Германы “ноу хау”-г дамжуулахаа илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Германы “ноу хау”-г дамжуулахаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга Холбооны бүгд найрамдах Герман улсын Олон улсын шилжилтийн хөдөлгөөний төвийн мэдлэгийг эргэн суурьшуулах газрын дарга Уве Кливетцийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол бол баялаг ихтэй, ирээдүйтэй орон. Гагцхүү ухаалгаар зөв зохицуулах хэрэгтэй. Манай байгууллага мэдлэг оюуны гадагш урсгалыг эргүүлэн суурьшуулахад 30 жил зүтгэж, олон оронд тусалж байгаа. Гэхдээ дэлхийн монголчуудыг холбон, хилийн чанадад амьдарч буй тэдгээр мэдлэг, чадвартай хүмүүсийг эргүүлэн суурьшуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд харилцан суралцах зүйл бидэнд бий гэж бодож байна. Боловсролтой хүмүүсийн гадагш чиглэсэн урсгалыг яаж дотогш эргүүлэх нь илүү зохистой юм. Ухаантай, чадалтай хүмүүс уг нь хамгийн чухал ажил албыг хашиж байх ёстой байх. Ямар ч байсан “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Германы “ноу хау”-г Монголд “Монгол-Германы гүүр” төрийн бус байгууллагаар дамжуулах бодолтой байна гэж Холбооны бүгд найрамдах Герман улсын Олон улсын шилжилтийн хөдөлгөөний төвийн мэдлэгийг эргэн суурьшуулах газрын дарга Уве Кливетц ярив.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын гадаад бодлогын асуудал онцгой байр суурь эзэлдэг. Энэхүү “Зөгийн үүр” хөтөлбөр зөвхөн Германд төдийгүй бусад оронд байгаа мэдлэг, чадвартай монголчуудыг буцаан авчрахад чиглэж буй юм. Ерөнхийлөгчийн Тамгын газар уг хөтөлбөрийг дэмжиж ажиллах болно. Өнөөдөр Монголд уул уурхай, зам гүүр гээд дэд бүтцийн төрөл бүрийн мэргэжлийн инженер хэрэгтэй байна. Герман бол төрөл бүрийн мэргэжлийн инженер бэлтгэх талаараа арвин туршлагатай орон. Тиймээс бид танай оронд цаашид аль болох олон инженер бэлтгэхийг сонирхож байгаа. Германы Засгийн газар тодорхой хөрөнгө гарган манай санаачилгыг дэмжиж байгаад талархаж байна. Германд байгаа мэдлэг, чадвар бүхий монголчуудыг эргүүлэн суурьшуулахад энэ мөнгө зориулагдаж, цаашид хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд сайн загвар бий болно хэмээснийг Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж