
Засгийн газрын тэргүүн JCA Монгол байгууллагын 13 дугаар үндэсний чуулганд оролцогчдод хандан хэлэхдээ “Дэлхийн дулаарлын эсрэг хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, идэвхтэй эх оронч иргэн байхад уриалсан үйл ажиллагаа, “манай байгууллага бол “ хэмээн бахархан ярих олон залуусын гал цогтой харцнаас би JCA байгууллагыг хэдийнээ эчнээ таньдаг болсон юм. Манай хамтарсан Засгийн газар саяхан дэлхийн цаг уурын дулаарлын эсрэг анх удаа элсэн цөлд хуралдаж, олон улсын анхаарлыг энэ асуудалд хандуулахыг зорьсон. Цаашид ч та бүхний дэвшүүлэн тавьж, шийдэл олохыг хүсч буй хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлье. Монгол улс 20 жил нэг нийгмээс нөгөөд шилжлээ. Одоо та бид алдаа оноогоо хамтдаа дүгнэж, хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх түүхэн хариуцлагтай цагт ажиллаж амьдарч байна. Улс орныг хөгжүүлэх хамгийн чухал хүч бол өөртөө итгэлтэй, манлайлагч иргэд тэр дундаа залуус та бүхэн гэдэгт би итгэдэг. Аливаа төрийн бодлогын гол үндэс нь хүн байдаг. Та бүхэн хүний хөгжлийн төлөө бодлого дэвшүүлэн ажиллаж байгаа нь сайшаалтай хэрэг. Эх орноо хөгжүүлэхийн төлөө хамтдаа ажиллацгаая” хэмээн тэмдэглэлээ гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.