Монголын үзэсгэлэнг хоёр сая хүн үзжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Монголын үзэсгэлэнг хоёр сая хүн үзжээ



Өнгөрсөн тавдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн “Шанхай экспо-2010” үзэсгэлэнд дэлхийн 189 орон оролцож байгаа билээ. Өнөөдөр “Монголын үндэсний өдөр” Шанхай хотноо болж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нээж үг хэллээ. Тэрбээр “Энэ бол цаг үеэ олсон чухал үйл явдал болж байна. Энэ үзэсгэлэнг зохион байгуулснаараа Монгол Улс дэлхийн олон улстай алхаагаа нэгтгэх үүд хаалгыг нээж өглөө. Түүнчлэн улс орнуудын найрамдалт харилцааг улам батжуулж байгаагаараа  сайшаалтай” гэв.
 
Шанхайн тэнгэрт Монгол Улсын төрийн далбайг мандуулж, төрийн дуулал эгшиглэснээр “Монголын үндэсний өдөрлөг” эхэллээ.  Таван жилд нэг удаа болдог энэхүү экспо дэлхийн нийтийн эв нэгдлийг улам батжуулж байгаа томоохон арга хэмжээний нэг юм. Энэ удаагийн экспо “Сайхан хот-сайхан амьдрал” гэсэн уриатай болж байгаа бөгөөд уг өдөрлөгт Монгол Улс говийн бүс нутагт томоохон стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаатай уялдуулан “Говь ба хот” гэсэн сэдвийг сонгож үзэсгэлэнгээ толилуулж байна. Өнөөдөр монголын ардын болон сонгодог урлагийн тоглолт болсон нь Шанхайн үзэгчдээс өндөр үнэлэлт авлаа. Тэр дундаа “Хөсөгтөн” хамтлагийн тоглолт, уран нугаралтын үзүүлбэр гадныхны анхаарлыг татаж байлаа.  Дээрх үзэсгэлэнд олон сая жилийн өмнө Монголын говиос олдсон үлэг гүрвэлийн  олдворууд олны анхаарлыг маш ихээр татсан юм. Дашрамд сонирхуулахад, монголын үзэсгэлэнг өдөрт 20 мянга орчим зочид төлөөлөгч сонирхож байгаа бөгөөд нийт хоёр сая гаруй зочид үзэж сонирхоод байна гэж манай сурвалжлагч Б.Анхцэцэг Шанхай хотоос мэдээллээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж