П.Лхамдэгд, Д.Цэрэнханд нар амжилттай барилдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

П.Лхамдэгд, Д.Цэрэнханд нар амжилттай барилдаж байна

Японы Токио хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үнэмлэхүй жингийн барилдаанууд үргэлжилж байна. Дэлхийн аваргын хамгийн сүүлийн өдөр манай жүдочдоос эмэгтэйчүүдийн үнэмлэхүй жинд П.Лхамдэгд, Д.Цэрэнханд нар, эрэгтэйчүүдийн үнэмлэхүй жинд Х.Мөнхбаатар, Б.Төгөлдөр, Б.Тэмүүлэн, Б.Сугаржаргал нар өрсөлдөж байна.

Манай эрэгтэй жүдочдоос Х.Мөнхбаатар эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Японы бөх Казухико Такахашид ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол Б.Тэмүүлэн эхний хоёр тойргийн барилдаанд хийлж, улмаар Пакистаны бөхийг ялсан боловч зооны аваргын төлөөх барилдаанд Узбекистаны жүдоч Рамзиддин Сайидовт ялагдсан байна. Б.Тэмүүлэн, Б.Сугаржаргал нарын тухайд эхний тойрогт хийлсэн боловч хоёрдугаар тойргийн барилдаанд ялагдсанаар энэ удаагийн дэлхийн аваргын дэвжээг орхижээ.

Харин манай эмэгтэй жүдочид хэсгийн барилдаанд сайн барилдсан ч хоёул хэсгийн аваргын төлөөх барилдаанд ялагджээ. П.Лхамдэгд эхний тойргийн барилдаанд хийлж, хоёрдугаар тойрогт Японы Руика Сатог, гуравдугаар тойрогт Францын Стефани Поссамаиг тус тус ялж, зооны аварга болжээ. Харин хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын бөх Ким На-Ёнд вазари үнэлгээгээр ялагдсан байна. Одоо манай тамирчин ОХУ-ын жүдоч Теа Донгузашвилитэй барилдах бөгөөд ялвал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болох юм.

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Цэрэнхандын тухайд С хэсэгт өрсөлдөж, эхний тойрогт хийлж, улмаар Пакистан, БНСУ-ын бөхчүүдийг ялснаар зооны аварга болсон. Харамсалтай нь, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы Мика Сугимотод ялагджээ. Д.Цэрэнханд дараагийн барилдаанаа Японы жүдоч Мегуми Тачимототой хийх бөгөөд ялвал хүрэл медалийн төлөө барилдах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж