Гади Эйзенкотын сонгуулийн кампанит ажлын хамгийн том давуу тал нь тун энгийн бөгөөд маргахын аргагүй зүйл юм. Тэр Беньямин Нетаньяху (Биби) биш. Израилийн түүхэн дэх хамгийн чухал сонгуулиудын нэгт саналаа өгсөн сонгогчийн хувьд энэ нь Эйзенкотыг дэмжих хангалттай шалтгаан болсон. Хэдийгээр энэ сонгуульд аль ч тал олонх болоогүй ч Арабуудын нам Эйзенкотыг дэмжээсэй гэх нууцхан итгэл израильчуудын дунд бий бололтой. Гэхдээ тэр энэ дайныг дуусгах уу, үргэлжлүүлэх үү гэдэг нь таамаг хэвээр байна. "NEWS" агентлагийн "ХҮМҮҮС" буландаа Нетаньяхугийн гол өрсөлдөгч, Израиль-Палестины ирээдүйг өөрчилж болзошгүй нэгнийг онцолж байна.
Эйзенкотын угсаа гарал Израилийн сонгуулийн үеэр улс төрийн томоохон маргаан дэгдээв. Учир нь телевизийн нэрт хөтлөгч, Нетаньяхуг дэмждэг гэдгээрээ танигдсан Йинон Магал түүнийг үндэс угсаагаар нь доромжилсон утгатай үг хэлжээ. Тэрбээр Эйзенкотыг “Ашкенази гаралтай элитүүдийн удирддаг Мизрахи-Марокко гаралтай сармагчин” гэж нэрлэсэн байна. Энэ нь Израилийн нийгэмд олон жилийн турш үргэлжилж ирсэн угсаа гарал, нийгмийн давхаргын ялгааг дахин хөндсөн хэрэг болов.
Тайлбарлавал, Израилийн еврейчүүдийн дунд Европоос гаралтай Ашкенази болон Ойрх Дорнод, Хойд Африкаас гаралтай Мизрахи гэсэн бүлгүүд бий. Өмнө нь Европ гаралтай еврейчүүд улс төр, эдийн засгийн эрх мэдлийг гол төлөв эзэмшиж байсан бол Мизрахи гаралтай иргэд нийгмийн тэгш бус байдалтай нүүр тулж иржээ. Харин Магал өөрийгөө Эйзенкотын угсаа гарал, үндэсний онцлогийг доромжлох гэсэн санаагүй гэж тайлбарласан байна. Магалын хэлснээр, ашигласан үг нь бусдын заавраар ажилладаг, ард нь байгаа хүмүүсийн нөлөөгөөр шийдвэр гаргадаг хүнийг илэрхийлсэн аж. Гэсэн ч түүний мэдэгдэлд Нетаньяху хүртэл шүүмжлэлтэй хандаж, буруутгасан байна.
Энэ явдал Эйзенкотын гэр бүлийн гарал үүслийг олон нийтийн анхаарлын төвд авчирлаа. 66 настай Эйзенкот Мароккогоос Израильд цагаачилж ирсэн гэр бүлд төрсөн ч Израилийн армийн жанжин штабын дарга хүртэл дэвшсэн хүн юм. Тэрбээр улс төр, эрх мэдлийн төвөөс алслагдсан Тибериа болон Эйлат хотод өсөж торнижээ. Харин түүний өрсөлдөгч Нетаньяху Иерусалим хотын нөлөө бүхий, улс төрийн эрх мэдэлтэй хүрээлэлд өссөнөөрөө Эйзенкотоос эрс ялгаатай. Эйзенкот өөрийн Марокко гарал үүслийг төдийлөн онцолдоггүй. Гэсэн хэдий ч энэ нь сонгогчдын дэмжлэг авахад нь нөлөөлж буй чухал хүчин зүйл гэж шинжээчид үзэж байна.
Тэрбээр жилийн өмнөх санал асуулгад нэг оронтой тоогоор илэрхийлэгдэх бага дэмжлэгтэй байсан бол өдгөө Нетаньяхуг засгийн эрхээс буулгах сөрөг хүчний гол нэр дэвшигч болжээ.
Израиль улс өнөөг хүртэл Мизрахи гаралтай ерөнхий сайдтай болж байгаагүй. Хэрэв Эйзенкотын нам Арабын намуудын дэмжлэгийг авах юм бол Нетаньяхугийн засгийн газрыг унагаах юм.
ГАДИ ЭЙЗЕНКОТ ГЭЖ ХЭН БЭ?

Эйзенкот нь есөн хүүхэдтэй айлын хоёр дахь хүүхэд. Мөн таван хүүхдийн эцэг юм. Тэрбээр амьдралынхаа ихэнх хугацааг Израилийн Батлан хамгаалах хүчинд (IDF) алба хааж өнгөрүүлсэн бөгөөд улс төрд харьцангуй хожуу орж ирсэн хүн юм. Эйзенкот 1978 онд Израилийн армийн Голани бригадын цэргийн албанд элсэж, 40 жилийн хугацаанд шат дараалан дэвшсээр 2015-2019 онд армийн Жанжин штабын даргаар ажиллажээ. Тухайн үед Беньямин Нетаньяху ерөнхий сайдын суудалдаа заларсан хэвээр байв.
Түүнийг армийн удирдлагаар ажиллаж байх үеэр Израилийн цэргийн түүхэн дэх хамгийн их маргаан дагуулсан нэгэн хэрэг гарчээ.
Тодруулбал, 2016 онд Израилийн түрүүч Элор Азариа Хеброн хотод шархадсан палестин халдагчийг буудан хөнөөжээ. Баруун жигүүрийн улс төрчид, тэр дундаа Нетаньяху уг хэргийг дэмжиж байсан ч Эйзенкот үүнийг цэргийн журмын дагуу шалгаж, шүүхээр шийдвэрлүүлэх байр суурь баримталсан байна. Тэрбээр энэ хэргийг армийн сахилга бат, ёс зүйн зарчмыг хамгаалаагүй үйлдэл гэж буруутгаж байв.
Эйзенкот 2022 онд армийн Жанжин штабын даргаар ажиллаж байсан Бенни Ганцтай хамт улс төрд орж ирсэн.
Харин 2023 оны аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэл Израильд халдсаны дараа тэд Нетаньяхугийн байгуулсан дайны үеийн онцгой засгийн газрын бүрэлдэхүүнд багтжээ. Эйзенкот онцгой засгийн газрын бүрэлдэхүүнд байх хугацаандаа дайн дууссаны дараа Газын зурвасын ирээдүйн талаарх төлөвлөгөөг Нетаньяхугаас шаарддаг байв. Гэвч тодорхой төлөвлөгөө байхгүй байсаар түүний тэсгэл алдаж 2024 оны зургадугаар сард засгийн газраас гарсан байна.

Энэ дайны уршиг Эйзенкотын гэр бүлд ч хүндээр тусжээ. Түүний отгон хүү, 25 настай Гал 2023 оны арванхоёрдугаар сард Газын зурваст цэргийн ажиллагаанд оролцож байхдаа амь үрэгдсэн юм. Тухайн үед дайн эхлээд хоёр сар орчим болж байв. Мөн түүний хоёр ач хүү байлдааны ажиллагааны үеэр амиа алдсан байна.
Эйзенкот 2026 оны дөрөвдүгээр сард “Едиот Ахронот” сонинд нийтлүүлсэн нийтлэлдээ:
“Хүүгийнхээ шарилын дэргэд би өөртөө тангарагласан. Түүний минь болон түүний нөхдийн төлсөн энэ их үнэ цэн, тэдний таньдаг байсан болон таньдаггүй байсан хүмүүсийн гаргасан золиос талаар өнгөрөх ёсгүй гэж тангарагласан” гэжээ.
Тэрбээр энэхүү тангаргаа улс төрд орж ирсэн зорилго, цаашдын үйл ажиллагааныхаа гол утга учир гэж үздэг байна. Эйзенкот бол дайныг бүхэлд нь эсэргүүцдэг хүн биш. Харин Израилийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор цэргийн ажиллагаа явуулахыг дэмждэг. Гэхдээ Нетаньяхугийн дайны удирдлага, бодлогыг шүүмжилдэг улс төрч юм.
ЭЙЗЕНКОТ ЕРӨНХИЙ САЙД БОЛОХЫН ТУЛД ЮУ ШААРДЛАГАТАЙ БАЙСАН БЭ?

Эйзенкот Израилийн сөрөг хүчний гол нэр дэвшигч болж, ерөнхий сайд Нетаньяхугийн гол өрсөлдөгчөөр тодорсон юм. Гэвч сонгуулийн урьдчилсан дүнгээр аль ч тал засгийн газар байгуулах хэмжээний олонхийн суудал авч чадаагүй. Нетаньяхугийн тэргүүлсэн эвсэл 53, Эйзенкотын тэргүүлсэн сөрөг хүчний эвсэл 48 суудал авахаар тооцоологджээ. Израилийн парламент нийт 120 суудалтай бөгөөд засгийн газар байгуулахын тулд аль нэг намд 61 суудал шаардлагатай.
Энэ үед парламентын 18 суудал авахаар байсан Арабын намуудын дэмжлэг чухал болж ирсэн юм. Хэрэв Эйзенкот тэдний дэмжлэгийг авч чадах юм бол засгийн газар байгуулах боломжтой.
Гэвч сөрөг хүчнийхэн энэ асуудлаар санал зөрөлдсөн байна. Зүүний үзэл баримтлалтай Ардчилсан намын дарга Яир Голан бусад намуудаа дотоод зөрчлөө даван туулж, хамтран засгийн газар байгуулахыг уриалжээ. Харин сөрөг хүчний баруун жигүүрийн улс төрчид болох Авигдор Либерман, Нафтали Беннетт нар Арабын намуудыг засгийн газрын бүрэлдэхүүнд оруулахыг эрс эсэргүүцсэн байна.
Эйзенкот өөрөө ч Арабын намуудтай хамтрахад тодорхой шаардлага тавьжээ. Тухайлбал, тэд Израилийг еврей үндэстний улс гэдгийг хүлээн зөвшөөрч, Хамасыг террорист байгууллага гэж үзэн, устгах шаардлагатай гэдэгтэй санал нийлэх ёстой гэж мэдэгдсэн байна.
Ийнхүү Эйзенкотын хувьд ерөнхий сайд болох зам амаргүй байна. Тэрбээр засгийн газар байгуулахад шаардлагатай 61 суудалд хүрэхийн тулд бусад намын дэмжлэг авах хэрэгтэй болсон ч Арабын намуудтай хамтрах асуудал сөрөг хүчний дотор томоохон санал зөрөлдөөн үүсгээд буй.
Израилийн армид олон жил ажиллаж, цэргийн ажиллагааны төлөвлөгөө боловсруулж байсан Эйзенкот нь зан чанар, удирдах арга барил, улс төрийн байр сууриараа Нетаньяхугаас ялгаатай хүн юм.
Эйзенкот сонгуулийн сурталчилгаандаа өөрийгөө “Дайчин, удирдагч, эв нэгдлийг эрхэмлэгч” гэж тодорхойлж байв. Түүний намыг еврей хэлээр “Шууд”, “Зөв чигээрээ” гэсэн утгатай “Яшар” гэж нэрлэжээ. Энэ нэр нь 2023 оны аравдугаар сарын 7-ны халдлагын үеэр барьцаалагдаж, суллагдсан Эли Шарабигийн хэлсэн “Баруун ч биш, зүүн ч биш, харин зөв зам” гэсэн үгнээс санаа авчээ.
Эйзенкотын сонгуулийн гол амлалтуудын нэг нь дотоодын асуудал, төрийн хариуцлагатай холбоотой байв. Тэрбээр 2023 оны аравдугаар сарын 7-ны халдлагаас урьдчилан сэргийлж чадаагүй шалтгаан, алдаа дутагдлыг шалгах хараат бус улсын комисс байгуулахаа амласан юм. Харин Нетаньяху дайн эхэлснээс хойш ийм комисс байгуулахыг эсэргүүцсээр иржээ. Мөн Эйзенкот бүх иргэн заавал цэргийн алба хаах эсвэл нийгмийн тустай алба гүйцэтгэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Учир нь Нетаньяхугийн тэргүүлж байсан засгийн газар хэт шашинлаг еврейчүүдийг цэргийн албанаас чөлөөлөхийг дэмждэг.
Харин аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын хувьд Эйзенкот Нетаньяхутай олон талаар ижил байр суурьтай. Тэрбээр Нетаньяхугийн бусад олон өрсөлдөгчийн адил Газын зурвас, Ливан болон Иранд явуулсан Израилийн цэргийн ажиллагааг ерөнхийд нь дэмжиж байсан юм. Израилийн армид ажиллаж байхдаа Эйзенкот “Дахиягийн номлол” хэмээх цэргийн стратегийг онцолдог байв. Энэ нь зэвсэгт бүлэглэлүүдийн дахин халдлага үйлдэхээс сэргийлэх зорилгоор тэдний түшиглэдэг дэд бүтэц, байгууламжид асар их хүчээр цохилт өгөх тактик юм.
Мөн тэрбээр дайныг шууд эхлүүлэхгүйгээр дайсны цэргийн чадавхыг сулруулах зорилготой нууц болон хязгаарлагдмал хэмжээний цэргийн ажиллагааг дэмждэг байжээ.
Ираны асуудлаар ч Эйзенкот Нетаньяхутай ижил байр суурьтай байв. Тухайлбал, Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх, тус улсын бүс нутаг дахь холбоотон зэвсэгт бүлэглэлүүдийн нөлөөг сулруулахыг зорьж байжээ. Гэхдээ тэрбээр Ирантай хийсэн сүүлийн үеийн мөргөлдөөнийг тодорхой стратегигүйгээр удирдсан гэж засгийн газрыг шүүмжилж, цэргийн ажиллагааны үр дүнг дипломат хэлэлцээгээр баталгаажуулах шаардлагатай гэж үзсэн байна.
Харин Газын зурвас дахь дайны асуудлаар Эйзенкот Нетаньяхуг ил тод шүүмжилжээ. Тэрбээр Нетаньяхуг улс төрийн ашиг сонирхлын үүднээс дайныг зориуд сунжруулж, Хамасын барьцаанд байгаа израильчуудын амь насыг эрсдэлд оруулсан гэж буруутгасан юм. Энэхүү санал зөрөлдөөн нь түүнийг дайны үеийн онцгой засгийн газраас гарахад хүргэсэн гол шалтгаануудын нэг байв.

Газын зурвасын асуудлаар Эйзенкот Хамасын засаглалыг 18 сарын дотор дуусгах зорилт тавьжээ. Үүний тулд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санал болгосон гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх эсвэл "шинэ арга барил"-аар үргэлжлүүлэх хувилбар дэвшүүлсэн байна.
Нетаньяху ч мөн Хамасыг засгийн эрхээс зайлуулах зорилготой байсан. Гэхдээ Эйзенкот түүнийг энэ зорилгодоо хүрч чадахгүй байна гэж шүүмжилжээ. Тэрбээр “Нетаньяху ерөнхий сайд хэвээр байгаа цагт Хамас засгийн эрхэнд үлдэнэ” гэж мэдэгдсэн байна. Палестинчууд тусдаа улс байгуулах асуудлаар Эйзенкотын байр суурь мөн өөрчлөгджээ. Тэрбээр өмнө нь Израиль Баруун эрэг дэх Палестины газар нутгийг үргэлжлүүлэн хянасаар байвал израиль болон палестинчууд нэг улсын хүрээнд хамт амьдрах нөхцөл үүсэж болзошгүйг анхааруулж байсан. Ингэснээр Израиль еврей үндэстний улс хэвээр үлдэх боломжгүй болно гэж үзэж байжээ. Харин 2023 оны аравдугаар сарын 7-ны халдлагын дараа Израиль, Палестин гэсэн хоёр тусдаа улс байгуулах замаар зөрчлийг шийдвэрлэх хувилбарыг дэмжихээ больсон байна. Тэрбээр саяхан өгсөн ярилцлагадаа энэ шийдлийг одоо хүртэл дэмждэг хүмүүсийг бодит байдлаас тасарсан хэмээн шүүмжилсэн ч оронд нь ямар шийдэл хэрэгжүүлэхээ тодорхой хэлээгүй юм.
Эйзенкот Газын зурваст Хамасын засаглалыг дуусгах, Израилийн аюулгүй байдлыг цэргийн хүчээр хамгаалахыг дэмждэг. Гэхдээ Палестины газар нутгийг Израильд нэгтгэх, хууль бус суурин байгуулахыг эсэргүүцдэг. Харин палестинчуудыг тусдаа улстай болгох асуудлыг одоогоор дэмжихгүй байгаа бөгөөд үүний оронд ямар шийдэл санал болгож байгаагаа тодорхойлоогүй байна.
3,600.44



















































medegdel gadni OCXT glxylgaich bolnic bb 2026-11-05 202.126.88.171
+ gemtluin ard 6 dabxart N23 bainga tyrbo Urumduj
gadni OC shunuur Nyraaj, Tsonx xaacan baishingyyd
Xylgaich bushyy