
Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар “Мерси Кор” олон улсын байгууллагатай хамтран “Нутгийн үйлдвэрлэл-2010” үзэсгэлэн худалдааг аймгийн төвд зохион байгуулдаг уламжлалтай. Жил бүрийн үзэсгэлэн худалдаанд аймгийн бүх сумдын байгууллага оролцон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, айраг, сүү, цагаан идээ, хүнсний ногоо, гар урлалын зүйлсээ дэлгэн үзүүлж худалдан борлуулдаг юм. Өмнөх хоёр ч удаагийн ийм үзэсгэлэн худалдааг 108 гэрт гарган дараа нь тэдгээр гэрийг эмзэг бүлгийн иргэдэд бэлэглэж байв. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд тавигдсан бүтээгдэхүүнээс Луус сумын монгол гэрийн бургасан хана, Дэлгэрцогт сумын цагаан эсгий туурга, Дэрэн сумын малын багсармал тэжээл, Сайнцагаан сумын хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нарийн цагаан эсгий урлал, ширмэл эдлэлүүд, иргэн Р.Мужилын шинэ ургацын жимсгэний ундаа, жүүс, компот хамгийн эрэлт хэрэгцээтэй, борлуулалт сайтай байлаа.