Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн салбар хахир эцэгтэй айлын дагавар хүүхэд шиг явсаар өнөөдөртэй золгов. Ийн ёгтлохын учрыг тус салбарт хуваарилж буй жил жилийн төсвийн дүн болон нас баралтын шалтгааныг тэргүүлж буй өвчний жагсаалтаас харж болно. Монгол Улс эрүүл мэндийн салбарынхаа тэргүүлэх чиглэлийг нийгмийн эрүүл мэнд байна хэмээн хуульчилсан. Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйл “Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн зарчим” гэсэн хэсэгт “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгож, улмаар эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд эрүүл мэндийн байгууллагын бие даасан, нээлттэй, өмчийн олон хэлбэрт тулгуурласан байдлыг хангана” хэмээсэн байдаг. Түүнчлэн Засгийн газраас 2024 оныг нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж байв. Гэвч хуулийн эл зорилтууд цааснаас цааш хэтэрдэггүй, лоозонгийн шинж чанартай хэвээр.
Нэг. Шүлс шиг төсөв
Ерөөс улсын төсөв бүхэл дүнгээр батлагддаг тул иргэд ямар хөрөнгийг юунд хуваарилж байгааг мэдэхгүй өнгөрдөг. Ялангуяа, эрүүл мэндийн салбарын төсвийг хэлэлцэх үеэр эмч, ажилчдын цалин хөлс, даатгалын сангийн орлого, хөнгөлөлттэй эмийн багц гэх мэтээр малгайлан ярилцаад мартагнадаг. Өнгөрсөн жилүүдэд нийгмийн эрүүл мэндийн салбарт хэчнээн төгрөг хуваарилсныг сонжъё. Гэхдээ доорх төсвийн дүнд нийгмийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны зардал, дархлаажуулалт, үндэсний төсөл хөтөлбөр, эрүүл мэндийг дэмжих сан, халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт зэрэг өргөн агуулга багтаж буй. Үүнд:
- 2023 оны гүйцэтгэлийн дүн 50.7 тэрбум төгрөг
- 2024 оны гүйцэтгэлийн дүн 67.1 тэрбум төгрөг
- 2025 оны гүйцэтгэлийн дүн 101.8 тэрбум төгрөг
- 2026 оны төсвийн тодотгол 91.5 тэрбум төгрөг
- 2027 оны төсвийн төсөл 112.1 тэрбум төгрөг байна.
Жил ирэх тусам өссөн мэт харагдах боловч салбарын нийт төсөвт эзлэх хэмжээ нь ердөө 4.3-5.9 хувийн хооронд хэлбэлзэх аж. Жишээ нь, гүйцэтгэлийн дүнгээр арай ахиу байгаа 2025 онд Эрүүл мэндийн сайдын багцын нийт төсөв 1.7 их наяд төгрөг байв.
Тэгвэл улсдаа ганц Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн санхүүгийн эрх мэдлийг авч үзье. Угтаа Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн төсвийн төвтэй дүйцэхүйц байгууллага. Гэвч төсөв нь дүүргийн эмнэлгийн төсөвт барааддаггүй аж. Тодруулбал,
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2026 оны батлагдсан төсөв – 4.9 тэрбум төгрөг байна. Энэ нь өмнөх оноос 600 саяас буурсан дүн юм.
- Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн 2026 оны батлагдсан төсөв – 24 тэрбум төгрөг. Өмнөх оноос найм орчим тэрбумаар нэмэгджээ.
- Сайд нарын хэмээх Хоёрдугаар эмнэлгийн 2026 оны батлагдсан төсөв – 67.4 тэрбум төгрөг байна.
Эдгээр төсөв өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд бус өвдсөн хойно нь эмчлэх, эмнэлэгт хэвтэхэд нь угтан авах ороо бэлдсэн тогтолцоог усалж буйг харуулах шиг. Олон улсад нийгмийн эрүүл мэндийн салбарт хуваарилж буй төсвийг урт хугацааны хөрөнгө оруулалт гэж хардаг. Харин Монголд илүү зардал гэж үзэх боломж гарвал тайрч танасаар иржээ.
Хоёр. Танасан төсөв дагасан өвчлөл, нас баралт
Дээр дурдсан төсвийн зарцуулалт бол жишээ төдий. Цааш үндэсний төвд хуваарилагдсан төсвийн чухам хэчнээн нь сургалт судалгаанд, хэд нь байгууллагын дотоод зардалд зарцуулагдаж байгаагаар задалбал өөр тоо гарна. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллага бүр дэх эрүүл мэндийг дэмжих, хамгаалах нэгжийн төсөв нь тухайн байгууллагынхаа нийт төсвийн хажууд мөн л шүлс шиг бага гэдгийг эл салбарынхан өөрсдөө хэлдэг.
Мөнгөн дүнгээс гадна Монгол Улс бүх нийтийн эрүүл мэндэд, эрүүл мэндийн боловсрол олгох тогтолцоонд, урьдчилан сэргийлэх чиглэлд хөрөнгө зарцуулахгүй байгааг өвчлөл, нас баралтын дүн илтгэнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монгол Улсад сэргийлж болох нас баралт өндөр гарсаар буй. Тодруулбал, зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, уушгины архаг гэсэн дөрвөн өвчний улмаас 30-70 насандаа эндэх магадлал 26.3 хувь байгаа нь дэлхийн дунджаас 8.5-аар өндөр үзүүлэлт юм. Улсын хэмжээнд 2014-2024 оны байдлаар 10 нас баралт тутмын долоо нь эмнэлгийн бус нас баралт байж. Энэ нь мөн л олон улсын дунджаас давсан тоо.
Үндэсний хэмжээнд таван жил тутам хийдэг халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын судалгаагаар хүн амын дундах тамхины хэрэглээ 24.2 хувь, өөх тосны хэрэглээ 87.2 хувь, давсны хэрэглээ ДЭМБ-аас зөвлөж буй хэмжээнээс хоёр дахин өндөр буюу 10.5 гр, илүүдэл жинтэй хүн амын эзлэх хувь 30.9, хүн амын 18.5 хувь таргалалттай гарчээ. Хүн амын дунд эрүүл амьдралын хэв маяг, зан үйл хэвшээгүй, иргэдийн эрүүл мэндийн боловсрол хангалтгүй байгааг эдгээр судалгааны дүн харуулж байгаа юм. Шулуухан хэлэхэд, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс танасан төсвийн гор.
Ерөөс манай улс эмнэлэг төвтэй, орны тоонд анхаарсан тогтолцоог шүтсээр ирсэн гэхэд хилсдэхгүй.
Бэлтгэл бэлэн байдал гэхээр хэдэн ор дэлгэх, хэчнээн эм, тариа нөөцөлснөө танилцуулдаг нь ч үүнтэй холбоотой. Нэг үеэ бодоход томоохон эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, тандалт судалгааны алба нэгжүүд нээгдсэн ч орон тоо цөөн, төсөв татуу байгаа нь үнэн. Тиймдээ ч хаа нэг улсаас “Элэг бүтэн Монгол”, “Эрт илрүүлэг 1.0” зэрэг кампанит арга хэмжээ хэрэгжүүлсэнээ нийгмийн эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийчихлээ гэж эндүүрэх нь элбэг. Гэтэл аливаа тогтолцоо бэхжиж, урт хугацаандаа өгөөжөө өгөхөд төрийн тогтвортой бодлого, төсөв санхүүгийн найдвартай байдал туйлаас чухал билээ.
3,600.44





















































Нэргүй 2026-10-28 82.47.22.203
;))))))))) Халуухан охид чамайг хүлээж байна — Miss4.fun
зочин 2026-10-28 202.131.227.179
ЭМЯ шалгалт зарим эмнэлгүүд ороод их хэмжээний шаардлагагүй орон тоо хэтрүүлж авсан,тусламжид мөнгө бага зардаг, хуучин тоног төхөөрөмж өндөр үнээр авдаг, их эмжээний засвар тендергүй танил талаараа хийлгэдэг, Чанаргүй эм авдаг , чадваргүй дарга тухай баримттай хэвлэлээр бичээд байгаа нь үнэн бол солих тэр эмнэлгийн дарга нараа солих хэрэгтэй.
Эмнэлгийн ажил даргын ур чадвар, туршлагаас хамаарна.
Нэргүй 2026-10-28 203.98.77.101
Уг нь их зөв л сэдэв хөндсөн байна. Бодит байдал угаасаа ийм л байсан, ийм байсаар ирсэн, ийм л байлгах гээд байх шиг байна
Зочин 2026-10-28 103.145.234.36
Эрүүл мэндийн салбар зөв гольдролоороо явж байна. Цагаа аваад үзүүлчихнэ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж сайн байгаа тул АН-ын хулгайч нар сайн болж бүтэж байгаа салбарыг бүү харлуул. Гадаад улсуудад асар их мөнгө төлж байж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг.
Нэргүй 2026-10-28 202.126.90.242
Төрөөс өгсөн төсвийг өөрснөө цавчиж гударчихаад битгий хуцаад байгаарай !
ЭМЯ-аар дүүрэн Бямбасүрэнгүүд бий, цөмөөрөнд нь 13 жил өгөөд Шоронд суулгавал таарна.