Эль Сальвадорын ерөнхийлөгч Наиб Букелегийн 2022 оны гуравдугаар сард зарласан кампанит ажлын хүрээнд тус улсын эрх баригчид гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой 90 мянга гаруй хүнийг баривчилсан. Тэгвэл тэр хүмүүсийн 50 хувийг нь суллах төлөвлөгөөг Букеле танилцууллаа.
Эргэн сануулахад, 2022 оны гуравдугаар сарын 25-ны өдөр "MS-13" гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд улс даяар аймшигт халдлага үйлдэх зааварчилгааг нэгэн зэрэг мессежээр хүлээн авч, улмаар хоёрхон өдрийн дотор 87 хүний аминд хүрсэн байдаг. Букеле энэ үед асар хурдан шийдвэр гаргаж онц байдал зарласан ба иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон олон эрхийг хүчээр түдгэлзүүлж, гэмт бүлэглэлтэй холбоотой гэх олон мянган хүнийг баривчилсан. Энэ алхам нь тус улсын хүн амины хэргийн түвшинг эрс бууруулсан ч тэр хүмүүсийн баривчлагдсан шалтгаанаа мэдэх эрх, хуульчийн туслалцаа авах эрх, эргэлт авах эрх зэрэг үндсэн эрхүүдийг түдгэлзүүлсэн юм.
Хүний эрхийн байгууллагууд Эль Сальвадорт зарласан онц байдлыг шүүмжилж, дур мэдэн баривчлах явдал гаарлаа гэж анхааруулсаар ирсэн.
Ерөнхийлөгч Наиб Букелегийн танилцуулсан төлөвлөгөө ёсоор, гэмт бүлэглэлтэй хамтран ажилласан гэж үзсэн хүмүүсийг голчлон суллах аж. Хэрэв гэмт бүлэглэлтэй хамтран ажилласан хүн бүрийг баривчилбал нийт хүн амын 20 хувийг баривчлах хэрэг гарна гэдгийг Букеле онцолжээ.
Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр, онц байдлын хугацаанд 6000 гаруй гомдол бүртгэгдсэн байна. Мөн засгийн газрын хорих байгууллагуудад дор хаяж 575 хүн амиа алджээ.
Гэхдээ хүмүүсийг зөвхөн суллаад орхичих бус хоригдсоноос үүдэлтэй бусад хохирлыг нь ч төр засаг нөхөн төлөх ёстой гэж шүүмжлэгчид болон мэргэжилтнүүд үзэж байна. Тус улсын хуульч Берта Делеоны хэлснээр үүнд, хоригдсоноос үүдэлтэй бие махбодын болон сэтгэл зүйн хохирол, гэр бүлийн асуудал, ажил, сургуулиа алдсан явдал, нэр хүндэд учирсан хохирол зэрэг бүгд багтана.
3,600.44


















































Холбоотой мэдээ