Э.Бат-Үүл: Ийм маягаар Н.Энхбаяр улс төрийн тавцанд тогтоно гэвэл чадахгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Ийм маягаар Н.Энхбаяр улс төрийн тавцанд тогтоно гэвэл чадахгүй

-Юу энэ хүнийг ийм болтол сохолчихсоныг ёстой бүү мэд. Зүгээр, “жижигхэн байна даа” л гэж хэлэх байна. Энэ нийгэм чинь шал өөр зүйлийг хүсээд байна-

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

-Чуулган зав­сар­лачих­сан байдаг. Цагийг яаж өнгөрөөж байна вэ?

-Чуулган завсарлалаа гэдэг нь гишүүд амарлаа гэсэн үг биш шүү дээ. Аж­лын хэсгүүд хурлаа хийсээр байна. Гишүүд тойрогтоо ажиллаж байна. Би харин чуулганы завсарлагаар Ерөн­­хийлөгчийнхөө мэнд­чилгээг олон улсын их хуралд сонордуулаад ирлээ. Женевт болсон Цаазын ялын эсрэг дэлхийн хуралд. Европын орнуудын дунд Монгол Улсын нэр хүнд их өндөр байгааг өөрийн биеэр хараад ирлээ.

-Гэвч манай хуу­лийн­хан Ерөнхийлөгчийн тэр санаачилгыг дэмжиж байгаа юм уу?

-Угаасаа энэ асуудал нийгмийн зүгээс шууд их өргөн хүрээний дэмжлэг хүлээхгүй. Цаазаар авах ял байх ёстой гэсэн үзэл манайд их түгээмэл, түүн­дээ дасаад олон жил бол­чихлоо. Ийм зүйл байдаггүй гэдгийг ойлгоход их тул­гамдуу. Тийм учраас дэм­жиж байна гэж хий “хош­гороод” нэмэргүй. Эсэр­гүүцэл их байгаа. Гэхдээ цаазаар авах ялыг халах Ерөнхийлөгчийн байр суурийг би дэмжиж байгаа.

-Саяхан л гэхэд дөнгөж 18 хүрч яваа гурван залууд цаазын ял өгсөн. Гэтэл ийм хэрэг гарах болсон шалтгаан, буруутан нь хэн юм бэ?

-Чиний энэ асуултаас эхлээд л цаазын ял зөв үү, буруу юу гэдэг асуулт гарч байна. Гэмт хэрэг үйлдсэн гэдгээр хүмүүс цааз авч байна. Гэтэл ийм байдалд хүргэсэн хүчин зүйл нь юу вэ гэдгийг тогтоолгүй, тэр хүмүүсийг цаазлаад л энэ асуудал хаагдаж байгаа. Хэдийгээр хүмүүс өнөөдөр улс төр хэт их сонирхоод, цаазаар авах ялыг сонир­хохгүй байгаа ч гэсэн чиний асуултыг далимдуулаад, боломж олдсон дээр нь ганц хоёр зүйл хэлчихье. Нэгд, цаазын ялыг хэрэглэж байгаа улс орнууд энэ ялыг улс төрийн зорилгоор ашиг­ласан түүх арвин байдаг. Монголын түүхэнд ялан­гуяа. 1922 онд Монгол Улс цаазаар авах ялгүй болох гэж оролдсон байдаг юм. Энэ оролдлого яагаад ч юм бүтээгүй. Бүтээгүй шалт­гаан нь бас гаднын нөлөө­нөөс болсон гэдэг таамаг байдаг. Тун удахгүй Монгол оронд Зөвлөлт маягийн засаг­­лал тогтоох сонирхол барьчихсан байсан большеви­куудад цаазаар авах ялыг халахыг эсэр­гүүцсэн гэж. Хэрвээ 1922 онд цаазын ялыг халсан бол 1939 онд тэр олон хүний амийг хилсээр хөнөөхгүй байлаа. Тэр үед цаазаар авах ялтай, тийм хуультай байсан учраас тэр олон мянган лам нар хэлмэгдсэн. Цаазаар авах ял байгаа газар түүнийг улс төрийн зорилгод ашиглах боломж үргэлж нээлттэй байдаг. Америк хэдий ардчилсан орон боловч улс төрийн зорилгоор цаазалж байсан. 1950-иад онд Америкт коммунизмын эсрэг хийрхэл асар их хүчтэй болж л дээ. Тэгээд “Оросын тагнуул байсан” гээд баахан хүнийг цаазалсан. Цаазаар авах ял байгаа л тохиолдолд тэр нь ардчилсан улс орон байна у, ардчилсан бус орон байна уу гэдгээс үл хамаараад улс төрийн зорилгоор ашиглах боломж нь нээлттэй байдаг. Үүнийг зогсоох ганц л арга нь цаазын ялыг халах.

Хоёрт, гэм зэмгүй хүмүү­сийг цаазаар авсан тохиол­дол маш их байдаг. Америкт жишээ нь жилийн дотор 26 хүнийг хилсээр цаазалсан нь тогтоогдсон. Америкийг жишээ татаад байгаагийн учир нь харьцангуй шударга шүүхтэй, бүр үлгэр жишээ болдог орон шүү дээ. Гэлээ ч гэсэн шүүгч ч гэсэн хүн. Бурхан биш учраас алдаа гаргадаг. Энэ бол байгалийн хууль. Гурав дахь үндэслэл нь цаазаар авах ялыг сайтар судлаагүйгээс болоод хүн алчихсан мөртлөө цаад шалтгаан нь тогтоогдоогүй байхад яллачихсан тохиол­дол маш их. Бас л Америкийн жишээ татъя. Нэг эмэгтэйг цаазалсан. Хүнд өвчтэй хүүхэдтэй, түүнийгээ эмчлүүлэхийн тулд өдөр шөнөгүй ажиллаад мөнгө хураасан. Гэтэл тэр мөнгийг нь нэг цагдаа дээ­рэмдэхээр цагдааг алчих­сан. Америкт цагдаа алсан хүн өчиггүй цаазал­даг. Гэтэл үнэн хэрэгтээ цаадах нь авлигад автсан цагдаа байсан.

-Энэ түүхээр кино хүртэл хийсэн байсан…

-Тийм. Дөрөв дэх үндэслэл нь цаазаар авахуулж байгаа хүмүүсийн ихэнх нь цаазаар авахуу­лахаа ойлгож байдаг. Гэмш­дэг ч үгүй. Харин ч бид тэр хүмүүсийг цаазаар авснаа­раа ялаас чөлөөлчихөж байгаа юм. Автын осолд ороод, гэнэт зүрх нь зогсоод нас барсан хүмүүстэй чанарын ямар ялгаа байна аа. Яг л адилхан байгаа биз дээ. Европт бол цаазын ялыг халаад бүх насаар нь хорьсон. Бүх насаар нь хорих ял авсан тэр хүмүүс харин ёстой нүглээ үүрсэн байгаа юм. Ухаан санаа нь самуурч, элийрч балайрч, сүүлдээ цаазаар авахыг гуйж эхэлсэн. Өөрөөр хэлбэл нүглийг нь үүрүүлсэн байхгүй юу.

-Олон нийт болохоор үүнийг их өрөөсгөлөөр, “алуурчныг бүх насаар нь тэжээлээ” гэж эгдүүцээд байдаг…

-Монгол Улс гэж байгаа тохиолдолд энэ улсад гэмт хэрэг гарах л болно, шорон гэж байх л болно, гэмт хэрэгтнүүдийг тэжээх л болно. Тэр гэмт хэрэгтнүүд дотор чинь цаазаар авах ялтай хүн маш цөөхөн хувийг эзэлдэг юм шүү дээ. 6000 гэмт хэрэгтэн байхад тэдний 20 нь л цаазын ялтай нүгэлт хэргийг үйлдсэн байдаг. 6000-ыг тэжээж бай­гаа юм чинь 20-ийг нь тэ­жээхгүй байлаа гээд эдийн засгийн хувьд ямар ач холбог­долтой юм бэ. Гэмт хэрэгтэнг тэжээхгүй гэж байгаа бол шоронгуудаа хаагаад л гэмт хэрэгтнүүдээ бүгдийг нь чөлөөлөөд тавь­чихья л даа. Тийм биз дээ.

-Үүний өмнө “Гэр хо­рооллын барилгажилт” хор­шооны эзэнг цаазал­сан. Хэрвээ Ц.Түмэнгэрэл хэн нэгэн иргэний аминд хүрсэн бол, тэгээд тэр нь ямар нэг учир шалтгаантай байсан бол цааз өгөхгүй л байсан байх?

-Шүүхийн шийдвэр зөв буруу байсныг би хэлж, мэдэх­гүй. Миний мэдэж байгаа зүйл гэвэл Ц.Түмэн­гэрэл цаазаар авахуулс­наараа маш олон нууцыг, маш олон баримтыг аваад л алга болсон. Түүнийг л бид бодох ёстой, энэ хэргийн цаана юу байсан бэ гэдгийг. Хэрвээ их ноцтой барим­тууд байсан бол түүнтэй холбоотой хүмүүс баярлаад л үлдсэн. Баярлаад л үлдчихсэн байгаа шүү дээ.

-Энэ чинь бас л улс төрийн зорилго мөн биз дээ?

-Шүүхийн шийдвэрийг шүүх эрх надад байхгүй. Таамагдах, хардах л эрх бий. Үнэхээр ноцтой том хэргүүдтэй цаагуураа холбогдож байсан бол тэр баримтууд одоо алга болсон гэдэг л үнэн байхгүй юу. Гэрч байхгүй. Тийм учраас бид цаазаар авах ялын тухай ярихын тулд их олон талаас нь бодох ёстой.

-Одоо гол яриандаа оръё. Ардчилсан намыг шинэчлэх гэж яваа хүмүү­сийн нэг нь та. Ардчилсан хүчний холбоонд яагаад ороогүй юм бэ?

-Яг үнэндээ би нэг намын шинэчлэл ч юм уу, Засгийн газар огцрох эсэхийг сонирхохоо байсан. Ер нь энэ хүмүүс нийг­мийнхээ байдлыг хараад юм ойлгож байна уу, үгүй юу гэдгийг би гайхаад байгаа юм. Нийгэм чинь өөрчлөлт хүсээд байж ядаж байна. Том эргэлт, хувьсгал хүсч байна. Аль нэг намын ши­нэч­лэл, нэг Ерөнхий сайдыг нөгөөгөөр нь солих нь тэдэнд огтоос сонин биш байна. Үүнийг анзаарч харж чадахгүй нөгөө л нэг албан тушаалынхаа сунгаанд давхиж байгаа улсыг хараад сохорчихсон юм уу гэж гайхдаг. Нийгэм тэр чигээ­рээ өөрчлөлтийг хүсээд байна шүү дээ, ерэн онд л ийм байсныг санаж байна. Намтайгаа холбоод ярихад би харамсч байна. Тэр хү­лээг­дэж байгаа өөрчлөлтөд хариу өгсөн улс төрийн прог­раммыг яагаад гаргахгүй байна. Энэ нийгмийн байгаа байдалд ямар хариу өгөх вэ гэдэг хандлагаа яагаад гар­гахгүй байна. Олон түмний хүсэл зоригийг хэрэгжүүлье гэдэг тэр хувьсгалч прог­раммаа яагаад гаргахгүй байна аа. Би тэрийг л харин гайхаж байна.

-Ардчилсан хүчний хол­боог та ч бас “албан тушаа­лын сунгаанд яваа хүмүүс” гэж харж байгаа юм уу?

-Би тэдний холбооныхоо их хурал дээр ярьж байгаа зүйлийг бүгдийг нь сонссон шүү дээ. Энэ нийгмийн өмнө хүлээгдэж байгаа зүйлд тэд ямар хариу өгсөн юм, улс төрийн ямар программ дэв­шүүлсэн юм. Юу ч дэв­шүүлээгүй. Дээр нь “төрд алба хашиж байгаа хүмүү­сийнхээ эрх ашгийг хам­гаалахын тулд холбоо бай­гууллаа” гээд бүр нөгөө Төрийн албаны тухай хууль энэ тэрээ зөрччихсөн юм яриа биз дээ. Сая намайг тойргоороо явахад намын гишүүд асууж байна лээ. Төрд алба хашаагүй бид яах болж байна, бидэнд эрх ашиг байхгүй юм уу, яагаад ингэж ялгаварлаж байгаа юм гэж. Одоо тэдэнд хариулах хэрэг­тэй. Миний хувьд нэг Ерөнхий сайдыг нөгөөгөөр солих гэсэн, албан тушаал тойрсон маргаан үнэхээр жижигхэн байна. Жижиг юм ярьсан улстөрчид цаашаа явахгүй ээ, хэн ч дэмжихгүй. Тэгээд ер нь улстөрчдийн хоорондоо албан тушаалаа булаалдаж тэмцдэг тэмц­лийн янз бүрийн арга хэл­бэрийн тал дээр манай ард түмэн шатарчин шиг болчихсон шүү дээ. Энэ нөхөр юуны төлөө яаж нүүж байна гэдгийг мэднэ. Дөнгөж ухаан орж байгаа нялх хүүх­дэд сэтгэлзүйн нэг араншин байдаг юм гэнэ. Энэ өнгө улаан л гэж харсан бол бүх хүмүүст ингэж харагдаж байгаа гэж итгэдэг. Өөрийн­хөө бодлыг эргэн тойронд байгаа бүх ертөнцөд ха­мааруулж боддог. Манай улстөрчид яг л тийм нялх бодолтой байна. Тийм уч­раас өөрсдийнхөө бодлоос ангижраад, хөдөө сум, айл гэрээр яваад үз, хүмүүс шал өөр зүйл бодож байна.

-Хүмүүс тэгээд юуг хүлээж байна?

-Хувьсгал, өөрчлөлт юу ч гэж нэрлэж болно л доо. Хамгийн тов тод ухаарсан зүйл нь одоогийн байдал биш байна л гэж байна. Үү­нийг л эг маггүй ойлгож байна. Эдийн засгийн утгаа­раа ч, улс төрийн утгаараа ч биш байна. Ёс зүйн хувьд ч биш байна. Харин үүнийг яаж өөрчлөх вэ гэдгийг бол улстөрчид санал болгох үүрэгтэй. Болохгүй байна уу, тэгвэл болгодог арга зам нь энэ байна гэж хэлэх ёстой. Энэ бол улс төрийн бодлоготон хүний хийдэг ажил.

-Та тэгээд юуг санал болгож байгаа юм?

-Хувьсгал. Сум хороо бүрээс гишүүн нь сонгогддог парламентын дээд танхимтай болох. Тэгэхгүй бол төрийн дээд эрх мэдэл маш цөөхөн хүний гарт очлоо, төрийн яамд, төрийн албад тэр хүмүүст хувьчлагдчихлаа. Одоо бол улс төрийг уншихад амархан болсон шүү дээ. Олигархиуд гэж нэрлээд байгаа бүлэглэлүүд чинь яг сүүлт од шиг. Олигархиуд эрх мэдэлд очихоор нөгөө сүүлүүд нь яамдууд дээр очоод шигдчихдэг. Боловсон хүчний халаа сэлгээ гэж яваад нэг л мэдэхэд тэр яам, тамгын газрууд нөгөө бүлэг фракцид хувьчлагдчихсан байдаг. Тэр яам эзэндээ үйлчилнэ үү гэхээс доогуур байгаа хүмүүст үйлчлэхгүй.

-Олигархиуд гэдэг үгэнд хүмүүс одоо дургүй болж эхэллээ. Бүгд л бие биенээ олигархи гээд, хамгийн том олигархи нь хүртэл “олигархитай тэмцэнэ” гээд, хэн нь тэгээд олигархи юм бэ, нэр байна уу тэдэнд чинь гэж…

-Надаас ч бас асуудаг юм. Чи нэргүй яриад байхаар нэрлээд өгөөч гэж. Би шууд хэлдэг, нэргүй ярина аа гэж. Нэртэй устай хүмүүс бий л дээ, олигархи гээд миний зааж чадах хүмүүс байна. Гэхдээ би тэр хүнийг заах л юм бол миний энэ хувьсгал хувь хүний эсрэг хувьсгал болчихно. Хэн нэгний эсрэг хийж байгаа зүйлийг хувьсгал гэдэггүй, төрийн эргэлт гэдэг юм. Хувьсгал гэдэг чинь тогтолцоог өөрчлөх, олигархиудыг төрүүлээд байгаа тэр тогтолцоог өөрчлөх.

-Тогтолцоог өөрчлөх гэснээс хүч хэрэглэсэн хувьсгал хийх хэрэгтэй гэсэн эргэлзээ ч зарим хэсэгт нь бий болоод байх шиг. Цөхөрч эхэлж байгаа л хэрэг байх л даа…     

-Жирийн иргэд бол цөхөрч байгаа нь үнэн. Түүнийг нь ашиглаад хүч хэрэглэсэн хувьсгал, төрийн эргэлт хийе энэ тэр гэж хөөргөж байгаа хүмүүс ч бий. Гэхдээ энэ бол тун бага хэсэг. Яг үнэндээ гурван сая хүний хэд нь тэгж хэлээд байгаа юм бэ. Ард түмэн гэдэг үгийг их болгоомжтой хэрэглэх хэрэгтэй шүү, нарийн яривал тэдэн дотор нөгөө олигархиуд чинь ч явж л байгаа. Хүнд хамгийн үнэ цэнэтэй нэг зүйл байдаг юм, тайван байдал. Би сайн санаж байна. Долдугаар сарын 1-ний үймээний үеэр бүх нийтээрээ хирдхийж, аягүй их түгшсэн шүү дээ. Залуучууд гүйж ирээд “Үүл ах аа, эднийг зогсоож өгөөч ээ” гээд, хөгшчүүл “иргэний дайн гарах гэж байгаа юм биш биз дээ, энэ чинь юу болж байна аа” гээд, маш их утасдсан. Амар тайван амьдрал маань ингээд байхгүй болох нь гэдэг айдас түгшүүрт автсан байхгүй юу. Монгол Улс Африкийн орнууд шиг үргэлжийн дайнтай, бүлэглэлүүдийн хоорондын цус урсгасан тулаантай болчихвол яах вэ. Амьдрал хэцүү л дээ, гэхдээ амгалан тайван байдал үгүй болчихвол жинхэнэ сүйрэл байхгүй юу. Тийм учраас би хүч хэрэглэх гэсэн аливаа оролдлогыг таслан зогсоохыг хүчний байгууллагаас шууд шаардана. Төрийн эрхийг нэг л удаа хүчээр авах юм бол хүч хэрэглэсэн хувьсгал цаашаагаа гинжин урвал шиг явдаг. Хувьсгалын үр дүнд хэнд ч залагдахаа байсан хөөрсөн олон бий болдог. Эхнийхээ ялалтыг авангуутаа хүчээ мэдэрдэг. Дараагийн гарч ирсэн эрх баригчид мэдээж амлалтаа биелүүлж чадахгүй, тэгж ахар богино хугацаанд хийдэг ажил биш. Хөөрсөн олон түмэн хоёр дахиа унагахыг бодно. Тэгэхээр эрх мэдлээ хадгалын тулд харгислахаас өөр аргагүй болдог, өөрөө дарангуйлж чадахгүй бол унах учраас. Ингээд хамгийн харгис хэрцгий дарангуйлагчийн зогсоол хүртэл явдаг. Тийм учраас хүч хэрэглэсэн хувьсгал хийвэл бид ардчиллыг шууд устгана гэдгээ л ойлгох ёстой. Хэрвээ тэр үед УИХ хаалттай хуралдаагүй бол өнөөдөр бид нэг бол харгислалд нэрвэгдчихсэн, үгүй бол байнгын жижиг үймээн, аллагад эзлэгдчихсэн байгаа. Социологийн шинжлэх ухаанаар тогтоосон байдаг юм байна. Мөргөлдөөний үед 100, 200 ч юм уу, тодорхой тооны иргэдийн амь нас эрсдэх л юм бол тэр нийгэм дахиж хэзээ ч тогтвортой болдоггүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн цаана гэр бүл, ах дүү, хамаатан садан гээд 1000, 2000 хүн байдаг. Хорслоо авна гэсэн хүсэл эрмэлзэлтэй нийгмийн хэсэг бий болчихдог. Хорсол авъя гэсэн 1000 хүн тайван амьдарья гэсэн сая хүнээс илүү хүчтэй байдаг.  Тийм учраас л ерэн онд бид тайван хувьсгал хийж чадсан. Хүний амь эрсдэх байтугай айлын цонх ч цуураагүй.

-Та Х.Тэмүүжин гишүүний ярилцлагыг үзсэн байх. Таны санал болгоод байгаа хоёр танхимтай парламентыг хуучин нийгмийн арга хэлбэр гэж шүүмжилсэн…

-Үзсэн. Сая чамайг орж ирэхийн өмнө ч бид хоёр бас энэ асуудлаар маргаад сууж байлаа, цаашдаа ч маргана. Гэхдээ би Х.Тэмүүжинтэй маргахдаа дуртай.

-Шийдэж чадахгүй бол зайгаа тавьж өг гэхээр таны уур хүрээгүй юу?

-Уур хүрч л байгаа шүү дээ. Гэхдээ Х.Тэмүүжинтэй маргахад их сайхан байдаг юм, оюуны түвшинд маргадаг байхгүй юу. Албан тушаалын маргаан, тэр энэ сайд байх ёстой гэж ярьдаггүй, төр ямар байх ёстой, нийгэм ямар байх ёстой юм гэж маргадаг. Бодлогын түвшинд маргадаг. Сая ч гэсэн бид хоёр зад маргаад, заамдалцаж авахаас наагуур л салсан.

-Тэгээд хэн хэнийхээ бодлыг өөрчилж чадсан уу?

-Үгүй. Тийм учраас хоёулаа ингэж өрөөний буланд маргахаа больё, нийтийн өмнө маргалдья, үзэж таръя л гэлээ. Х.Тэмүүжин ч гэсэн “Тэгье” гэж байна. Х.Тэмүүжин шиг залуучууд байгаад би их баярладаг. Нэн ялангуяа өнөөдрийн цаг үед бодлогын түвшинд маргана гэдэг чинь сайхан, улстөрчдийн ааг, бяраа харуулдаг зүйл байхгүй юу. Х.Тэмүүжинд би ялагдах юм бол ёстой “Чиний хэлсэн зөв юм байна, би зайгаа тавьж өгөх болсон байна” гэж хэлнэ. Шууд хэлнэ.

-Харин танай намд тийм эрүүл саруул мэтгэлцээн байхаа больчихсон юм биш үү?

-Байгаа. Манай нам чинь их олон гишүүнтэй. Үүн дотор маргадаг нь ч байгаа, маргахгүй зүгээр нэг албан тушаал бодоод явдаг нь ч зөндөө. МАХН-д ч ялгаа байхгүй. С.Баяр, Н.Энхбаяр хоёрын маргааныг харахгүй юу. Нэг нь намайг хулхидсан, нөгөө нь хулхидаагүй гээд л ярьж байна, өөр юу ярьж байгаа юм. Тэр хоёрын хэн нь хэнийгээ хулхидах нь хэнд ямар хамаатай юм. Өнөөдөр энэ нийгэмд бол бүр ч пад алга. Шал өөр зүйл, өөрчлөлтийг хүсч байна.

-Гэхдээ энэ жижиг маргаанаас чинь том үр дүн гарах гээд байгаа юм биш үү? Н.Энхбаяр улстөрд ороод ирвэл их өөрчлөлт гарах байх?

-Өөрчлөлт гарна. Н.Энхбаяр улстөрд л байна шүү дээ. Тэр бол МАХН-ын л асуудал. Н.Энхбаяр гэдэг хувь хүний тухай ярих гэж байгаа бол надад үнэхээр сонирхол алга. Би Н.Энхбаярын ярьж байгаа зүйлээс “намайг ингэж, тэгж хулхидсан” гэдгээс өөр, олигтой үг нэгийг ч олж хараагүй. Ийм маягаар Н.Энхбаяр улс төрийн тавцанд тогтоно гэвэл чадахгүй. Ийм яриаг дүүрэг дээр ч ярьж л байна, суманд ч ярьж л байна, яриагүй амьтан алга. Тэгэхэд Ерөнхийлөгч байсан хүн ийм юм яриад хүмүүсийг татна гэж бодож байгаа бол зүгээр л нийгмээ ойлгохгүй байгаагийн илрэл.

-Хэн энэ хүнийг ийм болтол нь сохолчихсон юм бэ?

-Ёстой бүү мэд. Зүгээр, жижигхэн байна даа л гэж хэлэх байна.

-Ардчилсан хүчний холбоонд МоАХ голлох үүрэг гүйцэтгэж байгаа. Уг нь та бас МоАХ биз дээ…

-Би МоАХ, гэхдээ оролцохгүй гэдгээ сонин хэвлэлээр ч хэлж л байсан. Наад нийгэм чинь хувьсгал хүсээд байгаа болохоос биш Алтангадас фракцитай тэмцдэг өөр нэг фракци гарч ирэх нь хэнд ч сонин биш байна.

-Алтангадасыг урваач, шарваач гээд элдвээр л хэлдэг, 2000 онд байгуулагдсан цагаас нь хойш. Гэвч Алтангадасын эсрэг ингэж  Ардчилсан намын бүх бүлэг фракци нэгдэнэ гэж санасангүй. Алтангадас үнэхээр том юм байна, тийм үү?

-Харин тийм л юм байна, том юм байна. Надад бол нам доторх нэг фракци нөгөө фракцитайгаа тэмцэх нь үнэхээр сонин биш. Ганцхан санаа зовоож байгаа зүйл байна. Энэ цаг үеийн дуудлагад Ардчилсан нам хариугүй, хэлэх үггүй сууж байгаа нь л миний санааг зовоож байна. Хэрвээ ийм байвал улстөрийн тавцангаас ёстой арчигдана шүү. МАХН бол ямар нэг өөрчлөлтийн бодлого гаргаж тавьж, уриалдаггүй хэрнээ инерциэрээ байгаад байдаг, хад чулуу шиг байгаад байдаг. Гэтэл манай нам нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтийн бэлэг тэмдэг байхгүй юу. Ийм улс төрийн зорилгогүй, бодлого нь тодорхойгүй байдал МАХН-д бага хохирол учруулна. Манай намд бол сүйрлийн хохирол учруулна шүү. Манай намын мөн чанар алдагдаад байна шүү дээ. Өөрийнхөө мөн чанарыг алдсан юу ч нэг их удаан оршин тогтнодоггүй. Ерөн онд бид нийгмийг өөрчлөх, сайн сайхан болгохын төлөө арслан барс шиг тэмцдэг байсан, одоо бол албан тушаал эрх мэдлийн төлөө л арслан барс шиг тэмцдэг болоод байна.

-Гэхдээ үргэлж субботник хийгээд баймааргүй байна шүү дээ гэж улстөрчид ярьдаг…

-Яг үнэндээ нэг их субботник хийгээд байгаа хүн байхгүй. Ерэн онд л бид харин субботник хийсэн, түүнээс хойш бол субботник хийхээ байсан. Одоо харин субботник хийх хэрэгтэй болчихоод байна. Хийх ёстой субботникоо хийхгүй бол бид цаашаа явахгүй.

-МАХН шинэчлэгдэх нь хаашаа юм, залуусаар цус сэлбээд л байна. Гэтэл танай нам бахь байдгаараа. Яагаад?

-Наадах чинь харин хэтрүүлэг байна. Манайд залуучууд байгаа. Аль аль намд нь залуучууд ч, ахмадууд ч, эмэгтэйчүүд ч, эрчүүд нь ч байгаа. Хамгийн гол нь биологийн нас биш, юу хийх гээд байгаа нь гол. “Та нарын цаг үе өнгөрсөн, боль” гэж байгаа залуучууд дотор олигтой бодлого ярьж байгаа нь хэн байна. Х.Тэмүүжин энэ тэр гээд цөөхөн л байгаа. Х.Тэмүүжин намайг “Та үеэ өнгөрөөж байна, боль” гэж байгаа бол их утга учиртай яриа. Би “зөв” гэж хэлээгүй байна л даа. Таны бодлого хуучин байна, миний бодлого зөв гэж ярьж байгаа бол их утга учиртай яриа. Гэхдээ ингэж хэлж байгаа ганц хоёр л хүн бий. Бусад нь бол “Та нарын албан тушаал дээр бид очьё” л гэж яриад байгаа. Тийм залуучуудыг харахад үнэндээ урам алга. Улс төр бол нас ярьдаг биш, бодлого ярьдаг талбар. Би залуучуудад хэлдэг. Та нар тийм сүрхий юм бол бидэнтэй өрсөлдөхүйц бодлого гаргаад ир, түүнийхээ зөв гэдгийг нотол, тэгвэл бид зайгаа тавьж өгье гэж. Албан тушаалын төлөө л нойр хоолгүй гүйж байгаагаа шинэ цагийн улстөр гэх гээд байгаа юм уу. Энэ чинь шинэ юм биш шүү дээ. Хүн төрөлхтөн үүсэхэд л бий болсон, хүн төрөлхтөн мөхөхөд л алга болох зүйл.

-Гэвч танд шийдвэр гаргах түвшинд бодитой дэмжлэг алга…?

-Оюутнууд жишээ нь дэмжиж байна. Оюутнууд бол хувьсгал хийх хамгийн сайн, эрүүл хүч. Яагаад гэвэл тэд ирээдүйдээ, маргаашдаа зовдог, бид ямар нийгэмд амьдрах гээд байгаа юм бэ гэдэг асуулт тавьдаг. Тэдэнд улс төрийн, хувийн сонирхол байдаггүй, бүлэг фракцид хуваагддаггүй. Эрх мэдлээ алдаад орон нутагт цөлөгдөж суугаа бүх улстөрчид намайг дэмжинэ. Сая хөдөөгүүр явахад МАХН, манай нам гэлтгүй орон нутгийн удирдлагууд бүгд намайг дэмжиж байна. Сум, баг, хорооноос сонгогддог тэр дээд танхим чинь зөв шүү гэж. Хүмүүс гэр гэртээ биш, гудамжинд гараад энэ өөрчлөлтийг дэмжиж байна гээд ярихад үүний эсрэг хэнгуай ч зогсч чадахгүй. Ялангуяа 2012 оны сонгууль ойртож байгаа үед ард түмний шаардлагын эсрэг зогсох тийм тэнэг улстөрч байхгүй. Гарцаагүй үүнийг авахаас өөр аргагүй. Тиймээс бидний тайван хувьсгалын эхлэл нь айл болгонд, хүн бүрт очиж энэ тухай ярья. Хүн бүр гэртээ бухимдаад сууж байна, ганцхан яаж өөрчлөх вэ гэдгээ ойлгохгүй байна. Түүнийг улстөрчид санал болгодог юм. Ерэн онд бид хувьсгалыг тэгж л хийсэн шүү дээ. Замын машинд гар өргөөд л хөдөөгүүр явдаг байсан. Нийтэд ойлгуулаад дэмжлэгийг нь авч чадвал манай нам ч дагаад л өөрчлөгдөхөөс өөр аргагүй. Тэр өөрчлөлтийг сөрөх боломжгүй гэдгээ ойлгоно. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулна, УИХ дээр санал оруулж, ард түмний санал асуулга явуулахыг шаардана. Өнөөдрийн нийгэм ерэн оны нийгмийг бодоход нээлттэй нийгэм шүү, өөрчлөлт хийхэд амархан.

-Мартсанаас Улсын баатар болсон, үүнийг юу дагаж байна?

-Нэг муухай юм дагаж байна аа, “Үүл ээ” гэж дуудахаа болиод “Баатар аа” гэчих гээд байх юм. Тэрэнд нь би аягүй дургүй. Миний аавын хайрласан сайхан нэр бий шүү дээ, “Бат-Үүл ээ” гэхээр надад ямар гоё санагддаг гэж бодно. Би бүгдэд нь хэлдэг, “Баатар аа” гэхээ болиорой гэж.

-Баатарын найр гэж хийсэн үү?

-Үгүй, яах юм.

-Таалагдаагүй юм уу? Шагнуулчихаад их л хурдан ордноос гараад явчихсан…

-Баатар авлаа гээд ичсэн, зугатсан, тулгамдсан юм байхгүй л дээ. Ахадсан өргөмжлөл өгчихлөө дөө л гэж жаахан санаа зовсон. Ээж нүдэнд харагдсан, “Чи баатар авахаар юу хийсэн юм” гээд л загнана шүү дээ. Тийм л юм бодогдсон. Яг хувь хүнийхээ хувьд хэлэхэд би одон шагналд дургүй.

-Тэгээд загнуулсан уу?

-Д.Сосорбарам эд нартай очсон болохоор хүний дэргэд яаж загнах вэ. Миний аав бол Төрийн шагналын одондоо л их хайртай байсан, би ч гэсэн хамгийн гоё шагнал Төрийн шагнал гэж боддог. Яагаад гэвэл хүний бүтээлийг үнэлдэг. Хүний бүтээсэн номыг, уран зураг, хөгжим, хүний оюун ухаанаар бүтсэн бүтээлийг үнэлдэг учраас. Баабар бол хамгийн гоё шагнал авсан. Яг үнэнийг хэлэхэд монголчуудын түүхийг цоо шинээр харсан, гайхалтай гоё бичигдсэн түүхийн ном бол Баабарын “Нүүдэл суудал” шүү. Тиймээс би Баабарын шагналд ний нуугүй хэлэхэд атаархсан. Баабар шиг гоё ном биччихээд Төрийн шагнал авсан бол харин би ёстой баярлах байсан.

-Та ч гэсэн Улсын баатар болсноосоо хойш лекц уншиж, нийтлэл бичээд л. Заримдаа танд зохихгүй харагдах юм аа. Та чинь хувьсгалч шүү дээ?

-Энэ бол чиний л бодол. Би Москвад Шерметевийн онгоцны буудал дээр мэс заслын анги төгссөн нэг монгол оюутантай тааралдсан юм. Миний өмнө огт бодож байгаагүй зүйлийг надад хэлсэн. “Би Ардчилсан намыг дэмждэг. Хамгийн гол нь Ардчилсан намын лидерүүд юм бичээд байх юм, МАХН-ын лидерүүд болохоор юу ч бичдэггүй. Юм бичих гэдэг оюуны их том хөдөлмөр. Юм бичихгүй хүн оюуны хөдөлмөр хийх чадваргүйгээ харуулдаг. Тийм учраас би Ардчилсан намыг дэмждэг. Ялангуяа таны “Бархирмаар санагдсан он жилүүд” гэдэг ёстой гоё бичигдсэн” гэж ярих юм билээ. Өөр нэг нь ирээд “Таны бичсэн “Төөрдөг байшин”-г уншаад ёстой нүдэнд харагдах шиг болсон шүү” гэдэг юм.

-Уг нь бол УИХ-ын чуулган дээр ширүүхэн маргаад хэн нэгнийг шанаадчих ч юм уу, хурал хаяад гардаг энэ тэр л таны имижид илүү таарах гээд байна л даа. Үр дүн нь илүү хурдан гарна…

-Би одоо ямар юм болгоныг балбаж явдаг муна уу. Харин ч олон хүн чинийхээс өөр зүйлийг надад хэлдэг. Та бол их бүдүүн бараг, муна шиг л хүн юм. Энийг ч очиж балбаад, тэрийг ч очиж балбаад, танаас тийм нэг оюун ухааны үнэр харагдахгүй юм гэж хэлж байсан. Тэгээд би ичээд бичиж эхэлсэн.

-Илүү хурц ялгарал нэхээд байна л даа?

-Манай эхнэр надад “За, Үүл минь. Чи 50 гарч байгаа хүн шүү. Хашгичаад л энэ тэр, Гүндалай шиг байвал чиний насанд зохихгүй шүү” гэж хэлдэг. Миний байдлыг хүн хүн тал талаас нь янз бүрээр л үнэлж байгаа байх. Тэдний нэг нь л чи. Надад нэг л их энгийн хүсэл бий. Монголчууд бүгдээрээ хэвийн сайхан амьдардаг больё. Нэр төрөө худалддаггүй, ёс суртахуунаа гээдэггүй. Хүмүүс хэвийн амьдрах баталгаа нь хангагдсаны дараа л тийм болно шүү дээ. Би хэд хэдэн удаа бичсэн. Орд харш барьчихаад, түүнийгээ тойруулж хашаа бариад, тэрнээсээ гарахаас айдаг, тэр амьдралаа сайхан гэж харж байгаа хүмүүст зориулж бичсэн. Эндүүрч байна шүү. Өөрсдийгөө бид орд харшаар хамгаалж чадна аа. Хашаанаасаа гарахад энэ нийгэм чинь архидалт, садар самуун, ядуурал, уур бухимдалд нэрвэгдчихсэн байвал тэрнээс бид хүүхдүүдээ хамгаалж чадахгүй шүү гэж. Боломжийн айлын хүүхдүүд хар тамхинд ороод, хэл ам татлаад л байна шүү дээ. Өндөр хөгжилтэй орнуудад атаархаад байдаг нь тэнд хашаанаасаа ч гарсан сайхан амьдардаг байхгүй юу. Бүх хүмүүс нь ажилтай. Ажилдаа оронгуутаа цалингийнхаа картыг барьж очоод орон сууцтай болчихно. 30-40 жилийн хугацаатай орон сууцны зээлд хамрагдана, машинаа зээлээр авчихна. Бүр их атаархал төрмөөр нь тэр орон сууц, машиных нь зээл нь цалингийнх нь ердөө гуравны нэгд л хүрдэг гээч. Монголыг ч гэсэн би тийм л болгомоор байна. Америкийн нийгэм, Монголын нийгэм хоёр зарчмын нэг л зүйлээр ялгардаг. Америкт байгаа олон нам манайд ч байна. Америкт байгаа парламент ч манайд байна. Америкт  байгаа чөлөөт хэвлэл манайд ч байна. Чөлөөт хэвлэлүүд нь захиалгаар бичдэг үү, манайд ч бичдэг. Бүх юм адилхан байгаа байхгүй юу. Нэг л зүйлээр бид үнэхээр ялгарч байна. Америкт хүн ажилд орсон эхний өдрөө л ахуй амьдралынхаа хэрэгцээт зүйлсээр хангагдчихдаг юм. Манайд бол их дээд сургууль төгссөн оюутнуудын багахан хэсэг нь ажилд ордог. Ажилд орсон тэр хэсэг нь ахуй амьдралынхаа хэрэгцээг хангаж чаддаггүй. Манай төрийн албан хаагчдын ихэнх нь орон гэргүй байгаа шүү дээ. Монгол Улсын аюулгүй байдлыг хамгаалж байгаа Батлан хамгаалах салбарын офицеруудын 3000 нь орон гэргүй байна. Ийм байхад бид юу яриад байгаа юм бэ. Америк, манай хоёрын ялгаа энэ л байна.

Б.СЭМҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж