Холливудыг өөрчилсөн ази бэлгэ тэмдэг

ХҮМҮҮС

Холливудыг өөрчилсөн ази бэлгэ тэмдэг

Холливудыг өөрчилсөн ази бэлгэ тэмдэг

Холливуд дахь ази стандартыг шинэчилсэн "Галзуу баян азиуд" киноны найман ангит шинэ бүлэг удахгүй гарах гэж байна. Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа соёлын үзэгдэл гэж нэрлэгдэхүйц хэмжээнд алдаршсан тус киноны гол дүрийн жүжигчин Констанс Вуг онцоллоо.


Констанс Тианмин Ву 1982 оны гуравдугаар сарын 22-нд АНУ-ын Виржиниа мужийн Ричмондод тайвань-америк гэр бүлд мэндэлжээ. Түүний эцэг эх хоёр Тайваниас АНУ-д цагаачилж ирсэн бөгөөд дөрвөн охин төрүүлсний гурав дахь нь Констанс Ву юм. Вугийн хэлснээр аавын талын өвөө, эмээ хоёр нь маш ядуу амьдралтай, хулс тариалдаг хүмүүс байжээ. Тиймээс боловсрол эзэмших боломж хомс, уншиж бичиж чаддаггүй байсан аж. Харин аав ээж хоёрынх нь хувьд боловсролтой хүмүүс. Вугийн аав Фан Шэн Ву нь Виржиниагийн Коммонвелт их сургуульд биологи, генетикийн шинжлэх ухааны профессор байсан бол ээж нь компьютерийн програмист байжээ.

Ву хар багаасаа мэргэжлийн жүжигчин болоход бэлтгэгдсэн гэхэд болно.

Тодруулбал, тэрбээр Виржиниа мужийнхаа Дуглас С.Фриманы ахлах сургуулийг төгссөн бөгөөд сургуульд байхдаа орон нутгийн театрын жүжгүүдэд тоглодог байжээ. Мөн тухайн үедээ Ли Страсбергийн Театр, кино урлагийн хүрээлэнгийн зургаан сарын хөтөлбөрт хамрагдаж байсан аж. Улмаар 2005 онд Нью-Йоркийн улсын их сургуулийн Театрын урлагийн консерваторийг бакалавр зэрэгтэй төгсчээ. Үүнийхээ дараа сэтгэц хэл шинжлэлийн сургалтад хамрагдаж, улмаар хэл ярианы эмгэг судлалын магистраар Колумбын их сургуульд суралцахаар болжээ.

Гэвч их сургуульд орохынхоо оронд Лос Анжелес руу явж, жүжигчний мэргэжлээрээ ажиллахаар шийдсэн байна. Нэгэн ярилцлагадаа тэрбээр сэтгэл зүрх шархалсан тул ямар ч төлөвлөгөөгүйгээр Нью-Йоркоос Лос Анжелес руу нүүсэн гэж ярьж байжээ.

ЦАГААЧ ГЭР БҮЛИЙН ОХИН

Тэрбээр 2006 онд "Stephanie Daley" кинонд туслах дүр бүтээснээр дэлгэцийн уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн байна. Дараа нь "Year of the Fish", "The Architect" зэрэг кинонд туслах дүрд тогложээ. Эдгээрээс гадна "Law & Order: Special Victims Unit", "Torchwood", "Covert Affairs", "One Life to Live", "EastSiders" зэрэг тайзны болон дэлгэцийн олон төрлийн уран бүтээлд дүр бүтээсэн байдаг.

Харин түүний уран бүтээлийн замналд эргэлтийн цэг болсон хамгийн чухал цувралаар "Fresh Off the Boat" буюу "Цагаач гэр бүл"-ийг нэрлэнэ.

"ABC" телевизийн "Цагаач гэр бүл" инээдмийн цуврал нь тогооч мэргэжилтэй Эдди Хуангийн амьдрал болон түүний "Fresh Off the Boat: A Memoir" дурсамж номоос сэдэвлэсэн бүтээл юм. Цуврал 2015 онд нээлтээ хийж, Вугийн жүжиглэлтийг шүүмжлэгчид өндөр үнэлжээ. Бодит амьдрал дээр цагаач гэр бүлээс төрсөн охины хувьд "Цагаач гэр бүл" цувралын Жессика Хуангийн дүр уран бүтээлчийн нэрийн хуудас нь болохуйц дүр байв.

Цуврал нээлтээ хийсний дараа "E!" телевиз Вуг 2014-2015 оны телевизийн улирлын "Шинээр тодорсон од"-оор нэрлэжээ. Мөн тэрбээр Жессика Хуангийн дүрээрээ "Critics’ Choice Television Awards"-аас "Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчин" төрөлд дөрвөн удаа нэр дэвшсэн байна. Ингээд зогсохгүй "TCA Awards"-ын "Инээдмийн төрөлд хувь хүний шилдэг амжилт" шагналд хоёр удаа нэр дэвшсэн байна.

Гэвч 2019 оны тавдугаар сард цуврал зургаа дахь буюу сүүлийн улирлаараа үргэлжлэхээр болсон тухай мэдэгдсэний дараа Констанс Ву олон нийтийн сүлжээнд дургүйцлээ илэрхийлсэн хэд хэдэн нийтлэл оруулжээ. Хэд хоногийн дараа Ву энэ үйлдлээ тайлбарласан байна. Цуврал дахин үргэлжлэх болсонд уурласан шалтгаан нь Ву маш их хүсэж, сэтгэл гаргаж байсан өөр нэг төсөлдөө оролцох боломжгүй болсон явдал байжээ. Тэр төсөл нь “Цагаач гэр бүл”-ийн дүрээс тэс өөр, жүжигчний хувьд түүнийг сорих боломжтой уран бүтээл байсан аж.

Ву хамтран тоглодог жүжигчдэдээ дургүйцсэн зүйл байхгүй, муу санаа агуулаагүй, тэдэндээ хайртай гэдгээ онцолсон. Гэсэн ч түүний нийтлэлүүд цахим орчинд ихээхэн шүүмжлэл дагуулжээ.

Хожим нь 2022 оны есдүгээр сард Ву ярилцлага өгөхдөө цувралын продюсеруудын нэг нь түүнд бэлгийн дарамт үзүүлж байсан тухай анх удаа ярьжээ. Цуврал дахин үргэлжлэнэ гэдэг мэдээнд тэгж хүчтэй хариу үйлдэл үзүүлсэн шалтгаануудын нэг нь энэ байсныг ч мөн дурдсан байна.

ГАЛЗУУ БАЯН АЗИ ЭМЭГТЭЙ

Констанс Вуг Холливудын үзэгчдэд таниулсан гол бүтээл бол 2018 онд нээлтээ хийсэн “Crazy Rich Asians”. Тэрбээр тус кинонд Сингапурын чинээлэг гэр бүлийн залуутай хайр сэтгэлийн холбоо үүсгэсэн хятад гаралтай америк эмэгтэй Рэйчел Чугийн дүрийг бүтээсэн юм.

Холливуд 25 жилийн дараа анх удаа дан ази гаралтай жүжигчдээр гол дүрүүдээ бүрдүүлснээрээ томоохон үсрэлт хийжээ. Энэ алхам нь “Crazy Rich Asians”-ыг соёлын үзэгдэл гэж нэрлэгдэхүйц хэмжээнд алдаршуулсан юм.

Киноны амжилтаас гадна Вугийн жүжиглэлт ч өндөр үнэлгээ авч, “Алтан бөмбөрцөг”-ийн шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшжээ.

“Crazy Rich Asians” киноны амжилтын дараа Вугийн Холливуд дахь байр суурь эрс өөрчлөгдөж, илүү өргөн хүрээний, гол дүрийн төслүүдэд оролцох боломж нээгдсэн байна. Гэсэн ч Ву үүнийг дан ганц өөрийнхөө амжилт, ялалт гэж үздэггүй.

Ази гаралтай жүжигчин Холливудад бүрэн хэмжээний дүр бүтээж байгаа нь түүхэн үйл явдал мэт онцгой байх ёсгүй. Харин ийм боломжийг олон жилийн турш хязгаарлаж ирсэн салбарын тогтолцооны талаар ярих хэрэгтэй гэж тэр үздэг.

БАЯЧУУДЫГ АНГУУЧИЛСАН БҮСГҮЙ

Констанс Вугийн уран бүтээлчийн замналд өнгө нэмсэн бас нэг сонирхолтой кино бол "Hustlers". Тус кинонд Констанс Ву нь Жениффер Лопез, Карди Би, Лиззо нарын алдартай хүмүүстэй хамтран тоглосон гэдгээрээ онцлог. Түүнчлэн Вугийн жүжиглэлтийг Жениффер Лопез өндрөөр үнэлснийг юун түрүүнд онцлон дурдах хэрэгтэй болов уу.

2008 оны санхүүгийн хямралын дараа Уолл Стритийн баян үйлчлүүлэгчдээс мөнгө салгах төлөвлөгөө боловсруулсан тайчигч бүсгүйчүүдийн бодит түүхээс сэдэвлэсэн “Hustlers” кино нь эмэгтэйчүүдийн хүч чадал, амьд үлдэхийн төлөөх тэмцлийг харуулдаг. “Fresh Off the Boat” цувралын ази-америк гаралтай чанга хатуу ээжийн дүрээр олонд танигдсан Вугийн хувьд “Hustlers” киноны дүр нь цоо шинэ ертөнц байв.

Ву “Crazy Rich Asians” кинонд гол дүр бүтээж, Холливудын анхаарлын төвд орсон ч “Hustlers”-ын дүрийг маш их хүссэн учраас өөрийн хүсэлтээр дүрийн сонгон шалгаруулалтад орсон гэдэг. Тодруулбал, тэрбээр жүжиглэлтийн бичлэгээ өөрөө найруулагч Лорин Скафариад илгээж байжээ.

“Crazy Rich Asians” киноны дараа Ву зөвхөн ази эмэгтэйн хэвшмэл дүрүүдээр хязгаарлагдахыг хүсээгүй аж. Тэрбээр олон талтай, хүний янз бүрийн сэтгэл хөдлөлийг харуулах боломжтой дүрүүдийг эрэлхийлдэг байж. Түүний хэлснээр сайн дүр гэдэг нь зөвхөн эерэг эсвэл сөрөг талтай биш, харин зөрчилтэй, алдаа дутагдалтай, бодит хүн шиг байх ёстой юм. “Hustlers” киноны Дестини ч ийм дүр.

Киноны дүрдээ бэлтгэхийн тулд Ву бодит амьдрал дээрх Дестини буюу бүжигчин Розелин Кеогийн ярилцлагуудыг олон цагийн турш үзэж, зураг авалтын үеэр ч давтан сонсож байжээ.

ТАНЫ МЭДЭХГҮЙ КОНСТАНС ВУ

Констанс Вуг дээр дурдсан дүрүүдээр нь бүгд таних ч бидний мэдэхгүй зүйлс ч олон байдаг нь дамжиггүй. Тухайлбал, Ву сэтгэц хэл шинжлэлийн чиглэлээр суралцахаар шийдсэн нь жүжигчин биш илүү тогтвортой ажил хийхийг хүссэнтэй нь холбоотой. Гэвч эцэст нь энэ мэргэжил өөрт нь тохирохгүйг ойлгож, жүжигчний замналаа үргэлжлүүлжээ.

"Цагаач гэр бүл" цуврал амжилтад хүрэхээс өмнө тэр олон мянган ам.долларын өртэй, оюутны зээлтэй хүндхэн үеийг туулсан гэдэг. Энэ үедээ амьдралаа залгуулахын тулд зөөгч хүртэл хийж байжээ. Нэг л өдөр тэр "45 насандаа ч энэ янзаараа байх уу?" гэдэг асуултыг өөртөө тавьснаар жүжигчний замналаа үргэлжлүүлсэн байна.

Констанс Ву эмэгтэйчүүдийн эрх, тэгш байдал, Холливуд дахь олон талт төлөөллийн төлөө ажилладаг "Time’s Up" хөдөлгөөнийг дэмждэг. Жүжигчин Кейси Аффлек 2017 онд “Manchester by the Sea” киногоороо Оскарт нэр дэвшихэд Ву түүнийг өмнө нь бэлгийн дарамттай холбоотой асуудалд нэр холбогдож байсныг нь ил тодоор шүүмжилж байв.

Мөн тэрбээр 2022 онд "Making a Scene" нэртэй анхны дурсамж номоо хэвлүүлжээ. Уг номдоо тэр 20 гаруй насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа бичсэн байдаг аж.

Констанс Ву ном унших дуртай бөгөөд номын клубын зочин зөвлөхөөр хүртэл ажиллаж байжээ. Түүний инстаграм хуудсаар зочилбол уншиж буй номоо үе үе хуваалцдагийг нь ч харах боломжтой.

Тэрбээр Лида Роуз нэртэй туулайтай ба түүнийгээ инстаграмаараа байнга харуулдаг. Вугийн хэлснээр туулай нь их энхрий боловч өөрийнхөөрөө, бие даасан амьтан.

Ву ази гаралтай учраас зарим дүрийг авч чадаагүй тохиолдлуудаа ил тод хуваалцдаг байсан. Түүний дүр төрхийг ашиглан Холливудын гол дүрүүдэд ази жүжигчид цөөн байгааг онцолсон "StarringConstanceWu" нэртэй цахим хөдөлгөөн хүртэл гарч байв.

Зөвхөн кино урлаг гэлтгүй бодит амьдрал дээр ч тэр олон талт байдлыг дэмжиж, цагаач, дүрвэгч гэр бүлүүдэд тусалдаг байгууллагуудтай хамтран ажилладаг.

Тэрбээр 2011 оны арванхоёрдугаар сард жүжигчин Бен Хэткоттой танилцаж, 2018 оны хоёрдугаар сар хүртэл үерхсэн байна. Хэткот цагаан арьстан учир зарим хүн тэднийг харилцааг шүүмжилж, Вуг цахимаар дарамталсан тохиолдол ч байдгийг тэрбээр 2018 онд хуваалцжээ.

Гэр бүлийн хувьд Ву нөхөр, хоёр хүүхдийн хамтаар Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт амьдардаг. Түүний нөхөр нь “Man Man” хамтлагийн ахлагч Райан Каттнер. Тэд 2020 оны наймдугаар сард ууган охиноо, 2023 оны долдугаар сард бага хүүгээ өлгийдөн авчээ.

ЭХ СУРВАЛЖ: LA TIMES, VOGUE, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-15 202.126.91.87

Азиас дэлхийн од болсон бүсгүй юм биз дээ.. амжилт хүсэе

Avatar

Нэргүй 2026-10-15 192.82.65.168

wow ene jujigchin bsan bn shdee. shan niitlel bolson bn bayrlalaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж