Би эмэгтэйчүүдэд туслахыг хүссэн

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Би эмэгтэйчүүдэд туслахыг хүссэн

“Мисс Монголиа” тэмцээний ялагч “Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрээр олны танил болсон Б.Бадамцэцэгийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Юун түрүүнд энэ оны Монголын тэргүүн миссийн титэм гардсанд тань  баяр хүргэе?

-Баярлалаа. Сэтгэл тог­тож өгөх­гүй одоо ч гэсэн догд­лоод л байна. Эхлээд тав дугаартай оролцогч гэж зар­лахад нь нэг л итгэж өгөхгүй дугаар руугаа хараад л, ураг­шаа ч нэг, хойшоо ч нэг алхаад л “Үнэхээр би гэж үү” гэж бодогдоод байсан. Тэгснээ Батцэцэг гэдэг нэр хэлэхээр нь би биш юм байна гээд л. Маш их сандарсан.

-Чамайг насаар хамгийн бага мисс гэж байсан?

-Тийм ээ, би 17-той. Гэхдээ удахгүй 18 хүрнэ.

-Титмээ гардах үеийн сэтгэл хөдлөлийг үгээр хэлэхийн аргагүй биз?

-Тийм ээ, цээж рүү нэг юм огшоод л, нулимс урсах гээд байсан.

-Дүн гарахаас өмнө “Энэ л миний өрсөлдөгч шүү” гэж бусдыгаа анзаарч, харж байв уу?

-Сүүлийн шалгаруулалтад үлдсэн 21 охин бүгдээрээ маш хөөр­хөн, хүчтэй, авьяастай, ухаантай охид байсан. Тэр дун­даа бэлтгэл сургуулилтаа хамт хийгээд, хамтдаа байх үед “Айр Монголиа” миссээр шалгарсан Э.Алтанзул, дэд мис­сийн титэм хүртсэн Т.Бат­цэцэг хоёр миний хамгийн хүчтэй өрсөлдөгч байх юм шиг санагдсан. Гэхдээ хүн өөртөө итгэж, өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө зүт­гэж чадвал ялалтад хүрдэг гэдгийг би өөртөө баталж чадсан юм шиг л санагдаж байна.

-Тайзнаас буугаад хамгийн түрүүнд хэнд баярлалаа гэж хэлсэн бэ?

-Би хурдхан шиг л ээж дээрээ очмоор байсан. Ээж маань энэ хугацаанд миний арын ажлыг дааж, бүхий л зүйлийг минь бэлтгэсэн. Даанч энд тэндээс зураг аваад, хүмүүс ирж баяр хүргээд би тайзан дээр нэлээд их удсан. Тэр үед нэг их хөөрхөн охин ирээд “Эгчээ, би ирэх жил яг энэ тайзанд, яг тань шиг ингээд зогсч байна аа” гэж хүртэл хэлсэн. Би маш их баярласан. Тэгээд ээж дээрээ очоод “Ээжээ, би танд амласнаа биелүүлж чадлаа” гэж хэлсэн. Тэр үед дахиад л нулимс урсах гээд байсан. Ээж маань бүр уйлаад л байсан.

-Би өөртэй тань яг миссийн титэм гардсаны маргааш нь ярилцаж байгаа болохоор өнөөдөр сэтгэлийг тань бас ч гэж тайвширсан болов уу гэж бодоод байна. Аль эсвэл үгүй юу?

-Өчигдрийн хувьд би ийм том нэр хүндийг авчихлаа гэж үү л гэж бодоод байсан. Харин өнөөдөр болохоор энэ том нэр хүндийг цаашид нэр хүндтэйгээр дааж явах нь чухал юм байна гэж бодож байна. Тэгэхээр жаахан ч гэсэн тайвширсан гэсэн үг байх аа. Гэхдээ баярласан, хөөрсөн сэтгэл минь бол унтраагүй байгаа л даа.

-Дөнгөж ерөнхий боловсролын сургуулиа төгссөн оюутан охинд дараагийн ээлжинд Монгол Улсыг төлөөлж, дэлхийн миссийн тэмцээнд оролцох үүрэг хүлээлгэсэн гэхээр өөрт тань айдас, болгоомжлол төрж байна уу?

-Удахгүй хийх ёстой бэлтгэлээ хийж, өмнө нь оролцож байсан миссүүд болон багш нараасаа заавар, зөвлөгөө авна. Ямар ч байсан Монгол Улсынхаа нэр хүндийг хамгаалж чадна гэж итгэж байна.

-Олон улсад зохиогдох болохоор гадаад хэлний шалгуур бас их чухал байдаг?

-Би нийслэлийн Монгол-Энэтхэгийн хамтарсан дунд сургуулийг төгссөн. Англиар бол хаа ч чөлөөтэй ойлголцоно. Энэ тэмцээн маань Шанхайд болно. Би хятад хэлээр ч ойр зуурын хэрэгтэй гэж үзсэн зүйлээ ойлгуулаад, ярилцаад байж чадах болохоор хэлний асуудал дээр нэг их санаа зовохгүй байна.

-Эмчийн мэргэжил сонгосон гэж сонссон?

-Тийм ээ, “Ач” дээд сургуулийн нэгдүгээр курс.

-Ийм их ачаалалтай мэргэжлээр сурч байж хажуугаар нь миссийн тэмцээн, загвар өмсөгч гээд явахаар хэцүү биш үү?

-Миний сонирхол болохоор нэг их хэцүү санагдахгүй байна аа. Ямар ч байсан аль аль нь миний хүсэл мөрөөдөл, зорилготой холбоотой учраас шантарч болохгүй шүү дээ. Зүтгээд л байна гэж бодож байгаа. Манай ээж эмч хүн байдаг. Тийм болохоор би багаасаа эмч болно гэж боддог байсан.

-Ээжийн зөвлөгөөг хэр авдаг мисс вэ, өөрөө?

-Ээж маань хүн бол хүн л байх ёстой. Сэтгэлийн хаттай байх хэрэгтэй гэж зөвлөдөг. Өнөөдөр гэхэд нэр хүнд дагаж гарч ирэх сайн сайхан бүхнийг сайхнаар ашиглаж, муу муухайг тойрч гараарай гэж захисан. Манай ээж “Ногжу” эмнэлэгт эмчээр ажилладаг, Бас гэрлэх ордонд залуу гэр бүлүүдэд зориулж хичээл заадаг байсан. Тийм болохоор надад хэрэгтэй олон зүйлийг зааж зөвлөдөг.

-Залуу насны тань талаар, ирээдүйн амьдралын тань тухай ямар зөвлөгөө өгч байна?

-Залуу насандаа хүн гоё сайхан байж, хүссэн бүхнээ хийх хэрэгтэй гэж хэлдэг. Зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй, ухаантай, бусдыг хайрлаж хүндлэх нинжин сэтгэлтэй байж өөрийнхөө амьдралд сайн сайхныг бий болгоно гэдэг зөвлөгөөг байнга л өгдөг.

-Ээжийнхээ үгнээс зөрөх үе байдаг уу?

-Байхгүй ээ, би өнөөдрийг хүртэл ээжийнхээ үгнээс гарч, зөрж зөрүүдэлсэн үе байхгүй. Ээж маань ямар ч үед миний сайн сайхны төлөө л хэлж байгаа шүү дээ.

-Айлын ганц охинд эрхэлж, тунирхах, гоморхох үе олон байдаг юм шиг санагддаг?

-Манай ээж намайг загнаж, зандраад байдаггүй л дээ. Өөрөө хүмүүст хүүхдийг загнаж зандраад байлгүй, их зөөлөн, зөв өсгөх хэрэгтэй гэж зөвлөдөг хүн байдаг. Манай ээжид ээж нь залуу байхдаа хийхийг хүссэнээ хийж, хэрэглэхийг хүссэнээ хэрэглэж бай гэж зөвлөдөг байсан гэсэн. Тийм болоод ч тэрүү намайг байнга л залуу насандаа бахархахаар сайхан зүйл хий гэж хэлдэг. Бид хоёр их эрх чөлөөтэй, нээлттэй харилцаатай байдаг.

-Ээжээсээ нуусан нууц гэж бий юу?

-Байхгүй ээ. Би дандаа л хаана байна. Юу хийж байна гэдгээ байнга хэлдэг. Хэзээ ч нууж, нууцлаж байгаагүй.

-Банди нарын ч тухай юу?

-Хэлнэ ээ. Тэр банди тэгсэн. Энэ ингэсэн гээд л бид хоёрын хооронд нуугаад байх юм байдаггүй. Найз охидтойгоо ярьж байгаа юм шиг л бүхнийг хэлдэг. Тэр ч битгий хэл манай ээж хаяа дэлгүүрээр явж байгаад “Бадмуушка энд чамд таарах хувцас байна. Хүрээд ир. Чамайг авна гэвэл аваад өгье” гээд дууддаг. Хамгийн гоё нь тэр хувцас нь надад яг таардаг.

-Айлын ганц охины хувьд ганцаардах үе байдаг уу?

-Байдаг юмаа. Гэхдээ би их олон найзтай. Тэдэнтэйгээ ганцаардсан үедээ бүгдийг нь ярилцдаг. Тийм болохоор харьцангуй гайгүй ээ.

-Бас хэт дураараа, бүгдийг эзэрхийлсэн зантай болдог гэх юм билээ?

-Би багадаа л их дураараа, аймар сахилгагүй, хөдөлгөөнтэй байсан гэсэн. Одоо болохоор багадаа сахилгагүй байсан хүүхэд том болохоороо даруухан болдог гэдгээр даруухан болчихсон байх аа.


-Монголчууд чамайг “Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрээр сайн мэднэ. Даруухан, хүнд санаа бодлоо илэрхийлдэггүй, дотогшоогоо тэр охин нь гэнэт л Монголын тэргүүн мисс болоод гараад ирэхээр гайхах хүн олон л гарч байгаа байх даа?

-Тэр бол миний бүтээсэн дүр. Амьдрал дээрхи Бадамцэцэг гэдэг хүн бол огт өөр байх нь тодорхой. Хувцаслалт, стиль, байгаа байдал гээд тэр бүхнийг Гэрлээгийн дүрд тааруулж өөрчилсөн. Одоо бол би өөрийнхөөрөө л байна. Тэр кинонд яаж тоглосон талаар харин нэлээд хэдэн худлаа мэдээлэл гарчихсан байна лээ.

-Ямар мэдээлэл вэ?

-Сая Дэлхийн шатрын өсвөрийн аварга болсон С.Энхтуул бид хоёр бүр багын найзууд. Аав, ээж нар маань ч гэр бүлийн найз. Тэгээд Энхтуул маань нэг өдөр хоёулаа Монгол телевиз орж, шалгаруулалтад оръё гэхээр нь би дуртай, дургүй дагаж очсон. Харамсалтай нь, яг шалгаруулалт болсон чинь найз маань тэнцсэн ч гадагшаа тэмцээнд явахаар болсон. Манай Энхтуул чинь шатраар тийм мундаг байгаад зогсохгүй багаасаа дуулдаг, бүжиглэдэг гээд их авъяастай охин л доо. Тэгээд би ганцаараа тоглосон. Гэтэл Сүххуяг гуайн бага охиныг Бадамцэцэг гэдэг болохоор манайг тэр охиныг нь гэж бичсэн байсан. Бас Гэрлээгийн дүрийг хоёр сая төгрөгөөр худалдаж авч тоглосон гээд л мэдээ гаргасан байсныг уншсан.

-Чамайг уу?

-Тийм ээ, бүр хахууль өгсөн гээд л. Би уг нь бор зүрхээрээ л орж тоглосон юм.

-С.Энхтуулын баярыг яаж тэмдэглэсэн бэ?

-Анх дэлхийн аварга болчихоод Туркээс над руу ярихад бид хоёр хоёулаа хоёр талд л утасны наана, цаанаас хашгираад байсан. Алтангадас авахад нь төрийн ордны гадаа угтаж авсан. Намайг тэргүүн мисс болсон гэж дуулаад бас л хашгираад байсан.

-Найз залуутай юу?

-Байхгүй ээ. Гэхдээ би найз банди гэхээс илүүтэй эрэгтэй сайн найз олонтой. Олон охидтой найзалснаас эрэгтэй найз нартай байх нь илүү тулхтай санагддаг. Бас ямар нэгэн  бандитай үерхэлээ гэхэд дараа нь ямар нэг шалтгаанаас болоод больсон тохиолдолд бид хоёр сайн найзууд үлдэж чадахгүй ч байж болно шүү дээ. Тийм болохоор анхнаас л найзууд болохыг хүсдэг.

-Чиний ямар чанар таалагддаг гэж хөвгүүд магтаж байна?

-Зан ааш чинь л гээд байдаг юм.

-Гэхдээ л банди нар танилцмаар байна. Утсаа өгөөч, үерхэе, найзлая гээд л гүйнэ биз?

-Тийм тохиолдол байлгүй яах вэ. Манай ээж энэ талаар хүний сайныг олж найзалж, нөхөрлөх хэрэгтэй. Хүнийг сайн таньж сур гэдэг.

-Тэгэхээр ээжийн зөвлөгөөг бодоод л явдаг гэсэн үг үү?

-Тийм ээ. Гэхдээ манай ээж намайг эртхэн шиг хүнтэй сууж, хүүхэдтэй болсон нь дээр гэж бас захиад байдаг юм. Өөрөө намайг 32 настайдаа гаргасан болохоор оройтох дэмий л гэж боддог юм шиг байна лээ. Тэгснээ “Миний охины заяа түших байлгүй дээ” ч гэж байдаг юм. Харин миний хувьд боловсролтой, тодорхой хөрөнгөтэй болж байж гэр бүлийн талаар бодох хэрэгтэй гэж боддог.

-Чамайг ангийнхаа хамгийн тусч охин гэдэг өргөмжлөл авсан гэж дуулсан?

-Манай ангийнхан л тийм өргөмжлөл гардуулсан шүү дээ. Би ерөнхийдөө хүнд чин сэтгэлээсээ туслахыг хүсдэг. Таван жилийн өмнө Энхтуул бид хоёр ээжүүдтэйгээ Өнчин хүүхдийн асрамжийн газарт очиж, 300 гаруй хүүхдэд бэлэг тараан нэг өдрийг өнгөрүүлж байсан. Тэр үед Энхтуул бид хоёр урлагийн тоглолт хийгээд л, өндгөөр яаж тоглоом хийж болох, цаасаар юу хийж болдгийг зааж өгөөд л их гоё байсан. Би ээжид энэ тэмцээнд орохынхоо өмнө “Би хэрэв түрүүлбэл дахиж тэдэн дээр очино шүү” гэж хэлж байсан. Хэлснээрээ удахгүй очино оо. Би таван жилийн өмнө энгийн л нэг хүүхэд байсан. Одоо Энхтуул маань дэлхийн аварга болж, би тэргүүн мисс болсон гэдгээ хэлэхээр тэдэнд нэг л их гоё тэмүүлэл, хүсэл зорилго өгөх юм шиг санагдаад байгаа юм. Бас “Хэцүү анги” кинондоо тоглосон гээд л тэдэнд дуулгах, тэднийг ирээдүйдээ итгэлтэй болоход жаахан ч гэсэн тус хүргэх болов уу л гэж бодож байна.

-Бас “Ач” дээд сургуулийн оюутан болсон гэдгээ дуулгана биз дээ?

-Тэгнэ ээ.

-Ямар чиглэлээр суралцаж байгаа юм бэ?

-Нүүр ам судлалын чиглэлээр сурна.

-Бусдын нүүрийг засна гэж үү?

-Өөрийнхөө байгаагаар гоё сайхан харагдаж чаддаг олон мянган эмэгтэйчүүд бий. Тэдний дэргэд өөрийнхөө байгаад сэтгэл дундуур, түүндээ гутардаг бүсгүйчүүд ч их олон. Би тэдэнд туслахыг хүссэн. Түүнээс бус муухай болгохын тулд ийм мэргэжил сонгоогүй л дээ. Би сургуулийнхаа зөвлөлд байдаг байсан. Тэр үед над дээр маш олон охид ирж “Би яаж хувцаславал гоё харагдах уу. Яаж өөрийгөө сайхан болгох вэ. Миний нүүр их муухай байна. Би өөрчилмөөр байна” гэж зөвлөгөө авдаг байсан. Би тэдэндээ тусалмаар байна. Тиймээс л энэ чиглэлийг сонгосон. Бас нэг удаа бүр бид хоёр “Хүн яагаад өөрийгөө голдог юм бэ” гэдэг сэдвээр ярилцаж байсан. Тэр үед манай ээж өөрөөр нь эмчилгээ хийлгэж байсан гар байхгүй программист залуугийн тухай ярьж байсан. Тэр залуу ээжийг “Чи яагаад ийм хэцүү мэргэжил сонгосон юм бэ” гэж асуухад “Би харин ч хоёр хуруутайдаа баярладаг. Хэрэв энэ хоёр хуруу байхгүй бол би бүр ч их хэцүү байх байсан. Ийм хоёр хуруу байгаад нь би баярлаад ажилладаг” гэж хэлж байсан.

-Танай үеийнхэнд аав, ээжийнхээ хатуу дэг журмаас залхсан хүүхэд олон байдаг. Найз нөхдийн чинь дунд тийм бэрхшээл хэр байна вэ?

-Миний хувьд бол үнэхээр боломжтой, бүх зүйл нээлттэй байдаг. Гэхдээ эргэн тойрны минь олон хүүхэд эцэг, эхийн тэр хатуу байдлаас болоод дотогшоогоо гомдлоо тээж, өөрсдийгөө эвдээд байх шиг санагддаг. Манай нэг найз гэхэд л ээжийнхээ тэр чанд хатуу байдлаас болж өдөр болгон уйлдаг байсан. Би ээжтэйгээ энэ талаар их ярилцдаг.

-Чи найз нөхдөдөө зөвлөгөө өгөх дуртай бололтой, тийм үү?

-Дуртай. Найз нар маань надтай сэтгэгдлээ хуваалцах их дуртай байдаг. Магадгүй би хүний нууцыг их сайн хадгалдаг байж магадгүй.

-Тэгвэл энэ ярилцлагыг уншаад сууж байгаа нэг охин магадгүй өөртөө сэтгэл хангалуун бус байлаа гэж бодоход тэдэнд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Өөрийнхөө сайн талыг олж харж сурах хэрэгтэй л гэж хэлмээр байна. Гадаад гоо үзэсгэлэнгээс илүү дотоод гоо сайхнаа харж сурснаар хүнд өөрөө өөрийгөө аврах боломж бололцоо байдаг гэдгийг л хэлмээр байна. Бас хүнд тусалж сурах хэрэгтэй. Би зам гарах гэж байгаа настай хүмүүсийг хэзээ ч ганцааранг нь гаргаж чаддаггүй. Хүнд юм барьсан өвөө, эмээ нарт байнга тусалдаг. Миний бие нилээд олон жил өвдөж, би одоо л хатуужиж, эрүүлжиж байгаа болохоор хүмүүст туслах хэрээрээ эрч хүч, хүч тэнхээ авдаг юм шиг санагддаг. 

-Одоо тэргүүн миссийн титэмтэй зэрэгцээд л хамтарч ажиллах санал ихээр ирэх байх даа?

-Би маргааш “Шинэ өглөө” хотхоны рекламд тоглох гэрээ байгуулна. Намайг тэмцээнд орж байх үед “Чиний дүр төрх таалагдлаа. Хамтарч ажиллаж болох уу” гэдэг санал тавьсан. Тухайн үед завгүй байсан болохоор юм хэлж чадаагүй байсан. Тэгээд маргааш гэрээ байгуулахаар болсон.

-Орой үдэш гадуур гарч байна уу?

-Нэг их биш ээ. Хааяа л найз нөхөдтэйгээ гардаг. Ерөнхийдөө би хүнд хөгжим, транс энэ тэр сонсдоггүй болохоор тийм хөгжимтэй газар ордоггүй. Сонгодог хөгжим, жааз, төгөлдөр хуурын аялгуу сонсох их дуртай. Ер нь гэр амьтай юм шиг байгаа юмаа. Гэртээ л байхыг илүүд үздэг. Хаяа гадуур гарлаа гэхэд манай найз нар намайг ээжээс хүлээж аваад, ээжид хүлээлгэж өгдөг шүү дээ.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж