Трампын хямд костюмны цаадах улс төр

Трампын хямд костюмны цаадах улс төр

Трампын хямд костюмны цаадах улс төр

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 5-ны өдөр Небраска мужид болсон сонгуулийн сурталчилгааны үеэр төдийлөн өндөр үнэтэй биш "Jos. A. Bank" брэндийн костюм өмссөн байсан. Тэрбээр илтгэлээ дуусгаад тайзнаас буухдаа костюмаа задгайлан бүжих үед брэндийн шошго ажигч гярхай хэвлэлийнхний дуранд өртжээ. Энэ уг нь онцгойлон мэдээлээд байх сэдэв биш ч хэд хэдэн шалтгаанаар Трампын костюм анхаарал татаж байгаа юм. 

Нэгдүгээрт, энэ сонголт түүний зан чанарт нийцэхгүй. Тэр чинь Мар-а-Лаго харшийг худалдаж авсан, өөрийн нэрийг бичсэн 100 мянган ам.долларын үнэтэй цаг худалдаалдаг, “Forbes” сэтгүүлийн жагсаалтад багтахын тулд хөрөнгийнхөө хэмжээг зориудаар хэтрүүлсэн мэдээлсэн гэгддэг Трамп шүү дээ. Ийм хүн энгийн худалдааны төвөөс костюм худалдаж авдаг гэж үү? Нийгмийн байр суурь, хөрөнгө чинээг нь илтгэх эд зүйлс түүнд нэн чухал.

Трамп Цагаан ордныг хүртэл чамин гоё газар болгосон. Тэрбээр Цагаан ордонд алтаар бүрж, гантигаар чимэглэсэн дэлхийн хамгийн том үдэшлэгийн танхимыг барьж буй билээ.

Түүнчлэн Катарын бэлэглэсэн, 400 сая ам.долларын үнэтэй тансаг нисэх онгоцыг АНУ-ын ерөнхийлөгчийн албан ёсны онгоц болгон ашиглах гэж буй зэргээс харвал Трамп хэмнэлттэй сонголт хийнэ гэж үү?

Трампын өмссөн костюм "Jos. A. Bank" брэндийн "Traveler" цуглуулгынх бололтой. Тус цуглуулгын өмд, хүрмийг тусад нь салгаж авч болдог бөгөөд одоогоор хямдралтай, 279 ам.долларын үнэтэй байна. 

Хоёрдугаарт, энэ сонголт Трампын "Америк нэгдүгээрт" бодлоготой зөрчилдөнө. Яагаад гэвэл "Jos. A. Bank" брэнд АНУ-ынх ч гэлээ зарим хувцсыг нь Хятад, Бангладешт үйлдвэрлэдэг. Тиймээс Трампын костюмыг ч тэдгээр улсын аль нэгд үйлдвэрлэсэн байх магадлалтай юм. Америкийн үйлдвэрлэлийг эх оронд нь эргүүлэн авчирна гэж амласан ерөнхийлөгчийн хувьд энэ нь тийм ч оновчтой мессеж биш байж мэднэ.

Трампыг шүүмжлэгчид өмнө нь түүний хэт урт зангиаг, мөн өнгөрсөн сард Хятадын удирдагч Ши Жиньпинийг Вашингтонд угтахдаа дулаахан өдөр зузаан пальто, бээлий өмссөнийг нь шоолж байв.

Одоо Трамп харьцангуй хямд костюм өмссөн ч ялгаагүй л шүүмжлэлийн бай болох нь. Амьдралын өртөг нэмэгдсэнээс болж санхүүгийн хүндрэлтэй тулгарч буй америкчууд түүний сонголтыг энгийн, амьдралд ойр гэж хүлээж авч магадгүй. Гэхдээ Трамп өөрөө санхүүгийн бэрхшээлтэй тулгараагүй нь ойлгомжтой. Тэр хүссэн костюмаа худалдаж авах чадамжтай л байх ёстой. 

Гуравдугаарт, Трамп энэ сонголтыг хийснээрээ өөрийгөө ард иргэдтэйгээ адил эгэл жирийн нэгэн гэж харагдуулахыг хичээж байна. Трамп шиг хуйвалдааны онолд итгэдэг хүн хямд костюмны шошгоо ил гаргасан нь санамсаргүй үйлдэл биш байх магадлалтай. Улстөрчид ийм арга хэрэглэж байсан олон ч жишээ байдаг.

Гэхдээ энэ удаад Трампыг тийм нарийн тооцоотой хөдөлсөн гэж хардахад бэрх. Тэр хүрмээ задгайлан бүжиглэх үед л шошго санамсаргүйгээр ил гаржээ.

Трамп энэ оны эхээр засгийн газрын танхимын гишүүдэд өгөхөөр харьцангуй хямд үнэтэй "Florsheim" брэндийн гутал худалдаж авсан байдаг. "Florsheim" брэндийн гутлыг ганган гэж магтаад, танхимын гишүүдэд зохимжгүй харагддаг пүүзнээс хамаагүй дээр гэж тэр хэлжээ. Эндээс харвал Трампын хувцаслалтын талаар ойлголт нас ахихынх нь хэрээр өөрчлөгдсөн байж магадгүй.

Гэтэл Трамп өмнө нь ийм байгаагүй. Трампыг Италийн тансаг зэрэглэлийн "Brioni" зэрэг брэндийн хувцас л өмсдөг гэж туслах нь 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ярьж байв.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол хүү 2026-10-09 64.119.29.63

ХӨӨРХИЙ ДӨӨ ӨВӨӨ МИНЬ ЯДРАА ЮУ?

Avatar

Нэргүй 2026-10-09 66.181.187.117

АНУ-ын Ерөнхийлөгч яг ядарлаа юу. Тэр тусмаа Трамп

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж