Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн Биологийн хүрээлэнгийн шувуу, шавж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Эрдэнэхүүтэй жигүүртэн шувуудын төрөл зүйл, нүүдэл суулт болон сүүлийн үед хийсэн судалгааных нь талаар ярилцлаа.
-Жил бүрийн намар олон нийт Сүхбаатар аймгийн Ганга нуурын хунгийн чуулганыг сонирхдог. Цаг хугацааны хувьд хэзээ очвол хунгийн чуулган хамгийн үзүүштэй байдаг талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Жил бүрийн намар Сүхбаатар аймгийн Дарьганга суманд хун шувууд олноороо хуран цугларч, байгаль эх, жигүүртэн шувуудын хосолсон үгээр хэлэхийн аргагүй гайхалтай дүр зураг тэнд өрнөдөг. Хун шувууд голчлон Ганга нууранд чуулдаг бөгөөд тэдний цөөн хэдэн хэсэг нь Дуут болон ойр орчмын бусад жижиг нууруудад буудаллах нь бий. Зарим жилүүдэд Ганга нууранд ойролцоогоор 1000 орчим хун ирдэг.
Хэрэв цаг агаар тааламжтай байж, урт намар болбол тухайн жилдээ ойролцоогоор 3000-5000 орчим хун ирж чуулдаг гэсэн судалгаа бий.
Энэхүү үзэсгэлэнт хунгийн чуулганыг үзэж сонирхоход аравдугаар сарын дунд үе хамгийн тохиромжтой. Хэрэв гэнэт цас орж, айхтар хүйтрэхгүй бол хун шувууд нуурандаа байсаар л байдаг. Ер нь хунгийн чуулганд цаг агаарын нөхцөл байдал хамгийн чухал нөлөө үзүүлдэг.
-Монгол орны шувуудын төрөл зүйл жилээс жилд нэмэгдэж байна. Тэгвэл энэхүү өөрчлөлтийг дагаад шувуу судалгааны арга зүйд ямар шинэчлэлүүд гарч дэвшилтэт технологи, хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж байгаа талаар хуваалцахгүй юу?
-Монгол Улсад нийтдээ 519 төрөл зүйлийн жигүүртэн байдаг гэсэн тоон судалгаа өмнө нь байсан. Тэгвэл жил ирэх тусам шувууны төрөл зүйл, тоо толгой нэмэгдэж, өдгөө 540 гаруйд хүрч бүртгэгдээд байна. Шинээр суурин болон нүүдлийн шувууд олноор бүртгэгдэх болсон учраас тэднийг судлах арга зүй ч дагаад шинэчлэгдэж байна. Тухайлбал, судлаачид шувуу хамгаалал, тандалтын ажилд дэвшилтэт технологийг цаг үетэй нь нийцүүлэн өргөнөөр ашиглаж эхэлсэн. Үүний нэг жишээ бол дрон буюу нисгэгчгүй нисэх төхөөрөмж юм.
Дроныг ашиглахдаа шувуудын амар тайван байдлыг алдагдуулахгүй, тэдэнд саад болохгүй байх үүднээс өндөрт хөөргөж, төрөл зүйлийг нь ялган тогтоохоос гадна нэг сүрэгт хэдэн шувуу байгааг нарийвчлан тоолдог.
Мөн хиймэл оюун ухааны AI технологиор тоноглогдсон төхөөрөмжүүдийг шувууд олноор цуглардаг нуур, усны ойролцоо байршуулж, тэднийг алсаас ажиглах, тоолох ажлыг автоматжуулж байна. Харин нэн ховор төрөл зүйлийн шувуудын хувьд судлаачид өөрсдөө бие даан, нарийвчилсан судалгаануудыг хийсээр байгаа юм.
Олон улсын түвшинд сүүлийн үед шувуудын шөнийн нүүдлийг түлхүү судалж байна. Тэр дундаа АНУ-д энэ төрлийн судалгаа маш эрчимтэй хөгжиж байгаа юм. Учир нь, шувууд шөнийн цагаар нүүдэллэх тохиолдол элбэг байдаг. Энэ нь шувуудын зан төрх, байгалийн зөн совинтой шууд холбоотой бөгөөд шөнийн харанхуйг ашиглан махчин шувуудаас нуугдах, мөн од эрхсийн байрлалаар орон зайн баримжаагаа алдалгүй авдаг биологийн онцлогтой нь холбоотой.
-Судалгааны ажилд сансрын дамжуулагч болон GPS төхөөрөмж ашиглах болсноор шувуудын нүүдлийн талаар ямар шинэ мэдээллүүдийг цуглуулж чадаж байна вэ?
-Монгол оронд зусдаг болон дамжин өнгөрдөг шувуудад сансрын дамжуулагч зүүлгэснээр тэдний нүүдлийн мэдээллийг цаг алдалгүй, маш өндөр түвшинд цуглуулж авдаг болсон. Тодруулж хэлбэл, судлаачид зуны улиралд нэг сүргээс шувуу барьж, дээр нь байршил тогтоогч (GPS) төхөөрөмж суурилуулснаар хавар, намрын нүүдлийг нь бүтэн хянах боломж бүрдсэн. Үндсэндээ тухайн шувуунд суулгасан энэхүү дэвшилтэт төхөөрөмжийн тусламжтайгаар сүргийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг өдөр тутамдаа хүлээн авч байна гэсэн үг.
Энэ нь тухайн шувуу яг аль улс оронд өвөлжиж байгааг тогтоогоод зогсохгүй, замдаа хаана, хэдэн өдөр амарч буй мэдээллийг ч маш нарийвчлан гаргаж ирдэг давуу талтай.
Сонирхолтой нь, шувуудын хавар, намрын их нүүдэл харилцан адилгүй, гурван өөр замаар өрнөх тохиолдол цөөнгүй гардаг. Тухайлбал, өвөгт тогоруу намрын нүүдлээрээ дэлхийн дээвэр гэгддэг Гималайн нурууг даван нүүдэллэдэг. Энэ үед хойноос урагш чиглэсэн салхины урсгал таардаг учраас шувуудад Гималайн өндөр нурууг давахад нь байгаль эх өөрөө тусалж буй хэрэг юм. Харин хавар буцаж ирэх үед хойд зүгийн салхины эрч хэт хүчтэй байдаг тул тогоруунууд ирсэн замаараа биш, тэс өөр салхины урсгалтай аюулгүй замыг сонгон Монгол оронд ирдэг.
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ШУВУУ БӨГЖЛӨХ ТАВАН СУУРИН ГАЗАРТАЙ

-Оюутан цагаасаа эхлэн энэ чиглэлээр дагнан ажиллаж ирсэн хүний хувьд Монгол Улсын хэмжээнд шувуу бөгжлөх хэчнээн суурин газар байдгийг хэлж өгөхгүй юу?
-Миний хувьд оюутан цагаасаа эхлэн энэ чиглэлээр дагнан ажиллаж, судалгааны ажилд сэтгэл зүрхээ зориулж ирсэн гэхэд хилсдэхгүй. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар миний мэдэхээр шувуу бөгжлөх таван суурин газар тогтвортой ажиллаж байна. Эдгээр суурингууд нь шувуу сонирхогч хэн бүхэнд нээлттэй бөгөөд очоод сайн дурын ажил хийх бүрэн боломжтой байдгаараа онцлогтой.
Шувууг холоос дурандаж харах, өөрийн гараар бариад бөгжлөх хоёрын хооронд тэс өөр, зүйрлэшгүй сайхан мэдрэмж төрдөг. Гар дээрээсээ шувууг илүү нарийвчлан ажиглах үед урьд өмнө нь анзаарч байгаагүй тэрхүү өд сөдний өнгө, жижиг ялгаануудыг олж хардаг. Энэхүү амьд бодит нээлтүүд миний сонирхлыг асар ихээр татсан учраас оюутан байх үеэсээ л хээрийн судалгааны ажлуудад идэвхтэй явж, шувуу судлалын гайхамшигт ертөнцөд эргэлт буцалтгүй хөтлөгдсөн дөө.
-Судлаач бүр өөрийн гэсэн нарийвчилсан чиглэлтэй байдаг. Шувууг зөв арга барилаар барьж, стандартын дагуу бөгжилж сурах нь судлаач хүний хувьд ямар ач холбогдолтой вэ?
-Хээрийн судалгааны ажил хамгийн багадаа 14 хоног үргэлжилдэг. Зарим тохиолдолд үүнээс ч илүү хугацаа зарцуулдаг учраас гэрээ мартсан мэт хээрээр гэр хийж, хөдөө явах үе бидэнд олон тохиолддог. Тэр үед манай төгсөлтийнхөн, надтай хамт хээрийн судалгаанд явж байсан залуус өнөөдөр тал талд энэ чиглэлээрээ дагнан, мэргэжлийн судлаач болоод ажиллаж байна.
Ер нь шувуу судлаачдын анхны алхам бол шувуу бөгжлөх суурин цэгүүдээс эхэлдэг гэж ойлгож болно. Тэнд шувууг гэмтээлгүй, зөв арга барилаар барьж сурахаас гадна олон улсын стандартын дагуу хэрхэн бөгжлөх анхан шатны мэргэжлийн ур чадварыг эзэмшдэг.
Энэ бол шувуу судлаач болох замын хамгийн суурь алхам юм.
Судлаач бүр өөрийн гэсэн нарийвчилсан чиглэл, дагнан судалдаг шувууны төрөл зүйлтэй байдаг. Тухайлбал, манай хүрээлэнгийн Н.Цэвээнмядаг гуай бол тогорууг олон жилийн турш маш үр өгөөжтэй, тууштай судалж байгаа эрдэмтэн хүн. Жишээлбэл, Хэнтий аймагт яг хэдэн төрөл зүйлийн тогоруу байдгийг надаас илүү тэр хүн л хамгийн нарийвчлан мэднэ. Судлаачийн хувиар бид хамт олныхоо олон жилийн хөдөлмөр, судалгааны ажлыг өөрөө хийсэн мэт өмнөөс нь дур мэдэн ярихыг зохимжгүй, мэргэжлийн ёс зүйд нийцэхгүй гэж үздэг юм.
ҮРЖЛИЙНХЭЭ ҮЕД ЭР ШУВУУД ИЛҮҮ ЗҮС НЭМЖ, ӨНГӨЛӨГ, ГОЁМСОГ БОЛЖ ХУВИРДАГ

-Таны голчлон судалдаг цахлай шувууны биологийн онцлог юу вэ? Мөн жижиг шувууд болон тас, ёл зэрэг том махчин шувуудын үржлийн зан төрх, өндөг дарах хугацаа хэр ялгаатай байдаг вэ?
-Миний хувьд өөрийн гэсэн дагнасан судлагдахуун шувуутай бөгөөд тэрхүү чиглэлдээ түлхүү анхаарч, судалгааны ажлаа гүйцэтгэдэг. Өнгөрсөн жилүүдэд би цахлай шувууг голчлон судалж ирлээ. Судалгааны явцад барьж, хэмжилт хийсэн цахлайнуудын бодит биеийн жин дунджаар 300-350 грамм байдаг. Би энэхүү судалгааны ажлаа Говь-Алтай аймгийн Эхэс нууранд очиж хийсэн юм.
Цахлай шувуу нэг удаа үүрлэхдээ ихэвчлэн 2-3 ширхэг өндөг гаргаж, ангаахайгаа бойжуулдаг онцлогтой.
Ер нь шувуудын эр, эмийг гаднаас нь харж ялгахад үржлийн улирлын үе хамгийн тохиромжтой байдаг. Үржлийнхээ үед эр шувууд илүү зүс нэмж, өнгөлөг, гоёмсог болж хувирдаг юм. Энэ нь байгалийнхаа хуулиар эмэгчин шувуугаа өөртөө татаж, хосоо олох гэсэн шалгарлын нэгэн хэлбэр. Харин шувуудын үржлийн хугацаа, зан төрх нь төрөл зүйлээсээ хамаараад харилцан адилгүй, маш өвөрмөц байдаг. Олон нийтийн дунд бүх шувууд яг нэгэн зэрэг үүр засаж, өндөглөдөг гэсэн өрөөсгөл ойлголт байдаг ч бодит байдал дээр энэ нь үгүй юм. Тухайлбал, жижиг биетэй дуучин шувууд жилдээ хоёр ч удаа өндөглөж, ангаахайгаа нисгэх боломжтой байдаг. Учир нь тэдний өндөг дарах, ангаахайгаа тэжээх хугацаа нь том шувуудтай харьцуулахад харьцангуй богино байдагтай холбоотой. Эсрэгээрээ, тас, ёл зэрэг том биетэй махчин шувуудын хувьд жилдээ ганцхан удаа өндөглөдөг бөгөөд үүрэндээ ердөө 1-2 ширхэг л өндөг дардаг. Үүнд тэдний идэш тэжээлийн олдоц, биеийн хэмжээ, ангаахайгаа өсгөж торниулахад зарцуулдаг урт хугацаа гээд байгалийн маш олон хүчин зүйл нөлөөлдөг юм.
-Эдлэг шонхор бол 20 гаруй сая төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээтэй, Монгол орны экологид хамгийн үнэтэй шувуудын нэг. Гэтэл бусад шувуудтай харьцуулахад энэхүү шувуун дээр хийгдэж буй нарийвчилсан судалгаа яагаад өнөөдрийг хүртэл хангалтгүй түвшинд хийгдсэн байдаг юм бол?
-Эдлэг шонхортой холбоотой асуудал сүүлийн жилүүдэд нийгэмд ихээхэн яригдах боллоо. Хүмүүс энэхүү шувууг хууль бусаар агнаж байна, зөвшөөрөлгүй барьж байна гэх мэт олон сөрөг мэдээлэл цахим орчинд гарч харагддаг. Гэвч бодит байдал дээр үүнээс ч илүү том аюул чимээгүй нүүрлээд байгаа нь цахилгааны шугам сүлжээ юм. Тодруулбал, өндөр хүчдэлийн цахилгааны шугамаас үүдэлтэйгээр Монгол Улсад жилд дунджаар 4000 гаруй эдлэг шонхор шувуу эрсдэж, хорогддог гэсэн харамсалтай тоон судалгаа бий.
Харин улсын хилээр албан ёсны зөвшөөрөлтэйгээр гаргаж буй 300 орчим шонхортой харьцуулахад цахилгаан шугамд хэд дахин их жигүүртэн үрэгдэж байгаа нь харагдана. Харамсалтай нь, ийм өндөр эрсдэл дунд буй эдлэг шонхор шувуун дээр хийгдэж байгаа нарийвчилсан судалгаа тун хомс, хангалтгүй түвшинд байдаг. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2024 онд Монголын шувуу хамгаалах төрийн бус байгууллагатай хамтран, Төв аймгийн Баян суманд эдлэг шонхорын нарийвчилсан тооллого, судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.
Угтаа эдлэг шонхор бол Монгол орны экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг, байгаль эхийн хувьд үнэлж баршгүй жигүүртэн.
Түүнчлэн хууль эрх зүйн хувьд ч энэхүү шувууны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 20 гаруй сая төгрөгөөр хэмжигддэг маш өндөр өртөгтэй төрөлд хамаардаг. Гэвч төрөөс болон салбарын хэмжээнд эдлэг шонхорыг хамгаалах, судлах ажилд зориулж буй анхаарал, хийж буй судалгааны цар хүрээ бусад шувуудтай харьцуулахад дэндүү хангалтгүй гэж ойлгож болно.
3,600.44















































Нэргүй 2026-10-14 92.40.191.54
үгээр хэлэх аргагүй гайхалтай хамгийн сайн сайхан хүсэн ерөөе…
Нэргүй 2026-10-14 202.126.90.54
Yasan saihan hobbygooroo ajiiladag zaluu ve
Жаргал 2026-10-14 64.119.20.129
Сайхан ярилцлага ! Судалгааны ажилд нь амжилт хүсье !