Нийслэлийн хэмжээнд цаашид иргэдэд өмчлүүлэх боломжтой 114,021 нэгж талбарын газар байна. Харин иргэдэд газар өмчлүүлэх хугацаа 2028 онд дуусахаар байгаа тул газар өмчлөх хүсэлтэй иргэд боломжит байршлаа урьдчилан судалж, шаардлагатай материалаа бүрдүүлэх нь зүйтэй.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тодруулснаар газар өмчлүүлэх боломжтой нэгж талбарын тоогоор Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тэргүүлж байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 39197, Сонгинохайрхан дүүрэгт 37726 нэгж талбар өмчлүүлэх боломжтой аж. Харин Хан-Уул дүүрэгт 11289, Налайх дүүрэгт 8369, Сүхбаатар дүүрэгт 8228, Чингэлтэй дүүрэгт 4648 нэгж талбар байна.
Мөн Багануур дүүрэгт 2330, Багахангай дүүрэгт 1974, Баянгол дүүрэгт 260 нэгж талбарыг цаашид өмчлүүлэх боломжтой гэсэн тоон судалгааг гаргажээ.
ГАЗАР ӨМЧЛӨХ ХҮСЭЛТИЙГ ХЭРХЭН ГАРГАХ ВЭ?
Иргэд газар өмчлөх хүсэлт гаргахдаа өөрийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, утасны дугаар, өмчилж авах газрын байршил, харьяалах засаг захиргааны нэгж болон газрын хэмжээг өргөдөлдөө тусгана.
Мөн өргөдөлдөө иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, гэр бүлийн ам бүлийн байдлын талаарх баг, хорооны Засаг дарга эсвэл тосгоны захирагчийн тодорхойлолтыг хавсаргах шаардлагатай. Хэрэв Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний хуулбарыг нэмж бүрдүүлнэ.
Холбогдох байгууллага хүсэлтийг хууль, журмын дагуу хянан үзэж, газар өмчлүүлэх шийдвэрийг эрх бүхий Засаг дарга 90 хоногийн дотор гаргах юм.
ӨӨРИЙН ДҮҮРЭГТ ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Иргэд тухайн жилд оршин суугаа нутаг дэвсгэртээ өмчлүүлэхээр төлөвлөсөн газрын байршлыг www.egazar.gov.mn цахим хуудаснаас шалгах боломжтой.
Тиймээс газар өмчлөх хүсэлтэй иргэд газрын байршил, боломжит нэгж талбарын мэдээллээ цахимаар нягталж, шаардлагатай бичиг баримтаа урьдчилан бэлтгэхийг зөвлөж байна.
3,600.44





















































Нэргүй 2026-10-16 202.70.38.250
Газрын албанд ажиллаж байсан Хүмүүс гадуур Иргэдээс 5 сая төгрөг аваад хүссэн байршил 0,07га газрыг нь авч өгдөг болсон бна лээ
Нэргүй 2026-10-16 202.70.38.250
Газрын албанд ажиллаж байсан Хүмүүс гадуур Иргэдээс 5 сая төгрөг аваад хүссэн байршилд 0,07га газрыг нь авч өгдөг болсон бна лээ….Энэ ямар учиртай вэ