Германы спорт хувцас үйлдвэрлэгч “Adidas” компани өөрийн таних тэмдэг болсон гурван судалтай логотой төстэй загвар бүхий хувцас худалдаалж, сурталчилсан Австралийн “White Fox” брэндийг шүүхэд өгчээ.
“Adidas” компанийн үзэж байгаагаар “White Fox” нь ижил өргөнтэй, зэрэгцээ дөрвөн судалтай хувцас үйлдвэрлэж, худалдаалсан нь барааны тэмдгийн эрхийг зөрчсөн бөгөөд хэрэглэгчдийг төөрөгдүүлэх эрсдэлтэй аж. Тус компани өнгөрсөн гуравдугаар сараас хойш хувцасны худалдаа, сурталчилгааг зогсоохыг удаа дараа шаардсан ч “White Fox” татгалзсан гэж мэдэгджээ.
Харин “White Fox” компанийн өмгөөлөгчид өнөөдөр /2026.10.09/ Австралийн Холбооны шүүхэд барааны тэмдгийн зөрчил гаргаагүй гэж мэдэгдсэн байна. Тэд мөн Австралийн “Cotton On”, “Sportscraft”, “Glassons” зэрэг брэндүүд ижил төстэй судалтай хувцас худалдаалдаг гэдгийг шүүхэд тайлбарлахаар төлөвлөж байгаагаа илэрхийлжээ.
“Adidas” компани гурван судалтай загвараа Австралид 1957 оноос барааны тэмдгээр хамгаалуулсан бөгөөд энэ загвар нь зах зээлд өндөр нэр хүнд, үнэ цэнтэй гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн “White Fox”-ийн сурталчилгаанд “Adidas”-ийн жинхэнэ бүтээгдэхүүнийг ашигласан нь хэрэглэгчдэд хоёр брэндийг холбоотой, эсвэл “Adidas” уг загварыг зөвшөөрсөн мэт ойлголт төрүүлж болзошгүй гэж үзжээ.
Тус компани учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээс гадна “White Fox”-ийн маргаантай бүтээгдэхүүнээс олсон ашгийг хүү болон шүүхийн зардлын хамт гаргуулахаар шаардсан байна. Хэргийг ирэх оны эхээр гурваас дөрвөн өдрийн турш хэлэлцэхээр төлөвлөжээ.
2013 онд “Adidas” Австралийн “Pacific Brands” компанийг дөрвөн судалтай гутал худалдаалсантай холбоотойгоор шүүхэд өгч, хэрэгт ялалт байгуулж байсан юм.
Мөн онд байгуулагдсан “White Fox” брэнд Австрали, Их Британи, АНУ-ын өсвөр насныхан болон залуучуудын дунд танигдсан бөгөөд 2025 оны зургадугаар сар хүртэлх 12 сарын хугацаанд 542 сая австрали долларын орлого олжээ. Энэ нь 2022 оны орлого болох 121 сая австрали доллароос дөрөв дахин өссөн үзүүлэлт юм.
3,600.44





















































Холбоотой мэдээ