Тажикистаны дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2026 оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар, үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 18.4 хувиар өсчээ. Мөн Дэлхийн банк өнгөрсөн зургадугаар сард тус улсын засгийн газрын тэргүүлэх төсөл болох Рогуны усан цахилгаан станцын төсөлд зориулж 300 сая ам.долларын нэмэлт буцалтгүй тусламж баталсан. Эдийн засгийн хурдацтай өсөлт, олон улсын байгууллагуудаас шинээр үзүүлж буй дэмжлэг зэрэг мэдээллүүдийг харвал Тажикистаны төрийн удирдсан хөрөнгө оруулалтын бодлого үр дүнгээ өгч байх шиг.
Гэвч ачир дээрээ энэ өсөлт нь өр төлбөр барагдуулах хэмжээний экспортын орлого бий болгож чадаж байна уу гэдэг сонирхолтой. Эсвэл энэ улсын эдийн засаг гадаадад ажиллаж буй иргэдийн мөнгөн шилжүүлэг болон төсвийн зардлаас хамаарсан хэвээр байна уу?
Тажикистаны эдийн засгийн өндөр өсөлтийн цаана гадаад орчин болон улсын санхүүгээс хамааралтай томоохон эрсдэлүүд нуугдаж буйг энэхүү нийтлэлээр онцолж байна.
Хөрөнгө оруулалт, өсөлтийн үзүүлэлтүүд сайхан харагдаж байгаа ч бодит байдал дээр тус улсын эдийн засаг гадаадад ажиллаж буй иргэдийн мөнгөн шилжүүлэг, цөөн нэр төрлийн экспорт, улс төрийн нөлөө бүхий төрийн өмчит компаниудаас ихээхэн хамааралтай хэвээр байна. Үүний зэрэгцээ улсын өр улам нэмэгдэж, эргэн төлөхөд улам хүндрэлтэй болж байна.
Дэлхийн банк Тажикистаныг өрийн хүндрэлд орох өндөр эрсдэлтэй улс гэж ангилсаар байгаа юм.
Энэ нь шууд дампуурах эрсдэл ойртсон гэсэн үг биш ч санхүүгийн алдаа гаргах, эсвэл гаднаас ирэх томоохон цохилтыг давах боломж нь бага байгааг харуулж байна.
Хөрөнгө оруулалтын гол үзүүлэлтийг тайлбарлавал:
Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт гэдэг нь барилга байгууламж, тоног төхөөрөмж, дэд бүтцэд зарцуулсан хөрөнгийг хэмждэг үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, өндөр ашиг олох зорилгоор Тажикистанд олноороо ирж буй гадны хөрөнгө оруулагчидтай энэ үзүүлэлт хамаагүй.
Дэлхийн банкны мэдээлснээр, Тажикистаны эдийн засаг 2025 онд 8.4 хувиар өссөн ч гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан байна.
Тус улсын гадаад валютын гол эх үүсвэр нь гадаадад ажиллаж буй иргэдийн эх орон руугаа илгээдэг мөнгөн шилжүүлэг юм. Энэ үзүүлэлт 2025 онд ДНБ-ий 46 орчим хувийг эзэлж, эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчин зүйл болжээ. Тажикистаны төрийн өмчит хөнгөн цагаан үйлдвэрлэгч "TALCO"-ийн стратегийн ач холбогдлыг юугаар ч үнэлэх аргагүй. Гэсэн ч "TALCO" компани тус улсын гол валютын эх үүсвэр болдоггүй. Тажикистаны эдийн засгийн гадаад орлого одоог хүртэл гадаадад ажиллаж буй иргэдээс хамаарч байна.
Дэлхийн банкны тооцоолсноор, өдөрт 4.20 ам.доллараас бага орлоготой буюу ядуурлын шугамаас доогуур амьдардаг хүмүүсийн эзлэх хувь Тажикистанд 2010 онд хүн амын 55 хувь байсан бол 2025 онд 14.8 хувь болж буурсан байна. Мөн валютын нөөц 5.6 тэрбум ам.долларт хүрсэн нь найман сарын турш гадаадаас бараа, үйлчилгээ худалдан авах боломжийг бий болгож байгаа юм. Энэ мэт ахиц нь Тажикистаны эдийн засаг тодорхой хэмжээний тэсвэртэй болсныг харуулж байна.
Нөгөөтэйгүүр Тажикистаны худалдааны алдагдал 2025 онд ДНБ-ий 35 хувьд хүрч нэмэгдсэн бөгөөд дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, өрхийн хэрэглээ гадаадаас олсон орлогоос ихээхэн хамааралтай хэвээр байна.Оросын эдийн засаг удаашрах эсвэл цагаачлалын журам чангарвал дотоодын эрэлт болон төлбөрийн тэнцэлд нэгэн зэрэг сөргөөр нөлөөлөх магадлалтай.
РОГУНЫ УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

Рогуны усан цахилгаан станцын төсөл олон жил саатсан ч уг төслийг дуусгах шаардлагатай гэсэн эдийн засгийн үндэслэл өөрчлөгдөхгүй. Дэлхийн банкны тооцоолсноор, уг станц жилд 14,400 гигаватт/цаг цахилгаан үйлдвэрлэх юм. Энэ нь Тажикистаны одоогийн цахилгаан үйлдвэрлэлийн ойролцоогоор 60 хувьтай тэнцэнэ.
Рогуны усан цахилгаан станцын үйлдвэрлэх хямд өртөгтэй цахилгааны дийлэнх хэсгийг дотоодын хэрэгцээнд ашиглахаар төлөвлөж байна. Ингэснээр өвлийн улиралд байнга гардаг цахилгааны хомсдлыг бууруулах боломжтой. Харин үлдсэн хэсгийг Казахстан, Узбекистан зэрэг орнуудад экспортлох боломжтой.
Үүнээс гадна уг төсөл 30 мянга гаруй шууд болон шууд бус ажлын байр бий болгож магадгүй гэх тооцоолол бий.
Цаашилбал, Рогуны төслийг санхүүжүүлэх арга хэлбэр, эх үүсвэрүүд илүү тогтвортой болж сайжирсаар байна. Дэлхийн банкнаас нэмж олгосон 300 сая ам.долларын буцалтгүй тусламжийн дараа тус банкнаас уг төсөлд зориулан олгосон нийт санхүүжилт 650 сая ам.доллар болжээ.
Гэхдээ олон улсын дэмжлэг гэдэг нь хязгааргүй мөнгөний эх үүсвэр биш юм. Рогуны төслийн цар хүрээ Тажикистан дангаараа санхүүжүүлэх боломжтой хэмжээнээс давсан гэдгийг Дэлхийн банк мэдээлж буй. Тиймээс улсын төсөвт хэт их дарамт учруулахгүйн тулд түншүүдийн дэмжлэг шаардлагатай гэж мэдэгджээ.
ЭКСПОРТЫН ОРЛОГООС ДАВСАН ГАДААД ӨР
Төслийн ирээдүйн экспортын орлого нь станцыг амжилттай барьж дуусгах, цахилгаан дамжуулах сүлжээ байгуулах, бүс нутгийн найдвартай худалдан авагчидтай гэрээ байгуулах, үйл ажиллагааг ил тод явуулах эсэхээс хамаарна. Эдгээр нөхцөл бүрдээгүй цагт төслөөс ирээдүйд орж ирэх орлогыг өр төлөх эх үүсвэр мэт шууд ойлгох боломжгүй юм.
Тажикистаны өрийн хэмжээ бусадтай харьцуулахад онцгой өндөр биш гэдгийг онцлох хэрэгтэй. Олон улсын валютын сан ч улсын Тажикистаны тогтвортой гэж үнэлсэн. Гэхдээ Дэлхийн банк Тажикистаныг өрийн дарамтад орох өндөр эрсдэлтэй гэж ангилж буй гол шалтгаан нь 2025-2027 онд экспортын орлоготой харьцуулахад гадаад өрийн хэмжээ өндөр байсантай холбоотой.
Өөрөөр хэлбэл, гол эрсдэл нь нийт өрийн хэмжээ биш, харин өр төлөх хуваарь болон экспортын орлогын хязгаарлагдмал байдал юм.
Засгийн газар эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд хувийн хэвшлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад илүү тогтвортой дүрэм бий болгох, гадаадад ажиллагсдын мөнгөн шилжүүлгийн тодорхой хэсгийг зөвхөн хэрэглээнд бус, үйлдвэрлэл, бизнесийг хөгжүүлэхэд чиглүүлэх санхүүгийн тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай гэж шинжээчид үзэж байна.
3,600.44















































xylgaich 2026-10-13 202.126.90.63
bolxi
xot tellee, yrbagch tenegyyd gyilagchinK 2026-10-13 202.126.90.63
tsysryy byzar shaxlaa