Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон ШУА-ийн Биологийн хүрээлэн хамтран хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр таван жишиг төсөл хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн нэг болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байрлах Да-Хүрээ авто худалдаа, засварын төвлөрсөн бүс орчмын хөрсөнд биобэлдмэлийн үр нөлөөг судалжээ. Судалгааны хүрээнд тухайн бүсийн 20 цэгээс хөрсний дээж авч, гэдэсний савханцар буюу E. coli, гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч нянгууд болох Salmonella/Shigella, мөн Clostridium perfringens гэсэн гурван үзүүлэлтээр шинжилсэн байна. Шинжилгээний үр дүнг MNS 3297:2019 “Хөрс. Хот, суурин газрын хөрсний эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт, бохирдлыг үнэлэх” стандарттай харьцуулан биобэлдмэл хэрэглэхийн өмнөх болон дараах байдлаар үнэлжээ.
Биобэлдмэл хэрэглэхээс өмнө 20 цэгийн 10 нь хөрсний эрүүл ахуйн бохирдол ихтэй, долоо нь дунд, хоёр нь бага бохирдолтой, нэг цэг цэвэр ангилалд багтаж байв. Харин хэрэглэсний дараах шинжилгээгээр бохирдол ихтэй цэгийн тоо нэг, дунд бохирдолтой цэгийн тоо хоёр болж буурсан бол долоон цэг бага бохирдолтой, 10 цэг цэвэр ангилалд шилжжээ.
Өвчин үүсгэгч нянгийн үзүүлэлтээр Salmonella/Shigella-ийн хэмжээ 90 хувь, Clostridium perfringens-ийн хэмжээ 64.7 хувь, E. coli-ийн хэмжээ 50 хувиар буурсан үр дүн гарсан байна.
Мөн судалгаанд хамрагдсан 20 цэгийн 19-д хөрсний нийт бактерийн тоо буурчээ. Биобэлдмэл хэрэглэсний дараах давтан шинжилгээгээр алтан шар стафилококк (Staphylococcus aureus) илэрсэн цэгийн тоо 12-оос зургаа, мөөгөнцөр илэрсэн цэгийн тоо 11-ээс гурав болж тус тус буурсан байна.
Харин термофилийн бичил биетэн өмнө нь илэрсэн 16 цэгийн 14-т давтан шинжилгээгээр дахин илэрсэн ч тоон агууламж нь 10-100 дахин буурсан үзүүлэлттэй байжээ.
Да-Хүрээ орчмын хөрсөнд ашигласан биобэлдмэл нь Эмээлтийн мах бэлтгэлийн бүсэд хэрэглэсэн бэлдмэлтэй ижил боловч тухайн бүсийн бохирдуулагч хүчин зүйлсээс шалтгаалан хөрсний бохирдлын түвшин эрс буурсан үр дүн гарсныг судалгаанд дурджээ.
3,600.44





















































Холбоотой мэдээ