Домогт дуучин Честер Беннингтоныг нас барснаас хойш Linkin Park хамтлагийн гишүүд нэгэн чухал асуултыг хариулж чадалгүй олон жил явжээ. Энэ нь "Тэд дахин тайзан дээр гарах уу?" "Хэрэв гарвал Честергүйгээр Linkin Park урьдын адил байж чадах уу?" гэх асуултууд байлаа.
Энэ бүх эргэлзээ, хагацал, сэтгэлийн шарх болон шинээр эхлэх зоригийг өгүүлэх “Linkin Park: Unshatter” баримтат кино хамтлагийн эргэн ирэлтийн ард нуугдсан түүхийг дэлгэх болно.
Кинонд шинэ уран бүтээлээ эхлүүлж байсан үеийн бичлэг, гишүүдийн яриа, дууны туршилтууд багтсан бөгөөд эдгээр нь эцэстээ Эмили Армстронг хамтлагт хэрхэн нэгдсэн үйл явдлыг харуулах аж.
АНУ-ын Калифорни мужийн Агура-Хиллс хотод 1996 онд байгуулагдсан Linkin Park альтернатив металл, хип-хоп, электрон хөгжмийн элементүүдийг хослуулсан өвөрмөц хэв маягаараа 2000-аад оны рок хөгжмийн өнгө төрхийг тодорхойлсон хамтлагуудын нэг болсон юм. Тэдний 2000 онд гаргасан “Hybrid Theory” цомог дэлхий даяар асар их амжилт олж, дараа нь “Meteora” цомгоороо нэр хүндээ улам бататгасан билээ.
Майк Шинодагийн рэп, Честер Беннингтоны сэтгэлд хүрсэн хүчирхэг хоолой хоёрын зохицол тус хамтлагийн таних тэмдэг болсон юм.
Гэвч 2017 онд Беннингтон амиа хорлон нас барсны дараа хамтлагийн ирээдүй бүрхэг болжээ. Түүний хоолой, тайзны эрч хүч, уран бүтээлээрээ дамжуулан сая сая хүнд хүргэсэн мэдрэмжийг хэн нэгэн орлож чадах эсэхээс илүүтэйгээр түүний дараа хамтлаг цааш үргэлжлэх ёстой эсэх нь өөрөө асуулт болсон байв.
Майк Шинода хамтлагаа цааш авч явах тухай бодохдоо ирээдүйг урьдчилан нэг хэвэнд оруулахыг хүсээгүй гэдгээ ярьжээ. Шинэ дуучин нь заавал эрэгтэй байх ёстой, эсвэл Честерийн хоолойг дуурайх ёстой гэж тэр бодоогүй. Бүр Linkin Park нэрийн дор эргэн ирэх эсэхээ ч шийдээгүй байв. “Хэрэв бид дахин уран бүтээл хийхээр болбол заавал эрэгтэй дуучинтай байна гэж бодохыг хүсээгүй. Заавал Честер шиг дуулдаг хүн байх ёстой ч гэж хүсээгүй. Магадгүй олон дуучинтай аялан тоглолт хийж болох юм. Эсвэл Linkin Park биш, өөр нэртэй шинэ зүйл ч байж болох байсан. Би зүгээр л бүх боломжид нээлттэй байхыг хүссэн” гэж тэр дурсжээ.

Шинода 2019 онд Dead Sara хамтлагийн дуучин, үүсгэн байгуулагчдын нэг Эмили Армстронгтой танилцсан байна. Тэр даруйд Армстронг хамтлагийн бусад гишүүнтэй уулзах ёстой гэсэн мэдрэмж Шинодад төрсөн аж. “Түүнийг хамтлагийнхантайгаа уулзуулах хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэр үнэхээр сонирхолтой хүн. Би түүний дуулдаг арга барилд дуртай байсан. Тэд заавал уулзах ёстой гэсэн дотоод мэдрэмж надад төрсөн” гэж Шинода хэлсэн байна.
Харин Армстронгийн хувьд домогт хамтлагт нэгдэх нь зөвхөн шинэ тайз, шинэ боломж биш байв. Өмнөх дуучных нь орон зай, шүтэн бишрэгчдийн хүлээлт, хамтлагийн гишүүдийн бүтээлч санал бодол гээд дасах, суралцах зүйл олон байжээ.
“Бичлэгүүдийг үзэхэд би бодит байдлаасаа илүү өөртөө итгэлтэй харагдаж байсан. Миний толгойд маш олон зүйл эргэлдэж байсан. Ийм том хариуцлага хүлээж, өмнө нь ажиллаж байгаагүй хүмүүс, хамтлагтай зохицно гэдэг амаргүй. Дуугаа өөрөөр дуулж сурахаас эхлээд бусдын санал бодлыг сонсож, өөрчлөлтөд дасан зохицох шаардлагатай болсон” гэж Армстронг ярьжээ.
Тэрбээр шинэ бүрэлдэхүүнээр эргэн ирэх нь эрсдэлтэй алхам байсныг ч хүлээн зөвшөөрсөн байна. Шүтэн бишрэгчид шинэ дуучныг хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй байсан ч Linkin Park өөрсдийн хийж буй зүйлдээ итгэлтэй байжээ. “Хүмүүс биднийг хэрхэн хүлээж авахыг мэдэхгүй байсан. Гэхдээ бид өөрсдөө үүнд дуртай гэдгээ мэдэж байсан” гэж Армстронг хэлсэн байна.
Хамтлагийн DJ, бүтээлч захирал Жо Хан ч хөгжмөө дахин хамтдаа бүтээж эхэлсэн үйл явц нь тэдний хувьд сэтгэлийн шархаа анагаах нэгэн хэлбэр байсныг онцолжээ. Тэд бие биедээ түшиг болж, эргэлзсэн үедээ урам өгч, алдаанаас айлгүйгээр шинэ зүйл туршиж сурсан байна. Linkin Park 2024 онд Эмили Армстронгыг хамтран голлон дуулдаг шинэ гишүүнээр танилцуулж, “From Zero” цомгоо гарган, дэлхийн аялан тоглолтоо эхлүүлсэн юм.
Честер Беннингтоныг орлохыг зорьсон бус, харин түүний үлдээсэн өвийг хүндэтгэн өөрсдийн түүхийг үргэлжлүүлэхээр шийдсэн энэ алхам Linkin Park-ийн хувьд шинэ хөгжмийн эрин төдийгүй хагацал, эргэлзээний дараа дахин итгэж, бүтээж эхлэх боломж болжээ.
3,600.44
















































Нэргүй 2026-10-12 202.9.40.85
shine hun. mangar mangar. chestriin haana ch hurehgui zugeer boli
Нэргүй 2026-10-12 202.126.90.64
Kino ni hezee garah ve