Арменийн хууль тогтоогчид аравдугаар сарын 29-ний өдрийн парламентын чуулганы үеэр муудалцаж, хэрүүл нь зодоон болсон эмх замбараагүй байдал үүсчээ. Зодооныг аюулгүй байдлын ажилтнуудын оролцоотойгоор таслан зогсоосон бөгөөд хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн байдалтай байна. Тус улсын засгийн газар болон сөрөг хүчнийхэн хооронд энэ сар гарсаар хоёр дахь удаагаа ийм үймээн самуун дэгдэж байна.
Төсвийн зарцуулалтыг хянадаг Аудитын танхимын албан тушаалын томилгооны асуудлыг хэлэлцэж байх үеэр ерөнхий сайд Никол Пашиняны Иргэний гэрээ намын гишүүд болон сөрөг хүчний Хүчирхэг Армени бүлгийн хууль тогтоогчдын хооронд зодоон гарчээ. Бичлэгээс харвал хууль тогтоогчид бие биеэ цохиж авч, түлхэлцэж, зарим нь зодоонд оролцогчдыг салгах гэж оролдох аж. Тухайлбал, дэд спикер Вахан Александян сөрөг хүчний гишүүд рүү сандал шидэж, эрх баригч намын хууль тогтоогч Тарон Чахоян сөрөг хүчний гишүүн Гарник Давтян руу ус цацжээ.
Эрх баригч намын гишүүн Тарон Чахоян авлигын талаарх буруутгалыг няцаан мэдэгдэл хийхдээ Хүчирхэг Армени бүлгийн парламентын удирдагч Нарек Карапетяны гэр бүлийнхнийг хольж хутгаснаас энэ бүх үймээн самуун эхэлсэн байна. Нарек Карапетян эхлээд суудлаасаа түүнд хариу хэлж байгаад, удалгүй маргаан нь илүү хувийн шинжтэй болж, хэдхэн хормын дараа хоёулаа босч ирэн, түлхэлцэж, маргалдаж эхэлжээ.
Үндэсний хурлын дарга Рубен Рубинян нөхцөл байдал хурцадсан ч эхэндээ хуралдааныг завсарлуулахаас татгалзсан байна. Тэрбээр хүн бүрт энэ байдлыг харуулахын тулд зориуд завсарлага авахгүй байгаагаа хэлж байжээ. Гэвч хэрүүл маргаан 10 гаруй минут үргэлжилсэн тул Рубинян завсарлага зарлаж, хамгаалалтын ажилтнуудыг дуудсан байна.
Сөрөг хүчний хууль тогтоогчид Рубиняныг маргааныг хүчирхийлэлд хүрэхээс өмнө арга хэмжээ аваагүй гэж буруутгав. Хэрвээ эрт завсарлага авч, хамгаалалтын ажилтнуудыг оруулсан бол бэртэл гэмтлээс сэргийлэх боломжтой байсан гэж тэд үзэж байна.
Нэг цагийн завсарлагааны дараа хуралдаан үргэлжлэхэд Рубинян сөрөг хүчний удирдагч Чахояныг өдөөн хатгасан гэж Карапетяныг буруутгажээ.
Угтаа бол Армени улс хоёрхон сарын өмнө парламентын ёс зүйн түр хороо байгуулсан. Тус хорооны дарга энэ сарын 5-нд парламентын дэг журмыг хүндэтгэх, улс төрийн өрсөлдөгчтэйгээ хүндэтгэлтэй харьцах, хууль тогтоох байгууллагад итгэх олон нийтийн итгэлийг хадгалахыг шаардсан найман дүрмийг хууль тогтоогчдод танилцуулсан. Гэвч ердөө энэ өдрийн дараа эрх баригч нам болон сөрөг хүчний гишүүдийн хооронд мөргөлдөөн гарснаар, парламентын хуралдааныг түр зогсоож, хамгаалалтын ажилтнууд танхимд орж ирж байжээ.
Нэг сарын дотор хоёр ч удаа ийм үймээн самуун үүссэн нь шинэ ёс зүйн дүрэм гарлаа гээд Арменийн парламентад дэг журам тогтох уу гэсэн эргэлзээг төрүүлж байна.
3,602.33






















































Зочин 2026-10-30 202.9.46.167
Манайхан 10-аад жилийн өмнө нэг зодолдсон шүү дээ. Нэг нь магистр шахуу Баярсайхан, нөгөө нь хэн ч билээ дээ.
Нэргүй 2026-10-30 103.57.94.232
neg tal ni orsuudiin nolooniih bhoooo
:D 2026-10-30 202.131.225.197
Манайхан бас яваандаа зодолдоосой. Байдаг л асуудал шд.
Нэргүй 2026-10-30 64.119.17.89
ЭНэ дотроо сайн зодолдож байх хэрэгтэй… тэгвэл бас ойлголцоно.