Холливудын жүжигчин Том Крузын гол дүрд нь тоглосон “Digger” кино тасалбарын борлуулалт тааруу байгаагаас үүдэн ойролцоогоор 245 сая ам.долларын алдагдал хүлээж магадгүй байна. Киноны зардал болон одоогийн орлогын зөрүү их байгаа нь Холливудын түүхэн дэх хамгийн их санхүүгийн алдагдал хүлээсэн бүтээлүүдийн нэг болох эрсдэлийг бий болгожээ.
Хошин, ёгт инээдмийн төрлийн уг кинонд Том Круз газрын тосны магнат Диггер Роквеллийн дүрийг бүтээсэн байна. Гэвч кино театруудаар гарч эхэлснээс хойших үзүүлэлт тааруу байж, хоёр дахь долоо хоногт тасалбарын борлуулалт нь өмнөх долоо хоногоос 60 орчим хувиар буурчээ.
Одоогийн байдлаар “Digger” дэлхийн кино зах зээлээс нийт 35 сая ам.долларын орлого олсон байна.
Харин киног бүтээж, сурталчлахад "Warner Bros" студи ойролцоогоор 280 сая ам.доллар зарцуулжээ. Шинжээчдийн тооцоолсноор, киноны санхүүгийн эцсийн алдагдал 245 сая ам.долларт хүрч болзошгүй байгаа юм. Гэхдээ кино театруудын орлогын хуваарилалт, олон улсын зах зээлийн орлого болон цаашдын стриминг үйлчилгээний борлуулалт зэрэг нь эцсийн санхүүгийн үр дүнд нөлөөлөх боломжтой.
Том Круз өнгөрсөн долоо хоногт киноны нээлтийн эхний амралтын өдрийн орлого нь бүтээлийн чанарын гол шалгуур болдоггүй гэж хэлсэн байна. Тэрбээр үзэгчдийн сэтгэлд үлдэж, цаг хугацааны явцад үнэ цэнээ хадгалан, цаашид ч ач холбогдлоо алдахгүй кино бүтээхийг зорьдог гэж хэлсэн байна.
“Digger” киноны одоогийн үзүүлэлт нь Том Крузын сүүлийн жилүүдэд тоглосон “Top Gun” болон “Mission: Impossible” цувралын амжилтаас эрс ялгаатай байна. Тухайлбал, түүний тоглосон эдгээр бүтээлүүд олон улсын зах зээлд өндөр орлого олж, жүжигчний нэр хүндийг улам бэхжүүлсэн юм.
Хэрэв “Digger” кино урьдчилсан тооцоолсноор их алдагдал хүлээвэл Холливудын хамгийн их алдагдал хүлээсэн бүтээлүүдийн нэг болж магадгүй.
Өмнө нь 1995 оны “Cutthroat Island”, 2002 оны “The Adventures of Pluto Nash”, 2005 оны “Sahara”, 2012 оны “John Carter”, 2011 оны “Mars Needs Moms”, 2022 оны “Amsterdam”, 2023 оны “The Marvels” зэрэг кинонууд мөн 100 сая ам.доллароос давсан хэмжээний алдагдал хүлээсэн байж болзошгүй гэж тооцогдож байжээ.
Ийнхүү дэлхий даяар танигдсан жүжигчний гол дүрд нь тоглосон, бүтээхэд асар их хөрөнгө зарцуулсан кино ч үзэгчдийн хүлээлтэд хүрэхгүй бол студид томоохон санхүүгийн эрсдэл үүсгэж болохыг “Digger”-ийн жишээ харуулж байна.
3,600.44





















































Нэргүй 2026-10-13 66.181.176.183
Зориуд муулж ашгаа нэмэгдүүлдэг зальжин арга. Стрейзандын эффект
ЗОЧИН 2026-10-13 103.229.123.49
ХҮМҮҮС ТЭНЭГ БИШ. ИЙМ ТЭНЭГ КИНОГ УГААСАА ҮЗЭХГҮЙ НЬ ТОДОРХОЙ. МУУЛСАН Ч ҮЗЭХГҮЙ.