Хүүхэд эрүүл саруул өсөж, торних нь гэр бүл бүрийн хүсэл. Гэвч хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт улсын хэмжээнд сайжирч байгаа мэт харагдавч орон нутагт нөхцөл байдал харилцан адилгүй байна. Тухайлбал, энэ оны эхний есөн сарын байдлаар Хөвсгөл, Булган, Өмнөговь аймагт тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл улсын дунджаас өндөр гарчээ. Монгол Улсад энэ оны эхний есөн сард 39,149 хүүхэд мэндэлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1,584 хүүхдээр цөөн буюу төрөлт 3.9 хувиар буурсан үзүүлэлт юм. Мэндэлсэн хүүхдүүдийн дунд хүү, охины тоо бараг тэнцүү байна. Харин 1,800 гаруй нярай 2.5 килограммаас бага жинтэй төрсөн нь нийт төрөлтийн 4.6 хувийг эзэлж байна. Мөн дутуу төрөлтийн түвшин 1,000 амьд төрөлтөд 67.6 байгаа аж. Хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтээс анхаарал татаж буй нэг асуудал нь нялхсын эндэгдэл. Энэ оны эхний есөн сард нэг хүртэлх насны 470 хүүхэд эндсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 100 тохиолдлоор буурсан байна. Гэхдээ эндэгдлийн дийлэнх нь хүүхэд дөнгөж төрсний дараах үед тохиолдож байна.
Тодруулбал, нялхсын эндэгдлийн 60 гаруй хувийг нярайн эндэгдэл эзэлжээ.
Нярай эндсэн тохиолдлын 10 хүүхэд тутмын долоо нь амьдралынхаа эхний долоо хоногт эндсэн байна. Нялхсын эндэгдлийн гол шалтгааныг авч үзвэл талаас илүү хувь нь перинаталь үеийн эмгэгтэй холбоотой аж. Үүнд жирэмсний сүүлийн үе, төрөлт болон төрсний дараах эхэн үед үүссэн эмгэгүүд хамаардаг. Энэ нь хүүхэд төрсний дараах асаргаа, эмнэлгийн тусламжаас гадна эхийн жирэмсний хяналт, төрөх үеийн тусламж үйлчилгээ ямар чухал болохыг харуулж байна.
ХӨВСГӨЛ, БУЛГАН АЙМАГТ ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ ӨНДӨР БАЙНА
Улсын хэмжээнд тав хүртэлх насны 1,000 хүүхэд тутмын 14.7 нь эндэж байгаа бол зарим аймагт энэ үзүүлэлт үүнээс хавьгүй өндөр байна. Тухайлбал, Хөвсгөл аймагт 1,000 амьд төрөлтөд 24.5, Булган аймагт 23, Өмнөговь аймагт 21.4 ногдож байна. Өөрөөр хэлбэл, эдгээр аймагт хүүхдийн эндэгдэл улсын дунджаас 1.5-1.7 дахин өндөр байгаа юм.
Харин нялхсын эндэгдлээр Булган аймаг хамгийн өндөр үзүүлэлттэй байна.
Тус аймагт 1,000 амьд төрөлтөд 23 хүүхэд ногдож байгаа нь улсын дунджаас бараг хоёр дахин их үзүүлэлт юм. Энэ ялгаа юунаас шалтгаалж байгааг зөвхөн статистикаас харах боломжгүй. Орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний нөхцөл, нярайн эрчимт эмчилгээний боломж, шаардлагатай үед эх, хүүхдийг шатлал ахиулан эмчлэх хүртээмж зэрэг асуудлыг нарийвчлан судлах шаардлагатай.
ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ БУУРСАН Ч АСУУДАЛ ХЭВЭЭР
Энэ оны эхний есөн сард тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 577 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 117-оор буурсан үзүүлэлт юм. Гэхдээ нийт эндэгдлийн 16.4 хувь нь осол, гэмтлийн улмаас гарсан байна. Өөрөөр хэлбэл, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тодорхой хэсэг нь өвчлөлөөс гадна урьдчилан сэргийлэх боломжтой осол, гэмтэлтэй холбоотой байгааг анхаарах хэрэгтэй.
Мөн тав хүртэлх насны хүүхдийн өсөлт, хөгжлийн хяналтад хамрагдсан хүүхдүүдийн 0.12 хувь нь туранхай, 0.10 хувь нь тураалтай, 0.18 хувь нь өсөлтийн хоцрогдолтой гэсэн үзүүлэлт гарчээ.
Ийнхүү хүүхдийн эндэгдэл өмнөх оноос буурсан нь эерэг үзүүлэлт боловч орон нутгийн ялгаа, нярайн эндэгдлийн өндөр хувь, хүүхдийн осол гэмтэл зэрэг асуудал анхаарлын төвд хэвээр байна. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах асуудал зөвхөн эндэгдлийн тоог бууруулахаар хязгаарлагдахгүй. Эх жирэмсэн болсон үеэс эхлээд хүүхэд өсөж торних хүртэлх хугацаанд чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм.
3,602.33






















































Зочин 2026-11-04 103.57.94.82
ХАМГИЙН ЭРҮҮЛ ОРЧИН ДОО… ЯМАР ЭМЧ НАР БАЙНА АА ТЭНД… АДИСТАТЧИЛАХ ХЭРЭГТЭЙ…