Монголчууд бид өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, түлш шатахуун, тог дулааны хомсдол, ахуй амьдралын зовлон бэрхшээлтэй өдөр тутам тулгарч байна. “Зуд болоход нохой зоолж, зовлон учирахад лам баяждаг” гэгчээр иргэд, аж ахуй нэгжүүдийн өмнө тулгамдаад байгаа асуудал бэрхшээлд шийдэл хайхаас илүүтэй ашиг хонжоо хайгчид олширсон нь Монгол төрийн эмгэнэл болов. Шийдлээ хүлээсэн асуудлууд ужгарч, шийдэл хэлэлцэх төр эзгүйрэв. УИХ, Засгийн газрын гишүүдэд иргэд, аж ахуйн нэгжүүдийн өдөр тутмын амьдрал, үйл ажиллагаанд нь шууд нөлөөлөх төсөв тойрч хэлэлцэхээс илүүтэй тулга тойрсон хэрүүл, албан тушаалын төлөөх тэмцэл, ашиг сонирхлын зөрчил нэн тэргүүний асуудал болоод удаж байна.
УИХ-ын чуулган албан ёсоор нээлт хийгээд бүтэн сарыг ардаа үдэв. Чуулганы нээлтээс ч өмнө Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2026 оны төсвийн тодотголыг тойрч хэлэлцэж, хэрэлдсээр сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч өнөөдрийг хүртэл эцэслэн баталж чадаагүй байна.
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын үр дүнд 2026 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31,9 их наяд төгрөг, нийт зарлагыг 34 их наяд төгрөг, төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх 2,0 их наяд төгрөг байхаар тооцоод буй.
Тийм ч учраас сайд нарын зардлаас 1,4 их наяд төгрөг танаж, шинэ оныг хүлээхгүйгээр ирэх оны арваннэгдүгээр сарын 1-нээс эмч, төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин нэмэх, ахмад настан бүрд баталгаа болгон, шинээр суурь тэтгэвэр олгох зэрэгт зориулах мөнгийг энэ оны төсөвт дараах байдлаар суулгаж өгөхөөс өөр аргагүй байдалд орсон нь 2026 оны төсвийн тодотголыг өргөн барих гол шалтгаан болсон. Өөрөөр хэлбэл, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж олж буй орлогынхоо хэмжээнд тохируулж, цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх ёстой атал өнгөрсөн онд Засгийн газраас УИХ-д 2026 оны төсвийг өргөн барьсны дараа боловсрол, эрүүл мэндийн салбарын цалингийн өсөлтийг шийдсэн байдаг. Нэг ёсондоо УИХ боловсрол, эрүүл мэндийн салбарын цалинг өсгөх шийдвэр гаргахдаа зардлыг төсөвт тусгаж өгөөгүй нь ийнхүү төсөвт тодотгол оруулж, урсгал зардлын хувь хэмжээг нэмэгдүүлэх бас нэгэн шалтаг болов. Нэмэгдсэн зардал болоод гарах үр дүнгийн талаар Засгийн газраас дараах тайлбарыг хийсэн.
- Суурь тэтгэврийн нэмэгдэлд 196.3 тэрбум төгрөг
Монгол Улсын 435 мянган ахмад настан бүрд арваннэгдүгээр сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр олгоно. Ахмад настан бүр ажилласан жил, төлсөн шимтгэлээсээ хамаарч 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авна. Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах шударга шинэчлэлээ шинэ оныг хүлээлгүй шууд эхлүүлнэ. Энэ бол нэг удаагийн халамж биш. Хүний насан туршийн ажил хөдөлмөрийн шударга үнэлгээ юм.
- Цалингийн нэмэгдэлд 844.6 тэрбум төгрөг
Арваннэгдүгээр сарын 1-нээс эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарынхны цалинг 20 хувь нэмнэ. Энэ онд нэмсэн 30 хувь нэмсэн дээрээ нэмнэ. Нийлээд 50 хувь болно. Байгаль орчин, цаг уур, хөдөө аж хөдөө аж ахуй, соёл спорт зэрэг төрийн үйлчилгээний бүх албан хаагчдын цалинг нэгэн жигд нийтэд нь 50 хувь нэмнэ. Боловсролын салбарын дутагдсан цалингийн зөрүү зардлыг шийдвэрлэнэ.
3. Мах, ногоо, улаанбуудайн нөөц 150 тэрбум төгрөг
Мах, улаанбуудай, хүнсний ногоо нөөцлөх, хадгалах зоориудыг томсгох, тоог нь олон болгоход дээрх мөнгийг зарцуулна. Мөн 100,000 тонн улаанбуудай нөөцөлнө. 20 000 тонн мах нөөцөлнө. 12,000 тонн төмс, хүнсний ногоо нөөцөлж авна. Хүнсний үнийн өсөлтийн талаас илүү нь болдог мах, гурил, төмс, ногооны илүү их нөөцтэй болно. Хүнсний хангамж нөөцөө хаана хэд байгааг шууд харж мэддэг цахим хяналт тогтооно. Энэ нь хэнд хэндээ амар. Айлаар бол идшээ бэлтгэдэг, үүцээ хийдэг улс болъё гэсэн шийдвэр юм.
4. 200 тэрбум төгрөг-Гал алдахгүй
Импортын цахилгааны үнийн өсөлтийг өрх айлууддаа үүрүүлэхгүй. Үнэ тарифын зөрүүг нь нөхнө. Өвлийн ид хүйтнээс өмнө цахилгаан станц, шугам сүлжээгээ засаж янзалж, шинэчилж сайжруулж авна.
5. Нэг их наяд 600 тэрбум төгрөг.
ТӨК-иудын 1,6 их наядын ногдол ашгийг төрийн өмчийн жинхэнэ эзэд болсон иргэддээ зориулна. Төрийн өмч бол ард түмний өмч. Эзэн нь болсон иргэддээ үр ашгаа өгдөг байх нь шударга юм гэв.
Сайхан ярих, бас төсөөлөх нэг хэрэг. Харин бодит байдалтайгаа нүүр тулсан бодитой тооцоолол хийнэ гэдэг өөр хэрэг. Хамгийн гайхамшигтай нь 2026 оны эхний найман сарын байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17,3 их наяд төгрөгт хүрсэн. Харин нийт зарлага нь 19,5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2,2 их наяд төгрөгт хүрээд байна. Төсвийн орлого төлөвлөснөөс 1,4 их наяд төгрөгөөр тасарсан тул төсвөө тодотгох зайлшгүй шаардлагатай тулгарсан. Нүүрсний экспортын биет хэмжээ өсч, уул уурхай эдийн засгийг дэмжиж байгаа ч худалдаа, үйлчилгээ зэрэг бусад салбарын идэвх сулхан байна. Үүний үр дүнд аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого хумигдаж, ажлын байр, авах цалин татарсаар байна.
Маш энгийнээр тайлбарлахад олох орлого нь татарсан хэдий ч зарцуулах зардлынхаа хэмжээг нэмэгдүүлдэг урагшгүй төрийн унхиагүй бодлоготой л байна.
Хэрэглэгчээс үйлдвэрлэгч орон болох уриа лоозон дэвшүүлээд хэдэн жилийг үдэж байгаа ч хөрсөн дээрээ буусан бодлого даан ч алга. 2026 оны эхний хагаст ДНБ 7.7 хувь өссөн ч дээрх өсөлтийг эдийн засгийн салбараар нь задлаад үзвэл 3,7 хувь нь уул уурхай, 0,8 хувь нь тээврийн салбарт оногдож байгаа буюу нэг салбарын өсөлт нийт өсөлтийн 60-70 хувийг эзэлсэн хэвээр байна. Монгол Улсын орлогын төрөлжилт нь ийм эмзэг, дэлхийн цаг төр хурцадмал, олон улсад хүнс, түлш шатахууны үнэ өсөж, худалдаа, тээвэр, нөөц, нийлүүлэлтийн хомсдол үнийн өсөл нүүрлэж байгаа ийм хүнд цаг үед тулга тойрч хэрэлдэх биш, төсөв тойрч мэтгэлцэх нь нэн чухал байна.
Төсөв тоондоо төөрөлдөж, тодотгол, төсөвтөө төөрсөн энэ үед ирэх оны төсвийн төсөөллийн талаар үргэлжлүүлэн хүргэх болно…
3,600.44





















































И 2026-10-12 59.153.112.160
Төсөвт сум холбосон автозамуудаа болимоор юм. ж: Төв аймгийн Цээл, Угтаал, Шаамар Батсүмбэр, Түнхэл г.м.замуудыг 26 онд хийсэн боллоо. Улсын чанартай замуудаа л анхаармаар юм !