Европ: 7 онгоцонд тэсрэх бөмбөг байрлуулсан гэх худал мэдээлэл иржээ

Европ: 7 онгоцонд тэсрэх бөмбөг байрлуулсан гэх худал мэдээлэл иржээ

Европ: 7 онгоцонд тэсрэх бөмбөг байрлуулсан гэх худал мэдээлэл иржээ
Европын хэд хэдэн улсын зорчигч тээврийн долоон онгоцонд тэсрэх бөмбөг байрлуулсан гэх заналхийлэл ирсний дараа аюулгүй байдлын шалгалт хийжээ. Тухайн онгоцнуудын хоёр нь Их Британиас хэдийнэ хөөрсөн нислэг байсан. Гэсэн хэдий ч шалгалтаар аль ч зорчигч тээврийн онгоцноос тэсрэх төхөөрөмж илрээгүй байна.
Тодруулбал, Дублин болон Лиссабоноос Ром хотыг зорьсон “Ryanair” компанийн хоёр онгоцонд тэсрэх төхөөрөмж суурилуулсан гэж нэрээ нууцалсан эх сурвалжаас Мягмар гаригт (2026.11.03) мэдээлэл иржээ.
Үүний дараа Италийн Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоц Дублинаас ниссэн онгоцыг Фьюмичино нисэх буудалд дагалдан газардуулж, шалгасан байна. Лиссабоноос ирсэн нислэгийг мөн цэргийн онгоц дагалдан буулгаж, шалгажээ. Мөн Польш, Испани, Болгарын нисэх буудлуудад хэд хэдэн онгоцонд шалгалт хийжээ. Тухайлбал, Манчестер хотоос Испанийн Мурсиа хотод газардсан “Ryanair” компанийн онгоцонд тэсрэх бөмбөг байхгүй нь тогтоогдсон байна. Харин Лондонгийн Хитроу нисэх буудлаас Варшавыг зорьсон нислэгийг аюулгүй байдлын үүднээс чиглэлийг нь өөрчлөн, Модлин нисэх буудалд газардуулжээ.

Их Британийн Засгийн газар эдгээр үйл явдлыг “санаатайгаар зохион байгуулсан худал заналхийлэл” гэж тодорхойлсон байна. Одоогоор улс орнуудын эрх баригчид уг хэргүүд хоорондоо холбоотой эсэхийг албан ёсоор тогтоогоогүй. Гэсэн хэдий ч агаарын тээврийн үйл ажиллагааг доголдуулах зорилготой нэгдсэн ажиллагаа байсан эсэхийг хамтран шалгаж байгаа аж. Нисэхийн аюулгүй байдлын мэргэжилтэн Пол Мейсоны хэлснээр, зорчигч тээврийн онгоцонд бөмбөг байрлуулсан гэх заналхийлэл харьцангуй ховор тохиолддог. Тиймээс олон улсын агаарын тээврийн хэд хэдэн компанид богино хугацаанд ижил төрлийн заналхийлэл ирсэн нь анхаарал татаж буйг онцолжээ.

Ийм мэдээлэл ирсэн тохиолдолд нисэх баг онгоцны ариун цэврийн өрөө, гал тогоо болон ачаа хадгалах хэсгүүдэд сэжигтэй зүйл байгаа эсэхийг шалгадаг.

Харин заналхийлэл бодитой байх магадлал өндөр гэж үзвэл онгоцыг өөр нисэх буудалд буулгаж, зорчигчдыг нүүлгэн шилжүүлэн, цагдаа болон тэсрэх төхөөрөмж устгах мэргэжилтнүүд нарийвчилсан үзлэг хийдэг аж. Түүнчлэн энэ үеэр Грекийн Сирос арал дахь боомтод зогсож байсан Израиль руу чиглэсэн аяллын хөлөг онгоцонд бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл ирж, 1,537 зорчигч болон багийн гишүүнийг нүүлгэн шилжүүлжээ. Анхан шатны шалгалтаар мөн тэсрэх төхөөрөмж илрээгүй бөгөөд хөлөг онгоц аяллаа үргэлжлүүлэхээр болсон байна. Эдгээр үйл явдлаас нэг өдрийн өмнө Лондонгийн Лутон хотоос ниссэн “Wizz Air” компанийн онгоцонд мөн тэсрэх бөмбөгийн заналхийлэл ирж, Унгарын сөнөөгч онгоцны дагалдан хамгаалалт дор Будапештэд яаралтай газардсан юм. Тухайн онгоцонд хийсэн шалгалтаар ч тэсрэх төхөөрөмж илрээгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж