
Баянхонгор аймаг хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал гэсэн гурван томьёоллоор тэргүүлэх чиглэлээ тодруулж судалгаа, тооцоолол хийж байна. “Манай аймаг энэ гурван чиглэлд бодлого боловсруулан, эрчимтэй ажиллаж чадвал хөгжих боломжтой” гэдгийг аймгийн Засаг дарга Д.Амарсанаа онцолж байгаа бөгөөд бусад аймгаас анхлан Баянхонгор аймаг “Хөгжлийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл”-ээ тодорхойлоход санал нэгдлээ. Саяхан хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит есдүгээр чуулганаар энэ тухай хэлэлцэгдэж баталсан юм. Цаашдаа “Эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх” Аялал жуулчлалыг иж бүрэн хөгжүүлэх”,” Уул уурхайг хөгжүүлэн эрдэс баялгийг зүй зохистой ашиглах” гэсэн байдлаар хөгжлийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ нэрлэж байна. Хүний үүслийг тогтоосон төдийгүй уламжлал түүхийн асар их улбаатай, төв Халхын ёс жаягийг өнөөг хүртэл хадгалан буй Баянхонгор аймаг ийнхүү хөгжлийн тулгуур болгох асуудлаар удирдлагууд бодлого боловсруулах ажил эхлүүлээд байгаа аж.
Б.Батгэрэл