“Breaking Bad” телевизийн алдарт цувралд Уолтер Уайтын хүү Уолтер Жуниорын дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Рой Фрэнк "Ар-Джей" Митт III 34 насандаа таалал төгсжээ. Түүний төлөөлөгч энэ талаар "BBC" агентлагт мэдээлж, жүжигчин нас барсанд гүнээ харамсаж буйгаа илэрхийлсэн байна.
Тэрээр АНУ-ын Техас мужийн Браунсвилл хотод аравдугаар сарын 12-нд нас баржээ. Одоогоор үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллага уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Цагдаа нар гаднын нөлөөтэй нас барсан гэх сэжиг илрээгүй гэж мэдээлсэн бол Камерон тойргийн шүүхийн шүүгч Синди Хинохоса задлан шинжилгээ хийхээр болсныг "Associated Press" агентлагт хэлжээ.
Митт тархины саажилттай байсан. Тэрээр өөрийн амьдралын туршлагыг жүжигчний карьердаа тусгаж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх үйлсэд идэвхтэй оролцдог байв. Түүний төлөөлөгч Шон Рейли “Митт дүрдээ бодит байдлыг шингээж, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хүртээмжтэй нийгмийг дэмжих томоохон талбар бий болгосон” гэж онцолжээ.
Жүжигчин "United Cerebral Palsy" болон "Shriners Children’s" байгууллагуудын элчээр ажиллаж байв. Мөн тэрээр өөрийн нэрэмжит "Mitte Foundation" санг байгуулж, нийгэмд чиглэсэн сайн үйлсийн ажил, олон нийтийн санаачилгуудыг дэмждэг байсан юм.
Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх хэвшмэл ойлголтыг өөрчилж, тэднийг кино, телевиз болон нийгмийн бусад салбарт илүү өргөн хүрээнд төлөөлүүлэхийн төлөө ажиллаж байжээ.
Митт 2008-2013 онд АНУ-ын "AMC" телевизээр гарсан “Breaking Bad” цувралд тоглосноороо олонд танигдсан. Тус цувралд Брайан Крэнстон ахлах сургуулийн химийн багш Уолтер Уайтын дүрийг бүтээж, хорт хавдраар оношлогдсоныхоо дараа гэр бүлээ санхүүгийн хувьд хамгаалахын тулд хар тамхины наймаанд хөл тавьж буй тухай өгүүлдэг. Митт түүний хүү Уолтер Жуниорын дүрд тоглосон бөгөөд эцгийнхээ өөрчлөгдөж буй зан авирт дургүйцлээ илэрхийлдэг дүр нь цувралын онцлох хэсгүүдийн нэг байв.
“Breaking Bad” цуврал нийт 58 удаа “Primetime Emmy” шагналд нэр дэвшиж, 16 шагнал хүртсэн. Мөн 2013, 2014 онд шилдэг драмын цувралын шагналыг дараалан хүртжээ. Митт уг цувралын жүжигчдийн бүрэлдэхүүнд багтсан бүтээлээрээ 2014 онд Дэлгэцийн жүжигчдийн холбооны шагнал хүртсэн байна.
Түүнтэй хамтран тоглож байсан жүжигчид нас барсанд эмгэнэл илэрхийлжээ. Жесси Пинкманы дүрийг бүтээсэн Аарон Пол “Митт, найз минь, би чамд хайртай. Чамайг санах болно” гэж цахим сүлжээндээ бичээд, хүмүүст хандан “Та бүхнийг хайрладаг гэдгийг, ганцаараа биш гэдгийг мэдэж яваарай. Үүнийг үргэлж санаарай” гэжээ.
Харин жүжигчин Дин Норрис талийгаачтай зураг авалтын үеэс танил байснаа дурсаж, “Митт миний хүүгийн дүрд тоглоогүй ч зураг авалтын талбай дээр бага байхаас нь би үргэлж анхаарч, халамжилдаг байсан” гэж бичсэн байна.
3,600.44





















































Өөжги 2026-10-13 202.126.91.163
ээ умахум. сайн жүжигчин бсим. брэйкин бэд үзэж бсан. сүпэр кино
Ир 2026-10-13 66.181.183.70
хэнд хамаатай вэ хоролоо??