Хувцасны шүүгээ дүүрэн ч өмсөх зүйл олддоггүй, дэлгүүрээс авсан хувцас бүр өөрт нь нэг л зохихгүй санагддаг хүн цөөнгүй. Магадгүй асуудал хувцсандаа биш, өөрийгөө хангалттай таньж мэдээгүйд байж болох юм. Энэ талаар имиж консалтингийн мэргэжилтэн "Arya’s Beauty"- ийн үүсгэн байгуулагч Б.Ариунзул буюу Арьяатай ярилцлаа.
-Юуны өмнө өөрийгөө болон эрхэлж буй ажлаа танилцуулахгүй юу. Монголд имиж консалтингийн үйлчилгээ харьцангуй шинэ ойлголт учраас таны хийдэг ажлыг хүмүүс стилистийн ажилтай адилтгаж ойлгох нь бий?
-Намайг Б.Ариунзул гэдэг. Арьяа гэж дууддаг. "Arya’s Beauty" студийг байгуулаад дөрвөн жил, энэ салбарт нийт зургаан жил ажиллаж байна. Би имиж консалтингийн чиглэлээр мэргэшсэн. Имиж консалтинг гэдэг нь хүмүүсийн боддог шиг зөвхөн хувцас сонгож өгөх, гоё гангалж өгөхөөс илүү өргөн ойлголт. Хүний хувийн өнгө, нүүрний хэлбэр, биеийн харьцааг тодорхойлохоос эхлээд нүүр будалт, үс засалт, аксессуар, хувцасны сонголт, дэлгүүр хэсэх зөвлөгөө гээд тухайн хүний гадаад төрхийг цогцоор нь авч үздэг үйлчилгээ юм. Хамгийн түрүүнд хүний арьсны өнгөний суурь туяа буюу undertone-ыг тодорхойлно. Үүний дараа ямар өнгийн хувцас, үсний өнгө, нүүр будалт, гоёл чимэглэл зохихыг зөвлөдөг.
"Face analysis" буюу нүүрний анализ хийснээр үс засалт, нүдний шил, ээмэгний хэлбэр, хөмсөгний хэлбэр, нүүр будалтын зохицлыг тодорхойлно.
Харин биеийн анализ нь мөр, бэлхүүс, ташаа зэрэг биеийн харьцааг харж, ямар эсгүүр, ямар хэлбэрийн хувцас тухайн хүнд илүү зохихыг тодорхойлдог. Цаашлаад гэрт нь байгаа хувцаснуудыг нь хооронд нь хэрхэн хослуулах, юу нэмж авах хэрэгтэйг зөвлөх, дэлгүүрээр хамт явж сонголт хийх зэрэг үйлчилгээ ч бий. Гэхдээ энэ бүхний эхэнд тухайн хүн өөрөө хэн бэ, юунд дуртай вэ, ямар хувцас өмсөхөөрөө өөртөө таатай мэдрэмж авдаг вэ гэдгийг ойлгох нь чухал. Түүний дотоод хүсэл, мэдрэмжийг гаднах төрхтэй нь уялдуулахыг л зорьдог.
-Таны хувьд энэ мэргэжлийг яагаад сонгов. Анхнаасаа загвар, гоо сайхны салбарт ажиллах хүсэлтэй байсан уу?
-Миний үндсэн мэргэжил сэтгүүлч. Телевизэд ажиллаж байхдаа өөрийгөө дэлгэцээр хараад “Ямар нүүр будалт надад зохих бол”, “Үсээ яаж янзалбал илүү гоё харагдах бол” гэж боддог байсан. Заримдаа хүрэн улаан өнгөөр будахаар царай дарагдаад, өөр өнгөөр будхаар илүү гоё харагдах үе бий. Эхэндээ үүнийг гэрэлтүүлэг, камер, зураглаачийн тохиргооноос болж байна гэж боддог байлаа. Харин хожим өөрийн өнгөний онцлогтой холбоотойг ойлгосон. Декретийн амралтаа авч, хүүхдээ харж байх үедээ мэргэжлийн нүүр будалтын сургалтад анх суусан. Тэгээд эргэн тойрныхоо хөтлөгч, продюсер гээд телевизэд ажилладаг хүмүүсийг зураг авалтын өмнө будаж өгдөг болсон. Би тэр ажилдаа үнэхээр дуртай байлаа. Тэр үед өөрөөсөө “Цаашдаа би яг юу хийх дуртай юм бол”, “Телевизийн ажлаа үргэлжлүүлэх үү, эсвэл өөр зүйл хийх үү” гэж асууж эхэлсэн.
Хүмүүсийг будаж өгсний дараа өөрийгөө хараад баярлаж, “Ямар гоё болчихов оо, баярлалаа” гэж хэлэхийг нь харах надад маш сайхан мэдрэмж төрүүлдэг байсан.
Хүмүүстэй харилцах, мэддэг зүйлээ тайлбарлаж зөвлөх нь надад илүү таалагддаг юм байна гэдгийг тэгж ойлгосон. Дараа нь Японд очиж "Color Me Tokyo" академид хувийн өнгө тодорхойлох чиглэлээр суралцсан. Үүний дараа имиж консалтинг, стилистийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцсан. Нүүр будалтаас эхэлсэн сонирхол маань өнгө, стиль, хүний гадаад төрхийг цогцоор нь судлах мэргэжил болж өргөжсөн дөө.
-Хүн өөрт нь ямар өнгө зохидгийг мэдэхгүй явсаар нэг л дассан өнгөө сонгоод байдаг талтай юм шиг. Та өөрөө үүнийг хэрхэн анзаарч байсан бэ?
-Хүн бүр өөрийн гэсэн өнгөний онцлогтой. Гэхдээ бид тэрийгээ мэддэггүй, судалж үзээгүй байх нь элбэг. Манай дэлгүүрүүдэд хар, цагаан, саарал, беж зэрэг өнгийн хувцас их байдаг учраас хүмүүс ч өөрийн мэдэлгүй тэдгээр өнгөнд дасчихсан байдаг. Би өөрөө ч өмнө нь голдуу хар, цагаан, беж өнгийн хувцас өмсдөг байлаа. Нэг удаа Италид очоод 40 гаруй хэмийн халуунд хар даашинзтай зураг авахуулсан юм. Дараа нь зургаа харахад миний ард явж байгаа бүсгүйчүүд бүгд өнгөлөг хувцас өмсчихсөн, харин би ганцаараа тас хар хувцастай зогсож байсан.
Тэгээд “Би яагаад дандаа хар хувцас сонгодог юм бол” гэж анх удаа өөрөөсөө асуусан. Хувийн өнгөө судалж эхлэхэд надад өөрийнхөө дургүй өнгөнүүд зохино гэж гарч ирсэн.
Хөх туяатай ягаан, цэнхэр зэрэг өнгийг би өмнө нь огт сонирхдоггүй байсан. Эхэндээ хүлээн зөвшөөрөхөд хэцүү байлаа. Гэхдээ багшийнхаа зөвлөснөөр бага багаар туршиж, өмнө өмсдөг өнгөнүүдтэйгээ харьцуулж үзсэн. Тэгтэл үнэхээр өөрт тохирсон өнгөөр хувцаслахад нүүр царай илүү гэрэлтэж харагддагийг мэдэрсэн. Тэр үед л “Бид мэддэггүй болохоос биш өөрт тохирох өнгө байдаг юм байна” гэж ойлгосон доо.

-Өөрт тохирох өнгөө мэдсэн ч өмнө нь дассан хувцаслалтын хэв маягаа өөрчлөхөд амаргүй байх. Хар өнгөний тухай түгээмэл ойлголтыг та хэрхэн тайлбарлах вэ?
-Хар өнгө хүн бүрд адилхан зохидоггүй. Хувийн өнгийг 12 бүлэгт ангилж үзэхэд хар өнгө үнэхээр зохицдог хүмүүс бий. Гэхдээ бүх хүнд тохирно гэсэн үг биш. Хар өнгө зарим хүний нүд, хөмсөг, үсний өнгийг тодруулж, төрхийг нь илүү цэгцтэй харагдуулдаг. Харин өөр хүнд нүүрэн дээр нь хэт их сүүдэр үүсгэж, ядарсан, царай нь унжсан мэт харагдуулж болно. Тухайн хүн өөрөө үүнийг анзаарахгүй байх нь бий.
Гэхдээ би хүн бүр заавал өнгөө тодорхойлуулах ёстой гэж хэлдэггүй. Хэрэв та одоо өмсдөг өнгөндөө сэтгэл хангалуун, өөр өнгө турших хүсэлгүй бол тэр хэвээрээ байж болно.
Харин өөрт тохирох өнгөө мэдэж, хувцаслалтын сонголтоо өргөжүүлэхийг хүсвэл судлуулж үзэхэд илүүдэхгүй. Хамгийн гол нь зөвлөгөөг сонсоод л орхих биш, өдөр тутмын амьдралдаа туршиж үзэх хэрэгтэй. Зарим хүн өнгөө тодорхойлуулчхаад өөрт нь өмнө нь таалагддаггүй байсан өнгө гарч ирэхээр хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэгээд буцаад л хуучин хар, цагаан хувцсаа өмсдөг. Харин бага багаар туршаад үзэхээр өөрт нь үнэхээр зохиж байгааг мэдэрдэг.
-Зарим өдөр тод өнгийн хувцас өмсөхөөр эрч хүчтэй, заримдаа зөөлөн өнгө сонгохоор тайван мэдрэмж төрдөг шүү дээ. Энэ нь өнгө хүний сэтгэл зүйтэй холбоотой байдагтай холбоотой юу?
-Өнгө бүр өөр өөр мэдрэмж төрүүлдэг. Жишээлбэл, улаан өнгийг бодоход гал цогтой, эрч хүчтэй мэдрэмж төрж болно. Харин ягаан өнгө илүү зөөлөн, энхрий, ялдам мэдрэмж өгдөг гэж хүмүүс төсөөлдөг. Бид үнэр, дуу хөгжимтэй холбоотой дурсамжаа санадаг шүү дээ. Өнгө ч мөн адил хүний мэдрэмж, далд ухамсарт нөлөөлдөг. Зар сурталчилгаа, маркетингт өнгийг зориуд ашигладаг нь ч үүнтэй холбоотой.
Хүн өөрт тохирсон өнгөө өмсөөд толинд харахад өөртөө таалагдах мэдрэмж төрж болно. Тэр өнгө нь тухайн хүний хүсэж байгаа дүр төрхтэй нийцэж байвал бүр ч сайхан.
Жишээлбэл, эмэгтэйлэг, зөөлөн харагдахыг хүсэж байгаа хүнд арьсны өнгөнд нь тохирсон ягаан өнгө сонгож өгч болно. Гэхдээ энэ нь заавал бусдад гоё харагдах гэж өнгө сонгох тухай биш. Өөртөө таалагдаж, өөрийгөө ямар мэдрэмжтэй байлгахыг хүсэж байна вэ гэдэг нь илүү чухал.
-Энэ төрлийн үйлчилгээ хүний хувцасны сонголтыг хязгаарладаг гэсэн ойлголт бий. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Үгүй. Энэ бол хамгийн түгээмэл буруу ойлголтуудын нэг. Хувийн өнгө тодорхойлуулах нь хүнийг тодорхой хэдэн өнгөөр хязгаарлах гэсэн үг биш. Харин өөрт тохирох өнгөнүүдийг мэдэж аваад сонголтоо нэмэгдүүлэх боломж юм. Хүн хүсвэл өөрт нь зохихгүй гэж гарсан өнгийг ч өмсөж болно. Би энэ тал дээр нээлттэй ханддаг. Жишээлбэл, улаан өнгө танд төдийлөн зохихгүй гэж гарлаа гээд улаан хувцас өмсөхийг хориглохгүй.
Та улаан өнгөнд дуртай, өмсмөөр байгаа бол өмсөх хэрэгтэй. Харин өөрт тохирсон өнгийг мэдсэнээрээ хувцас, нүүр будалт, үсний өнгөө сонгохдоо илүү ойлголттой болно. Өмнө нь огт сонирхож байгаагүй өнгө ч танд гоё харагдаж болохыг мэднэ. Тиймээс энэ бол хязгаарлалт биш, шинэ сонголт нээж өгдөг хэрэгсэл гэж ойлгох хэрэгтэй.
-Нүүрний болон биеийн анализ хийлгэснээр хүн өөрийнхөө ямар онцлог, давуу талыг мэдэж авах боломжтой вэ?
-Нүүрний анализ хийхдээ нүүрний хэлбэр, хэмжээ, харьцааг хардаг. Үүнд үс засалт, ээмэг, нүдний шилний хэлбэр, хөмсөг, нүүр будалт гээд олон зүйл багтана. Жишээлбэл, тухайн хүний нүүрний онцлогт ямар хэмжээтэй ээмэг зохих вэ, үсээ ямар хэлбэрээр засвал зохих вэ гэдгийг тодорхойлно. Биеийн анализ хийхдээ мөр, бэлхүүс, ташаа, хөл зэрэг биеийн харьцааг ажиглана.
Хүний биеийн аль хэсэг нь давуу тал болж харагдаж байна, аль хэсгийг хувцасны хэлбэрээр тэнцвэржүүлж болох вэ гэдгийг хардаг.
Жишээ нь, мөр нь нарийвтар бол мөрний хэсэгтээ хэлбэртэй хувцас сонгож болно. Харин ташаа өргөн бол дээд, доод хэсгийн харьцааг тэнцвэржүүлэх хувцаслалт санал болгоно. Хөл нь гоё бол тэр хэсгийг илүү тодруулж болох юм. Гэхдээ гол нь хүний биеийг өөрчлөх тухай биш. Байгаа онцлогийг нь зөв ашиглаж, тухайн хүн өөрийгөө илүү сайхан мэдрэх хувцаслалт олох тухай юм.
-Сошиал орчинд таалагдсан хүнийхээ нүүр будалт, үс засалт, хувцаслалтыг дуурайж үзэхэд заримдаа өөрт нь огт зохихгүй байх тохиолдол бий. Үүний шалтгаан юу вэ. Бусдад сайхан харагдаж байгаа зүйл яагаад хүн бүрд адилхан зохидоггүй юм бол?
-Хүн бүрийн нүүрний хэлбэр, ясны бүтэц, арьсны өнгө өөр. Тиймээс нэг хүнд маш гоё харагдаж байгаа будалт нөгөө хүнд яг адилхан зохино гэсэн үг биш. Жишээлбэл, нүдний байрлалыг авч үзье. Өмнө нь нүд хол байрлалтай бол ойртуулж будах, ойр байрлалтай бол холдуулж будах ёстой гэсэн ойлголт түгээмэл байсан. Гэтэл хол нүдтэй байх нь тухайн хүний давуу тал байж болно. Илүү зөөлөн, залуухан төрхтэй харагдуулдаг онцлог ч бий.
Харин ойр нүдтэй хүн илүү хурц, шийдэмгий төрхтэй харагдаж болно. Тиймээс хүний төрөлхийн онцлогийг заавал өөрчлөх гэж оролдох хэрэггүй.
Харин тэр онцлогийг нь хэрхэн тэнцвэржүүлж, давуу тал болгон харуулах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Сошиалд нэг хүний нүүр будалт гоё харагдлаа гээд яг тэр чигээр нь дуурайхад өөр дээр нь тохирохгүй байж болно. Учир нь бид өөрийнхөө ясны бүтэц, нүүрний хэлбэр, өнгөний онцлогийг мэдэхгүй байна гэсэн үг.

-Нүүр будалтын чиг хандлага цаг үеэ дагаад өөрчлөгдөж, шинэ хэв маягууд гарч ирдэг. Гэхдээ хүн бүрд ижил будалт зохихгүй шүү дээ. Та үйлчлүүлэгчдэдээ нүүр будалт зөвлөхдөө юуг анхаардаг вэ?
-Миний хувьд нүүр будалт аль болох натурал байх нь чухал санагддаг болсон. Хүнийг өөр хүн болгох биш, өөрийнх нь төрөлхийн онцлогийг тодруулж өгөхийг зорьдог. Жишээлбэл, зарим хүн нүднийхээ хэлбэрийг өөрчлөхийн тулд маш их будалт хийлгэх шаардлагагүй. Харин тухайн хүний нүдний шугам, өнгийг зөв тодруулж өгөхөд л хангалттай. Хонхор нүдтэй хүн ядарсан харагддаг бол цайвар өнгийн консиллер ашиглаж, нүдний хонхрыг зөөлрүүлж болно. Мөн гялалзсан буюу glow будалт, матт будалт хоёрын сонголт хүний арьс, ясны онцлогоос хамаарна.
Жишээлбэл, арьсны нүхжилт ихтэй хүн хацар дээрээ хэт их гялалзуулагч тавихад нүхжилт улам тодорч харагдаж болно. Харин арьс нь толигор, ясны бүтэц нь жижиг хүн гялалзсан будалтаар илүү гоё харагдах боломжтой.
Ясархаг, шанаа болон эрүүний яс нь тод хүн хэт их гялалзуулагч хэрэглэвэл ясны товгор хэсгүүд улам тодорч, нүүрний харьцаа алдагдаж магадгүй. Тиймээс тухайн хүний онцлогт тохируулж матт будалт сонгох нь илүү зохимжтой үе бий. Өнгөний хувьд ч мөн адил. Дулаан туяатай арьстай хүнд тоорын ягаан, улбар шаргал өнгө зохих бол хүйтэн туяатай арьстай хүнд усан ягаан, хөх туяатай ягаан зэрэг өнгө илүү зохиж болно. Хүн бүрийг нэг л хэв загвараар будах биш, өөрийнх нь төрхийг тодруулж өгөх нь чухал.
-Харин хувцаслалт, стиль сонгохдоо зөвхөн биеийн хэлбэр, арьсны өнгө зэрэг гадаад онцлогийг харгалзах нь хангалтгүй юм шиг санагддаг. Тухайн хүний зан чанар, хүсэж буй дүр төрх, өөрийгөө илэрхийлэх мэдрэмж хэр чухал вэ?
-Миний хувьд хамгийн чухал зүйл бол тухайн хүн ямар харагдахыг хүсэж байгааг ойлгох. Зарим эмэгтэй хүчирхэг, зоримог харагдахыг хүсдэг. Зарим нь эмэгтэйлэг, зөөлөн, ялдам төрхтэй байх дуртай. Харин зарим нь спортлог, чөлөөтэй, oversize хувцас өмсөхөөрөө өөрийгөө илүү тухтай мэдэрдэг. Эдгээрийн аль нь ч буруу биш. Хүн бүр өөрийн гэсэн дотоод мэдрэмжтэй. Тэр мэдрэмжийг нь эхлээд ойлгож, дараа нь гадаад төрхтэй нь уялдуулах хэрэгтэй. Жишээлбэл, мөрөө ил гаргасан хувцас өмсөх дуртай хүн байж болно. Тэр хүн яагаад ийм хувцсанд дуртай байна вэ гэдгийг нь ярилцаж, биеийнх нь аль хэсгийг илүү тодруулахыг хүсэж байгааг нь ойлгоно. Тэгээд шинэ жилийн даашинз сонгохдоо ч тэр онцлогийг нь тусгаж болно. Хувцас хүний дотоод мэдрэмжийг илэрхийлэх нэг хэлбэр. Тиймээс зөвхөн гаднаас нь хараад “Энэ загвар танд гоё харагдана” гэж шийдэхээс илүү тухайн хүн өөрөө ямар дүр төрхтэй байхыг хүсэж байгааг сонсох нь чухал.
-Шинэ жилийн баяр дөхөхөөр хүмүүс ямар даашинз өмсөх, ямар өнгө сонгохоо ихэд боддог. Энэ жилийн баярын хувцсаа сонгохдоо юуг хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй вэ?
-Юуны өмнө өөрөөсөө “Би энэ баяраар ямар дүр төрхтэй байхыг хүсэж байна вэ?” гэж асуух хэрэгтэй. Илүү эмэгтэйлэг, зөөлөн харагдахыг хүсэж байна уу, эсвэл хүчирхэг, зоримог төрх бүрдүүлэхийг хүсэж байна уу? Эсвэл чөлөөтэй, өөртөө тухтай хувцаслахыг илүүд үзэж байна уу гэдгээ тодорхойлох нь чухал. Үүний дараа биеийнхээ онцлогийг харгалзах хэрэгтэй. Мөр, бэлхүүс, хөл, хүзүү гээд биеийнхээ аль хэсгийг илүү тодруулахыг хүсэж байгаагаа мэдэх нь чухал. Өөрийн давуу талыг тодруулж, хувцасны эсгүүрээр биеийн харьцаагаа тэнцвэржүүлж болно.
Заавал гял цал, гоёл чимэглэл ихтэй даашинз сонгох шаардлагагүй. Өөрт тохирсон өнгө, чанартай материал, зөв эсгүүртэй хувцас байхад л цэгцтэй, дэгжин харагдаж чадна.
Хамгийн гол нь тухайн хувцсаа өмсөөд өөрийгөө харахад таатай мэдрэмж төрөх ёстой.
-Шинэ жилийн баяраар нэг удаа өмсөх даашинз авахын тулд хүмүүс багагүй мөнгө зарцуулдаг шүү дээ. Энэ нь хэр оновчтой вэ?
-Би хувцасны шүүгээндээ олон хувцас байлгахаас илүү өөрт үнэхээр зохидог, чанартай, олон янзаар хослуулж болох хувцастай байхыг илүүд үздэг. Жишээлбэл, өнгөрсөн жилийн шинэ жилээр өмссөн даашинз тань өөрт тань үнэхээр зохидог, биеийн давуу талыг тань тодруулдаг, материал болон эсгүүр сайтай бол энэ жил дахин өмсөж болно. Харин гутал, цүнх, гоёл чимэглэл, үс засалтаа өөрчилснөөр цоо шинэ төрх бүрдүүлэх боломжтой. Нэг хувцсыг хэд хэдэн янзаар хослуулж өмсөж сурах хэрэгтэй. Хувцас худалдаж авахдаа “Би үүнийг хэдэн удаа, өөр ямар хувцастай хослуулж өмсөж болох вэ?” гэж бодох нь зүйтэй. Тренд гэдэг тухайн улиралдаа гарч ирээд л өөрчлөгддөг. Харин чанартай материалтай, өөрт тохирсон эсгүүртэй хувцсыг олон жил өмсөх боломжтой. Тиймээс жил бүр шинэ хувцас авах шаардлагагүй гэж боддог. Гэхдээ трендийг огт дагаж болохгүй гэсэн үг биш. Харин өөрт тохирохгүй зүйлийг зөвхөн моод болж байна гээд сонгох хэрэггүй. Одоо сошиал орчинд нэг загвар, нэг өнгө тренд болж эхлэхээр хүмүүс бүгд л түүнийг авах гэж яардаг. Нийгмийн сэтгэл зүй ч үүнд нөлөөлдөг.
“Бусдаас хоцорчих вий” гэсэн мэдрэмжээр өөрт хэрэггүй зүйл худалдан авах нь бий.
Гэтэл тэр хувцас тухайн хүний өнгөний онцлог, биеийн харьцаа, амьдралын хэв маягт тохирохгүй байж болно. Нэг хүнд маш гоё харагдсан хувцас өөр хүнд яг адилхан зохино гэсэн үг биш. Тиймээс трендээс өөрт тохирох хэсгийг нь сонгож, өөрийн хэв маягтайгаа хослуулах хэрэгтэй. Бусдыг бүхэлд нь дуурайх шаардлагагүй. Миний бодлоор өөрийн өнгө, биеийн онцлог, хувийн стилээ мэдэх нь эдийн засгийн хувьд ч, байгаль орчны хувьд ч ач холбогдолтой. Хүн өөрт юу зохидог, ямар хувцас өмсөхөөрөө тухтай байдгаа мэддэг бол хэрэггүй худалдан авалт нь багасна. Дэлгүүрт гоё харагдсан бүхнийг авахын оронд өөрт үнэхээр хэрэгтэй, хувцасны шүүгээнд байгаа бусад зүйлтэйгээ хослуулж болох хувцсыг сонгоно. Хувцас үйлдвэрлэхэд их хэмжээний ус, байгалийн нөөц ашигладаг. Бид тренд бүрийг дагаж, байнга шинэ хувцас худалдаж аваад байвал хэрэглээгээ улам нэмэгдүүлж байна гэсэн үг. Харин чанартай, өөрт тохирсон хувцас сонгож, олон жил өмсөх нь илүү хэмнэлттэй, байгальд ч ээлтэй. Тиймээс стилистийн ажил зөвхөн хүнийг гоё харагдуулах биш. Мөн өөрийнхөө хувцсыг зөв сонгож, зөв хэрэглэж сурахад нь туслах юм.
-“Эмэгтэй хүн заавал эмэгтэйлэг хувцаслах ёстой”, “Тодорхой насанд хүрсэн бол ийм хувцас өмсөх хэрэгтэй” гэх мэт нийгмийн тогтсон ойлголтууд бий. Хувцаслалтад нас, хүйсээр хязгаар тогтоох нь зөв үү?
-Би хүн бүрийг өөрийнхөө мэдрэмжийг сонсоосой гэж хүсдэг. Эмэгтэй хүн болгон заавал эмэгтэйлэг хувцаслах албагүй. Зарим бүсгүй спортлог, чөлөөтэй, oversize хувцас өмсөх дуртай байж болно. Зарим нь илүү эршүүд, cool төрхтэй байхыг хүсдэг. Энэ бүхэн буруу биш. Хүн өөрийн хүсээгүй дүр төрхийг бусдад таалагдахын тулд бүтээх шаардлагагүй. Хэн нэгэн “Чи ингэж хувцаславал гоё” гэж хэллээ гээд заавал тэгэх албагүй. Өөрт тухтай, өөрт таалагддаг хэв маягаа олох нь чухал. Харин өөртөө ямар стиль таалагддагийг мэдэхгүй байгаа бол судалж, туршиж үзэж болно. Олон төрлийн стиль байдаг. Тэдгээрээс өөрт тохирох, дотоод мэдрэмжтэйгээ нийцэхийг нь сонгох хэрэгтэй.
Гоё харагдана гэдэг зөвхөн гаднаас харагдах зүйл биш. Тухайн хүн өөрийнхөө сонголтод итгэлтэй байхад тэр мэдрэмж нь бусдад ч хүрдэг.
Би декретийн амралтаа авч, хүүхдээ харж байхдаа өөртэйгөө илүү их цагийг өнгөрөөсөн. Өмнө нь телевизийн ажил гээд завгүй явдаг байсан бол тэр үед өөрөөсөө “Би үнэндээ юу хүсэж байна вэ?”, “Юу хийхээрээ аз жаргалтай байдаг вэ?” гэж асуух боломж гарсан. Бясалгал хийж, өөртэйгөө ярилцдаг болсон. Тэгээд хамгийн түрүүнд хүний нүүр будалт хийж, өөрийгөө гоё болсныг хараад баярлаж байгаа тэр мэдрэмж надад үнэхээр таалагддаг юм байна гэдгийг ойлгосон. Хүн өөрийнхөө юу хүсэж байгааг мэдэхгүй үедээ бусдын хэлсэн, бусдын сонгосон зүйлээр амьдрах гээд байдаг. Харин өөрийгөө сонсож эхлэхээр ямар замаар явах, юунд суралцах, юу хийхээ илүү тодорхой хардаг юм шиг санагддаг. Манай студид ирж байгаа бүсгүйчүүдтэй ч би хамгийн түрүүнд энэ талаар ярилцдаг. Зарим хүн өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг хэлж чаддаггүй, бусдад таалагдах гэж хэт их хичээсэн байдаг. Тиймээс өөрт нь юу таатай, юу тухгүй байгааг эхлээд ойлгуулахыг хичээдэг.
Бид заримдаа тав, зургаан хүнийг хамруулсан сургалт, эвент зохион байгуулдаг. Зориуд ганцаарчилсан биш, бүлгээр хийх үе ч бий. Ингэснээр бүсгүйчүүд бие биеэсээ суралцаж, өөр өөрийн мэдрэмж, туршлагаа хуваалцах боломжтой.
Би өөрөө иог, бясалгалын багшаар суралцаж төгссөн. Тиймээс сургалтынхаа үеэр дотоод мэдрэмж, өөрийгөө сонсох тухай ярилцаж, бясалгал хийлгэх нь бий. Хүн өөрт нь хэцүү байгаа зүйлээ үргэлж дотроо хадгалаад байвал эцэст нь өөрөө юу хүсэж байгаагаа ч ойлгохоо больдог. Тиймээс мэдрэмжээ илэрхийлж сурах хэрэгтэй. Заавал хэн нэгэнд хэлэх албагүй. Бичиж болно, спортоор хичээллэж болно, ямар нэг зүйл урлаж, бүтээл хийж болно. Өөрийнхөө дотор байгаа мэдрэмжийг гаргах олон арга бий. Заримдаа гэрээ цэвэрлэхэд хүртэл сэтгэл хөнгөрдөг шүү дээ. Гаднах орчноо цэгцлэх явцдаа доторхоо ч давхар цэгцэлж байгаа мэт санагддаг. Тиймээс хүн өөрийнхөө мэдрэмжийг дарах биш, ойлгож, илэрхийлж сурах нь чухал гэж боддог.
-Өөрийн гэсэн хэв маягтай болохыг хүсдэг ч юунаас эхлэхээ мэдэхгүй хүмүүс олон байдаг. Тэдэнд та юунаас эхлэхийг зөвлөх вэ?
-Хамгийн түрүүнд өөрөөсөө “Би яг юу хүсэж байна вэ?”, “Ямар хувцас өмсөхөөрөө таатай мэдрэмж авдаг вэ?”, “Ямар өнгө надад таалагддаг вэ?” гэж асуугаарай. Бас яагаад гэдгийг нь өөрөөсөө асууж үзэх хэрэгтэй. Заавал хэн нэгний хэлсэн зөвлөгөөг дагах шаардлагагүй. Өөрт тухгүй байвал өөрийгөө хүчлэх хэрэггүй. Өөртөө таалагддаг зүйлээ туршиж, судалж, бага багаар өөрийн хэв маягаа бүрдүүлээрэй. Мөн стилист бүр өөрийн гэсэн хэв маягтай.
Нэг нь илүү эмэгтэйлэг, цэвэрхэн стилийг баримталдаг бол нөгөө нь эрх чөлөөтэй, өвөрмөц, олон давхар хувцаслалтыг санал болгодог байж болно.
Тэдний нэг нь сайн, нөгөө нь муу гэсэн үг биш. Харин өөрийнхөө хүсэж байгаа дүр төрхтэй нийцэх зөвлөгчөө сонгох хэрэгтэй. Хамгийн гол нь бусдад таалагдахын тулд өөрийгөө өөрчлөх гэж бүү яараарай. Спортлог хувцаслах дуртай бол спортлог бай. Эмэгтэйлэг стильд дуртай бол тэр чиглэлээрээ хөгжүүл. Өөрийнхөө дотоод мэдрэмжид үнэнч байгаарай. Миний хүмүүст хэлдэг хамгийн чухал зүйл бол “Мэдрэмжээ битгий дараарай” гэдэг үг. Өөрийгөө сонсож, юу хүсэж байгаагаа ойлгож чадвал хувцаслалт төдийгүй амьдралынхаа олон сонголтыг илүү итгэлтэй хийж чадна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД
3,600.44





















































Нэргүй 2026-11-05 202.133.76.44
монгол хүүхнүүд шуудай углаж бакал хөлдөө жийсэн тамхи татсан хүмүүс
Нэргүй 2026-11-05 103.57.95.156
нэг с***р юм хувцаслахыг зааж гэнэ. Хол очиж гуц…хонхорт очиж гошногоо гарга.