Албанийн оюутнууд төрийн байгууллагууд руу довтлов

Албанийн оюутнууд төрийн байгууллагууд руу довтлов

Албанийн оюутнууд төрийн байгууллагууд руу довтлов
Албани улсын нийслэл Тирана хотод Засгийн газрын эсрэг жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж, олон мянган оюутан төрийн байгууллагууд руу халджээ. Жагсагчид их сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах, төгсөгчдийн ажлын байрны боломжийг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа аж.

Боловсролын яамны байрны нэг хэсэгт Лхагва гаригт /2026.10.14/  гал гарч, ерөнхий сайдын ажлын алба, сангийн болон дотоод хэргийн яам, ойролцоох хэд хэдэн бизнесийн байгууллага халдлагад өртжээ. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, усан буу ашиглаж, улмаар мөргөлдөөн гарсан байна.

Жагсагчид зөвхөн оюутнуудын эрх ашгийн төлөө бус, авлига, гэмт хэрэг, төрийн тогтолцоог бүхэлд нь өөрчлөх шаардлагатай байгааг онцолжээ.

Албаны хүмүүс тайван жагсаал хийх эрхийг хүндэтгэж буйгаа илэрхийлсэн. Гэхдээ төрийн байгууллагын барилга, эд хөрөнгийг сүйтгэхийг буруутгасан байна. Мөн Мягмар гаригийн жагсаалын үеэр хүчирхийллийн үйлдэл гаргасан гэх үндэслэлээр 16 хүнийг баривчилжээ.

Оюутнуудын эсэргүүцэл нь ерөнхий сайд Эди Рамаг огцрохыг шаардсан, хэдэн сарын турш үргэлжилж буй засгийн газрын эсрэг хөдөлгөөний нэг хэсэг юм. Уг хөдөлгөөн нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнертэй холбоотой тансаг зэрэглэлийн аялал жуулчлалын төслийн эргэн тойрон дахь маргаан, авлигын талаарх хардлага, засгийн газрын ил тод бус байдалд иргэдийн бухимдал нэмэгдсэнтэй холбоотой аж.

ЖАРЕД КУШНЕРИЙН НЭР ЯАГААД ХОЛБОГДОВ?

Жаред Кушнерийн эсрэг мөн жагсаад байгаа юм биш. Түүний хөрөнгө оруулсан төсөл ил тод биш, байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж жагсагчид үзэж байгаа юм. Тодруулбал, Кушнерийн "Affinity Partners" компанитай холбоотой хөрөнгө оруулагчид Албанийн Адриатын тэнгисийн эрэгт орших, хүн амьдардаггүй Сазан арал дээр тансаг зэрэглэлийн амралтын газар байгуулахаар төлөвлөжээ. Төслийн анхны мэдээллээр 1.4 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Улмаар зочид буудал, вилла болон бусад аялал жуулчлалын байгууламж барих юм.

Төслийн өөр нэг хэсэг нь Звернец орчмын хамгаалалтанд байдаг бүсийн ойролцоо хэрэгжихээр төлөвлөгдсөн. Байгаль хамгаалагчид уг бүтээн байгуулалт нүүдлийн шувууд, түүний дотор фламинго болон бусад зэрлэг амьтдын амьдрах орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэж байна. Харин төсөл хэрэгжүүлэгчид ажлын байр бий болгож, орон нутгийн эдийн засгийг дэмжихийн зэрэгцээ байгаль орчныг хамгаална гэж мэдэгджээ. Албанийн ерөнхий сайд Эди Рамагийн засгийн газар уг төсөл, хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа. Гэсэн хэдий ч эсэргүүцэгчид гадаадын хөрөнгө оруулагчдад газар олгосон үйл явц хэр ил тод байсан тал дээр эргэлзэж байгаа бөгөөд авлигын асуудлыг хөндөж байна.

Тиймээс Кушнертэй холбоотой төсөл нь зөвхөн байгаль орчны асуудал бус, төрийн шийдвэр гаргалт, газар эзэмшил болон авлигын талаарх иргэдийн бухимдлын бэлгэ тэмдэг болжээ.

Оюутнуудын эхний шаардлага нь их сургуулийн нөхцөл, сургалтын зардал болон төгсөгчдийн ажлын байртай холбоотой. Гэвч жагсаал өргөжихийн хэрээр засгийн газарт итгэх итгэл, авлига болон нийгмийн тэгш бус байдлын асуудал ч хөндөгдөж эхэлсэн байна. Кушнертэй холбоотой төслийг эсэргүүцсэн өмнөх жагсаалууд энэ бухимдлын нэг хэсэг болсон юм.

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж