Уянга гэсэн хэдэн эмэгтэйчүүд л тэмцээд яриад яваад байхын. Энэ том намын эмэгтэйчүүдийн байгууллага таг чиг байгаад байж таарахгүй гэж хэлсэн. Одоо АЭХ стратегиа тодорхойлсон юм чинь тактикаа хурдхан яриад ажилдаа нэн даруй орохгүй бол оройтох гээд байна.

-Энэ хуулийн хувьд тактик гэдэг нь та яг юуг хэлж байна?

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хуульчилж өгснөөр нийгэмд ямар чухал ач холбогдолтой болохыг ойлгуулан, таниулах ажлыг бүх намуудын эмэгтэйчүүд хамтарч хэвлэл мэдээллээр уриалга, мэдэгдлүүдээ идэвхтэй сурталчилан, Парламентад суугаа эрэгтэй гишүүдтэй тулж ажиллаж, лобби уулзалтуудыг хийсэн ч болно шүү дээ. Яадгийм нэг эрэгтэй гишүүнийг тойроод 20 эмэгтэй улс төрч суугаад ярилцаж, учирлахад эсрэг кноп дарах хүн тун цөөхөн гарна даа. Бид өөрсдөө зохион байгуулалттай, шийдвэртэй ажиллах хэрэгтэй. Хэтэрхий бага хувиар хууль нэгэнт батлагдвал ниргэсэн хойно нь хашгирав гэгч болно. Лалын хатуу ёс жаягтай Афганистанд Хурлын дээд, доод танхимын 20-30 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байхад Ардчиллын үлгэр дууриал гэгдэх Монголд байдал дэндүү гутамшигтай байна.

-Та АЭХ-ны тэргүүнд нэр дэвшсэн. Нэрээ дэвшүүлэх гол шалтгаан юу байв?

-Яг үнэнийг хэлэхэд надад оролцоо нь юу юунаас чухал санагдсан. Намын төлөө 10, 20 жилээ зориулсан, нийгэмд танигдсан хүчтэй улстөрчид нэр дэвшихээ илэрхийлж байсан. Мөн хурлын өмнө нэрээ татчих, татахгүй бол өөрт чинь хар пиарын хангалттай “бэлэг” бэлдсэн гэдгийг ч янз бүрээр хэлж л байсан. Нэр татах шиг амархан зүйл байгаагүй. Харин төрийн ордны индэр дээрээс олон зуун төлөөлөгчдөд хандаж үг хэлэх, улс төр, эдийн засаг, нийгэм, намын ажлын талаар хүнд хэцүү асуултуудад нь хариулт өгөх, мэтгэлцэх зэрэг нь хамгийн хэцүү сорилт санагдсан. Тиймээс би энэ давааг давж үзэх нь цаашдын миний улс төрийн амьдралд том алхам болно гэж үзсэн. Үнэхээр ч цөөхөн хоногт том алхам хийсэн. Олон өдөр сууж мөрийн хөтөлбөрөө бичиж, эмэгтэйчүүддээ хандаж хэлэх үгээ бэлдэн, олон хүмүүстэй уулзаж ярилцан санаа бодлоо солилцсон нь хувь хүнийхээ хувьд, ялангуяа улс төрчийн хувьд их зүйлийг сурч мэдэж, ойлгож авсан. Зүс мэдэхгүй хэрнээ намайг нийгэмд танигдсан, хийсэн бүтээсэн зүйл их гэх мэт дэмжлэгийн үг олноор хэлж байсанд би баярласан. Миний хувьд даргын асуудал гол зүйл биш. Би урьд нь Удирдах Зөвлөлд албан ёсоор байдаггүй байхдаа ч бүхий л ажилд гүйдэг байсан.

Харин ажил гэхээр үзэгддэггүй хэрнээ ямар нэг дотоод сонгууль гэхээр ирж хор найруулдаг, бэлэн жортой, гутаан доромжлох ажлыг дээд түвшинд хийж чаддаг, энэндээ чамгүй хөлс авдаг хэдэн хүүхнүүд байдаг юм. Тэд Оюунгэрэл бид хоёрлуу хашгирч дайрч байгааг хараад үнэхээр гутарсан. Цөөхөн хэдэн төгрөгнөөс эр нөхөр, эцэг эх, эх орноо ч худалдаж чадах тийм хүмүүсээс л нам салах юмсан.

-Эмэгтэйчүүд шат шатны сонгуульд амжилт олохгүй байгаагийн гол шалтгааныг та юу гэж үзэж байна?

-Амжилт олохгүйн нэг том шалтгаан бол санхүүгийн байдал. Өнөөдөр мөнгө, эрх мэдэл бүгд эрчүүдийн гарт байна. Бодлого, хууль тогтоомжоор дэмжиж баталгаажуулж өгөхгүй бол хэцүү. Улс төрд эмэгтэйчүүдийг эрчүүдтэй эн тэнцүү нөхцлөөр өрсөлдүүлэх нь эрэгтэй эмэгтэй хоёр хүн барилдахад хэн нь ялах вэ гэж асууснаас ялгаагүй байна. Мөн эмэгтэйчүүд бид өөрөө өөртөө итгэх итгэл багатай байдаг. Бие дааж шийдвэр гаргаж, эрсдэл хүлээхгүй байна. Зориглоод зүтгэж байгаа цөөхөн хэдийгээ энэ чинь тэрний хүн, энэний хүн гэж уяад л.. Саяхан нэг сонин дээр Оюунгэрэлийг Ц. Элбэгдорж, Одонтуяаг С. Эрдэнийн хүн гээд л баахан бичсэн байсанд бид их сэтгэл эмзэглэсэн. Бид 2 ямар нэг фракцийн төлөөлөл болж ороогүй. Тус тусдаа шийдвэр гаргаад л дэвшсэн. 2-уулаа Ардчилсан Хүчний Холбоог байгуулалцаад л хамт ажиллаж байсан. Олон жил АЭХ-ны ажилд хамт зүтгээд л явсан. Өөрөө өөрсдийнхөөрөө улс төрийн амьдралд оролцож яваа.

-Оюунгэрэлээс дутахааргүй жинтэй үг хэлж, үнэхээр Одонтуяа бол АН-ын лидер эмэгтэйн нэг болж гэдгийг хүлээн зөвшөөрөх хэмжээнд асуултад хариулж байсан?

-Манай Оюунгэрэл Ардчиллын төлөө 20 жил явсан, өндөр алба хашиж байсан, туршлагатай улстөрч. Тэр хүнтэй эн зэрэгцээд үг хэлээд зогсож байх нь надад нэр төрийн хэрэг байсан. Байгальмаагийн хувьд цоо шинэ хүн байсан. Би тэр эмэгтэйг цаашид битгий шантраасай л гэж хүсч байна. Том зорилготой байж л хүн биеэ дайчилдаг. Хэрэв манай зарим улстөрчид шиг зөвхөн сонгууль болохоор гарч ирээд, бусад үед таг болвол хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Намын өдөр тутмын ажилд голж шилэхгүй зүтгээд, хэвлэл мэдээллээр үзэл бодол, байр сууриа байнга л илэрхийлж байх ёстой.

-Та цаашид АЭХ-ны ажилд оролцох уу?

-Би эмэгтэй ҮЗХ-ны гишүүний хувьд оролцож дэмжиж ажиллах нь миний үүрэг. Түрүүн би онцолж хийх ёстой ажил гэж Жендерийн хуулийг батлуулах асуудлыг чухалчилж хэлээд байсан. Үүнд бид бүх хүчээ нэгтгэж ажиллах ёстой.

-АЭХ-ны үнэт зүйлийг та юу гэж боддог вэ?

-Амьдран байгаа зуун маань хүний хөгжлийн зуун. АЭХ-ны үнэт зүйл бол гэр бүлийн хөгжил. Эрх чөлөөтэй, эрүүл чинээлэг иргэд зонхилсон, гэр бүлийн үүргийг онцгой авч үздэг нийгмийг байгуулахын төлөө л ажиллах ёстой.
Өнөөдөр өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо 87.000 давлаа. Гэр бүл салалт өмнөх оныхоос 20% өссөн байна. Ядуурал, хүчирхийлэлд эмэгтэйчүүд голчлон өртөж байгаа. Энэ бол бодит аюул.

-Хамтарсан Засгийн газарт АН байсан хэвээрээ сонгуульд орвол яг ямар урхагтай гэж бодож байна?

-Бидний хэн нь ч эрхэм дээд зорилгоосоо ухраагүй ч АН-ын эв нэгдэл, өрсөлдөх чадамж илт суларч, тэр хэмжээгээр зорилго зорилтоо биелүүлэх цаг хугацаа холдсоор байх шиг санагдаж байна. Нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө хийх зүйл асар их байгааг олон түмэн мэдэрч, шаардсаар байхад манай нам үүнд дорвитой хариулт өгч, шийдэл гаргахгүй байна. Ардчиллын хөдөлгөгч хүчин байж ирсэн манай намын байр суурь одоо бусдаас төдийлөн ялгарахгүй хэмжээнд очсон. Асар их баялаг биднийг асар том эрсдэлд хөтөлж байгааг мартаж болохгүй. Тийм учраас ирэх сонгууль түүхэн хариуцлагаар маш том сонгууль болно. Хөгжлийн асар их боломжийг зөв гольдролд оруулахын тулд Ардчиллыг хөгжүүлэх, батжуулах, шинэ давалгааг давалгаалуулахыг нийгэм биднээс шаардаж байна. АН нийгэм дэх шаардлага, захиалгыг ханган биелүүлэх ёстой. Үүний тулд эрчтэй зөв бодлого боловсруулж, улс төрийн эрс ялгарлыг бий болгож байж олон түмний дэмжлэг хүлээх байх.Хамтарсан засгийн газарт байсан хэвээр байхад энэ эрс ялгаа харагдахгүй.

-Таны “Шантарч үл болно” нэртэй ном гарсныг олж үзлээ. Юуны тухай вэ?

-Би өнгөрсөн хугацаанд бичсэн нийтлэлүүдээрээ эмхэтгэж ном болгон гаргасан.

-Танд амжилт хүсье.

Л.БАЯРМАА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж