Олон-Овоотын алтны уурхайн лицензийг барьцаалан “Монгол газар” компанид зээл олгосон “Голдман сакс” хөрөнгө оруулалтын банкныхан олон улсын арбитрын шүүхэд хандах гэж байна гэсэн шуугиан дэгдээсэн. Хэдийгээр “Голдман сакс” дэлхийд нэртэй банк боловч Монгол Улсад албан ёсны бүртгэл, салбар, төлөөлөгчийн газар байхгүй. Лиценз барьцаалан зээл олгохдоо ”Голдман сакс энтернэйшнл холдинг” гэдэг нэрээр бичиг баримт бүрдүүлсэн байсан тул ашигт малтмалын лицензийг зөвхөн банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж болно гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн зөрчсөн гэж үзэж Ашигт малтмалын газар тухайн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон шинээр олгосон. Уг лицензийг одоо “Олон-Овоот гоулд” хэмээх компани албан ёсоор эзэмшиж байгаа. “Голдман сакс” барьцаанд байсан лицензийг хууль бусаар хураан авсан гэж үзэн арбитрын шүүхэд хандах гэж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Гэхдээ энэ талаар манайд албан ёсны ямар нэгэн мэдээлэл байхгүй гэж Монгол банк, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрынхан мэдэгдэж байсан. Тэгвэл “Голдман сакс” компанийнхан манай Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандсан юм байна. Тэд эхний удаад өр зээлээ яаралтай барагдуулахыг хүссэн утгатай захидлыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн бөгөөд асуудлыг шийдэх талаар яаравчлан анхаарахгүй бол дараагийн шатны арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. Албан бус мэдээгээр эдүгээ арбитрын шүүхэд хандаад байгаа “Алтан дорнод Монгол” компанийн гаргасан гомдол дээр ажиллаж байгаа манай Хууль зүй дотоод хэргийн яамны ажлын хэсгийнхэнтэй уулзсан гэсэн мэдээлэл байна. Мөн “Монгол газар” компанид тоног төхөөрөмж зээлээр олгоод байсан “Иточү” компанийнхан ч зарга үүсгэж магадгүй байгаа аж.