”Наран”-гийн дараагийн брэнд-автомашин

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

”Наран”-гийн дараагийн брэнд-автомашин

“Наран” групп энэ өдрүүдэд 20 жилийн ойн баяраа сүр дуулиантай тэмдэглэж байна. Хорин насных нь ойн босгон дээр бид тус группийн ТУЗ-ын дарга С.Болдхэттэй ярилцлаа.

-“Наран”-гийнхан 20 нас­ны ойн баяраа өргөн цар хүрээтэй тэмдэглэж байна. Баяраа хэрхэн тэм­дэглэж буй талаар ярилцлагаа эхэлье?

-Ардчилалтай нас ча­цуу “Наран” группийн ой тохиож байна. Өнгөр­сөн 20 жилийн турш бидэнтэй хамт байсан хэрэглэгчиддээ зориулж груп­пийнхээ хэмжээнд нэ­лээд арга хэмжээ зохион байгууллаа. Тухайлбал, өн­­­гөр­­­сөн наймдугаар са­рын 27-оос 31-нийг хүр­тэл таван өдрийн турш Монголын Үндэсний ху­дал­даа аж үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн танхимд “Наран Экспо-20 жил” үзэсгэлэн зохиолоо. Энэ бол бидний хувьд анхны нэгдсэн үзэсгэлэн байлаа. Хэдийгээр өмнө нь олон төрөлжсөн үзэсгэлэн гаргаж байсан ч бүх зүйлийг нэг дор цогцоор нь дэлгэсэн ийм хэмжээний үзэсгэлэн гаргаж байсангүй. Зай тал­бай багадаад, бүх бараа бүтээгдэхүүнийг үзэсгэлэнд оруулах боломжгүй байлаа. Гэхдээ дээжээс нь тавьж, загварын шоу, урлагийн тоглолт, гэнэтийн хямдрал, урамшуулалаар ирсэн зочдыг баярлуулсан сюрп­ризүүд дүүрэн байсан. Мөн гурван төрлийн рестораны хоолны ам­тыг үйлчлүүлэгчиддээ мэдрүүлсэн. Хэрэглэгчдийн зүгээс сайн үнэлгээ авч байгаадаа сэтгэл хангалуун байна.
Мөн “Сонголт бэлэглэе” сугалаат аяныг явуулсан нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн арга хэмжээ болсон.

-“Наран” групп дэл­­хийд хүлээн зөв­шөөрөгдсөн алдартай брэн­дүүдийг оруулж ирдгээрээ өнөөдөр Монголын хэрэг­лэгч­дийн танил, түнш болсон. 20 жилийн өмнө энэ бизнесээ эхлүүлж байсан түүхээсээ дурсана уу?

-Бид 1990 оноос бизнесээ эхлүүлж байлаа. Тухайн үед нийгмийн амьдрал үнэ­хээр хүнд байсан. Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр зүйл байхгүй, картаар талх, будаагаа авдаг тийм л байсан үе шүү дээ. Иргэдийн гар дээр байсан шинэ бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж түүнээсээ ко­мисс авах зарчмаар ажиллан “Наран шоп” дэлгүүрийг анх нээсэн. Хуримт­лал үүсгэхийн ха­жуугаар монголчуудад юу үгүйлэгдэж байгааг судалж, энэ хэрээр бизнесээ өргөжүүлж, са­наагаа баяжуулж ирсэн. 20 жил тасралтгүй хөдөлмөрлөсний үр дүнд бид өнөөдөр 13 охин компанитай, зөвхөн худалдааны биш хэвлэл мэдээлэл, нийтийн хоол, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө гээд олон салбарт хөл тавилаа. Бид аливаа үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхдээ иж бүрнээр нь, цогцоор нь шийдэхийг зорьж ирсэн.

-Тэр үеийг 20 жилийн өндөрлөгөөс харахад ямар санагддаг вэ. Иргэдийн худалдан авах чадвар сулхан, зах зээлийн эдийн засагт монголчууд хөл тавьж байсан үед бизнес эрхлэх ямар байв?

-Өнөөдөр Монгол Улс маань урагшаа хандсан хөгжлийн их замд гарчээ. Цаашид биднийг улам сайхан ирээдүй хү­лээж байна. 1990-ээд онд дэлхийн өндөр хөг­жилтэй улс орнуудтай харьцуулахад иргэдийн маань цалин хөлс доогуур байсан нь үнэн. Цалин гэхэд ердөө 30-50 ам.доллар байлаа шүү дээ. Бид ч тухайн нийгмийн байдал, ард түмний хэрэгцээнд тохируулсан бизнесийн үйл ажиллагаагаа явуулж байлаа. Монгол Улс маань жилээс жилд хөгжиж байна, Азидаа дунд төвшинд жагсах болж. Иргэдийн цалин нэмэгдэж, сайхан амьдрах хүсэл эрмэлзэлтэй болжээ. Улмаар хэрэгцээ шаардлага нь улам өндөрсөж байна, “Наран” групп бүх цаг үед хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийц­сэн үйлчилгээ хүргэхийг хичээж ирсэн.

-“Наран”-гэхээр яалт ч үгүй брэнд гэдэг үг санаанд буудаг. Та ч түрүүн, 80 гаруй брэндийн бараа бүтээг­дэхүүнийг ху­дал­даалдаг гэж хэллээ. Тэгэхээр “Наран”  цаашид дэлхийн ямар брэндээс Монголын хэрэглэгчдэд хүргэх гэж байна вэ, таны бизнес төлөвлөгөөг сонирхож болох уу?

-Брэндийн тухайд хүмүүс маш энгийн ойлголттой байдаг. Ямар бараа үйл­чилгээ хэрэглэгчиддээ санал болгох вэ гэдгийн цаана их судалгаа хийгддэг юм шүү. Жишээлбэл, Монгол Улс өөрсдөө хивс хийж чадаж байхад хивс оруулж ирээд яах юм бэ. Мөн манайхан ноолуураар их гоё хувцас хийж чадаж байна. Тэгэхээр Монголын хэрэглэгчид яг юу хүсч байна, түүнд тохируулах нь бидний үүрэг. Ялангуяа Монголд дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа бараа бүтээгдэхүүнийг гаднаас импортлоод яах юм бэ, тэгэх шаардлагагүй. Харин сайн чанарын автомашин, дэлхийд алдар­тай цахилгаан ба­раа гэх мэт Монголд үйлдвэрлэдэггүй бараа бүтээгдэхүүнийг оруулж ирэх нь үйлчлүүлэгчдэд маань үнэхээр хэрэгтэй байна шүү дээ.

Улс орны хөгжлийг ямар төвшинд байгааг тухайн улс орны худалдаа үйлчилгээний салбарын хөгж­лээр нь дүгнэдэг. Тэгэхээр энэ бол маш чухал салбар. Тиймдээ ч бид 20 жилийн ойгоороо энэ салбартаа ямар хэмжээнд ажиллаж, аль төвшинд хүрч вэ гэдгийг харуулахыг зорьсон. Азийн улс орнууд хөгжлийн өндөр төвшинд хүрсэн байна шүү дээ,  Япон, Солонгос, Хонг Конг, Сингапур, Тайвань гээд нэрлэж болох олон жишээ байна. Бид ч эн зэрэгцэхүйц хөгжих хэрэгтэй.

“Наран” групп цаашид хэрэглэгчиддээ хандсан, аль болох тохитой орчинд бүхий л төрлийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн худалдаа үйлчилгээний төв байгуулахад анхаарч ажиллана.

-Лондонгийн гудам­жийг “Harrods” чим­дэг. Харин Улаан­баатарын гудамжинд Монголын нүүр ца­райг харуул­сан худал­даа үйлчил­гээний төв үгүйлэгдэж байна. “Наран” энэ орон зайг нөхөх үү?

-“Harrods” бол мэдээж дэлхийд ганцхан байдаг дэлгүүр. Дэлгүүр гэхээсээ илүүтэй музей гэмээр түү­хийн дурсгалтай уран зураг, баримал, хосол­сон гайхалтай сайхан худалдааны төв. Энд дэлхийн бүх орны хүмүүс ирж, түүхийн гайхамшигт бүтээлийг үзэж нүд хужирлаад явдаг. Манай улсын хувьд түүхийн дурсг­алтай дэлгүүр бай­гуулна гэдэг хэцүү. Гэхдээ дэлхийн өндөр хөгжилтэй оронд ямар хэмжээний худалдааны төв ямар чиг хандлагаар явж байна. Ямар дизайнтай, техник технологийн ямар дэвшил хийж вэ, хэрэглэгчийн тухлах, амрах орчин нөхцлийг яаж бүрдүүлж вэ гээд олон зүйлээс үйл­чилгээний хөгжил харагд­даг. Бид ч энэ жишгээр дэлхийн энтэй тийм худал­даа үйлчил­гээний төв байгуулж, түүгээрээ манлайлж явахыг зорьж байгаа.

-Засгийн газраас “Биз­­не­сийн орчны шинэтгэлийн жил”-ийг зарласан байгаа. Энэ нь бизнесийнхэнд яаж нөлөөлж байна вэ, энэ салбарт ямар нэгэн өөрчлөлт шинэчлэлт гарч байна уу. Үүнийг та яаж мэдэрч байна вэ?

-Засгийн газар биз­не­сийн­хэнд хандсан ажил хэрэгцээтэй, зайлшгүй шаардлага байгааг өөрсдөө олж харсан нь оносон шийдвэр болсон гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр Монголын эдийн засгийн 80 хувийг хувийн хэвшил авч явж байна шүү дээ. Тэдэнд зориулж, тодорхой ажил төлөвлөн нэрэмжит жил зарласанд баяртай байна. Ялангуяа Ерөнхий сайд С.Батболд өөрөө хувийн хэвшилд байсан хүнийхээ хувьд биднийг ойлгож, ийм шийдвэр гаргасанд талархдаг. Мөн Монголын Үндэсний худал­даа аж үйлдвэрийн танхим бизнесийн орчны шинэт­гэлийн жилтэй хол­богдуулан цуврал нэвтрүүлгийг “SBN” те­ле­виз­тэй хамтран хийж байна. Зарим төрлийн байгууллагын үйлчилгээ сайжирч байгааг хэлэх нь зөв болов уу. Гааль болон татварын байгууллага нь хяналтын байгууллага гэ­хээс гадна бас үйл­чилгээний байгууллага шүү дээ. Энэ үүргээ ойлгож, зарим талаараа бизнесийнхэнтэй харьцах хандлага өөрчлөгдөж бай­гаа нь ажиглагдаж байна.

-Ер нь одоогийн эдийн засаг, улс төрийн байдлыг та юу гэж дүгнэдэг вэ. Ялангуяа стратегийн орд газруудтай хол­боотой чухал шийд­вэрүүдийг энэ жил гаргалаа?

-Миний хувьд Монголын хөгжилд түлхэц болохуйц томоохон шийдвэрүүдийг дэмжиж байгаа. Гэхдээ Оюутолгой орд дээр монголчууд 51 хувийг нь эзэмшиж байсан бол гэсэн харамсал бийг нуугаад яахав. Тавантолгойн хувьд маш зөв шийдсэн.  Монголын бүх ард түмний өмч, тиймдээ ч бүгдээрээ эзэн нь байж, хувь эзэмшинэ гэдэг сайхан хэрэг.

-Монголын биз­нес­мэнүүд Таван­толгойн хөрөнгө оруулагч боло­хын төлөө нэгдээд байгаа. Та бизнесмэн хүний хувьд энэ ордын хөрөнгө оруулагч бо­лох сонирхол бий юу?

-Монгол Улсын иргэн бүр үүнийг хүсч байгаа шүү дээ, үүний дотор би ч бас. Мөн энд ажиллахаар “Монгол 999” нэгдэл байгуулагдсан нь есөн мянга ч хүрэхийг үгүйсгэхгүй.

-Таныг улс төрд байс­ныг хүн бүр мэдэх биз, харин дахин улс төрд орох уу гэж асуухгүй өнгөрч болохгүй нь?

-Улстөрд эргэн орох шаардлага байгаа бол орно доо.

-Дараачийн 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэж ойлгож болох уу?

– Бодож байгаа юм бий.

-Улстөрч, бизнесмэн Болд­­хэт ярилцлага өгч буй энэ агшинд ямар брэндээр хув­цас­ласан байгааг сонир­хож болох уу?

-Би өөрийн компанийн оруулж ирдэг брэндээсээ хэрэглэдэг. Миний бугуйн цаг сафир буюу хөх болор чулуун нүүртэй, өндөр технологийн серамик их биеэс бүрдэх  “Rado” цаг. ”Rado” бол техник технологийн хувьд цаг хугацаанаас ямагт нэг алхмын урд явдаг. Миний өмсч байгаа гутал бол хөлд маш эвтэйхэн, сүүлийн үеийн загварын манай  “Gino” дэлгүүрийн гутал. Мөн “Esprit” брендийн энэ улирлын, материал чанар сайтай хослолын нэгийг өмссөн байна.
/инээмсэглэв/

-Аливаа бизнесийн бай­гууллагын бас нэг үнэлэмж бол нийг­мийн хариуцлага байдаг. Танайх энэ чиглэлд багагүй анхаар­даг юм шиг санагддаг?

-Манай компани бол энэ чиглэлд “ногоон” компани гэж хэлмээр байна. Бид ардчиллын ач буянаар өнөөдөр дуртай зүйлээ хийх эрх чөлөөтэй болсон. Энэ нийгмийн ачаар өдий зэрэгт хүрсэн болохоор эргээд нийгэмдээ чиглэсэн ажил хийх нь зүйн хэрэг. Манай компанийн хувьд нийгмийн сайн сайхны төлөө аливаа ажилд манлайлан оролцдог. Жил болгон манай салбар компани бүр 100 мод тарьж Улаанбаатар хотынхоо тохижилтод хувь нэмрээ оруулж байдаг. Бид “Хүүхдийн баяр”-аар хөгжлийн бэрхшээлтэй болон, асрамжийн га­зарт хүмүүжиж байгаа хүүхэд багачууддаа бэлэг гардуулж, сэтгэлийн дэм хайрладаг. Малчдад туслах аянд ч нэгдэж ирсэн. Урлаг, спортын авьяасаараа амжилттай яваа хүмүүст маш их дэмжлэг үзүүлдэг. 

“Наран” групп хойч ирээ­дүй болсон хүүхэд багачууддаа зориулан “Ит­гэл бэлэглэе” төслийг хэрэгжүүлж байна. Төсөлд хамрагдсан хүүхдүүд, тэд­ний гэр бүлийнхэн бидэнд талархаж байгаагаа байнга илэрхийлж бай­на. Зөвхөн өнгөрөгч онд манайх нийг­мийн хариуцлагыг дээш­­лүүлэхэд 1,5 тэрбум төг­рө­гийг зарцуулсан  тооцоо гарсан.

-Бидний ярилцлага өндөрлөх дөхөж байна.Төгсгөлийн үгийг танд үлдээе.

-Юуны өмнө “Наран”-чууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэдний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр өнөөдөр бид ийм амжилтад хүрч, 20 жилийн ойн баяраа өөдрөг сайхан тэмдэглэж байна. Мөн өнгөрсөн 20 жилийн турш бидэнтэй хамт байж, байнга үйлчлүүлж ирсэн эрхэм хэрэглэгчиддээ баярлалаа, талархлаа гэж дахин дахин хэлмээр байна.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж