АНУ-ын завсрын сонгуулийн өмнө төрийн албан тушаалтнууд болон сонгуулийн байгууллагын ажилтнуудад цагаан нунтагтай, сүрдүүлсэн агуулга бүхий 700 гаруй захидал илгээсэн хэрэгт 67 настай эрэгтэйг буруутгажээ. Оклахома хотын оршин суугч Робин Патрик Мартин арваннэгдүгээр сарын 2-нд баривчлагдсан бөгөөд маргааш нь холбооны шүүхэд анх удаа мэдүүлэг өгсөн байна. Түүнийг худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тараах, сүрдүүлсэн захидал шуудангаар илгээх зэрэг хэрэгт буруутгаж байгаа аж.
Прокуроруудын мэдээлснээр, Мартин АНУ-ын Конгрессын гишүүд, муж болон холбооны түвшний төрийн албан хаагч, сонгуулийн санал асуулга явуулдаг байгууллагуудад 700 гаруй захидал илгээжээ. Захидал бүрд төрийн ажилтнуудыг эх орноосоо урвасан гэж буруутгасан байх бөгөөд цагаан нунтаг хийсэн байв.
Анхан шатны шинжилгээгээр уг цагаан нунтаг нь мөөгөнцрийн хөрөнгө эсвэл гурил байсан бөгөөд хүний эрүүл мэндэд аюулгүй болох нь тогтоогджээ.
Гэхдээ бүх захидлын шинжилгээ хараахан дуусаагүй байна. Холбооны мөрдөх товчооны (FBI) мөрдөгч Дэвид Коулын мэдээлснээр, захидлуудад 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн агуулга байжээ. Тодруулбал, захидал бичигч Мартин нь Дональд Трампыг 2020 оны сонгуульд ялсан гэж мэдэгдэж, 2024 оны сонгуулиар ижил асуудал дахин үүсч болзошгүйд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.
Зарим захидалд хүлээн авагчдыг эх орноосоо урвасан хэргээр баривчлагдах, эсвэл түүнээс ч ноцтой үр дагавартай нүүр тулж болзошгүй гэж сүрдүүлсэн байв. Мөн хэт ягаан туяагаар л харагдах бэхээр “Түүхийн зөв талд зогс. Таны амь нас үүнээс хамаарч мэднэ” гэж бичсэн байсныг "FBI" мэдээлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагаа 2024 оноос эхэлжээ. Тухайн үед АНУ-ын хэд хэдэн мужийн сонгуулийн байгууллага шуудангаар цагаан нунтаг бүхий захидал хүлээн авсан тухай мэдээлж байв. Захидлын буцах хаяг дээр Мэрилэнд мужийн Такома-Парк хотод байрладаг гэх боловч илгээгчийг нь “АНУ-ын Урвагчдыг устгах арми” гэсэн байжээ.
"FBI"-ийн мэдээлснээр, мөрдөгчид Мартин Оклахома-Сити, Даллас болон Техас мужийн Сан-Антонио хотын шуудангийн салбаруудаар үйлчлүүлж захидлаа илгээдэг байсан. Мөн "FBI"-ийн захирал Каш Пателд хаягласан захидлаас түүний хурууны хээг илрүүлсэн гэж мэдэгджээ.
Түүнчлэн Мартин гэж сэжиглэгдэж буй этгээд Америкийн Ардчилсан социалистуудын байгууллагын гишүүдэд цахим зурвас илгээж, тэднийг урвагч хэмээн нэрлэсан байв. Мөн арваннэгдүгээр сарын 3-ны завсрын сонгуульд санал өгсөн нь эх орноосоо урвасан хэрэг гэж буруутгасан байна. Одоогоор уг хэргийг холбооны мөрдөн шалгах байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
3,602.33






















































Нэргүй 2026-11-04 64.119.21.49
Америкчууд цагаачдыг үзэн ядаад байхад гадаадынхан АНУ руу зүтгээд байдаг, яасан ч өрөвдөлтэй юм бэ