Аргентины Буэнос-Айресийн их сургуулийн оюутнууд болон багш нар ерөнхийлөгч Хавьер Милейн засгийн газрын зарласан төсөв танах бодлогыг эсэргүүцэж байна. Эсэргүүцэл зөвхөн Буэнос-Айресийн их сургуулиар хязгаарлагдахгүй бөгөөд үндсэндээ Аргентины улсын их сургуулиуд даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд байгаа юм. Санхүүжилт дутмаг, цалин бага байдал нь боловсролын системд томоохон аюул учруулж байгааг оюутнууд болон багш нар хэлж байна.
Буэнос-Айресийн их сургуулийн төв танхим төсвийн таналтыг эсэргүүцсэн олон 10 уриа лоозонгоор бүрхэгджээ. Мөн оюутнууд их сургуулийн барилгыг түр эзлэх эсэргүүцлийн ажиллагаагаа мэдэгдэхээр хурал зарласан байна. Энэ нь олон нийтийн анхаарлыг татаж, засгийн газарт дарамт үзүүлэх зорилготой Аргентины уламжлалт эсэргүүцлийн хэлбэр юм.
Оюутан Эмилиано Гато "Манай шилдэг багш нар олноороо явж байна. Тэдний цалин наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй хэмжээнд хүрсэн учраас хувийн их сургуулиуд руу шилжиж байна. Би Буэнос-Айресийн их сургуульд судалгаа хийж, багшлахыг мөрөөддөг. Энэ бол нэр хүндтэй сургууль. Гэхдээ одоо энэ хэмнэлтийн төлөвлөгөөнөөс шалтгаалаад цаашид юу болохыг мэдэхгүй байна" гэжээ.
Дашрамд дурдахад, Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей түүхэнд байгаагүй хамгийн хатуу хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж байна. Тэрбээр 2023 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш олон мянган төрийн албан хаагчийг ажлаас нь халж, яамдыг татан буулгаж, татаасыг бууруулж, засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөрүүдийг танасан. Эдгээр нь Аргентинд томоохон асуудал болсон өндөр инфляцтай тэмцэх зорилготой арга хэмжээ байв. Өнөөдөр тус улсын инфляц сарын 2 орчим хувь хүртэл буурсан байна. Ингээд харахаар Милейн бодлого нүдээ олсон мэт.
Гэвч хүн бүр үүнтэй санал нийлэхгүй байна. Түүний бодлого боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан халамжийн хөтөлбөр, тэтгэвэр авагчид болон төрийн дэмжлэгээс хамааралтай бусад хүмүүст ихээхэн нөлөөлж байна.
Холбооны шүүх Их сургуулийн санхүүжилтийн тухай хуулийг хэрэгжүүлээгүй гэж үзэн Аргентины засгийн газарт өдрийн 100 мянган песогийн торгууль ногдуулж эхэлжээ. Иргэд олон нийт ч уг хуулийг хэрэгжүүлэхийг шаардан гудамжинд гарч жагсаад байна. Эсэргүүцэл тайван эхэлсэн ч удалгүй мөргөлдөөнд хүрч, 25 хүн баривчлагдсан, хэд хэдэн хүн шархдаж гэмтсэн тохиолдол ч гарав.
3,600.44





















































Зочин 2026-10-16 192.82.92.42
Манайх шиг терийн монопол тогтоосон данхайсан сургуулийг цомхотгох нь зевштээ!