Ойрхи Дорнодын баян бүрдийг сорьсон халдлага

Ойрхи Дорнодын баян бүрдийг сорьсон халдлага

Ойрхи Дорнодын баян бүрдийг сорьсон халдлага

Йемений хуситууд Саудын Арабын нийслэл Эр-Рияд дахь "King Khalid" олон улсын нисэх буудал руу аравдугаар сарын 7-нд халдсан. Уг халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, 10 орчим хүн шархадсан байна. Яг энэ халдлагын өмнөх өдөр Жазан дахь "King Abdullah bin Abdulaziz" нисэх буудал мөн халдлагад өртөж, 13 хүн амиа алдан, 300 гаруй хүн шархадсан.

Эдгээр халдлага нь Саудын Арабын иргэний нисэхийн салбарт сүүлийн жилүүдэд гарсан хамгийн ноцтой доголдлуудын нэг болж байна. Мөн тус улсын нутаг дэвсгэрт сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага болжээ.

Аравдугаар сарын 7-ны халдлагын улмаас Эр-Риядын агаарын орон зай бараг хоосорч, олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоожээ. "King Khalid" нь Жиддагийн нисэх буудлын дараа орох Саудын Арабын хоёр дахь хамгийн ачаалалтай нисэх буудал юм.

Олон улсын компаниуд нислэгүүдээ цуцалж, засгийн газрууд ард иргэддээ анхааруулга хүргэж эхэлсэн. Тухайлбал, "Lufthansa" компани аравдугаар сарын 16 хүртэл Эр-Рияд руу хийх бүх нислэгээ цуцалсан байна. Харин "Air France-KLM" компани Эр-Рияд руу ирж, очих нислэгүүдийг түр зогсоосон байсан хугацаагаа дахин сунгажээ. Их Британи, Франц, Герман улсууд ч иргэддээ Эр-Рияд руу зорчихоос зайлсхийхийг анхааруулсан байна.

Дайны шинэ фронтод мөргөлдөөн эрс хурцдаж байгааг илэрхийлэх баримтууд буюу хуситууд сүүлийн үед Саудын Арабын ямар нисэх буудлуудыг онилов?

  • Эр-Рияд дахь "King Khalid" олон улсын нисэх буудал: Тус нисэх буудал сүүлийн тав хоногт дөрвөн удаа халдлагад өртжээ.
  • Даммам дахь "King Fahd" олон улсын нисэх буудал: Хуситууд аравдугаар сарын 11-нд Персийн булангийн эрэг дээрх аж үйлдвэрийн боомт хот Даммамын нисэх буудлыг онилсон халдлагын хариуцлагыг хүлээжээ.
  • "Abha" олон улсын нисэх буудал: Иргэний нисэхийн байгууллагын мэдээлснээр, тус халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, 28 хүн шархадсан байна.
  • Жазан дахь "King Abdullah bin Abdulaziz" олон улсын нисэх буудал: Тус нисэх буудал аравдугаар сарын 6-нд халдлагад өртсөн бөгөөд гурван хүн шархаджээ.
  • "Najran" нисэх буудал: Тус нисэх буудал аравдугаар сарын 6-нд халдлагад өртсөн бөгөөд бага хэмжээний хохирол амсчээ.

Тэгвэл Саудын Арабын дэмжлэгтэй Йемений хүчин хуситуудын хяналтад байгаа нисэх буудлуудыг мөн онилсон уу? Хариулт нь тийм.

Хуситуудын мэдээлснээр, Йемений нийслэл Санаа хот дахь тус бүлэглэлийн хяналтын бүсүүд аравдугаар сарын 11-нд цохилтод өртжээ. Уг халдлагаар Санаа хотын Аль-Тавра дүүрэг болон Хамдан дүүргийг онилсон байна. Гэвч эдгээр цохилтын үр дүн, учирсан хохирлын талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна. Санаа хотын нисэх буудал өнгөрсөн долдугаар сард мөн Саудын Арабын дэмжлэгтэй Йемений хүчний цуврал цохилтод өртөж байв.

Хуситууд 2014 оноос хойш Санаа хот болон Йемений баруун хойд нутгийн зарим хэсгийг хянаж байгаа юм. Одоогоор Улаан тэнгисийн эрэгт орших Моха болон Дубаб хотуудын орчимд тулаан ширүүсээд байгаа бөгөөд эдгээр хот нь Баб-эль-Мандебийн хоолойг хянах стратегийн чухал ач холбогдолтой. Баб-эль-Мандебийн хоолой нь Ормузын хоолойг орлохуйц далайн чухал гарц юм.

Саудын Араб улс эрчим хүч болон хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр ч томоохон чуулганыг зохион байгуулж буй. Гэтэл дээрх халдлагууд энэ чухал цаг үетэй давхцаж байна.

Аравдугаар сарын 11-15-ныг хүртэл үргэлжлэх Дэлхийн газрын тосны конгресст салбарын томоохон төлөөлөгчид, бодлого боловсруулагчид оролцохоор байсан бөгөөд зохион байгуулагчид халдлагын дараа ч арга хэмжээ төлөвлөсний дагуу үргэлжилнэ гэж мэдэгджээ. Арга хэмжээ төлөвлөсний дагуу үргэлжилж байгаа ч зарим томоохон эрчим хүчний компанийн удирдлагууд аюулгүй байдлын асуудлаас болж оролцохоос татгалзсан байна. Мөн зарим төлөөлөгч цахимаар чуулганд оролцжээ.

Мөн угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салманы 10 жилийн өмнө эхлүүлсэн "Future Investment Initiative" арга хэмжээ аравдугаар сарын 26-29-нд төлөвлөсний дагуу болно гэж эрх баригчид мэдэгдээд байна.

2032 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэж буй Саудын Араб улс олон улсын томоохон арга хэмжээ, дэлхийн аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын хувьд аюулгүй орон гэсэн дүр төрхийг бий болгохыг олон жилийн турш зорьж ирсэн. Гэвч хуситууд халдлагаа улам эрчимжүүлж, газрын тос дамжуулах хоолой болон эрчим хүчний байгууламжуудыг ч онилох магадлалтай байгааг Европын Энхийн хүрээлэнгийн мөргөлдөөний шинжээч, зөвлөх Хишам аль-Омейси хэлжээ. Мөн ийм байг онилох нь олон нийтийн хүчтэй хариу үйлдлийг өдөөх сөрөг талтай.

Хишам аль-Омейси "Хуситууд халдлагаа асар их хэмжээгээр эрчимжүүлсэн. Тэд аль хэдийнэ хязгаарыг давсан. Хуситууд өөрсдийн гэсэн тооцоололтой. Мөн туйлширсан зорилготой бүлэглэл учир хүссэндээ хүрэхийн тулд шаардлагатай гэж үзсэн бүхнийг хийх болно. Тэд Саудын Арабыг далан таваар буулгаж авах зорилготой байгаа" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-14 188.162.248.235

тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачины балаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж