“Иргэдийн тогтвортой орлого, амьжиргааны баталгааг төсвийн бодлогоор хангах шаардлагатай”

“Иргэдийн тогтвортой орлого, амьжиргааны баталгааг төсвийн бодлогоор хангах шаардлагатай”

“Иргэдийн тогтвортой орлого, амьжиргааны баталгааг төсвийн бодлогоор хангах шаардлагатай”

Эдийн засагч А.Энхбаттай Монгол Улсын 2027 оны төсвийн төслийн талаар ярилцлаа.


-Засгийн газраас 2027 оны төсвийн төслийг дагалдуулан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байсан ч хуулийн төслөө татаж авлаа. Эдийн засагчийн хувьд энэ шийдвэрийг хэрхэн дүгнэж байна вэ. Ер нь ногдол ашгийг юунд зарцуулбал хамгийн өгөөжтэй вэ?

-Засгийн газар Төсвийн тухай хуулийн дагуу  Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг наймдугаар сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн төсөлтэй хамт нийт долоон хуулийн төсөл, УИХ-ын гурван тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн. Тэдгээрийн дотор таны асууж буй Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байгаагүй. Харин Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай нэг удаагийн шинжтэй хуулийн төсөл багтсан юм. Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хуралдаж, төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдээс уг хуулийн төслийг эгүүлэн татахаа мэдэгдсэн. Энэ хуулийн төсөлд “Оюутолгой” ХХК-ийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос хоёр их наяд төгрөгийг Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулиар батлах нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулахаар тусгасан байсан. Мөн уг хоёр их наяд төгрөгийн зардлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад хамааруулахгүй байхаар тусгажээ.

Засгийн газар уг хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхдээ Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэд хэдэн заалттай зөрчилдөхүйц байдлаар боловсруулсан нь хууль зүйн үндэслэлд нь эргэлзээ төрүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэн тэгш, шударгаар хүртээхэд чиглэнэ гэж заасан. Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2.а-д заасны дагуу уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмшлийн хувьцаа 34 хүртэлх хувьтай бол төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр зохицуулсан байдаг.

Иймээс “Оюутолгой” компаниас төрд ногдох гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг юуны өмнө Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх ёстой.

Эгүүлэн татсан хуулийн төсөл найруулга, томьёоллын хувьд ч алдаатай байв. Тухайлбал, төслийн 1.2-т “үлдэх хэсгийг” гэж заасан боловч ямар дүнгээс үлдэх хэсгийг тооцохыг тодорхойлоогүй. Түүнчлэн хоёр их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл, зардал-үр ашгийн тооцоо хийсэн эсэх, ач холбогдлын эрэмбэ дараалал, төсөвт өртөг зэрэг нь тодорхойгүй байсан. Тиймээс миний хувьд Засгийн газар уг хуулийн төслийг эгүүлэн татсан нь зөв алхам гэж үзэж байна. Харин Засгийн газар, Сангийн яам дараа жилийн төсвийн төсөлтэй хамт хангалттай тооцоо, судалгаагүй хуулийн төсөл өргөн мэдүүлдэг буруу жишгээс хараахан салаагүй нь харамсалтай. Энэ нь төсвийн удирдлага, төлөвлөлтөд доголдол байгааг харуулж байна. Нөгөө талаар Засгийн газар “Оюутолгой” ХХК-тай ногдол ашгийн асуудлаарх хэлэлцээг эцэслэн шийдвэрлээгүй байхад уг орлогыг ирэх оны төсөвт тусган тооцож байгаа нь эрсдэл дагуулна. Хэрэв ирэх онд “Оюутолгой” төслөөс гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авах асуудлыг эцэслэн шийдвэрлэж, холбогдох хэлэлцээр, протоколд гарын үсэг зурж баталгаажуулсан бол энэ нь зүйтэй. Үүний дараа Үндсэн хууль болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уг орлогыг Хуримтлалын санд төвлөрүүлж, иргэн бүрийн нэрийн дансанд бүртгэн баталгаажуулах хэрэгтэй. Харин хуримтлалыг бүрдүүлсний дараа нийгмийн болон дэд бүтцийн зайлшгүй шаардлагатай, ач холбогдлоор эрэмбэлэгдсэн, техник, эдийн засгийн үндэслэл болон зардал-үр ашгийн тооцоо нь хийсэн төслүүдэд хөрөнгө оруулалт шаардлагатай бол Засгийн газар иргэдийн хуримтлалаас хүүтэй зээл авах боломжийг судалж болно. Ингэснээр баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээх зарчим хэрэгжинэ. Иргэд баялгаас хүртэх эрхээ баталгаажуулахын зэрэгцээ хүүгийн орлого олох боломжтой болно. Харин гурван их наяд төгрөгийг иргэдэд шууд бэлнээр тараах нь эдийн засагт эрсдэл үүсгэж болзошгүй.

-УИХ-аар 2027 оны төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Зарим гишүүн “Анх удаа төсөв 10 их наяд төгрөгөөр тэлж байгаа тул яаравчлан баталж болохгүй, салбар бүрээр олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой” гэсэн байр суурь илэрхийлж байна. Энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг хэр үр дүнтэй болж байна вэ?

-Сангийн яам, Засгийн газар жил бүр улсын төсвийн төсөл боловсруулахдаа  иргэд, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох хуулийн шаардлагыг хангасан гэж тайлагнадаг. Гэвч эдгээр хэлэлцүүлэг чанартай болж, олон нийтийн санал бодлыг бодитоор тусгаж чаддаг эсэх нь эргэлзээтэй. Зарим тохиолдолд хэлэлцүүлгийг хуулийн шаардлага биелүүлсэн мэтээр зохион байгуулж, УИХ ч өргөн мэдүүлсэн төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн гэсэн шаардлага хангагдсан гэж дүгнэх төдий байна. Уг нь төсвийн төсөл боловсруулах эхний шатанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны иргэдэд өөрсдийн нутаг дэвсгэрт тулгамдаж буй нийгмийн асуудал, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, зам, тээвэр, холбооны үйлчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх ёстой. Үүний үндсэн дээр иргэд асуудлаа үнэлж, ирэх оны төсөвт тусгуулах саналаа албан ёсоор холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх боломжтой байх хэрэгтэй. Гэвч ийм ажил хангалттай хийхгүй байна.

Салбарын яамд болон Сангийн яам цахим хуудсандаа цөөн мэдээлэл байршуулж, харьяа байгууллагынхаа төрийн албан хаагчдыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулснаар хязгаарлагдах нь бий. Ийм нөхцөлд төсвийн төслийн хэлэлцүүлгийг бүрэн утгаар нь хийсэн гэж үзэхэд учир дутагдалтай.

Өнөөдөр орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд төсөв хэлэлцэх үеэр тухайн нутагт үүссэн асуудлыг чуулган болон байнгын хорооны хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхийг оролддог. Энэ нь тэднийг нэг талаар хардлага, сэрдлэгэд өртүүлэхийн зэрэгцээ төсвийн хүрээ нэгэнт хязгаарлагдсан үед саналыг нь тусгах боломжийг багасгадаг. Гол асуудал нь төсвийн хэлэлцүүлэг анхнаасаа үр дүн муутай, эсвэл хангалттай зохион байгуулахгүй байгаад оршино. Төсвийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх бүх үе шатанд ил тод, нээлттэй, иргэдийн оролцоог бодитоор хангасан тогтолцоо нэн шаардлагатай байна.

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Монголбанк 2027 оны төсвийн зардлыг бууруулах шаардлагатай гэсэн зөвлөмж өгсөн ч УИХ олонхын саналаар төсвийг батлах төлөвтэй байна. Ер нь хэмнэлтийг юунаас эхэлж, ямар зардлыг танах шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн дараа жилийн төсвийн төслийг хянаж, дүгнэлт гаргадаг. Эдгээр байгууллага макро эдийн засгийн төлөв байдал, өмнөх жилүүдийн төсвийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, улсын хөгжлийн бодлого, хэрэгцээ шаардлага, гадаад эдийн засгийн орчин, гол түүхий эдийн үнийн хэлбэлзэл зэрэг олон хүчин зүйлийг харгалзан мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж боловсруулдаг.

Ирэх 2027 оны төсвийн төслийн нийт зарлага 2026 онтой харьцуулахад 10 их наяд төгрөгөөр нэмэгдэж байгаа нь төсвийн зарлага их хэмжээгээр тэлж буй хэрэг юм. Энэ нь хэд хэдэн сөрөг нөлөө дагуулж болзошгүй.

Төсвийн нийт зарлагын түвшнийг бууруулж, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах чиглэлээс ухарсан алхам болж байна. Нийт зарлага, тэр дундаа урсгал зардал өсөх нь дунд хугацаанд төсвийн тогтвортой байдлыг хангах боломж, төсвийн бодлогын орон зайг хумина. Мөн цалин, тэтгэвэр, тэтгэмжээр дамжин хувийн хэрэглээ нэмэгдэх нь эрэлтийг өсгөж, инфляц, төлбөрийн тэнцэл болон төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Улстөрчид богино хугацааны төсвийн үр дүнд түлхүү анхаардаг. Харин цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдсэнээр хөдөлмөрийн бүтээмж хэрхэн өсөх, эдийн засгийн өсөлтөд ямар нөлөө үзүүлэхийг хангалттай авч үздэггүй. Дунд болон урт хугацаанд улс орны хөгжлийн тогтвортой байдал, иргэдийн тогтвортой орлого, амьжиргааны баталгааг бодлогоор хангах шаардлагатайг өмнөх туршлага, сорилтууд харуулж байна. Төсвийн хэмнэлтийг бодитоор хэрэгжүүлэхийн тулд ажил үүргийн давхардал, орон тоо, яам, агентлагийн бүтэц, бүрэлдэхүүнийг нягтлах шаардлагатай. Төрийн хэмнэлтийн тухай хууль зарим талаар үр дүнгээ өгч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ нөгөө талаар төрийн үйлчилгээний хэвийн ажиллагаанд саад учруулж, орон нутагт иргэдэд үйлчилгээ хүргэдэг албан хаагч, байгууллагын ажилд хүндрэл үүсгэж байгаа тал бий. Иймээс хуулийн хэрэгжилтийг дахин үнэлж, шаардлагатай бол сайжруулах хэрэгтэй.

Яам бүр дэд сайд, зөвлөхтэй, зарим сайдын ажлын алба нүсэр бүтэцтэй, олон тооны туслах, зөвлөхтэй байхад төсвийн хэмнэлтийг бодитоор хэрэгжүүлэхэд хүндрэлтэй.

Мөн төсөл, хөтөлбөрийн хүрээнд төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулж байгаа эсэхэд хатуу хяналт тавих ёстой. Авлига, үр ашиггүй зарцуулалт өндөр хэвээр байвал төрийн болон төсвийн хөрөнгийг хэмнэх тухай бодлого бодит үр дүнд хүрэхэд бэрх.

-Ирэх онд инфляцыг нэг оронтой тоонд барихад хүндрэлтэй байх болов уу?

-Инфляц олон хүчин зүйлээс хамаарна. Монголбанк бодлогын хүүгээр дамжуулан инфляцыг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Гэтэл Засгийн газар төсвийн зардлаа нэмэгдүүлэх замаар эдийн засаг дахь эрэлтийг өсгөж байгаа нь мөнгөний болон төсвийн бодлогын уялдааг сулруулж байна. Нөгөө талаар геополитикийн нөхцөл байдал хурцадмал хэвээр байгаа бөгөөд ирэх онд ч үргэлжлэх төлөвтэй. Олон улсын валютын сан 2026 оны нөхцөл байдал болон 2027 оны төлөвийг аравдугаар сард шинэчлэн танилцуулсан. Тус тайланд дэлхийн эдийн засгийн өсөлт 2026 онд 3.1 хувь болж саарах ч 2027 онд 3.4 хувь болж сэргэх төлөвтэй гэж үзжээ. Дэлхийн ерөнхий инфляц 2026 онд 4.7 хувьд хүрч өсөөд, 2027 онд 4.1 хувь болж буурахаар төсөөлсөн байна.

Технологийн өртгийн сүлжээнээс гадуур, эрчим хүч импортолдог орнуудад илүү хүнд нөхцөл үүсэж байгааг мөн онцолжээ. ОУВС-ийн төсөөллөөр дэлхийн инфляцын дарамт, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан БНХАУ болон ОХУ-ын эдийн засгийн өсөлт 2027 онд саарах буюу харьцангуй бага түвшинд хадгалагдах төлөвтэй байна.

Хятадын ДНБ-ий өсөлт 2026 онд 4.5 хувь байснаа 2027 онд 4 хувь болж буурах бол Оросын эдийн засаг 2027 онд 0.9 хувийн өсөлттэй байх төлөв гарсан. Эрчим хүчний үнийн хэлбэлзэл, геополитикийн мөргөлдөөн нь хоёр хөршийн эдийн засагт дарамт учруулсаар байх магадлалтай. Ийм гадаад орчны нөхцөлд Монгол Улсад эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйл болон импортын барааны үнийн өөрчлөлтөөс шалтгаалсан инфляцын дарамт үргэлжилж, инфляц хоёр оронтой түвшинд хадгалагдах эрсдэл байна.

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталлаа. Гол өөрчлөлт нь зэсийн АМНАТ-ийг бууруулж байгаа явдал. Энэ нь эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?

-УИХ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. Засгийн газрын тайлбарласнаар энэ өөрчлөлт нь нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтой. Өмнө нь олборлолтын шатнаас гадна баяжуулах, боловсруулах шатны дотоодын үйлдвэрлэгчдэд АМНАТ давхар ногддог байсан нь үйлдвэрүүд зогсох, түүхий эдийн хомсдолд орох эрсдэл үүсгэж байв. Хуулийн өөрчлөлт Монгол Улсын төсөв болон макро эдийн засагт дараах гол нөлөө үзүүлж болзошгүй. Нэгдүгээрт, богино хугацаанд төсөвт төвлөрөх АМНАТ-ийн орлого буурах ч дунд болон урт хугацаанд татварын суурь тэлэх боломжтой. Давхар татвар ногдуулах асуудал арилснаар үйл ажиллагаа нь зогссон, эсвэл хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүй байсан аж ахуйн нэгжүүд сэргэж, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн орлого өсөх боломж бүрдэнэ.

Хоёрдугаарт, зөвхөн газрын хэвлийн түүхий эдийг олборлон экспортлохоос илүүтэй боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломж нэмэгдэнэ. Ингэснээр экспортын орлого өсөх нөхцөл бүрдэнэ. Гуравдугаарт, боловсруулах үйлдвэрлэл тэлснээр ажлын байр нэмэгдэж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоонд эерэг нөлөө үзүүлэх боломжтой.

-Нүүрс, зэс, алтны үнэ ирэх онд энэ жилийнх шиг өндөр байх уу. Үнийн төсөөллийг хэрхэн гаргасан бэ?

-2027 онд нүүрснээс бусад гол түүхий эд болох зэс, алтны дэлхийн зах зээлийн үнэ өндөр байх хүлээлттэй байна. Олон улсын банк, санхүүгийн байгууллага болон төсөөлөл гаргадаг бусад байгууллагын үнэлгээнд ч ийм хандлага ажиглагдаж байна. Ирэх 2027 оны төсвийн төсөлд зэсийн үнийг нэг тонн нь 12,700 ам.доллар, зэсийн баяжмалын олборлолтын биет хэмжээг 2.1 сая тонн, алтны үнийг нэг унц нь 4,200 ам.доллар, нүүрсний үнийг нэг тонн нь 68 ам.доллар, нүүрсний биет хэмжээг 110 сая тонн байхаар тооцсон байна. Олон улсын шинжээчид зэс, алтны үнийг төсвийн төсөөллөөс өндөр байхаар таамаглаж байгаа нь биелбэл Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Гэхдээ зөвхөн үнийн өсөлтөд найдахаас илүү олборлолтын зорилтот хэмжээнд хүрэх нь чухал. Мөн түүхий эдийн үнийн хэлбэлзэл төсвийн орлого, эдийн засагт эрсдэл дагуулж болохыг анхаарах хэрэгтэй.

-Төрийн өмчит компаниудаас ирэх онд 5.9 их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэхээр 2027 оны төсөвт тусгасан. Төсвийн алдагдлыг ногдол ашгаар нөхөх нь үр ашиггүй гэж эдийн засагчид шүүмжилдэг. Та ямар байр суурьтай байна вэ?

-Төрийн өмчит компаниудын ногдол ашгаар төсвийн орлого бүрдүүлэх нь нэг талаас зөв боловч нөгөө талаас энэ эх үүсвэрийг зөвхөн урсгал зардалд зарцуулах нь эдийн засагт сөрөг нөлөөтэй. Иймээс ирээдүйд нэмүү өртөг бий болгож, дунд болон урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих томоохон төслүүдийг хэрэгжүүлж,  барихад хөрөнгө оруулах нь зүйтэй. Тухайлбал, гангийн үйлдвэр, алт цэвэршүүлэх үйлдвэр, зургаадугаар цахилгаан станц зэрэг төслийг нэрлэж болно. Ийм хөрөнгө оруулалт нь эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ажлын байр бий болгох давуу талтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж