Хорвоо гэдэг ижий аав, элгэн садан, элбэрэлт багачуултайгаа өнөд жарган суумаар хоргодом дулаахан. Хүмүүний амьдрал хэмжээлшгүй их зол ерөөлөөр хэлхсэн, баяр гуниг сүлэлдсэн цаглашгүй он жил мэт санагдах атлаа мөнх бусын үнэнтэй нүүр тулах нь цагийн эрх гэлтэй. Монголчууд бол эртний түүхтэй, соёл уламжлал арвин, дэг ёс чанд, өтгөс буурлаа дээдлэн хүндэлдэг тахимдуу ард түмэн. Үүний тод жишээ бол бурхан болоочоо хөдөөлүүлэх ёсон.
Даяаршлын салхи эрчимжиж, хотжилт тэлэхийн хэрээр бидний амьдралын хэв маяг өөрчлөгдөж, хөгжлийн жишигтэй хөл нийлүүлэн алхахыг эрмэлзсээр яваа. Зарим үед зан заншил хийгээд хотжилтын улбаа зөрчилдөх нь ч бий. Тухайлбал, Улаанбаатар хотын төлөвлөлт, автозамын түгжрэл зэргээс иргэд насан өөд болсон нэгнээ амар тайван үдэхэд хүндрэл учирч байгаа тухай асуудал хөндөгдсөөр ирсэн. Иймд News.mn мэдээллийн сайтын редакц хүмүүний ухамсарт амьдралын сүүлчийн хүндэтгэл дүүрэн мөч, их хотоос чимээгүй хот хүрэх сүүлийн замыг сурвалжиллаа.
ЭЦСИЙН ЗАМД ҮДЭХ САЙН ЦАГ БА ТҮГЖРЭЛИЙН ОРГИЛ ЦАГИЙН ДАВХЦАЛ
Шүүх шинжилгээний ерөнхий газар 05:35 цагт
Сурвалжлах багийн эхний ажилласан байршил олны нэрлэж заншсанаар шүүх эмнэлэг буюу Шүүх шинжилгээний ерөнхий газар байв. Эмнэлгийн ойр орчим Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Боловсролын их сургуулийн чиг дэх автозамуудын хоёр талаар машинуудыг эгнэн зогсоожээ. Буяны хөсөг гарч ирэхэд угтан авч цуваагаар хөдлөхөд зэхэж буй нь энэ. Бурхан болоочийг ар гэрт нь хүлээлгэн өгөх цаг дөнгөж эхэлж байгаа боловч эмнэлгийн гадаа хэдийн хөл хөдөлгөөн ихэсчээ. Эмнэлгийн долоон хаалга нэгэн зэрэг ажиллах боловч хүлээгдэл багагүй нь ажиглагдана. Энэ хаалганы цаана бурхан болоочийг сүүлийн замд нь мордуулахаар тухайн айлын залж ирсэн лам, шүүх эмнэлгийн ажилтан, ар гэрийнхэн алтан шарилыг нь бэлдэж буй.




Үе үе хонхны дуу жингэнэх агаад аль нэг хаалга онгойж, авс хүндэтгэлтэйгээр өргөсөн эрчүүд гарч ирэхэд орчны анир нэлэнхүйдээ намсах хүний өөрийн гэлгүй хагацал үзсэн нэгнийхээ уй гашууг хуваалцах дулаан сэтгэл гэлтэй. “Буяны хөсөг” бичигтэй бараан голцуу өнгөтэй машинууд Шүүх эмнэлгийн хаалгануудыг бараадан зогсоно. Гадна зогсоолд хонуулж, цас хялмаанд дарагдсан машинууд дунд содон харагдаж байв. Өндөр настай хүн өөд болсон бол дээрээ сүм хэлбэрийн чимэглэлтэй машин сонгох нь элбэг аж.
Ойролцоох албан байгууллагуудын авто зогсоол машинаар дүүрэн тул буяны хөсөг, салах ёс гүйцэтгэхээр хүлээж буй хүмүүс барилга хоорондын давчуу зайнд хөшилдөнө. Энд орох, гарах урсгалын тогтсон зохицуулалт байдаггүй аж. Буяны хөсөг бүр залсан ламынхаа заасан сайн зүгтээ хөдлөхөд зэхэн байрлалаа эзэлжээ.
Бид энэ удаа буяны үйлчилгээ үзүүлэгч Монголын ууган байгууллага болох “Улаанбаатар буян” ХХК-ийн Ахлах зөвлөх ажилтан О.Нямдашийг дагалдан яваа. 12 жил энэ салбарт ажиллаж буй тэрбээр "07.40-ийн цагтай үйлчлүүлэгчдэд нэлээд хүндрэлтэй байдаг. Өглөөний ид түгжрэл ачааллын үе эхэлчихдэг" гэв.
"Бүгд л бурхан болоочоо сайн цагт нь гаргаж, шинжээн дээр заасан зүгт хөдлөх ёстой. Гэвч шүүх эмнэлэг орчимд маш хэцүү. Давчуу автозамд айлууд хоорондоо зөрчилдөх, ар гэрийнхэн бухимдах үе гарна. Улаанбаатар хотын хэмжээнд нас барсан иргэдийн 80 орчим хувийг энэ эмнэлгээс гаргадаг учраас ачаалал их” хэмээн хуучлав.
Тус компаниар үйлчлүүлж буй айлд олгосон цаг 05:40 боловч 06:20 цагийн үед талийгаачийнхаа алтан шарилыг хүлээн авлаа. Буяны хөсөг хөдлөхийн өмнө оршуулах ёслолд явж амжихгүй хамаатан саднууд нь салах ёс гүйцэтгэсээр үлдэв. Харин буяны ажилд оролцох хүмүүс цуваанд явах машиндаа хуваагдан суулаа.
ИХ ХОТООС ЧИМЭЭГҮЙ ХОТ ХҮРТЭЛ АНИРГҮЙ, "АМАРГҮЙ" ЗАМ
Буяны үйлчилгээний ажилтны “Хүний амьдралын чухал үеийн ажлыг зохион байгуулж байгаа учраас алдаа мадаггүй, нэр төртэй гүйцэтгэхийг хичээдэг. Ар гэрийнхэн хэр сэтгэл дүүрэн үлдэх нь миний ажлаас хамаарна. Өнөөдөр харьцангуй ачаалал багатай байлаа. Сайхан эрт хөдөлчихлөө. Ийм үед айлууд сэтгэл ханамжтай байдаг” хэмээн уужирсан мэт өгүүлэх нь шүүх эмнэлэг орчимд хэр хэмжээний хүндрэл чирэгдэл үүсдэг нь илхэн.
Хэдий тэр “ачаалалгүй байлаа” гэж дүгнэх авч эл ажлаас хол хөндий хүний хувьд өөр өөр чигт харан, тэгнэн зогссон хөсгүүд эвээ олж гарах нь бядуу санагдана. Эхний машин хөдөлмөгц дараагийнх нь байраа эзлэхээр урагшилна. Нэмээд хүмүүсийн хөл ч татрахгүй. Эрхгүй буяны ажил гэдэг аажуу тайван, бурхан болоочоо үдэж буй хүний үг бэлгэтэй, хандлага зөөлөн байдагт тул урсгалаараа бүтэж буй мэт.
Оршуулгын ажилд явах, буцах хүний тоо тодорхой дэгтэй тул бид тоогоо мэдүүлж, зөвшөөрөл аван цуваанд нэгдэв. Арав гаруй машинтай цувааны сүүлд явах тул толгой машин хэрхэн явааг мэдэж үл чадна. Хэдийгээр ар гэрийнхнээс нь тусдаа яваа боловч чанга ярьж, элдвийг асуумж боломгүй ажээ. Дэмий л цонх ширтэх агаад аажуухан урагшлах цувааг ажив. Дөрвөн замын уулзвар зэрэг гэрэл зохицуулгатай хэсэгт цувааны машинууд хоёр хуваагдсаныг эс тооцвол төвөггүй явсаар Улсын гуравдугаар төв эмнэлэг орчимд ирлээ.

Энэ үед О.Нямдаш “Бидний хамт явж буй айл буяны цогцолборт очих гурав дахь айл. Гуравдугаар эмнэлгээс гарсан хүмүүс хэдийн хүрчихсэн байгаа. Гэрийн болон эмнэлгийн нас баралтын тохиолдолд зайлшгүй магадлан шинжилгээ хийдэг учраас буяны ажил эмнэлгээс эхэлдэг. Цэргийн төв эмнэлэг, Гуравдугаар эмнэлэг зэрэг хотын зүүн, баруун захад байрлалтай эмнэлгээс бурхан болоочийг гаргахад хамаагүй хүндрэл багатай. Улаанбаатарын ид түгжрэл дунд хотын төвөөс буяны цуваатай хөдөлнө гэдэг амаргүй” гэж ам нээв.
Бурхан болоочийнхоо шарилыг буяны хөсөгт хийгээд оршуулгын газрын зүг явах энэ мөч сэтгэл зүйн хувьд үлдэж хоцрогсдод нь бэрх байдаг гэнэ. Үүн дээр бидний өдөр тутмын аз жаргал, амар тайвнаас хумсалж буй их хотын стресс бухимдал нэмэгдвэл ямархан дүр зураг үүсэх нь төсөөлөхөд хүнд.
Тиймдээ ч шүүх эмнэлэг, буяны үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг хотоос гаргаж, зан заншил, хот төлөвлөлтийг уялдуулах асуудал нэг бус удаа хөндөгдсөөр ирсэн. Эргэн санавал, нийслэлийн түгжрэлийг бууруулах үүрэг бүхий сайдаар ажиллаж байсан Ж.Сүхбаатар “Даваа, Лхагва, Баасан гаригт буяны цуваа явдаг нь түгжрэлд нөлөөлдөг. Ламаас асуусан цаг нь түгжрэлийн оргил цагтай давхцдаг тул Нэгдүгээр эмнэлэг орчимд бөөгнөрөл үүсдэг. Холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзалт хийнэ” гэж байв. Гэвч сайд огцорч, асуудал шийдлээ хүлээсээр үлджээ.

Ийн явсаар нэгдүгээр хороолол орчимд ирэх үед автозам хийгээд хүмүүсийн хөдөлгөөн эрс нэмэгдэж эхэллээ. 07:00 цаг ойртсон тул ажил, хичээлдээ яарсан хүмүүс хэдийн гэрээсээ гарсан бололтой.
Өглөө эртийн бүүдгэр тэнгэр, өвлийн жиндүү агаарыг зүсэн суунаглах машин техникийн удаа, шил шилээ даран зогсох тээврийн хэрэгслүүдийн улбар гэрэл тодорч, бүдгэрсээр ард хоцров.
УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛИЙН УУЛЗВАР
СХД-ийн 26-р хороо, Шүлэг уулын энгэр
Хайртай дотны хүнээ бурхны оронд хүргэх буяны ажлыг нь гүйцэлдүүлэхээр яваа цуваа аажуухан урагшилна. Эцсийн зам хэмээн нэрийддэг ч эцэс төгсгөлгүй мэт хөвөрнө. Хотоос холдож, хөдөөд ойртох тусам оршоох ёсон одоо л нэг голдиролдоо орох шиг амгалан зонхилох аж. Тэртээд цастай уулын толгой дүнхийж, дайран өнгөрөх сууриныг нам гүм, айлууд босоогүй бололтой хаа нэг хашааны гаднах гэрэл ёлтойж харагдана.
Ийн явсаар Улаанбаатар хотоос 42 километр зайд Шүлэг уулын энгэр бэлд байрлах Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд ирлээ. Энэ нь олны нэрлэж заншсанаар 361-ийн гарам орчимд юм. Машинаас буух үед уулсын оройгоос нар цухуйж, тэнгэрийн хаяа улбар туяа татаж байв. Хүмүүсийн зарим нь бэлгэшээн амандаа ерөөл хэлэх нь бүдэг боловч сонстоно. Энд бидний мэддэг, төсөөлдөг оршуулгын газраас тэс ондоо дүр зураг угтав. Зогсоолд машинаа үлдээж, дааман хаалгаар нэвтэрснээр оршоох ёслол нарийн дэг төлөвлөлтийн дагуу үргэлжлэх аж. Цогцолборын төв байранд салах ёс гүйцэтгэх хоёр танхимтай, танхим бүр орох, гарах тусдаа хаалгатай. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөний урсгалыг нэг чигт шийджээ.




Салах ёс гүйцэтгэх танхимын гадна хаалганы дэргэд нэгэн настай эмэгтэйтэй таарав. Үр хүүхэд, найз нөхдийнх дурсгалын үг, ханийнхаа хүндэтгэл дүүрэн сүүлийн мөчийг мөнхөлж үлдээх хүсэлтэй тэрбээр бидэнтэй олзуурхангуй танилцсан юм. Энэ л ёсонг сурвалжилж, тэмдэглэн үлдээх зорилготой бид ч талархан хүлээн авлаа. “Эвий минь ажил үйлс нь аяндаа л бүтээд байдаг юм. Одоо цаг сайхан болжээ” хэмээнэ. Түүний хань Монгол Улсын Тэргүүний геологич, Монгол Улсын Гавьяат тамирчин, Олон улсын шатрын мастер, ахмад геологич Л.Мягмарсүрэн хэмээх эрхэм хүмүүн ажээ.
“Таныхаа алтан шарилын дэргэд зогсож байна. 60 гаруй жилийг хамтдаа туулж, гурван сайхан хүүхдийн аав, ээж болж сайн сайхан амьдарсан. Үр хүүхэд, ач зээдээ эргэн төрөөрэй” хэмээх түүний хайр хүндэтгэл дүүрэн үгсийн дараа танхим хэсэгтээ нам гүм болов.
Бурхан болоочийн шарилыг салах ёс гүйцэтгэх танхимд зөөвөрлөн оруулахаас эхлээд, хойдын буянд зориулж ном унших, хөдөөлүүлэх, 108 зул өргөх, рашаан усаар гараа ариутгах гэхчилэн буяны бүх үйлийг нар зөв чигт, нарийн төлөвлөн зохион байгуулсан байв. Талбай дахь хуучин, шинэ оршуулгын чулуунууд эмх цэгтэй хийгээд орчны зохион байгуулалт гандан хийдийг санагдуулам. Энэхүү цогцолбор бол “Улаанбаатар буян” компанийн оршоох үйлчилгээ үзүүлдэг дөрвөн төвийн нэг. Далд оршоох буюу уламжлалт оршуулга хийдэг. Ингэхдээ олон улсын жишигт нийцүүлэн цэцэрлэгт хүрээлэн хэлбэрээр хөгжүүлжээ. Ар гэрийнхэн бурхан болоочоо хөдөөлүүлэх газраас гадна бунханд залах, жижиг, том суварга босгох, гацуур модтой эко үйлчилгээ, 10 орчим төрлийн хөшөө чулуу зэргээс сонгон үйлчлүүлдэг байна. Оршоох ёслол ойролцоогоор нэг цаг 30 минут болдог аж.
Шашны нөлөө их, эрх зүйн орчин дутмаг хэвээр
Хариуцсан ажил нь дууссаны дараа О.Нямдаштай тухтай ярилцах боломж гарав. ШУТИС-ийн Барилгын сургуулийг төгссөн тэрбээр буяны үйлчилгээ үзүүлдэг ресторанд менежерээр ажиллах болсноор энэ салбарт хөл тавьжээ. Бурхан болоочийн ар гэрийнхнээс ирж байгаа сэтгэлийн сайхан үгсээс урам зориг авч, бусдад тустай ажил хийж байгаадаа сэтгэл дүүрэн явдаг гэнэ.

Түүнээс буяны үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудлын талаар байр суурийг нь сонирхоход “Энд бичиг баримт хөөцөлдөх ажлыг дурдаж болно. Хамгийн хүндрэлтэй зүйл бол ар гэрийнхний санал хоёр хуваагдах зурхайч лам. Зарим нь чандарлах хүсэлтэй байхад зарим нь уламжлалт маягаар оршооно гэнэ. Гаргах зүгийг зурхайч лам заана. Бурхан болоочийнхоо хожмын амар амгалан байдлыг бодоод харуул хамгаалалттай цэцэрлэгт хүрээлэнд оршоох гэхээр зүг таарахгүй байх магадлалтай. Хувь хүнийхээ хувьд ар гэрийнхний сэтгэлд нь нийцэж байгаа газар байлгаасай, чандарлан оршоох соёл илүү дэлгэрээсэй гэж боддог” гэсэн юм.
Ерөөс хүн сүүлчийн амьсгалаа хурааснаас цааших бүхий л үйл шашин номын дагуу хөвөрдөг гэлтэй. Будда, христ, ислам аль нь боловч унших ном, гаргах ёсон зөрүүтэй болохоос утга бэлгэдэл нэг билээ. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр уламжлал, шинэчлэл огтлолцож, асуудал бэрхшээл дагуулдаг нь дамжиггүй. Сүүлийн үед хурцаар хөндөгдөж буй Оршуулгын тухай хууль, эрх зүйн зохицуулалт ч энд яригдав.
Хэдийгээр бидний очсон газар хувийн компанийн, харуул хамгаалттай цогцолбор байсан ч цаана нь олны мэддэг Дэнжийн 100, Цагааны давааны оршуулгын газартай адил нийтийн оршуулгын газруудыг дурдахгүй өнгөрч болохгүй.
Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлтэй оршуулгын газар хуруу дарам цөөн. Тэр дундаа улсын гэх тодотголтой газар. Тодруулбал, Нарангийн энгэрийн оршуулгын газар, Өлзийт дэх Мааньтын оршуулгын газар, СХД-ийн 26-нд хороонд байрлах Исламийн шашинтны оршуулгын газар гэх мэт. Эдгээр нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны тогтоолд багтсан нэрс. Үүнээс хойш арван жил өнгөрсөн гэхээр даац, багтаамжийн асуудалд анхаарал хандуулах нь зүй. Атал Улаанбаатар хотын хүн ам улам нэмэгдсээр дагаад эндэгдэл, нас баралтын тоо ч өсөх эрсдэлтэй гэсэн үг. Үүнийг дагаад зөвшөөрөлгүй оршуулгын газрын асуудал ч хөндөгдөнө. Тиймдээ ч үе оршуулгын газруудыг нүүлгэн шилжүүлэх асуудал яригдах болсон. Цаана нь талийгаачийнхаа алтан шарилыг хөндүүлэх вий гэсэн иргэдийн эмзэглэл үүснэ.
Жишээлбэл, сар орчмын өмнө манай редакц Налайх дүүргийн VI хорооны иргэд Тэрэлжийн эцсээс баруун хойд уулын аманд орших, 50 орчим жил болж байгаа шарилуудыг нүүлгэн шилжүүлэхийг эсэргүүцэж байгаа талаар сурвалжилж байв.
Энэ тухайд О.Нямдаш “Эрхзүйн тодорхойгүй байдал хүндрэлтэй. Маш олон буяны компани бий. Олон дунд зөвшөөрөлгүй газар гаргадаг нь бий. Энэ нь эргээд 5-10 жилийн дараа оршуулгыг нүүлгэн шилжүүлнэ гэхчилэн ар гэрийнхний сэтгэлд сэв суулгадаг. Монголчууд талийгаачийнхаа шарилыг хөндүүлэх битгий хэл аав, ээжийнхээ газарт 3-5 жил эргэдэггүй уламжлалтай хүмүүс. Тиймээс энэ салбарт ажиллаж яваагийн хувьд зах замбараагүй оршуулгын газруудыг цэгцлэх цаг болсон гэж хардаг” гэсэн юм.
Одоогоор Монгол Улсад Оршуулгын тухай хууль байхгүй, уламжлалд тулгуурласан шинжтэй явсаар иржээ. Улаанбаатар хотын тухайд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар тогтоол буюу оршуулгын үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулах тухай журмаар зохицуулдаг.
НЭГ БУРХАН БОЛООЧИЙГ ОРШООХ ГАЗАРТ 20 ЧАНДАР ШҮТЭЭН ЗАЛАХ БОЛОМЖТОЙ
Баруун турууны ам, Баруун буяны төв цогцолбор
Сурвалжлах багийн дараагийн очсон газар СХД-ийн 32-р хорооны нутагт дэвсгэт байрлах “Улаанбаатар буян” компанийн чандарлан оршоох үйлчилгээ үзүүлэх цогцолбор. Уг цогцолбор СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт, Улаанбаатар хотоос 25 км-ийн зайд оршино. Мөн л сүм дуганыг санагдуулам тохижолттой боловч оршуулгын газрын үндсэн дүр зураг болох эгнэсэн өндөр хөшөө чулуунууд харагдсангүй. Цогцолборын төв хэсэгт байрлах хийдээс лам нарын ном унших сонстоно. Дотогш орвол сүмийн ханануудад зураг, нэрс бүхий чандарууд байршуулжээ. Гадаад улс болон хөдөө орон нутаг руу авч явахаар төлөвлөсөн чандарыг ийн буян номын дуутай газар хадгалдаг байна. “Баруун буяны төв”-ийн Тэргүүн лам С.Цогтбаатараас чандарлаж оршуулах ёсон хийгээд монголчуудын уламжлалын талаар зарим зүйлийг тодруулав. Тэрбээр,
Гал мандалд өргөх буюу чандарлах оршуулга монголчуудын дунд эрт дээр үеэс байсан. Ихэс дээдэс, хаад ноёд гээд өндөр язгууртан хүмүүсээ тусгай аргаар чандарлаж оршоож байсан. Гал мандалд өргөх нь оршуулгын дээд хэлбэр юм гэж багш нар айлдаж ирсэн.
Бурхан болоочийн алтан савны шинжээ, махбод, жилээс хамаарна чандарлах эсэхийг шийддэг. 2004 оноос “Улаанбаатар буян” компани чандарлах үйлчилгээ үзүүлж байгаа. Анх нутагшаагүй байсан учраас иргэд мэддэггүй байсан сүүлийн үед нэмэгдэж байгаа” гэсэн юм.
Мөн “Монголчууд насан өөд бологсоддоо маш хүндэтгэлтэй ханддаг ард түмэн. Энэ уламжлал одоо ч алдагдаагүй. Сүүлийн үед буяны үйлчилгээний байгууллагууд олноор гарч байгаа нь оршуулгын үйл ажиллагаа, ард иргэдэд тустай болж байгаа гэж хардаг. Дээр үеийн оршуулгын газар бараг хогийн цэг болоод байна шүү дээ. Цаг үеэ дагаад оршуулгын газрууд шинэчлэгдэж эзэнтэй, хараа хяналттай байгаад лам хүний хувьд талархалтай байдаг” хэмээн байр сууриа илэрхийллээ.






Хэрэв чандарлан оршоох үйлчилгээг сонговол чандарыг суварганд залах, хөрсөнд залах, модны хөрсөнд тойрог хэлбэрээр залах, хүндэтгэлийн хананд залах, гэр бүлийн бунханд залах, модны хөрсөнд ганцаарчилсан хэлбэрээр залах гэх мэт олон хэлбэрээс сонгон бурхан болоочоо санан дурсах, шүтэн дээдлэх боломжтой аж. Тухайлбал, шинжээнд газар шороо хөндөж болохгүй гэж буусан тохиолдолд хүндэтгэлийн хананд залдаг байна. Энэ төрлийн буяны үйлчилгээг байгальд гэж үздэг тул олон улсад жил ирэх тусам дэлгэрч буй гэнэ. Чандар залах ихэнх төрөл мод тарих хандлагатай, зай талбай бага эзэлдэг тул газар ашиглалт эерэг нөлөөтэй байна. Тиймдээ ч тус цогцолборын нийт газрын 40 орчим хувь ногоон байгууламжаас бүрддэг байна. Мөн нэг бурхан болоочийг уламжлалт аргаар оршуулах газар 20 хүний чандарыг хүндэтгэлтэйгээр залах боломжтой тухай буяны байгууллагын ажилтан хуучилсан юм.
Түүнчлэн буяны үйлчилгээнүүдээс хамгийн бага өртөгтэй чандарлах оршоох төрөл аж. Уламжлалт оршуулгын зардал улсаас олгодог оршуулгын тэтгэмжийн гурван төгрөгт багтахгүй байгааг иргэд ч хэлдэг. Тэгвэл чандарлах оршоох үйлчилгээний хамгийн бага дүн 1,950,000 төгрөг байдаг гэнэ.
“Үүнд буяны хөсгөөр үйлчлэх, чандарлах, чандар шүтээнийг хадгалах хамгаалах, хойдын буяны ном унших гэхчилэн оршоох ёсны бүх зүйлс багтсан. Гэхдээ хүмүүс уламжлалт оршуулгын үйлчилгээг илүү сонгодог. Ойролцоогоор нийслэлийн хэмжээнд нас барагсдын 20 хувийг чандарлан оршоодог” тухай О.Нямдаш танилцуулсан юм. Биднийг уг цолцолборт ирэхэд хөл хөдөлгөөн цөөн байсны учир нь энэ ажээ.
Алс зайдуу уулын бэлд цогцолсон буяны цогцолбор нам гүм. Бурхан болоочдоо зориулан тарьсан моддын мөчир дамжин болжмор шувуу ниснэ. Дурсгалын хананы ирмэг дагуу нарлах мэт сууж байсан тагтаанууд хөлийн чимээнээр нисэн одно. “Номын дуу сонстож, арц үнэртсэн энэ орчинд чандар шүтээн дундуур алхахдаа ер эмээж цэрвэх сэтгэл төрсөнгүй дээ” гэж бодсоор буцав. Бидний сурвалжлага энд хүрээд өндөрлөж буй. Нүүдлийн соёл иргэншлээс хотжилт руу хурдтайгаар шилжиж буй монголчууд бидэнд тээж үлдэх хийгээд, эмхэлж цэглэх, эргэж харах зүйл олон.
























Гэрэл зургийг Б.Батцагаан
3,602.33






















































Нэргүй 2026-11-04 103.229.122.209
Заавал 1;3;5 дахь өдөр гэлгүй 48 цагийн дараанаас оршоож болохоор, мөн заавал эрт цаг гэлтгүй тухайн айлын боломжит цаг, 15 цагаас өмнө байхад болмоор. Хамаг гол нь тухай хүний сүнсний хөгжилд зориулж маань ерөөл мөргөл унших л чухал болохоос элдэв дэг жаяг шаардлагагүй юм.
Zochin 2026-11-04 202.72.245.202
Ydaj baichad ene ! , buch um n zaaval neg chiregdel , asuudal baidag . Unendee chechuu baina.
Нэргүй 2026-11-04 202.131.245.34
Санал: Талийгаачийг шууд эмнэлгээс, эсвэл шүүхийн шинжилгээний газраас нь хөдөөлүүлдэг биш, хотын захад байрлах шарил хадгалах, салах ёс гүйцэтгэх зориулалтын газраас гаргадаг байвал зүгээр байна. Энэ нь хотын баруун, зүүн 2 талдаа байрладаг байх хэрэгтэй. Тухайн байгууллага нь шарилыг эмнэлгээс зөөвөрлөн авчирдаг, эсвэл эмнэлэг нь өөрөө зөөж хүргэдэг байж болно. Лам нь аль зүгт гарга гэж хэлснээс хамаараад ар гэрийнхэн нь өөрсдөө байршлыг сонгоно.
1 2026-11-04 202.131.245.34
Одоо байгаа байдлаараа цаашид яваад байх боломжгүй болсон. Түгжрэл, зай талбайн асуудлаас гадна ар гэрийнхэн нь сүү болон бусад зүйл өргөхдөө шууд нийтийн эзэмшлийн зам руу цацах, хотын төвийн гэрлийн шон, хашлаганд хадаг уях гэх мэтээр орчныг бохирдуулдаг.
Нэргүй 2026-11-04 64.119.19.126
BOOW GOE XXN BOOB DOLOOJ 80955877
Нэргүй 2026-11-04 64.119.19.126
SEXSDEED VAWALDI BIEE UNELLEED DYRTAI XALYYTSMAAR XUCHIN XNE ANI SEXSY ANUSDAAD80955877
Нэргүй 2026-11-04 64.119.16.144
Оршуулах ёслол бол маш эмзэг, хэцүү үйл. Гэтэл лам нар сүүлийн үед элдэв нэмэлт үйлдэл хийхийг шаардаж, илүү хүндрэл учруулдаг болжээ? Тэр нь ямар ч логикгүй, яагаад заавал ингэх ёстой вэ гэхээр хариулт байхгүй, санаанаас зохиосон мэт? Буяны үйлс юм болохоор ар гэрийнхэн нь хүдрэлтэй ч байсан үг дуугүй л дагаж биелүүлдэг? Хүний зовлонг нимгэлэх, хөнгөвчлөх тал руу нь чиглүүлж болдоггүй юм байх даа, энэ лам нар???
Нэргүй 2026-11-04 202.131.245.34
Буяны ажил бол маш том бизнес болсон. Лам нар өөрсдөө мөнгө хийхээс гадна элдэв хэрэггүй зан үйлүүдийг санаан зоргоороо нэмж ийм ч юм хий, тийм ч юм авчир гэсээр байгаад өнөөх нь улам нэмэгдээд учир нь олдохгүй том ажил болсон. Ядаж байхад иргэд маань мухар сүсэг ихтэй, хэлсэн болгоныг нь хийх ёстой гээд бодчихно. Яг үнэндээ үхсэн хүнд юу ч хэрэггүй.
Нэргүй 2026-11-04 202.9.40.135
Үүнд шашины нөлөө биш л дээ. Ашиг олох байгууллагууд хөлсний ламтай болсонтой холбоотой. мөн Хот төлөлвлөтгүй байгаагаас иргэдэд үнэхээр дарамт болж байгаа захын хүн ч мэднэ дээ. Хот төлөвлөлт нь нас бараачаөр мөнгө хийдэг байгууллагуудын талд орсноор энэ замбараагүй байдал үүссэн гэж болно. Хэрэв яг шашинаар яривал тун энгийг оршуулга, хөдөөлүүлэх ёстой юм л даа
Нэргүй 2026-11-04 64.119.21.203
МАН-ын нэг авгай байсан байх аа энэ оршуулгын бизнесийг барьдаг гээ биз дээ. тэгэхээр энэ хүний комент тун зөв өнцөг байна.