Сахалт хотын дарга “Movember” аянд нэгдэв

Сахалт хотын дарга “Movember” аянд нэгдэв

Сахалт хотын дарга “Movember” аянд нэгдэв

Нью-Йорк хотын дарга Зохран Мамдани улс төрд өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхийг бий болгож, түүнийгээ хадгалах нь ямар хүчтэй нөлөөтэйг сайн мэддэг нэгэн. Тэрбээр хотын даргын албан тушаалд өрсөлдөж эхлэхдээ л өмнө нь өмсөх дуртай байсан хувцаснаасаа татгалзаж, биед бариу эсгүүртэй хослол өмсөх болсон. Бариу хослол болон цэвэрхэн зассан сахлыг түүний дүр төрхийн салшгүй нэг хэсэг гэхэд болно.

Энэ жилийн Хэллоуины баяраар олон ч хүн Мамданигийн дүр төрхийг дуурайсан байсан нь түүний хүчин зүтгэл талаар болоогүйг илтгэнэ.

Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдээр тэр цоо шинэ дүр төрхтэй гарч ирж олныг гайхашрууллаа. Тэрбээр сахлын засалтаа өөрчилж, зөвхөн дээд уруулынхаа хэсгийг үлдээжээ. Шинэ дүр төрхтэй Мамдани Нью-Йорк хотын марафоны үеэр гүйгчдэд ус тараасан боловч зарим хүн түүнийг танихгүй өнгөрсөн аж.

Гэсэн ч хотын даргын шинэ дүр төрх хэвлэлийнхний анхаарлыг тэр даруй татжээ. “New York” сэтгүүл л гэхэд түүнд “Сахалт хотын дарга” гэх шинэ нэр өгсөн бол хуучин битүү сахал нь илүү зохиж байсан гэж маргах хүмүүс ч гарч ирсэн байна.

Мамдани үндэсний хэмжээний улс төрийн тавцанд гарч ирснээсээ хойш гадаад төрхөө анх удаа ингэж эрс өөрчилж байна. Сүүлийн жилүүдэд урлагийн алдартнуудын нөлөөгөөр сахал дахин моодон орсон. Харин улстөрчдийн дунд сахалтай дүр төрх харьцангуй ховор. Гадаадын зарим удирдагч сахалтай байх нь байдаг ч Америкийн улстөрчид тиймгүй.

Тэгвэл хотын дарга сахал тависнаараа моод дагаж байгаа хэрэг үү? Эсвэл үүгээрээ ямар нэг дохио өгөхийг зорив уу?

Хариулт нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндтэй холбоотой аж. Тэрбээр арваннэгдүгээр сарын 2-ны өдөр цахим сүлжээндээ тайлбар бичлэг нийтэлжээ. Жил бүр зохион байгуулдаг, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг дэмжих зорилготой “Movember” аяны хүрээнд Мамдани сахлаа ургуулсан нь энэ аж. Уг аян нь түрүү булчирхай болон төмсөгний хорт хавдар зэрэг эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой. Мамдани зүгээр нэг бэлгэ тэмдгийн чанартайгаар энэ аяныг дэмжсэнгүй. Тэрбээр Бруклин дахь нэгэн эмнэлэгт түрүү булчирхайн хорт хавдрын шинэ төв байгуулахад зориулж дөрвөн сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээ зарлажээ.

Дашрамд дурдахад, “Movember” гэдэг нь “Moustache” буюу сахал, “November” буюу арваннэгдүгээр сар гэсэн хоёр үгийг нэгтгэсэн утгатай. Энэ аяны хүрээнд эрчүүд арваннэгдүгээр сарын 1-ныг сахлаа бүтэн хуссан цэвэрхэн нүүртэй угтдаг. Ингээд бүтэн сарын турш зөвхөн дээд уруулын сахлаа ургуулдаг. Ургаж буй сахал нь хүмүүсийн анхаарлыг татдаг тул "Яагаад сахал ургуулсан юм бэ?" гэж асуухад нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар ярих боломж гардаг ажээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж