Дэлхий даяар даруухан гоо үзэсгэлэн моодонд орж байна. 2020-иод оны эхэн үеэр "quiet luxury" буюу чимээгүй тансаглал, "old money style" буюу хуучны баячуудын хэв маяг хүчээ авсан. Харин цар тахлын үед 1970, 1980-аад оны загварын чиг хандлага ихээхэн анхаарал татаж байсан бөгөөд энэ нь тод өнгө, анхаарал татахуйц хийцтэй хувцаснуудаараа онцлог байв.
Тэгвэл энэ намар, өвөл "elegant minimalism" чиг хандлага хувцас загварт давамгайлж эхэллээ. Даруухан тансаглал, хэтрүүлэггүй хэв маяг, эмх цэгцтэй агаад дэгжин гэх зэргээр энэ чиг хандлагыг ойлгож болно.
Энэ чиг хандлагыг “Clean girl” хэв маяг ч гэж ярьдаг. Үүний гол санаа нь энгийн хувцаслах, ингэхдээ ихэвчлэн нэг өнгийн хувцас сонгох, натурал будалт хийх, жижигхэн гоёл зүүх, үсээ сүр бараа багатай цэвэрхэн янзлах зэрэг юм. “Clean girl” чиг хандлага хүчээ авсны дараа энгийн спорт хослол, дасгалын хувцас маш эрэлттэй болжээ.
Брэндүүд нүд гялбам гоёл чимэглэл, тод томруун лого ашиглахын оронд өндөр чанартай материал, уран нарийн хийц, даруухан өнгө аясыг чухалчилж байна.
1990-ээд онд минимализм оргил үедээ байлаа. Тухайн үед загварын чиг хандлагад хар, цагаан өнгө л зонхилдог байв. Тэгвэл энэ жилийн минимализмд хул шаргал, хүрэн, саарал зэрэг төвийг сахисан өнгүүд гол байр суурийг эзлэх төлөвтэй байна.
Хувцасны эсгүүр, хэлбэр дүрс ч өөрчлөгдөж байна. Өмнө нь биеийн галбирыг тодотгосон бариу загварууд голчилдог байсан бол одоо илүү зөөлөн, эзэлхүүнтэй хэлбэр дүрсүүд рүү шилжиж байна. Сул уналттай загвартай, хөдөлгөөн хорьдоггүй байхыг мөн голчилж байна.
Мэдээж даавууны бүтэц, гадаргууг мартаж болохгүй. "Samsung" загварын судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр даавууны нягтрал, гарт мэдрэгдэх мэдрэмж нь "elegant minimalism"-ын гол үндэс суурь. Энэ шалгуурт нийцэх материалууд нь ноолуур, торго, сатин байх юм.
Гадуур хувцасны хувьд пальто зонхилох боловч энгийн, цэвэрхэн хийцтэй богино хүрэм болон хөнгөн, дулаан доторлогоотой хүрэмнүүд ч эрэлтээ алдахгүй бололтой.
Үүний зэрэгцээ олон хувцас давхарлан өмсөх арга барил шинээр трэнд болон гарч ирж байна. Өөр өөр өнгө, бүтэцтэй хувцсыг давхарлан өмсөх нь энгийн, уйтгартай харагдаж болзошгүй минималист хувцаслалтад сонирхолтой байдлыг нэмнэ. Мөн хувь хүнд хэв маягаа дэгжин, өвөрмөцөөр илэрхийлэх боломж олгоно. Мэдээж олон хувцас давхарлан өмсөх нь өдөр, шөнийн агаарын хэмийн зөрүү ихтэй үед хамгийн тохиромжтой байдаг.
Загварын томоохон брэндүүд "elegant minimalism"-ыг шингээсэн шинэ бүтээгдэхүүнүүдээ хэдийнэ танилцуулаад эхэлсэн билээ. Эмэгтэй хувцасны "KUHO" брэнд л гэхэд давхарлан өмсөх боломжтой, олон төрлийн бүтэцтэй даавууг ашигласан цуглуулгаа танилцуулжээ. Мөн шинээр гарч ирж буй эмэгтэй хувцасны "Aperture" брэнд өнгөрсөн үеийн минимализмыг орчин цагт нийцүүлэн дахин сайжруулсан цуглуулгаа танилцуулав.
Салбарын шинжээчдийн үзэж байгаагаар, эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж буй энэ үед минимализмын хэрэглээ өссөн нь удаан загварын (slow fashion) чиг хандлага хүчээ авч байгаатай холбоотой. Хурдан өөрчлөгдөж буй чиг хандлагаас залхсан хэрэглэгчид аль нэг тал руу холбироогүй, удаан хугацаанд өмсөж болох чанартай хувцас хайж байна. Энэ нь цаагуураа шаардлагагүй зардлаа бууруулахыг дэмждэг хэрэглээний соёлтой ч холбогдох юм.
3,602.33



















































Холбоотой мэдээ