Туркийн өмнөд хэсгийн Анталья мужийн Кекова арлын ойролцоо 4700 жилийн өмнөх, хүрэл зэвсгийн эхэн үед хамаарах эртний хөлөг онгоцны сүйрлээс шавар вааран савнууд олдсон байна. Туркийн соёлын сайд Мехмет Нури Эрсой уг олдворыг “дэлхийн хамгийн эртний хөлөг онгоцны сүйрэл” гэж тодорхойлсон байна.
Энэ оны эхээр эхэлсэн усан доорх археологийн малтлагын үеэр тос, дарс тээвэрлэхэд ашиглаж байсан байж болзошгүй том хэмжээний вааран савнуудыг илрүүлжээ. Хөлөг онгоцны модон их бие хадгалагдан үлдээгүй. Гэсэн хэдий ч эдгээр олдвор нь Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт эрт үеэс далайн худалдаа, соёлын солилцоо хөгжиж байсныг гэрчлэх чухал баримт болж байна.
Шаврын найрлагад хийсэн шинжилгээгээр савнуудыг Иордан голын хөндийн урлангуудад үйлдвэрлэсэн байх магадлалтай гэж тогтоожээ. Тэдгээртэй төстэй хийцтэй савнууд Египет, Турк, Грекээс өмнө нь олдож байсан нь хүрэл зэвсгийн үед далайн худалдааны өргөн сүлжээ байсныг харуулж байна.
Олдворуудаас нэг сав онцгой хийцтэй байснаараа судлаачдын анхаарлыг татжээ. Уг савны их биед есөн тэмдэглэгээ, хоёр нүх байсан бөгөөд цөцгийн тос эсвэл бяслаг боловсруулахад ашиглаж байсан байж болзошгүй гэж үзэж байна.
Судлаачдын таамаглаж буйгаар уг хөлөг Левантын эргээс одоогийн Туркийн Хисарлык орчим эсвэл Грекийн Крит арал руу чиглэн явж байхдаа живсэн аж.
Малтлагыг Туркийн Акдениз их сургуулийн археологийн дэд профессор Хакан Ониз удирджээ. Түүний баг дөрвөн жилийн өмнө сүйрсэн хөлөг онгоцыг анх илрүүлэхэд вааран савнуудыг ердөө 100–200 жилийн настай гэж таамаглаж байсан байна. Гэвч судлаачид Египетийн археологийн тухай бүтээлээс Гизагийн пирамидын орчмоос олдсон савнуудтай ижил төстэй хийцийг олж харсныхаа дараа тухайн газарт дахин судалгаа хийжээ. Ингэснээр олдворуудын нас, түүхэн ач холбогдлыг илүү нарийвчлан тогтоох боломж бүрдсэн байна.
Сайд Мехмет Нури Эрсой энэхүү нээлт нь Анатолийн эрэг орчмын далайн худалдааны олон мянган жилийн түүхийг тодруулахад чухал хувь нэмэр оруулж байгааг онцолжээ.
3,600.44





















































Холбоотой мэдээ