АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын 435 суудлын бүх гишүүнийг дахин сонгох завсрын сонгууль арваннэгдүгээр сарын 3-нд боллоо. Муж бүрийн дүнгээ баталгаажуулах үйл явц тодорхой хугацаанд үргэлжлэх бөгөөд эцсийн дүн хараахан гараагүй байгаа юм. Гэхдээ урьдчилсан байдлаар Ардчилсан нам АНУ-ын Конгрессын хяналтыг гартаа авч эхлээд буйг хэвлэлүүд мэдээлж байна. “Al Jazeera” агентлагийн арваннэгдүгээр сарын 4-ний орой зурагласнаар Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонх болоход шаардлагатай 218 суудлаа хангалттай аваад зогсохгүй 10 суудлаар илүүрхжээ. Харин Бүгд найрамдах нам 139 суудал авсан буюу олонх болоход 79 суудлаар дутав.
Сенат болон Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан нам олонх болсон нь Трампын засаг захиргаанд өгч буй томоохон сануулга юм.
Ардчилсан намын Сенатын нэр дэвшигчид Бүгд найрамдах намын хүчтэй байр суурийг удаан хугацаанд хадгалсаар ирсэн мужуудад түүхэн үзүүлэлтүүдийг эвдэж, эрх мэдлийг өөрсдийн талд шилжүүллээ. Тухайлбал, Ардчилсан намын Абдул Эль-Сайед Мичиган мужид ширүүн өрсөлдсөний эцэст Бүгд найрамдах намын Майк Рожерсыг ялав. Мөн Ардчилсан намын Илхан Омар Төлөөлөгчдийн танхимын сонгуульд дахин сонгогдлоо. Энэ нь түүнийг Конгрессоос огцрохыг шаардсан Трампын уриалгыг бут цохисон ялалт байв.
Трамп Бүгд найрамдах намын ялагдалд Ираны эсрэг дайн тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж мэдэгдэж байна. Тэрбээр “Сонгогчид бензиний үнэ өсөх зэрэг богино хугацааны сөрөг үр дагаврыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаагүй байх. Би сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрнө” гэжээ.
Энэ ялагдлыг нэг талаасаа Трампын гадаад бодлогын бүтэлгүйтэл ч гэж харж байгаа аж. “Chatham House” байгууллагын АНУ болон Хойд Америкийн хөтөлбөрийн захирал Лорел Рапп “Угтаа бол завсрын сонгууль нь ерөнхийлөгчийн гадаад бодлогын үр дүнгийн тусгал байдаггүй. Гэхдээ энэ удаагийн сонгууль нь ховор тохиолдол байлаа. Ираны дайн, шатахуун, хүнсний үнэ, дайнаас үүдэлтэй инфляцын нөлөөгөөр өссөн орон сууцны үнэ зэрэг асуудал энэ удаагийн сонгуулийн гол хүчин зүйл болчихлоо” гэжээ.
Түүний хэлснээр сонгогчид Трампын засаг захиргааны олон улсын асуудлаарх бодлогыг өөрсдийн өдөр тутмын зардал, амьжиргааны өртөгтэй улам бүр холбон харж эхэлсэн аж.
Эндээс харвал Трамп ирэх хоёр жилд гадаад бодлогоо хэрэгжүүлэхдээ тодорхой хязгаарлалттай тулгарч магадгүй ч өргөн хүрээний эрх мэдлээ хадгалсаар байх болно.
АНХДАГЧДААР ДҮҮРЭН СОНГУУЛЬ
Түүнчлэн энэ жилийн нэр дэвшигчид дунд анхдагчид олон байгааг “CNN” агентлаг онцолжээ. Жишээлбэл, Кейша Лэнс Боттомс Жоржиа мужийн анхны өнгөт арьст захирагч, Жоржиа мужийн анхны эмэгтэй захирагч, мөн АНУ-ын түүхэн дэх анхны өнгөт арьст эмэгтэй захирагч боллоо. 2020 оны сонгуульд ерөнхийлөгч Жо Байден түүнийг дэд ерөнхийлөгчөөр нэр дэвшүүлэхээр авч үзэж байв.
Мөн Крис Паппас Нью-Хэмпшир мужийн Сенатын сонгуульд ялалт байгуулснаар АНУ-ын түүхэн дэх ижил хүйстэн гэдгээ ил тод мэдэгдсэн анхны эрэгтэй сенатор болжээ. Түүний ялалт Ардчилсан намд чухал суудлаа хадгалах боломж олгож байгаа юм. Яагаад гэвэл Бүгд найрамдах нам Нью-Хэмпширийг өөртөө эргүүлэн авах хамгийн боломжтой мужуудын нэг гэж харж байв.
Байрон Доналдс Флорида мужийн анхны өнгөт арьст захирагч боллоо. Флорида бол ерөнхийлөгч Трампын Бүгд найрамдах намын байр суурь нэлээн бат бөх байдаг муж. Байрон Доналдс сонгуулийн эхэн үед Трампаас бүрэн дүүрэн дэмжлэг авчээ.
Энни Эндрюс Өмнөд Каролина мужаас сонгогдсон анхны эмэгтэй АНУ-ын сенатор болов. Тэрбээр томилогдсон сенатор Дарлин Грэхэмийг ялж, Бүгд найрамдах намын бараг 30 жил эзэмшиж ирсэн Сенатын суудлыг Ардчилсан намд шилжүүллээ. Бүгд найрамдах нам баттай давамгайлдаг Өмнөд Каролина мужид улс төрийн туршлага багатай хүнийг Трамп дэмжин гаргаж ирсэн нь маргаан дагуулаад байсан ч тэр ялалт байгууллаа.
Жина Инохоса Техас мужийн анхны испани гаралтай захирагч болов. Тэрбээр бараг 12 жил ажилласан Бүгд найрамдах намын захирагч Грег Эбботтыг албан тушаалаас нь буулгаж байна.
Мелат Кирос Колорадо мужаас АНУ-ын Конгресст сонгогдох анхны өнгөт арьст эмэгтэй боллоо. Үүний зэрэгцээ 29 настай тэрбээр Конгрессын хамгийн залуу гишүүдийн нэг буюу “Z” үеийн төлөөлөл болох юм.
Адам Хамауи Нью-Жерси мужаас АНУ-ын Конгресст сонгогдох анхны мусульман гишүүн болов. АНУ-ын армийн байлдааны мэс засалч асан бөгөөд Израилийг хүчтэй шүүмжлэгч Хамауи нь Ардчилсан намыг төлөөлдөг бөгөөд эмнэлгийн болон оюутны зээлийн өрийг хүчингүй болгохыг дэмждэг.
Түүнчлэн Клэр Вальдес Нью-Йорк мужаас АНУ-ын Конгресст сонгогдох анхны уугуул америк эмэгтэй, Жереми Мосс Мичиган мужаас АНУ-ын Конгресст сонгогдох анхны ил тод ижил хүйстэн гишүүн болж байна.
Эми Актон Охайо мужийн захирагчаар сонгогдсон анхны эмэгтэй болов. Тэрбээр 2006 оноос хойш Охайогийн захирагчийн сонгуульд ялсан анхны Ардчилсан намын нэр дэвшигч, мөн тус албан тушаалд сонгогдсон анхны эмэгтэй болж байна.
Эцэст нь Хавьер Бесерра Калифорни мужийн анхны сонгогдсон латин гаралтай захирагч болов. Түүний ялалт АНУ-ын хамгийн том мужид Ардчилсан намын эрх мэдлийг хадгалж үлдлээ. Байдены үед Конгрессын гишүүн, мужийн ерөнхий прокурор, Эрүүл мэнд, хүний үйлчилгээний сайдаар ажиллаж байсан Бесерра олон нэр дэвшигчтэй, ширүүн өрсөлдөөнтэй анхан шатны сонгуулиас гарч ирэн, захирагч Гэвин Ньюсомын халааг авахаар болжээ.
3,600.44





















































Иргэн 2026-11-05 103.57.92.179
За тэр Трамп яахав ээ. Бидэнд ч бас нэг хүнд сануулга өгөх хэрэг байгаа байх шүү.