Сүүлийн хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд болсон Ардчилсан намын аймаг, дүүргүүдийн намын хороодын дотоод сонгууль, намын хорооны нийт гишүүдийнхээ 1/3-ийг ротацид оруулан шинээр сонгох ажил дуусч байгаа гэх ч түүнийг дагасан хэл, ам ойрын өдрүүдэд тасрахгүй бололтой. Одоогоор нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул гэх мэт дөрвөн ч дүүргийн Ардчилсан намынхан хоёр талцан тус тусдаа шийдвэр гаргагчид болон хоёр “нам” болоод байна. Дүүргүүдийн нам доторх хагарлын шинж өнгөрөгч орон нутгийн сонгуулиар тус намынхан ялалт байгуулсан Хан-Уул дүүрэгт хамгийн анх илэрсэн юм. Эл дүүрэгт ялалт байгуулмагц Ардчилсан намын гишүүд нь ашиг, сонирхлын зөрчлөөс хоёр талцсаар эцэст нь Засаг даргаар сонгогдоод байсан Ж.Ганхуягийг огцруулсан гэх ч одоог хүртэл уг асуудал эцсийн байдлаар шийдэгдээгүй байна.
Тэгвэл Баянгол дүүргийн Ардчилсан намын хорооны сонгууль тойрсон маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Сүхбаатар дүүргийнхэн ч бас тодорхойгүй байгаа билээ.
Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн 13-ны өдөр 1700 гишүүнээ оролцуулан хийсэн дотоод сонгууль болсон ч мөн л хоёр хуваагдан хэлэлцэж, гарсан шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хэвээр байна.
Харин оны өмнөөс хоёр хуваагдаад буй Баянзүрх дүүргийн Ардчилсан намын албан ёсны тамга тэмдэг бүхий хороо өнгөрөгч бямба гаригт хуралдаж намынхаа даргыг сонгожээ. Тус хурлаар Баянзүрх дүүргийн Ардчилсан намыг 10 гаруй жил удирдсан Т.Мөнхбаяр тамгаа шинэ залуу дарга болох С.Зоригтбаатарт шилжүүлэн өгчээ. Дүүргийн намын даргын сонгуульд хоёр хүн өрсөлдсөнөөс олонхийн саналыг авснаар Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хууль ёсны даргыг сонгожээ. Энэ хурлаар Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны нөхөн сонгууль мөн болсон юм. Санал хураалтаар Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээр С.Наранбаатар, С.Зоригтбаатар, С.Үнэн, О.Цэлмэг, Г.Энх-Амгалан нар сонгогджээ. Харин өчигдөр Баянзүрх дүүргийн Ардчилсан намын нөгөө хэсэг буюу УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн талынхан хуралдаж буй мэдээлэл ирсэн ч дугаар шилжих мөчид тодорхойгүй байлаа. Бид энэ асуудлаар Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргаар сонгогдсон С.Зоригтбаатартай уулзаж ярилцлаа.
-Баянзүрх дүүргийн Ардчилсан нам бусад дүүрэгтэй харицуулахад өнгөрсөн сонгуулиудаар чамлахааргүй суудал авч байсан. Энэ удаагийн хурлаар даргаа солих шаардлага байсан юм уу. Дүүрэг дэх намын хагарал үүнд нөлөөлөв үү?
-Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хорооны 105 гишүүн байдаг. Тэдний 79 нь өнгөрөгч бямба гаригт болсон намын хорооны хуралдаа ирсэн. Хурлын ирц 75,2 хувьтай болсон гэдгийг ч хэлэх нь зүйтэй. Дүүргийн намын дарга Т.Мөнхбаярын намын дарга байх хугацаа Ардчилсан намын дүрмийн дагуу дуусгавар болсон учраас хурлаар дараагийн даргын асуудлыг хэлэлцээд санал хураасан. Мөн ҮЗХ-ны гишүүдийг сонгосон. Гуравт нь, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгосон юм. Ер нь жил болгон Ардчилсан намын ҮЗХ-ны нийт гишүүдийн 1/3-ийг ротацийн сонгуульд оролцуулан цус сэлбэдэг. Энэ ажил амжилттай болсон.
-Дүүргийн намын даргад өөртэй чинь хэн өрсөлдөв?
-Дүүргийн намын хорооны даргад А.Оюунсувд маань өрсөлдсөн. Санал хураахад 95 хувь нь миний талд саналаа өгсөн учраас Т.Мөнхбаяр дарга тамгаа шилжүүлэн өгсөн.
-УИХ-ын гишүүд Д.Ганхуягаар удирдуулсан та нартай санал нийлэхгүй байгаа намын гишүүд чинь Т.Мөнхбаярт намын даргын эрх мэдлээ өгөх шахалтыг үзүүлсэн гэсэн. Нөгөөтэйгүүр та нарын шийдвэрийг үгүйсгэн өнөөдөр/өчигдөр/ хуралдаж байгаа мэдээлэл ирсэн. Тэд магадгүй өөрсдийн хурлаараа Баянзүрх дүүргийн Ардчилсан намын бас нэг дарга, ҮЗХ-ны гишүүдийг сонгох байх л даа?
-Зарим дүүрэгт Ардчилсан намын хорооныхон хоёр хуваагдчихаад байна. Энэ бол дотооддоо зөрчилдөөнтэй байгаагийн илрэл. Манай дүүргийн хувьд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг манай дүүргээс сонгогдсон Ардчилсан намын гурван гишүүний нэг нь. Энэ хүн “Намын даргаа өг” гэж Т.Мөнхбаяр даргыг шахаж байсан нь үнэн. Ингэж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард хурал болж, Д.Пүрэвдаваа тэргүүтэй манай дүүргийн намын хорооны хэсэг нөхөд хууль бусаар ирц бүрдүүлэн 54 хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан. Тэр хуралд нь төрийн албан хаагчид орсон байх жишээтэй. Дээр нь ротацид орсон 23 хүн орсон. Гэтэл энэ хууль бус хуралд оролцсон нөхдүүд. Д.Пүрэвдавааг дарга боллоо гэх болсон. Ингэснийхээ дараа тэд танил талаа ашиглан хууль бусаар тамга хийлгэсэн. Энэ асуудлыг Ардчилсан намын Хяналтын хороо шалгаж байгаа.
-Ингээд байвал Ардчилсан намын санал зөрөлдсөн дүүрэг болгон хоёр тамгатай болох нь ээ. Ер нь ийм тохиолдолд албан ёсны шийдвэрийг хэн гаргадаг юм бэ?
-Дүрмийн дагуу Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга шинээр тамга хийлгэх зөвшөөрлийг өгөх ёстой. Гэтэл нийслэлийн намын даргаас зөвшөөрөл аваад Цагдаагийн газраас тодорхойлолт хийгээд тамга хийлгэчихсэн, түүнийгээ бариад өөрсдийгөө Баянзүрх дүүргийн Ардчилсан намын удирдлага гээд явдаг хэсэг бүлэг хүмүүстэй болчихлоо.
-Удирдлага гэснээс Баянзүрх дүүргээс ҮЗХ-нд орсон гишүүдийн тав нь шинээр сонгогдсон хүмүүс гэв үү?
-Тийм. Ер нь Баянзүрх дүүрэгт ҮЗХ-ны 12 суудалтай. Үүний 1/3-т ротаци явуулах ёстой. Түүнээс гадна гурван суудал хоосон байсан юм. Тэр гурван суудлыг нөхөж сонгосон. Ингээд шинээр нийт таван хүнийг сонгосон гэсэн үг.
-Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга болсон хүний хувьд хоёр тамгаа нэг болгох талаар та юу хийх вэ?
-Манай намын үндсэн дүрэм Дээд шүүхэд бүртгэлтэй. Тиймээс Хяналтын ерөнхий хороо дүнгээ гаргах ёстой. Дараа нь болсон бүх процессыг хуулийн дагуу шийдүүлнэ. Шүүх шалгаад нэг мөр болгох биз дээ. Үүнээс ч илүү олон чухал асуудлын нэг нь хороодын намын үүрүүдийг бэхжүүлэх асуудал байна. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар дүүргийн ИТХ-д МАХН 35 суудал авч ялалт байгуулсан. Бид ялагдсан гэсэн үг л дээ. Тиймээс алдаагаа засч, өөр хоорондоо бус эрх баригчдын хүчтэй сөрөг хүчин хэвээрээ байхын тулд олон ажил хийх шаардлагатай. Энэ бүхнийг хийхийн төлөө зүтгэнэ.
-Удахгүй УИХ-аар хэлэлцэх Сонгуулийн тухай хуультай холбоотойгоор дүүргүүдэд эрх мэдлийн төлөөх хагарал бий болоод байна гэвэл та санал нийлэх үү?
-Ашиг сонирхлын зөрчилдөөн байгааг хүлээн зөвшөөрнө. Удахгүй Сонгуулийн тухай болон улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх гэж байна. Хэрэв хуулиар сонгуулийг пророциональ болговол намын дунд шатны үүрэг роль илт ихэснэ. Өөрөөр хэлбэл дунд шатны намын даргын албан тушаал их чухал болох учраас УИХ-ын гишүүн Д.Ганхуяг дүүргийн намын удирлагыг өөрийн хүмүүсээрээ бүрдүүлэх сонирхолтой байгааг үгүйсгэхгүй. Тэр нь ч батлагдсан. БЗД-ийн намын хорооны 105 гишүүний 20 нь “Бридж” группын ажилтан байсан. Одоо бүр энэ тоог 40 болгож өргөтөгсөн. Ингэж байгаа нь дараагийн сонгуульд Д.Ганхуяг нэр дэвших замаа л засч байна шүү дээ. Энэ намын хороо Ардчилсан намынх болохоос бус “Бридж”” группынх биш шүү дээ. Товчхондоо хэсэг бүлэг хүмүүсийн ашгийн төлөөх сонирхол л яваад байна. Хэн нэгний бүлэглэлээс болж намын эрх ашиг хохирох ёсгүй.
Л.ХАЛИУ