Утааг бууруулах туршилтын хамгийн том эрсдэл нь "тог"

Утааг бууруулах туршилтын хамгийн том эрсдэл нь "тог"

Утааг бууруулах туршилтын хамгийн том эрсдэл нь "тог"

Утааг бууруулахын тулд айл өрхүүдэд халаалтын шинэ шийдлүүд туршиж байна. Өнгөрсөн өвөл хийн халаагуур хэрэглэсэн өрхүүдийн 80 орчим хувь нь төхөөрөмждөө сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн ч нэг асуудал тэдний санааг зовоожээ. Тэр нь “тог”. Хүчдэл унах, цахилгааны хязгаарлалт үүсэхэд халаагуурын хүчин чадал буурдаг байна. Харин энэ өвөл цахилгаан дулаан хураагуурыг 6,000–10,000 өрхөд туршихаар төлөвлөж байна. Өмнөх туршилтаар цахилгаан хангамжийн асуудал халаалтын үр дүнд нөлөөлсөн бол шинэ шийдлийг нэвтрүүлэхэд энэ эрсдэлийг хэрхэн тооцож, шийдвэрлэх вэ? Утааг бууруулах шинэ технологи цахилгаан хангамжаас хамааралтай хэвээр байвал айл өрхүүд өвлийн турш найдвартай дулаан байж чадах уу?


Өнгөрсөн өвөл 4,800 орчим өрхөд хийн халаагуур суурилуулж, туршсан. Энэ хүрээнд хийсэн социологийн судалгаагаар оролцогчдын 80 орчим хувь нь төхөөрөмжид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бол 90 орчим хувь нь бусад өрхөд санал болгоно гэж хариулжээ.

Энэ нь хийн халаагуур айл өрхүүдийн өдөр тутмын амьдралд тодорхой хэмжээний өөрчлөлт авчирсныг харуулж байна. Нүүрсээ өдөр бүр зөөж, гал түлж, үнсээ гаргах шаардлагагүй болно гэдэг гэр хорооллын айлуудын хувьд том давуу тал. Ялангуяа өглөө ажил, сургуульдаа явахын өмнө гал түлэх, орой гэртээ ирээд дахин галлахын оронд бусад ажилдаа цаг зарцуулах боломжтой болно. Мөн түлш хадгалах, үнс асгах зэрэг өдөр тутмын ажлаас үүдэх ачаалал буурна.

Гэхдээ хэрэглэгчдийн сэтгэл ханамж өндөр байна гэдэг нь халаалтын асуудал бүрэн шийдэгдсэн гэсэн үг биш. Төхөөрөмжийг ашиглах явцад ямар хүндрэл гарч байгаа, түүнийг засахад хэр хугацаа, зардал шаардагдаж байгаа, өвлийн турш найдвартай ажиллаж чадаж байгаа эсэх нь бас чухал.

Хийн халаагуурын туршилтаас гарсан хамгийн анхаарал татахуйц асуудал нь цахилгаан хангамж байв.

Өөрөөр хэлбэл, халаалтын технологийг өөрчилж, нүүрсний хэрэглээг бууруулсан ч цахилгаан хангамжийн асуудал шийдэгдээгүй бол айл өрхүүдийн хувьд шинэ хүндрэл үүсэх эрсдэлтэй.

Өвлийн ид хүйтэнд халаагуурын хүчин чадал буурах нь гэрийн доторх температурыг бууруулах, улмаар нэмэлт дулааны эх үүсвэр хайхад хүргэж болзошгүй. Ялангуяа бага насны хүүхэдтэй, өндөр настай хүнтэй өрхийн хувьд халаалт тогтвортой байх нь зөвхөн тав тухын асуудал биш юм. Энэ асуудал цаашид халаалтын шинэ технологийг олон өрхөд нэвтрүүлэхэд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуулт дагуулж байна. Хэрэв төхөөрөмж хэвийн ажиллахад шаардлагатай цахилгаан хангамжийг бүрдүүлж чадахгүй бол хэрэглэгчдийн сэтгэл ханамж өндөр байсан ч бодит үр өгөөж нь буурах эрсдэлтэй.

Нэг хийн халаагуурын үнэ ойролцоогоор 6.5 сая төгрөг. Үүн дээр хийн түлшний зардал нэмэгдэнэ.

Халаагуурын үнэ өндөр байхаас гадна хэрэглэгчдэд түлшээ тогтмол нийлүүлэх, төхөөрөмжөө засварлуулах боломж ч чухал. Судалгаанд оролцсон иргэдийн зүгээс хийн түлш борлуулах цэг хангалтгүй, халаагуурын ажиллагаатай холбоотой сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний хүртээмж муу байгааг дурджээ.

Энэ нь халаалтын шинэ төхөөрөмж нэвтрүүлэхэд зөвхөн айлд суурилуулж өгөх нь хангалтгүйг харуулж байна. Түлшээ хаанаас, хэрхэн авах, төхөөрөмж эвдэрвэл хэнд хандах, засвар үйлчилгээ хэр хурдан хийгдэх вэ гэдэг нь хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлнө. Түлш борлуулах цэг хол байвал тээврийн зардал, цаг хугацаа нэмэгдэнэ. Харин сэлбэг олдохгүй, засвар удааширвал өвлийн хүйтэнд халаалтгүй үлдэх эрсдэл үүсэж болно.

Төхөөрөмжийг нэг удаа суурилуулснаар зардал дуусахгүй. Хийн түлшний худалдан авалт, засвар үйлчилгээ болон бусад урсгал зардлыг өрхүүд цаашид тогтмол хариуцах шаардлагатай. Туршилтын хугацаанд нэг өрхөд өвлийн турш 900 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа талаар мэдээлсэн. Харин энэ дэмжлэг цаашид үргэлжлэх эсэх, урамшуулалгүй болсон тохиолдолд өрхүүд халаалтын зардлаа өөрсдөө бүрэн даах боломжтой юу гэдэг нь тодорхой байх ёстой.

Учир нь халаалтын шийдэл өрхүүдэд хүртээмжтэй эсэхийг зөвхөн төхөөрөмжийн үнээр хэмжих боломжгүй. Түлшний зардал, засвар үйлчилгээ, түлш нийлүүлэлтийн хүртээмж болон төрийн дэмжлэгийг хамтад нь авч үзэж байж бодит өртгийг нь тооцно. Нэг өвөл ашиглахад хэдий хэмжээний зардал гарах, энэ нь өрхийн сарын орлогын хэдэн хувийг эзлэх вэ гэдэг нь иргэдийн хувьд шийдвэрлэх ач холбогдолтой.

Хэрэв халаалтын зардал өрхийн орлогод хэт их ачаалал үүсгэвэл хэрэглэгчид төхөөрөмжөө тогтмол ашиглах боломжгүй болох, эсвэл өөр түлш, халаалтын эх үүсвэр рүү буцаж шилжих эрсдэлтэй. Тиймээс хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг үнэлэхийн зэрэгцээ шинэ технологийг урт хугацаанд ашиглах санхүүгийн боломжийг нь бодитоор тооцох шаардлагатай.

Үүнээс гадна дээр дурдсан цахилгаан хангамжийн асуудлыг орхигдуулж болохгүй. Халаалтын шинэ төхөөрөмжийг олон өрхөд суурилуулахын өмнө тухайн хорооллын цахилгаан шугам сүлжээ нэмэгдсэн ачааллыг даах эсэхийг тооцох хэрэгтэй. Олон айл зэрэг цахилгаан хэрэглэж эхэлбэл хүчдэлийн уналт нэмэгдэх үү, шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай юу, доголдол гарсан үед хэн, хэрхэн шуурхай засах вэ гэдэг нь шийдлээ хүлээж буй асуудал юм.

Өмнөх туршилтаар цахилгаан хангамжийн хүндрэл илэрсэн нь энэ өвөл турших цахилгаан дулаан хураагуурын хувьд ч анхаарах зүйл болж байна. Халаалтын шинэ төхөөрөмжийг айл бүрд суурилуулж болно. Харин түүнийг өвлийн турш хэвийн ажиллуулах дэд бүтэц, түлшний нийлүүлэлт, засвар үйлчилгээ болон өрхийн санхүүгийн боломжийг хамтад нь шийдвэрлэж чадахгүй бол төхөөрөмжийн бодит үр ашиг хүлээлтээс доогуур байх эрсдэлтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Шалтгаан... 2026-10-13 202.126.90.110

МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР яагаад Гадаадын Хөрөнгө оруулагч болон Хөрөнгө оруулагч биш Хамтрагчидыг дандааа ДАМПУУРУУЛДАГ вэ ?????

Avatar

Нэргүй 2026-10-13 202.126.90.110

НЭГ Л ЭВГҮЙ САЛБАР ЮМАААА

Avatar

Нэргүй 2026-10-13 202.70.38.250

1997 оноос хойш Улс төрийн Институци хоорондын хямрал эхэлж УИХ, Парламент, ЗГ зэрэг институциуд Эрх Мэдэл болон Мөнгөө Булаалдан Зодолдсоор Өдий Хүрлээ ……Үр дүн нь Бүх юм нь Ойлгомжгүй Эмх Замбраагүй Буурай Ноохойрсон , Эдийн Засаг нь Сүйрсэн улс болжээ хөөрхий …Төрийн Оролцсон Эхлүүлсэн Төсөл хөтөлбөр бүхэн Ээдртэй АДармаатай Будилтаантай Дампуу ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж