Дурсамжаас төрсөн загвар, ирээдүйг илэрхийлэх өнгө

FASHION

Дурсамжаас төрсөн загвар, ирээдүйг илэрхийлэх өнгө

Дурсамжаас төрсөн загвар, ирээдүйг илэрхийлэх өнгө

Нью-Йоркийн загварын долоо хоног бүр салбарынханд шинэ өнгө төрх, урам зориг өгөх дизайнерыг онцолдог. Энэ улиралд Орос гаралтай, Америкийн дизайнер Хенри Занков олны анхаарлыг татаж байна. Тэрбээр өөрийн нэрийн "Zankov" брэндийг үүсгэн байгуулснаас гадна "Diane von Furstenberg" брэндийн анхны уран сайхны захирлаар томилогджээ. Түүний бүтээлүүд загварын ертөнцөд шинэлэг санаа, бүтээлч байдал, хөгжилтэй уур амьсгал авчирч байгаагаараа онцлог юм. Тэгвэл "NEWS" агентлагийн энэ долоо хоногийн "FASHION" буландаа Хенри Занковыг онцолж байна.


Хенри Занков "Zankov" брэндээ 2020 онд үүсгэн байгуулсан бөгөөд богино хугацаанд Нью-Йоркийн загварын ертөнцөд танигдаж чаджээ. Тэрбээр загварын салбарт өөрийн брэндийг бий болгохоос өмнө "Donna Karan", "Diane von Furstenberg" зэрэг нэр хүндтэй брэндүүдэд ажиллаж, мөн "LVMH" группын хэд хэдэн брэндэд зөвлөхөөр ажилласан туршлагатай.

Занковын үүсгэн байгуулсан "Zankov" брэнд нь сүлжмэл хувцас, тод өнгө, өвөрмөц хээ угалз, материалын сонирхолтой хослолоороо онцлог юм. Тухайлбал, гялтганасан чимэглэлтэй цамц, олон өнгийн зохицол бүхий кардиган, содон хээтэй хувцас, унжсан чимэглэл, өвөрмөц эсгүүр, хуниастай атлас материал зэрэг нь брэндийн гол хэв маягийг бүрдүүлдэг. Эдгээр загвар нь уламжлалт сүлжмэл хувцасны ойлголтыг өргөжүүлж, өдөр тутмын хувцаслалтад шинэлэг өнгө төрх нэмж өгдөг байна.

Занковын хувьд брэндийнхээ өвөрмөц дүр төрхийг бүрдүүлэх нь түр зуурын чиг хандлагыг дагахаас илүү чухал аж. Тэрбээр бүтээлийнхээ өнгө, хээ, материалын онцлогийг анхнаас нь тодорхой болгож, хүмүүс хараад л "Zankov" брэндийнх гэдгийг танихуйц хэв маяг бий болгохыг зорьжээ.

Тэрбээр Нью-Йоркийн загварын долоо хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа брэндийн үндсэн чиг хандлага, онцлог нь өнгө болон хээ гэж тодорхойлсон байна. Сүлжмэл хувцас брэндийнх нь гол цөм хэвээр боловч цуглуулгаа зөвхөн энэ төрлөөр хязгаарлахгүйгээр өргөжүүлэхийг зорьдог аж. Ингэхдээ шинэ загвар бүр нь өнгө, хээ, материалын чанар, өмсөхөд эвтэйхэн байдлыг хослуулах ёстой гэж үздэг байна.

"Zankov" брэндийн амжилт нь зөвхөн содон загвар бүтээхэд бус, харин өөрийн гэсэн танигдахуйц өнгө төрхийг тууштай хадгалж ирсэнтэй холбоотой. Ердөө зургаан жилийн хугацаанд загвар сонирхогчдын анхаарлыг татаж чадсан нь Занковыг Нью-Йоркийн загварын салбарын онцлох дизайнеруудын нэг болгожээ.

ШИНЭ ӨНГӨ ТӨРХ, БҮТЭЭЛЧ ЭРЧ ХҮЧ 

Загварын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгоно гэдэг зөвхөн өвөрмөц хувцас урлахаас илүү зүйл. Энэ нь брэндийн үзэл санаа, зан чанар, хэрэглэгчдэд төрүүлэх мэдрэмжийг бүтээх тухай билээ. Хенри Занков энэхүү зарчмыг өөрийн нэрийн "Zankov" брэнддээ шингээж чадсан бол одоо "Diane von Furstenberg" (DVF) брэндэд шинэ уур амьсгал, бүтээлч хандлага нэмж байна.

Занков өөрийн брэндийг хөгжүүлэхийн зэрэгцээ "Diane von Furstenberg" брэндийн анхны уран сайхны захирлаар ажиллаж байгаа юм. Хэдийгээр энэ хоёр брэнд өөр өөрийн гэсэн түүх, хэрэглэгчид, хэв маягтай ч өнгө, хээ, зоримог шийдэлд дуртай байдгаараа ижил төстэй. Тиймээс Занков тэднийг хоорондоо өрсөлдөх хоёр өөр ертөнц гэхээс илүү нэг нэгнээ нөхөж, баяжуулж чадах бүтээлч орон зай гэж харж байна.

Занков Диана фон Фюрстенбергтэй хамт

1970-аад оны ороомог загварын даашинзаараа дэлхийд танигдсан "DVF" брэнд эмэгтэй хүний өөртөө итгэх итгэл, эрх чөлөө, дур булаам байдлыг илэрхийлдэг. Харин "Zankov" брэнд илүү этгээд, уламжлалт бус, заримдаа санаанд оромгүй хослолуудаараа ялгардаг. Нэг нь дэгжин, өөртөө итгэлтэй эмэгтэйлэг байдлыг илтгэдэг бол нөгөө нь дүрэм журмыг эвдэж, загвараар дамжуулан өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломжийг санал болгодог. Занков хоёр брэндийн ижил төстэй болон ялгаатай талын талаар ярихдаа тэд хоёулаа өөрийн хэмнэлээр хөгжиж, шинэ санаанд нээлттэй байдгийг онцолжээ.

Түүний хэлснээр, "Zankov" илүү этгээд, далд утга агуулгатай, уламжлалт ойлголтыг сорьсон хэв маягтай бол "DVF" өөртөө итгэх итгэл, дур булаам байдал, хүч чармайлт гаргаагүй мэт энгийн дэгжин төрхийг чухалчилдаг байна.

Zankov шоуны үеэр

Занков "DVF"-ийн уран сайхны захирлаар ажиллаж эхлэхдээ хоёр брэндийн ялгааг хэрхэн хадгалах талаар ихээхэн бодож байжээ. Харин одоо тэрбээр "Zankov"-ийн хэрэглэгчид шинэчлэгдсэн "DVF" брэндийг ч сонирхох боломжтой. Өөрөөр хэлбэл, хоёр брэндийн хэв маяг өөр боловч тэднийг сонгодог хэрэглэгчдийн сонирхол, загварт хандах хандлага тодорхой хэмжээнд огтлолцож болох юм.

Түүний 2027 оны хавар, зуны цуглуулга "Zankov" брэндийн өнгөлөг, этгээд ертөнцийг улам гүнзгий харуулжээ. Тайзан дээр гялтганасан чимэглэлээр бүрхсэн юпка хөдөлгөөн бүрд чимээ гарган намирахын зэрэгцээ том хэмжээтэй, мушгиа хээтэй сүлжмэл цамцыг зузаан ултай гуталтай хослуулсан байв. Мөн биеийн хэлбэрийг зөөлөн тодотгох нимгэн шифон материалтай, нөмрөг хэлбэрийн даашинзууд цуглуулгад үл ялиг дур булаам өнгө нэмсэн байна. Харин "DVF"-д зориулсан шинэ хандлага нь илүү боловсронгуй, дур булаам, эмэгтэйлэг төрхийг хадгалж, брэндийн сонгодог шинж чанарыг орчин үеийн хэрэглэгчдэд ойртуулахад чиглэж байна.

Гэхдээ Занковын ажлын өдөр зөвхөн загварын санаа, бүтээлч шийдлээр хязгаарлагддаггүй. Өөрийнх нь брэнд харьцангуй жижиг учраас тэрбээр хувцас зохион бүтээхээс гадна үйлдвэрлэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалт, санхүүгийн асуудлыг давхар хариуцдаг. Тэр ч байтугай нэг өдөр төлбөр тооцооны ажил хийж байснаа инээмсэглэн дурссан нь загварын ертөнцийн гял цал тайзны цаана бизнесийн өдөр тутмын олон ажил байдгийг харуулжээ.

ӨНГӨРСӨН ҮЕЭС САНАА АВЧ, ИРЭЭДҮЙН ЗАГВАРЫГ БҮТЭЭЖ БАЙНА

Хенри Занков 2027 оны хавар, зуны шинэ цуглуулгаа бүтээхдээ өнгөрсөн үеийн дурсамж, ирээдүйн тухай төсөөллөөс санаа авчээ. Тэрбээр “аналог” гэх ойлголтыг гол сэдвийнхээ нэг болгож, өөр өөр үеийн хүмүүс ирээдүйг хэрхэн төсөөлж байсныг загвараараа илэрхийлэхийг зорьсон байна.

Занковын ээж 1960-аад онд Санкт-Петербург хотод амьдарч байсан бол дизайнер өөрөө 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр интернэт хөгжиж эхэлсэн үеийг ирээдүй ойртож буй мэт мэдэрч өнгөрүүлжээ. Тэрбээр эдгээр хоёр цаг үеийн ижил төстэй мэдрэмжийг шинэ цуглуулгадаа тусгасан байна. Мөн Францын найруулагч Жак Деми-гийн 1963 онд бүтээсэн “Bay of Angels” киноноос санаа авчээ. Жанна Морогийн гол дүрд нь тоглосон уг киноны зарим хэсэг Занковт онцгой сэтгэгдэл төрүүлсэн байна. Тэрбээр киноны уур амьсгалыг дур булаам атлаа этгээд, хачирхалтай, бага зэрэг гунигтай бөгөөд эмзэг мэдрэмж агуулсан хэмээн тодорхойлжээ.

Занковын хувьд зөвхөн кино, түүхэн үйл явдал эсвэл тодорхой нэг эх сурвалжаас урам зориг нь төрдөггүй. Тэрбээр эргэн тойрныхоо зүйлсийг ажиглаж, шинэ санаанд нээлттэй байх нь бүтээлч үйл явцын чухал хэсэг гэж үздэг. Мөн загвар бүтээх явц өөрөө түүнд шинэ санаа төрүүлдэг байна. Түүний бүтээлч хандлага өөрийн нэрийн "Zankov" брэнд болон "DVF" брэндийн шинэ загваруудад ч тусгалаа олжээ. Занков хувцсыг зөвхөн загварын тогтсон дүрэм, өнгөний зохицолд баригдахгүйгээр өмсөж, өөрийнхөөрөө хослуулах боломжтой байгаасай гэж хүсдэг байна.

Тэрбээр өнгө, тоглоомтой шийдэл, чөлөөтэй хослолыг чухалчилж, хувцас өмсөхөд хялбар, тухтай мэдрэмж төрүүлэхийг зорьдог аж. Ингэснээр хүн бүр загварыг өөрийн хэв маягт нийцүүлэн, тогтсон дүрэмд баригдалгүйгээр илэрхийлэх боломжтой гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж