О.Оч: Олон улсын атомын агентлаг санхүүжилтийг шийдвэрлэснээр тодорхой ажлууд хийгдэж эхэлнэ | News.MN

О.Оч: Олон улсын атомын агентлаг санхүүжилтийг шийдвэрлэснээр тодорхой ажлууд хийгдэж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

О.Оч: Олон улсын атомын агентлаг санхүүжилтийг шийдвэрлэснээр тодорхой ажлууд хийгдэж эхэлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 8-12-ны өдрүүдэд Австри, Унгар улсад анхны ажлын айлчлал хийсэн. Айлчлалын үр дүнгийн талаар Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Очоос зарим зүйлийг тодрууллаа.

-Ерөнхий сайд Австри улсад айлчлах үеэрээ Европын стандартыг Монголд нутагшуулах, Ази, Европыг холбосон транзит тээврийн асуудлаар санал солилцсон. Хэр нааштай хариу авсан бэ?

-Монгол Улс Европын зах зээлд 7200-гаад нэр төрлийн барааг татваргүйгээр оруулах эрх авсан байдаг. Оёмол, нэхмэл, ноос ноолууран бүтээгдэхүүн хийгээд бусад барааг гаргах өргөн боломжтой. Хамгийн гол нь эдгээр бүтээгдэхүүнийг дээрх улсын зах зээлд гаргахад Европын хэмжээний стандартыг Монголд нутагшуулсан нөхцөлд ямар ч татваргүйгээр нэвтрүүлэх боломжтой. Тиймээс Ерөнхий сайд НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын ерөнхий захирлын орлогч Ёшитору Урамототой уулзах үеэрээ “Монгол Улсын үйлдвэрлэлийн бүхий л салбарт  Европын стандартыг нэвтрүүлэх шаардлагатай талаар санал солилцож, дэмжлэг хүссэн. Тус байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн. Нөгөөтэйгүүр, дээр дурдсан барааг Европт гаргахад транзит тээврийн асуудал маш чухлаар тавигдаж байгаа. Сүүлийн үед Ази Европын хамтын ажиллагаанд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа байгууллага бол Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага юм. Энэ байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Перрин де Бришамбаотой Ерөнхий сайд уулзаж,  Ази, Европыг холбосон транзит тээврийг Монголоор дамжуулах нь хамгийн дөт замын нэг болохыг онцлон тэмдэглэсэн. Энэ чиглэлээр тус байгууллагатай хамтран ажиллахад бэлэн болохоо ч онцолсон. Ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Чех улсын Прага хотноо тус байгууллагын байгаль орчин, эдийн засгийн чуулга уулзалт болно. Түүнд Монгол Улсын төлөөлөгч оролцохоор болсон. Мөн ирэх онд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага болон Азийн түнш орнуудын ээлжит бага хурлыг Монгол Улсад зохион байгуулна. Энэ бага хурлаар хэлэлцэх асуудлыг Ерөнхий сайд санал болгосон. Түүгээр Ази, Европыг холбосон транзит тээврийн асуудлыг түнш орнуудын бага хурлын нэг гол сэдэв болгохыг онцолсон байгаа. Тиймээс далайд гарцгүй Монгол Улсын хувьд Ази Европын зах зээлийг холбох томоохон боломж байгааг уулзалтын үеэр хөндсөнд айлчлалын бас нэг чухал ач холбогдол оршино гэж бодож байна. 

-Олон улсын атомын энергийн агентлагт Ерөнхий сайд зочилсон. Энэ үеэр ямар Монгол Улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төв болгоно гэсэн нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаад байгаа?

-Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч бөгөөд удирдлагын газрын дарга Дэвид Воллер тэргүүтэй бусад холбогдох байгууллагын дарга нар Ерөнхий сайдад бараалхсан. Ноён Дэвид Воллер Монгол Улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төвөөр сонгон шалгаруулсныг мэдэгдсэн байгаа. Нэлээд олон орноос сонголт хийхэд Монгол Улс тавьсан шаардлагад нь нийцсэн байсан. Өмнө нь энэ асуудлыг Ерөнхий сайд Гадаад харилцааны сайд байхдаа хөндөж байсан юм билээ. Одоо Олон улсын атомын агентлаг нь холбогдох санхүүжилтийг хандивлагч орнуудтай хамтран шийдвэрлэснээр тодорхой ажлууд хийгдэх ёстой болж байгаа.
Өөр нэг асуудал нь манай улсын хувьд Австри улстай боловсрол, соёл шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрэн байгаа нь харагдсан. Учир нь Авсрид Монгол Улсын соёл, боловсролыг ихэд сонирхдог юм байна. Мөн тус улсын их, дээд сургуульд 100 гаруй монгол оюутан суралцаж байна, одоогоор.

Мөн энэхүү айлчлалын үр дүнд Вена хотноо өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан хоёр орны Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хурлаар хэлэлцсэн асуудлыг бүрэн хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрсэн байгаа. Тухайлбал, нүүрсний утааг механик болон химийн аргаар шүүдэг Австрийн дэвшилтэт технологи, хог боловсруулж дулаан гаргах үйлдвэр барих.  Цэвэр бохир усны хоолойг шинэчлэх технологи нэвтрүүлэх ажлыг ажил хэрэг болгох шаардлагатай байгааг Ерөнхий сайд тэмдэглэж, Австрийн холбооны канцлер Вернер Файманн дэмжсэн.

-Унгар улсад хийсэн айлчлалын хамгийн том “олз” юу байв?

-Унгар улс нь Европын холбооны гишүүн болсноос хойш Монгол Улсын Ерөнхий сайд анх удаа айлчиллаа. Мөн энэ оны тавдугаар сарын 29-нд Монгол Улс Унгар улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Унгар улс нь Европын холбоог ирэх оны эхний хагаст даргалах орон юм. Үүгээрээ манайд том боломж олдож байгаа. Тус улсын зүгээс Монголтой холбоотой асуудлыг Европын холбоонд тавихад дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Мөн геофизикийн хамтарсан хүрээлэн байгуулах, хоёр орны бизнесийн идэвхи санаачлагыг дэмжих үүднээс бизнес зөвлөл байгуулах санаачлагыг хоёр улсын Ерөнхий сайд нар хэлэлцсэн. Энэ үеэрээ ойрын хугацаанд зөвлөл байгуулахыг онцлон тэмдэглэсэн.

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mashin avaya 2010-03-22 127.0.0.1

mashin avch unaya Harrier yumu grande mark2 avch unaya aa Chenjuud ni b** zalgaarai utas 95-647-647 105 kuzovtoi Cresta Chaser baij bno 99 onoos hoish Utas 95-647-647

Avatar

freecallmn 2010-03-22 127.0.0.1

Hizgaargui yarih erh chelee www Freecall mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж