Харвалт Монголд Улсад 100 мянган хүнд 200 тохиолдол бүртгэгдэж байна. Харваж байгаа дундаж нас дэлхий дахинаас 10 насаар бага буюу 59 насандаа цус харваж байгааг судалгаагаар тогтоожээ. Тархины харвалтаас урьдчилан сэргийлэх, тархины харвалтын хор уршгийг олон нийтэд таниулах зорилгоор жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдрийг "Тархины харвалттай тэмцэх өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Тархины харвалтад хүргэж байгаа шалтгаан хэрхэн урьчилан сэргийлэх талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн, мэдрэлийн төвийн их эмч, клиникийн профессор Б.Уянгаас тодрууллаа.
-Тархины харвалт үүсэхэд юу нөлөөлж байна вэ?
-Тархины харвалтад хүргэж байгаа хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, артерийн даралт ихсэн өвчин. Манайхан артерийн даралтаа хянадаггүй, ихсээд, шинж тэмдэг илрээд байхад төдийлөн эмнэлэгт ханддаггүй. Хандсан эмч эм бичиж өгөөд байхад тогтмол уудаггүй. Үүнээс үүдэж даралт хэлбэлзэж явж байгаад харвалт өгөөд байна. Хоёрдугаарт, судасны хатуурал нөлөөлж байна. Мөн удамшил, нас нөлөөлдөг.
Үүнээс гадна амьдралын буруу хэвшил буюу архи, тамхины хэрэглээ нөлөөлдөг. Тэгэхээр удамшлаас бусад шалтгааныг бол хүн өөрөө засаж болно.
Дээрээс нь эрүүл мэндийн боловсрол маш чухал байна. Эрүүл мэндийнхээ талаар зөв мэдээлэлтэй байж чадвал ганц тархины харвалт өвчин гэлтгүй бусад бүх өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
-Харвалтын шинж тэмдгийг хэрхэн таних вэ?
-Хүн хаана ч хэзээ ч харвалт өгөх эрсдэлтэй. Тиймээс тухайн иргэнийг харвалт өгч байгааг мэдээд анхны тусламж яаралтай үзүүлэх нь чухал. Ингэхийн тулд дээр хэлсэн энэ талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Тухайлбал, тархины харвалтыг танихад дэлхий нийтэд FAST шалгуурыг түгээмэл ашигладаг. Энэ нь нүүрний хувирал өөрчлөгдсөн эсэх, гарын хүч суларсан эсэх, хэл яриа ээдэрсэн эсэхийг шалгаж, цаг алдалгүй арга хэмжээ авахыг сануулдаг.
Мөн тэнцвэр алдагдах, хараа өөрчлөгдөх буюу нээгдэхгүй, хоёрчлогдох, хэл ярианд өөрчлөлт орсон эсэхийг анхаарах хэрэгтэй. Эдгээр шинж тэмдгийн аль нэг нь гэнэт илэрвэл яаралтай түргэн тусламж дуудах шаардлагатай.
Тархины харвалтын эмчилгээнд цонх үе буюу эмчилгээ үр дүнтэй байх хугацаа чухал. Зарим төрлийн ишемийн харвалтын үед бүлэн хайлуулах эмчилгээг шинж тэмдэг эхэлснээс хойш ихэвчлэн 4 цагийн дотор хийх боломжтой. Тиймээс шинж тэмдэг илэрсэн цагийг тогтоож, эмнэлгийн тусламжийг аль болох хурдан авах нь чухал юм.
-Харвалтын тухайд иргэд тал харвачихлаа, бүтэн харвасан гэж ярьдаг. Ийм тохиолдол байдаг юм уу?
-Тал харвах гэсэн ойлголт байхгүй. Иргэдийн хувьд нүүр нь мурийсан, нэг тал нь суларсан байдлыг хараад тал харвасан байна гэж ярьдаг. Харин ухаангүй болчихоор бүтэн харвасан гэж ярьдаг. Энэ бол буруу ойлголт. Тархины харвалт нь төрлөөсөө хамаараад мөн тархины аль бүсэд харвалт үүссэн байгаагаас шалтгаалаад шинж тэмдэг, эмнэл зүйн хэлбэрүүд нь янз янзаар илэрдэг. Товчхондоо, тархины судас бөглөрөх эсвэл судас хагарч цус алдах гэсэн үндсэн хоёр хэлбэр байдаг. Тухайлбал тархины баруун талд цус харвалт өгсөн байвал зүүн гар сулрах, хэл яриа алдагддаг. Харин тархины арын бүсэд харвалт үүсвэл тэнцвэр алдагдаж, хараанд өөрчлөлт өгдөг. Энэ мэт шинж тэмдгүүд өөр, өөр байдаг.
Эмчилгээний хувьд бүлэн хайлуулах, бүлэн авах эмчилгээ хийдэг. Үүнээс гадна мэс заслын эмчилгээг хийдэг.
Тэгэхээр өмнө нь хэлсэн дээ, 3-4 цагийн дотор шуурхай түргэн тусламж үзүүлж чадвал бүлэн хайлуулах эмчилгээг яаралтай эхлүүлж бүлэнг хайлуулснаар тахир дутуу, саа саажилттай болж хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлийг бууруулж чадна. Өөрөөр хэлбэл, тархинд үүссэн харвалтын голомтыг багасгаж чадна.
-Хөдөө, орон нутгийн иргэд маань яаралтай тусламж авч чадахгүй байх тохиолдол бас нэлээд гардаг. Бидний ойлголтоор харвасан хүнийг хөдөлгөж болохгүй гэж ойлгоод байдаг?
-Хамгийн эхлээд түргэн тусламжийг яаралтай дуудах шаардлагатай. Ингээд дуудлагаар ирсэн эмч хамгийн эхэнд өвчтөнөө үнэлнэ. Улмаар тээвэрлэхэд хүндрэлтэй байвал эхний арга хэмжээг авч эмнэлэгт хүргэнэ. Тиймээс өвчтөнийг тээвэрлэхээс өөр арга байхгүй. Харвалтын шалтгаан дээр бас нэмж хэлэхэд, хүйтэнд малгай өмсөхгүй явснаар тархины судас нарийсаж хэврэгшсэнээр харвалт өгөх эрсдэлтэй. Мөн агаарын бохирдол бас нэг хүчин зүйл болж байгаа. Тэгэхээр харвалт гэлтгүй эрүүл мэндийн мэдлэг, мэдээллээ дээшлүүлж урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал гэж хэлмээр байна.
3,600.44





















































Нэргүй 2026-10-29 103.229.123.189
Амьдрал дээр шал худлаа шдээ. Ээж маань маш хүнд харваад түргэний эмч мэдсээр байж 3 шатлалын эмнэлэгт хүргэхгүй дүүрэгт хаяад явчихсан.Тэр цонх цаг энтэр бол шал худлаа. 4 цагт харвасан хүнийг ор байхгүй гээд орой 12 цагт тасаг руу оруулсан. Дүүрэгт ийм төрлийн эмчилгээ байхгүй. Одоо ээжийгээ 4 дэх жилдээ харж байгааа.
Нэргүй 2026-10-29 103.229.123.189
Одоо тэр сэтгэлгүй түргэний эмчид гомдол гаргана гэжбодож байна
Бадарч тахар 2026-10-29 64.119.25.116
хараад байхад улсын их хуралд харвачихсан олон хүмүүс байна шүү !
Нэргүй 2026-10-29 103.57.95.156
миний оюутан цагийн хайр байна. Хайртай гээд очоод хэлчиж чадахгүй тэнэг байжээ