Эсэргүүцлийг захидал гаргав

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Эсэргүүцлийг захидал гаргав

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилтнууд “Нийгмийн толь” өдөр тутмын сонины бүх нууцтай холбоотой баримт материал, нууц эх сурвалжийн жагсаалт агуулсан толгой компьютерийг хураан авсныг “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга хурандаа М.Ганхүүд хандаж эсэргүүцлийн захидал гаргажээ.
“Нийгмийн толь” сонины толгой компьютерийн оронд өөр компьютер, эд хөрөнгө санал болгосон боловч хүлээн аваагүй,  хэдэн жил ашигласан энэ хуучин компьютер нь шүүхээс тогтоосон 1 сая 698 мянган төгрөгийн торгуулийг төлөхөд хүрэлцэхгүй, толгой  компьютерийг битүүмжлэн лацдах боломж олгоогүй, түүнд байгаа мэдээллээ хуулж авах редакцийн хүсэлтэд татгалзаж буй зэргээс үүдэн энэ үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хуульд заасан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, редакцийн үйл ажиллагаанд зориуд халдсан зорилготой арга хэмжээ гэж “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага үзэж байгаа ажээ.
“Нийгмийн толь” сонин 2009 оны 9-р сарын 1-ний №199-рт  Баян-Өлгий аймгийн хэсэг иргэдийн нэргүй захидлыг нийтэлснийхээ төлөө шүүхийн өмнө буруутан болоод байна. Захидалд нэр дурдагдсан Баян-Өлгий аймгийн Засаг дарга С.Хавал болон нэр бүхий төрийн 6 албан тушаалтан Чингэлтэй дүүргийн шүүхэд нэр төр гутаасан иргэний хэргээр нэхэмжлэл гаргаснаас энэ явдал үүдэлтэй юм байна.
Монгол Улсын Үндсэн Хуулиар баталгаажсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэхэд нь зарим тохиолдолд иргэдэд хамгаалалт хэрэгтэй болдог. Аливаа буруу, далд, бугшмал, зохисгүй үйлдэл, үйл ажиллагааг илчлэхдээ учирч болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалан нэрээ нууцлах нь иргэний эрх юм. Ийм ч учраас улс орнуудад шүгэлдэгч буюу мэдээлэгч, мөн сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах хууль тогтоомж үйлчилдэг. Манай улсад одоогоор ийм хамгаалалт байхгүй байгаа нь төрийн албан тушаалтнуудын өөрсдийн буруутай үйл ажиллагааг далдлах, зөвтгөх боломж олгож буй нь харамсалтай.
“Эрх мэдэлтнүүд нэр төр гутаахтай холбоотой Иргэний ба Эрүүгийн хуулийн зүйл заалтыг хэвлэл мэдээллийг айлгах, сүрдүүлэх, дарамтлах цензур болгон ашиглаж байгаа нь аливаа хэлбэрийн цензурыг хориглосон Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн заалтыг ноцтой  зөрчиж байгаагийн илрэл юм” гэж уг эсэргүүцлийн захидалд дурджээ. “Энэ нь үнэн бодит мэдээлэл олж авах олон нийтийн эрхийг ч бүдүүлгээр зөрчиж буй хэрэг. Шүүмжлэлт сэтгүүл зүй хөгжихийн хэрээр хэвлэл мэдээлэл нийгмийн хоточ нохой байж, иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх жинхэнэ дөрөв дэх засаглал болж чадна. Гэтэл иргэдэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгосон хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрийг хэрэгт татаж, төрийн албан тушаалтны буруутай үйл ажиллагааг шүүмжилснийг нь шүүх буруутай гэж үзээд байвал Монгол улсад хэвлэл мэдээллийн эрх чөлөө жинхэнэ утгаараа хэрэгжих боломжгүй юм” гэж уг захидалд дурдаад “Иймд та бүхнийг гаргасан шийдвэрээ эргэн харж, ”Нийгмийн толь” сонины толгой компьютерийг буцааж өгнө гэдэгт найдаж байна” гэжээ.

Г.Энхбаатар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж